Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 00122

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

 

                   Нарийн бичгийн дарга                    Б.Ариунсанаа

                   Улсын яллагч                                  Д.Уранчимэг

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Х.Сэргэлэнбат

                   Шүүгдэгч                                             С.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Эод холбогдох 1732000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн №96 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /М3:89120294/ Боржигон овогт Сүхбаянгийн Э.

 

        Шүүгдэгч С.Э нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Цагаанчулуутын давааны орчим ЗИЛ-131 маркын “20-53” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр 24 ширхэг нойтон нарс бэлтгэн тээвэрлэж 1771200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн орой Түвшинсайхан над руу утсаар залгаад Ялбагийн даваанаас 2 хэсэг бэлтгээд тавьсан байгаа модыг аваад ирж чадах уу гэсэн. Тэгэхээр нь би за тэгье гээд 20-53 СЭА улсын дугаартай Зил-131 машинтай Г, Б, О бид дөрөв явсан. Тэгээд модоо ачаад наашаа явж байтал Цагаан чулуутын давааны тэнд дугуй хагарчихаад байж байхад Байгаль орчны байцаагч Волоож гоожин чинь хаана байгаа юм гэсэн. Түвшинсайхан надад хэлэхдээ үзүүлж харуулах зүйл байгаа гэж байсан болохоор тэр үед нь би тоогоогүй. Тэгээд Волоожид Түвшинсайханд байгаа гэж хэлэхэд тийм хүн мэдэхгүй гэж байсан. Тэгээд тухайн үедээ зураг авчихаад яваад өгсөн. Тэгээд модоо буулгаад Зүүнхараад гэртээ ирээд байж байтал хэд хоногийн дараа Цагдаагийн байгууллагаас залгаад тэр мод хаана байна гэж асуухаар нь би буулгачихаад яваад өгсөн гээд хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

           Гэрч Ж.Волоожийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Би 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед Мандал сумын Ойн ангийн дарга Р.Нарангийн хамт Мандал сумын нутаг Цагаанчулуутын давааны орчим хуурайшилтын үеийн хяналт шалгалтын ажлаар явж байхад 20-53 СЭА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл нойтон нарс мод ачсан дугуй нь хагарсан байдалтай зогсож байхтай тааралдаж шалгасан юм. Шалгахад жолооч С.Эод ачиж яваа нойтон нарс модыг бэлтгэх, тээвэрлэх талаар ямар нэгэн үзүүлж харуулах бичиг баримт байхгүй байсан. Би түүнд хуурайшилтын үед ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй наад модоо Байгаль орчны журмын хашаанд буулга гэсэн шаардлага тавьсан юм. Тэгээд шөнийн 00 цагийн үед Байгаль хамгаалагч Б.Баярсайханыг аваад буцаад дугуй хагарсан газар нь очиход яваад өгсөн байсан. Би гар утсан дээрээ 4 кадр гэрэл зураг авсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/

           Гэрч Н.Гын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Би одоо он, сарыг нь сайн санахгүй байна. 2017 оны 06 дугаар сарын эхээр С.Э манай гэрийн гадаа ЗИЛ-131 машинтайгаа ирээд “Г ахаа модонд яваад ирье” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд Этой хамт уул руу модонд явсан. Надаас гадна Эын кабинд хоёр танихүй залуу байсан. Тэгээд Мандал сумаас гараад Ялбагийн даваа уруудаад явж байтал мод бэлтгэдэг газарт 3,20 метрийн урттай хоёр хэсэг бэлтгээд хураачихсан моднууд байхаар нь бүгдийг нь ачаад Зүүнхараа луу гарч явсан ба Цагаанчулуутын орчим Эын машины хамгийн хойд талын дугуй нь хагарч буудчихсан, дугуйгаа тайлах гэтэл дугуйн дроцов байхгүй байж байтал Байгаль орчны хяналтын тасгийн Волоож бас өөр хүмүүстэй хамт явж байгаатай тааралдсан. Байгаль орчны хяналтын тасгийн Волоож зураг авч байгаад явчихсан. Тэгтэл Э дугуй нь хагарчихсан учраас жалганд модоо буулгачихаад Зүүнхараа руу давхиад ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-р хуудас/

Гэрч Э.Өлзийжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … 2017 оны 06 дугаар сарын эхээр би гэртээ байж байтал өглөө үүрээр С.Э  манай гэрийн гадаа 3ил-131 машинтайгаа ирээд модонд явъя гэж хэлсэн. Тэгтэл Баасандорж кабинд нь суучихсан байсан. Депогийн байрнаас очиж Г гэдэг ахыг авсан ингээд дөрвүүлээ болоод Зүүнхараагаас хойшоо Ялбагийн даваа руу явсан. Даваан дээр гараад салаа замаар гараад явж байтал хоёр хэсэг газарт бэлтгээд орхичихсон нойтон нарс мод байхаар нь машиндаа аччихаад орой харанхуй болж байхад буцаад Зүүнхараа луу явсан. Ялбагийн даваанаас гараад Цагаанчулуутын даваагаа даваад явж байтал Эын машины дугуй нь зад буудаад зогссон ба дугуй солих гээд байж байтал Байгаль орчны хяналтын тасгийн алба хаагчид цагаан өнгийн Ланд-76 маркын машинтай ирээд дотроос нь Волоож дарга бас нэг хүүхэн хоёр бууж ирээд гоожин нь хаана байна гэж нэхээд Э очоод уулзаад байсан. Байгаль орчны хүмүүс явчихсан чинь Э машинаа асаагаад явж байгаад нэг жалганд модоо буулгаж орхичихоод Зүүнхараад хүрээд ирсэн. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/

          Гэрч Н.Гын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Мандал сумаас гараад Ялбаг даваа уруудаад явж байтал мод бэлтгэдэг газарт 3.20 метрийн урттай хоёр хэсэг бэлтгээд хураачихсан моднууд байхаар нь бүгдийг нь ачаад Зүүнхараа луу гарч явж байгаад Цагаанчулуутын орчим Эын машины хамгийн хойд талын дугуй нь хагарч буудчихсан, дугуйгаа тайлах гэтэл дугуйн дроцов байхгүй байж байтал Байгаль орчны хяналтын тасгийн Волоож бас өөр хүмүүстэй хамт явж байгаатай тааралдсан. Байгаль орчны хяналтын тасгийн дарга Волоож зураг авч байгаад явчихсан. Тэгтэл Э дугуй нь хагарчихсан учраас жалганд модоо буулгачихаад Зүүнхараа луу давхиад ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-р хуудас/

         Гэрч Г.Түвшинсайханы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Би нэг удаа ялбагын давааны орчимд явж байгаад тухайн газарт бэлдээд хураагаад тавьчихсан нарс моднууд байхыг харсан юм. Тэгээд С.Этой 2017 оны 06 дугаар сарын 01-ний орой утсаар “Ялбагын даваанд мод байна лээ ачаад ирж чадах уу” гэж ярьсан чинь яваад ачаад ирье гэж хариулсан. Тэгээд С.Э утсаар ярьсаны маргааш өглөө нь тухайн модыг ачиж ирэхээр явсан байх... шөнө нь ирэхдээ хоосон ирсэн юм. Би түүнээс модоо яасан бэ гэж асуухад Байгаль орчныхонтой тааралдаад ачсан модоо тэнд нь буулгачихаад ирлээ гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-р хуудас/

3өрчлийн тухай тэмдэглэл, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, мод хэмжсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 4-6-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-р хуудас/

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт: ... модны урт 3,1 метр, нарийн үзүүрийн голч 30 см 4 ш, 32 см 7 ш, 38 см 7 ш, 44 см 6 ширхэг нийт 24 ширхэг нойтон нарс модыг Монгол улсын стандарт -ММ8 237952010 бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрдийг ашиглан хэмжихэд 8.2мЗ болж байна. БОНХЯамын Сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №325 дугаарын тушаалын хавсралтанд “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын хилийн заагт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр нь 3-р мужид хамаардаг. Байгаль орчны 2009 оны 12 дугаар сарын 11-ний “Ойн экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай 394-р тоот тушаалд 3-р мужийн ойд 1 шоо метр хэрэглээний нойтон улиангар мод нь 120000 төгрөг байхаар тогтоосон. Нэг шоометр модны экологи-эдийн засгийн унэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүрээр үржүүлнэ гэж заасны дагуу хэрэглээний мод 1.8 байна. Нойтон нарс мод 8.2мЗ х 120,000 х 1,8= 1771200 төгрөг. Нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь нэг сая долоон зуун далан нэгэн мянга хоёр зуун төгрөг болж байна гэх дүгнэлт /ХХ-ийн 8-р хуудас/

Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 27-р хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /ХХ-ийн 11-р хуудас/, С.Эын хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /ХХ-ийн 34-35-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн ХХ-ийн 44 дүгээр хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-ийн 36 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Э нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Цагаанчулуутын давааны орчим ЗИЛ-131 маркын “20-53” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр 24 ширхэг нойтон нарс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж 1771200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

         Гэрч Ж.Волоожийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/, Гэрч Н.Гын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-р хуудас/, Гэрч Э.Өлзийжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/, Гэрч Н.Гын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-р хуудас/, Гэрч Г.Түвшинсайханы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-р хуудас/, 3өрчлийн тухай тэмдэглэл, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, мод хэмжсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 4-6-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-р хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 8-р хуудас/, Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 27-р хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /ХХ-ийн 11-р хуудас/, С.Эын хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /ХХ-ийн 34-35-р/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Эыг ойгоос зохих зөвшөөрөлгүй нойтон нарс мод бэлтгэн тээвэрлэж, ойн санд 1771200 төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Э нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Цагаанчулуутын давааны орчим ЗИЛ-131 маркын “20-53” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр 24 ширхэг нойтон нарс мод ачиж тээвэрлэж ойн санд 1771200 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдож байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч С.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн Н.Өлзийсайханы өмчлөлийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй ЗИЛ-131 маркын “20-53” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Сүхбуянгийн Эыг зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Н.Өлзийсайханы өмчлөлийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй Зил 131 маркын 2053 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эод  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.