Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Н.Дүүрэнжаргал

                         Шүүгдэгч                                         А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Сд холбогдох 1732000000046 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Партизаны №83 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:82060373/ Галтай овогт Алтанхишигийн С.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

А.С нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Мтай маргалдан улмаар зодож, эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: ... 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүх нийтийн мод тарих өдөр байсан. Манай эхнэр өглөө 10 цаг өнгөрч байхад 2 хүүхдээ аваад нэг мод тарьчихаад ирье гээд явсан. Би намрын ажил ихтэй байсан болохоор дүүтэйгээ хамт гахайн байран дээр ажиллаж байгаад 2 цаг өнгөрч байхад эхнэр лүүгээ залгахад ирээгүй байна гэсэн. Тэгэхээр нь би ганц мод тарих гэж яасан уддаг юм бэ ирж хоол унд хийгээд өгөөч гэсэн. Тэгээд дахиад 3 өнгөрөөгөөд залгаж гэртээ ирсэн үү гэхэд ирээгүй байна гэсэн. Тэгэхээр нь ганц мод тарих гэж яасан уддаг юм бэ гэхэд хоёр мод тарихаар боллоо гэсэн. Тэгэхээр чи худлаа яриад байгаа юм уу, би наадахыг чинь очиж шалгана шүү гэсэн. Нэг мод тарина гээд яваад хоёрыг тарина гэсэн болохоор би худлаа ярьж байна гэж ойлгосон. Тухайн үед миний хувцас муухай болсон байсан учир юм аа хийж дуусчихаад ажил руу нь очъё гэж бодсон. Тэгтэл манай эхнэр 4 цаг өнгөрөөд гэртээ хүрээд ирсэн. Тэгэхээр нь хувцасаа солиод ирж ажлаас хамжилцаж тусал гэсэн чинь би гахайн баас, шээстэй чинь зууралдахгүй, наадах чинь надад ямар хамаатай юм гээд урдаас хэрэлдээд байсан. Тэгэхээр нь цохиод машины түлхүүрийг нь сугалж хаячихаад буцаж ороод юмаа хийх гэсэн чинь гаднаас түлхүүр аваад ир гэж хашгираад сигналдаад байсан. Тэгэхээр нь очоод машинаас нь чирж буулгаад цохисон. Ийм л юм болсон. Миний буруу гэв.

           Хохирогч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мод тарих үндэсний өдөр байсан. Тэгээд би тэр өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад ажил руугаа мод тарих гэж явсан. Намайг ажил дээрээ мод тарьж байхад манай нөхөр над руу байнга залгаад ирэх болж байна уу, ямар их уддаг юм, гээд асуугаад надтай хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгээд манай ажил 16 цагийн үед дуусаад би гэртээ очиход гэрт хүн байхгүй байхаар нь нөхөр лүүгээ залгасан чинь урд гахайн байран дээрээ байна гэхээр нь би гахайн байран дээрээ яваад очсон. Тэр үед манай нөхөр хашаанаас гарч ирээд чи ямар их уддаг юм. Бууж ирээд юмаа хий гэхээр нь би гэртээ хариад гэрийнхээ ажлыг хийнэ гэсэн чинь манай нөхөр машины цонхоор намайг цохиод машины түлхүүр аваад гахайн байр луу орчихсон. Тэгээд манай нөхөр буцаж гарч ирээд машинаас буу гээд байхаар нь би машинаас буугаагүй юм. Тэр үед манай нөхөр намайг машинаас чирж буулгаад миний гэдэс рүү нэг цохисон. Тэгээд ямар ч байсан намайг цохиод байсан. Яг миний биеийн хаана хэдэн удаа цохисон талаар тодорхой хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13-р хуудас/

            Гэрч А.Баясгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... ямар ч байсан манай ах, эгч хоёр утсаар хэрүүл, маргаан үүсгээд байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15-р хуудас/

           Гэрч С.Мэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...  ямар ч байсан манай найз С хэлэхдээ эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэк байгаад эхнэрээ цохьчихсон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-р хуудас/

             2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №217 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: ...

        1. Мын биед тархи доргилт, баруун гарын бугалга, өгзөгний баруун хажуу хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт

/ХХ-ийн 19-р хуудас/

Хохирогчийн биеийн хөхөрсөн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 20-р хуудас/

А.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...  би баас шээстэй чинь зууралдахгүй гэж хэлэхээр нь би эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэж эхнэрийнхээ баруун талын чихнийх нь ар хэсэгт цохиод машинаасаа буухгүй болохоор нь хөлнийх нь бүдүүн гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн юм гэх мэдүүлэг /28-р хуудас/

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 34 дүгээр хуудас/, Шүүгдэгч А.Сгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /37 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.С нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Мтай маргалдан улмаар зодож, эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

           Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 12-13-р хуудас/, Гэрч А.Баясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-15-р хуудас/, Гэрч С.Мий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 6-р хуудас/, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №217 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 19-р хуудас/, Хохирогчийн биеийн хөхөрсөн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 20-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Сг хохирогч Б.Мын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.С нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Мтай маргалдан улмаар зодож, эрх чөлөөнд нь халдан Б.Мын биед тархи доргилт, баруун гарын бугалга, өгзөгний баруун хажуу хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Галтай овогт Алтанхишигийн Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан А.Сг торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 14 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.