Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03231

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03231

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  хаягт оршин байрлах, ЧД /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан

/нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагч ЧД төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус прокурорын газраас иргэн Д.Гийн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 841,480 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Д.Г нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Дипломат хотхоны 122 дугаар байрны орцонд хохирогч Б.Б-ийн нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хохирогч Б.Бат-Өршөөлтийн эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан тул Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгээс 80.000 төгрөг, ЭМЖЖ эмнэлгээс 761,480 төгрөгийн тусламж үйлчилгээг үзүүлэн түүний биед учирсан гэмтлийг эмчилсэн байх бөгөөд уг мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулан авсан байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх-ээр заасныг үндэслэн тухайн гэмт хэргийн хувьд бус харин прокурорын газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн- даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах хүсэлтийг ирүүлсэн болно. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Прокурор нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, 41 дүгээр зүйлийн 41.1-д шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж тус тус хуульчилсан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Прокурор Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Дээрх ажиллагааны хүрээнд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол зөрчил, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр прокуророос нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч Довчингийн Ганхуягийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 182/Ш32024/03448 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Иймд оршин суугаа хаяг тодорхойгүй Довчингийн Ганхуягийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021.09.29-ний өдрийн 1/2581 дугаар албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гаргуулсан даатгуулагчийн нэрс, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021.10.05-ны өдрийн 01/767 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн яллах дүгнэлт, Иргэний үнэмлэхний лавлагаа, ЭМЖЖ ХХК-ийн 2021.10.06-ны өдрийн 58/04 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2024/03448 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч ЧД нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

Д.Г нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт өр төлбөртэй болох нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021.09.29-ний өдрийн 1/2581 дугаар албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гаргуулсан даатгуулагчийн нэрс, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021.10.05-ны өдрийн 01/767 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоол зэрэг баримтаар тогтоогдож байх тул гэрээний үүргийн нэхэмжлэлд Д.Г нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Г нь ............ тоот  хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2024/03448 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Д.Г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Д.Г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Д.Г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Нэхэмжлэгч ЧД нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Д.Г хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч ЧД төлөөлөгч /Утас:-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС