Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 00132

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Д.Уранчимэг

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

             Хохирогч                                         О.Н

                         Шүүгдэгч                                         О.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Тт холбогдох 1732000000041 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Арцатын №43 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, /* / Харчин овогт Отгонбаярын Т.

 

О.Т нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “JN" баарны гадаа 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим О.Нтой маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: ... 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр оройн 22 цагийн үед хуурай ах Улаанаа, Мөөгий нарын хамт JN баар луу орсон. Тэгтэл Нийн найз Э гэдэг залуу гарч ирээд шууд миний элэг рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. Тэгээд бид хоёр гаръя гээд баарнаас гараад учраа олоод буцаад орох гэтэл Н өөдөөс гарч  ирээд намайг алгадсан уу яасан хацар луу цохисон. Тэгээд бид хоёр маргалдаж байхад нэг нь цагдаа ирж байна гээд бид хоёрыг салгаад бид хоёр буцаад баар луу явахад Н миний гарнаас татаад чи их том болжээ гэхээр нь би ам руу нь 1 удаа мөргөчихсөн. Тэгээд цагдаа ирээд аваад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Н мэдүүлэхдээ: ... 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой найз Эын хамт JN баар орсон. Дотор ороод нэг нэг пиво аваад сууж байсан чинь манай найз алга болчихсон. Тэгтэл нэг таньдаг хүүхэд дөнгөж сая хүнд цохиулаад гараад явсан шүү дээ гэсэн. Тэгээд гартал Төөнөт нэртэй дэлгүүрийн тэнд Э, Т хоёр зогсож байхаар нь очоод чи яахаараа манай найзыг цохидог юм гэтэл урдаас том дуугараад байхаар нь чи ямар том болсон юм бэ гээд бид хоёр маргалдсан. Тэгээд байж байтал цагдаа ирж байна гэхээр нь хоёулаа мууталцаж байсан болохоор Тийг хоёулаа ийшээ явъя гээд явж байхдаа хөөе Төө гэсэн чинь шууд эргэж хараад миний шүд рүү мөргөчихсөн. Тэгээд цагдаа ирээд авч явах гэтэл урдаас нь эсэргүүцэл үзүүлээд байсан. Тэгтэл цагдаа нь доошоо дараад гав зүүлгээд бид хоёрыг цагдаагийн хэсэг рүү аваад явсан. Тэгээд намайг чи яваад эмчид үзүүлээд бичиг хийлгээд аваад ир гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиход шүдний эмч нь байхгүй, намайг маргааш ирж үзүүл гэсэн. Мөргүүлсэний улмаас миний үүдэн 2 шүд гэмтэж хөдөлсөн, 1 шүд бүр хугараад унасан гэв.

Хохирогч О.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Э алга болчихсон тэгэхээр нь хайгаад явж байтал нэг хүн таараад сая гарсан гэж хэлсэн тэгэхээр нь араас нь баарны гадаа очтол “Төөнт” дэлгүүрийн тэнд Э.Э, Т нар зогсож байхаар нь би очоод Тийг чи яагаад Эыг цохьдог юм бэ гэсэн чинь өөдөөс олон юм яриад маргалдсан тэгсэн цагдаа ирж байхаар нь зогсож байтал Т миний ам руу мөргөөд шүд хөдөлгөөд уруулаас цус гарсан. Т миний ам руу мөргөсөн өөрөөр цохиж зодоогүй ээ ...миний дээд 3 шүд хөдөлсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-12-р хуудас/

         Гэрч Э.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Т 3 залуутай зогсож байсан тэгэхээр нь би Тт чи дээр надтай маргалдсан гээд бид 2 тэрийгээ яриад байж байгаад Т салаавч гаргаад бид 2 маргалдсан. Т миний нүүр лүү нэг удаа цохисон тэгэхээр нь 2-лаа гараад уулзья гээд гартал араас Н гарч ирээд Тийг чи яагаад Эыг цохиж байгаа юм гээд маргалдаад байж байтал цагдаа хүрээд ирсэн. Тэгсэн Н Тийг чи яасан том болчихсон юм бэ гэсэн чинь Т эргэж хараад Нийг мөргөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/

          Гэрч Э.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … “Жи-эн” баарны гадаа хүмүүс маргалдаад байхаар нь зогсоод очтол цуг явж байсан д/а М а/а Ганзаяа нар маргаан болж байгаа газар луу яваад би гав аваад араас нь очтол О.Т гэх залуу бусадтай маргалдаад тэр маргалдсан гэх залуугаа мөргөөд унагаасан тэгэхээр нь гавлаад цагдаагийн хэлтэс дээр авчираад түр саатуулсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-р хуудас/

        Гэрч М.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Хэсэг бүлэг хүмүүс маргалдаад байгаа бололтой байсан. Тэгэхээр нь яваад очтол О.Т гэх залуу О.Нийг мөргөсөн байсан. Тэгсэн О.Нийн амнаас цус гараад суучихсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-р /

         2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №205 дугаартай шинжээчийн дүгнэлт: ... 1. Нийн биед дээд баруун 1-р шүд, зүүн 1,2-р шүд хөдөлгөөн орсон, дээд уруулын дотор хэсэгт шарх, дээд уруулын гадна хэсэг, доод уруулын гадна хэсэгт зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 18-р хуудас/

         Нэгдсэн эмнэлэгийн эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 19-р хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 26 дугаар хуудас/, Шүүгдэгч О.Тийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /30 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Т нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “JN" баарны гадаа 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим О.Нтой маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч О.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10-12-р хуудас/, Гэрч Э.Эын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/, Гэрч Э.Тын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-р хуудас/, Гэрч М.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-р хуудас/,  2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №205 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 18-р хуудас/, Нэгдсэн эмнэлэгийн эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 19-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Тийг хохирогч О.Нийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч О.Т нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “JN" баарны гадаа 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим О.Нтой маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь мөргөж дээд баруун 1-р шүд, зүүн 1, 2-р шүд хөдөлгөөн орсон, дээд уруулын дотор хэсэгт шарх, дээд уруулын гадна хэсэг, доод уруулын гадна хэсэгт зулгаралтын гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Н нь хохиролын талаар нотлох баримт гаргаж хавтаст хэрэгт хавсаргаагүй учир шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Отгонбаярын Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан О.Тийг торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 14 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин Т болтол О.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.