Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/49

 

 

                                       М.Отгонбаярт холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, ерөнхий шүүгч            Д.Буянжаргал

                                Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                            Б.Эрдэнэхишиг                                  

 

                Оролцогчид:

                    Прокурор                                          О.Эрхэмбаяр

                                   Шүүгдэгчийн өмгөөлөгч               Р.Баярхүү

                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт Мөнхбатын Отгонбаярт холбогдох эрүүгийн 2031003170095 дугаартай, 175/2021/0094/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гааль, татварын мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар багийн Цагаан эрэг 2 дугаар хэсгийн 20 дугаар байрны 13 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай гэх, Харчу овогт Мөнхбатын Отгонбаяр /РД:МД88022070/,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Отгонбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах Төрийн банкны тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа тус банкнаас 18,000,000 төгрөгийн зээл авахыг хүссэн иргэн Б.Өнөболдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Хаан банкны 5720358802 тоот дансаар 600.000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх М.Отгонбаярт холбогдох хэргийг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Харчу овогт Мөнхбатын Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчу овогт Мөнхбатын Отгонбаярт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, 6 /зургаа/-н сарын хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонбаярт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч М.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Энэ хэрэгт Авлигатай тэмцэх газрын барьцааны дансанд байршуулсан 600,000 төгрөгийг улсын орлого болгосугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Отгонбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай....” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “

“... Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2021/шцт/196 дугаартай шийтгэх тогтоолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Үйлчлүүлэгч М.Отгонбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах Төрийн банкны тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа тус банкнаас 18 сая төгрөгийн зээл авахыг хүссэн иргэн Б.Өнөболдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Хаан банкны дугаар дансаар 600.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.

Анхан шатны шүүхээс М.Отгонбаярын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 6 сарын хорих, ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн 22.4-1д заасан гэмт хэрэг нь тэнсэх болон зорчих эрхийг хязгаарлах, торгох ялын санкцтай нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарч байна. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирол хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсвэл оногдуулсан хорих ялын тэнсэж хянан харгалзах хууль зүйн боломжтой юм.

М.Отгонбаяр нь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас иргэн хуулийн этгээдэд хохирол хор уршиг учраагүй, мөн урьд 2020 оны 06 дугаар сарын 9-ний өдөр шүүхийн шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж ял шийтгэлээ эдэлж хугацаа дуусч суллагдсан. Энэ удаагийн үйлдэл нь өмнөх ял шийтгэлээс өмнө үйлдсэн хэрэг буюу 2018 оны үйлдэл байгаа тул түүний хувийн байдалд сөргөөр нөлөөлөхгүй гэж бодож байна. М.Отгонбаяр нь айлын бага хүүхэд, 72 настай эхийн хамт амьдардаг. Хамгийн бага хүүгээ хорих ял авсныг сонсоод эхийн бие эрс муудаж эмчийн байнгын хяналтанд байх болсон талаар Дулаанхаан тосгоны эрүүл мэндийн тодорхойлолт ирүүлснийг гомдолд хавсаргасан болно.

Иймд энэ гэмт хэргийн улмаас иргэн хуулийн этгээдэд хохирол хор уршиг учраагүй байдал, авилгад авсан гэх 600.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын дансанд тушаасан байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж эсвэл өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү.

Мөн нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар буюу дээд хэмжээгээр хасч шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэргийн жинхэнэ нөхцөл байдалд тохироогүй гэж үзэж байна. Иймд эрх хасах ялын хэмжээ мөн багасгаж өгнө үү.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээдэггүй боловч анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны дараагаас өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн маргаангүй гэх асуудлыг ярьдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь арай өөр байх болов уу гэж ойлгож байна. Анхан шатны шүүхийн хувьд хорих ялын хамгийн бага санкцаар шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хуулийн ангиллын хувьд хөнгөн хэрэг боловч нийгэмд үзүүлэх хор, уршиг маш их байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр М.Отгонбаярт холбогдох 2031003170095 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: 

Шүүгдэгч М.Отгонбаяр нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах Төрийн банкны тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа тус банкнаас 18.000.000 төгрөгийн зээл авахыг хүссэн иргэн Б.Өнөболдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд Хаан банкны 5720358802 тоот дансаар 600.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийн дагуу бэхжүүлж цуглуулсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, шүүгдэгч М.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан ял шийтгэл эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн давж заалдсан гомдол болон түүний хувийн байдал, гэмт хэргийн хэр хэмжээ, нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 05 жилийн хугацаагаар буюу дээд хэмжээгээр хасч шийдвэрлэснийг хөнгөрүүлэн 02 жилийн хугацаагаар хасч, 06 сарын хугацаагаар хорих ялыг 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон оногдуулж шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч М.Отгонбаярт оногдуулсан 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас энэ гэмт хэргийн улмаас 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 32 хоног буюу 01 сар 02 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 өдөртэй дүйцүүлэн хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 04 сар 28 хоногийн хугацаагаар тогтоов.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай  шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай  шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

 

2 дугаар заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчу овогт Мөнхбатын Отгонбаярт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 6 /зургаа/-н сарын зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, М.Отгонбаярыг өөрийн оршин суугаа Сүхбаатар сумаас явахыг хориглож, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

 

3 дугаар заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч М.Отгонбаярт оногдуулсан 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 01 сар 02 хоногийг хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 04 сар 28 хоногоор тогтоон ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол үлдсэн хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгч М.Отгонбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольсугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ