| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/04238/И |
| Дугаар | 182/ШШ2024/03250 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/03250
| 2024 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 182/ШШ2024/03250 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах, ЧДнэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, оршин байрлах, БК ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 50,713,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газартай харилцагч БК ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна. гэж заасан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос тооцон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дэх хэсэгт Орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэх заалтуудыг тус тус зөрчсөн. БК ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2022 оны 1 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 33 837 300 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Нийгмийн Даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйл Хууль зөрчигчид хүлээх хариуцлага 44.1.2 дахь хэсэгт төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн БК ХХК-с нийгмийн даатгалын шимтгэл 33 837 300 төгрөг, түүнд оногдуулсан алданги 16 876 410 төгрөг нийт 50 713 710 төгрөгийг барагдуулж өгнө үү. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т Төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус газарт бүртгэлтэй БК ХХК /РД:/-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 33,837,300, алданги 16,876,410 нийт 50,713,710 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. БК ХХК /РД:6686338/ нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өр 33,837,300 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул алданги 16,876,410 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч БК ХХК-д холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 50,713,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч БК ХХК нь 33,837,300 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч БК ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 33,837,300 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт төлж барагдуулан, нэхэмжлэгч нь үлдэгдэл 16,876,410 төгрөгөөс татгалзсан болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тодорхойлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч БК ХХК-д холбогдох Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 50,713,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ЧД нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч БК ХХК нь 33,837,300 төгрөгийг төлж, үлдэгдэл 16,876,410 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. . Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч БК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 163,568 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС