| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/00928/И |
| Дугаар | 142/ШШ2024/00966 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2024/00966
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2,576,340,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2023 сарын 01 сарын 05-ны *******-тай 21004-23 тоот худалдах худалдан авах гэрээ байгуулан хүнд даацын өөрөө буулгагч автомашины жолоочийн аюулгүй ажиллагааны иж бүрдэл нийлүүлэхээр гэрээ байгуулсан.
Бид бараа бүтээгдэхүүнийг 2023 оны 03 дугаар сарын 03-нд 10 ширхэгийг, 2023 оны 05-р сарын 03-нд үлдэгдэл 20 ширхэгийг бүрэн нийлүүлж, техникийн тодорхойлолтод заасан чанар үзүүлэлтийн шаардлага 100 хувь хангасан бараа бүтээгдэхүүн, хүнд даацын аюулгүй ажиллагааны иж бүрдэл тоног төхөөрөмж системийг нийлүүлж, 2 сарын хугацаанд туршиж, ******* чанарын хяналтын хэлсээс №662 дугаартай хяналтын актаар баталгаажсан. Мөн гэрээний 6.2.2-т Барааг бүрэн хүлээн авч акт үйлдэх гэж заасны дагуу талууд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2023/02-20-004 дугаар худалдах худалдан авах гэрээг дүгнэж АКТ-ХА-23/785 үйлдсэн байдаг.
Гэвч Худалдан авагч тал гэрээ дүгнэх акт үйлдэснээс хойш гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөөгүй тул манай компанийн зүгээс 2023.08.23-ний өдрийн 23/220 дугаартай албан бичиг, 2023.09.11 оны 23/225 дугаар албан бичгээр гэрээний төлбөр болон алдангийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөх ёстой төлбөрийг төлөхгүй манай компанийг их хэмжээгээр хохирч байна. Худалдах худалдан авах гэрээний 4.1-т гэрээ дүгнэх акт үйлдсэнээс хойш 30 хоногт багтаан гэрээний төлбөрийг шилжүүлэх ёстой.
Худалдан авах гэрээний 9.2-т Худалдан авагч нь гэрээнд заагдсан барааны төлбөрийг шилжүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацааг хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлөх гэж зааснаар худалдан авагч ******* нь 2023.08.04-ний өдрөөс эхлэн төлбөрийг шилжүүлэх хугацааг хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үний дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг манай компанид төлөх ёстой байна.
Манай компани нь худалдан авагч *******-аас 2023.08.04-ний өдрөөс 2023.10.06-ны өдрийг хүртлэх алданги төлөх хугацаа 67 хоног, 1 хоногт төлөх алданги 10.734.750 төгрөг, нийт 62 хоногийн алданги 719.228.250 төгрөгийг шаардах эрхтэй боловч гэрээний 9.2-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу алдангид 429.390.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иймд манай компани болох ******* ХХК болон *******-тай 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/02-20-004 дугаартай Худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөр 2.146.950.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 429.390.000 төгрөг, нийт 2.576.340.000 (хоёр тэрбум таван зуун далан зургаан сая гурван зуун дөчин мянга) төгрөгийг *******-аас гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд "*******" ХХК нэхэмжлэлтэй, ********** ТӨҮГ-т холбогдох гэрээний үүргийн төлбөр 2,146,950,00 төгрөг, алданги 429,390,000 төгрөг, нийт 2,576,340,000 төгрөгийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Хариуцагч ******* нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Үүнд:
"*******" ХХК нь *******-аас зарласан ******* тоот "Хүнд даацын өөрөө буулгагч автомашины жолоочийн аюулгүй ажиллагааны иж бүрдэл" нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан тул талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2023/02-20-004 тоот Худалдах-Худалдан авах гэрээ байгуулсан. "*******" ХХК нь тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо ОХУ-ын "Инновационные Ресурсосберегающие технологий" компанийн үйлдвэрлэдэг Панорама жолоочийн аюулгүй байдлын системыг нийлүүлэхээр санал болгосон ба тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно" гэж заасны дагуу энэхүү бүтээгдэхүүн нь гэрээний зүйл болсон.
Гэтэл "*******" ХХК нь "SOWA" компанийн барааг нийлүүлсэн тул "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ТБ-112/12/1499 тоот албан бичгээр тухайн барааг хүлээн авах, гэрээ дүгнэсэн акт үйлдэх боломжгүй болохоо мэдэгдсэн. Түүнчлэн "*******" ХХК-аас үйлдэгдсэн гэж мэдэгдээд буй 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "гэрээ дүгнэсэн акт" нь "*******-ийн Ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/210 дугаар тушаалаар батлагдсан журмын Хавсралт №8 тоот маягтыг үндэслэн үйлдэгдсэн болно. Гэтэл энэхүү А/210 дугаар тушаал нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хүчингүй болж гэрээ дүгнэх актад шинэ журам ашиглах болсон. Өөрөөр хэлбэл хүчингүй болсон журмыг баримтлан үйлдсэн гэрээ дүгнэсэн акт нь хүчин төгөлдөр бус юм. Дээрх актыг хүчин төгөлдөр бус болохыг "*******-аас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 131/712 дугаар албан бичгээр мэдэгдсэн болно. Түүнчлэн "*******" ХХК тендерт шалгаруулалт оролцохдоо ирүүлсэн үйлдвэрлэгч буюу "Инновационные Ресурсосберегающие технологий" компанийн үйлдвэрлэдэг Панорама жолоочийн аюулгүй байдлын системыг эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй нийлүүлсэн тохиолдолд худалдан авагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэх боломжтой талаар худалдагч талд мэдэгдсээр ирсэн. Ийнхүү "*******" ХХК нь *******-тай 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 2023/02-20-004 тоот Худалдах-Худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй /тендерийн баримт бичигт заасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй/ тул "*******-т төлбөр төлөх үүрэг үүсээгүй болно. Иймд "*******" ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******-ын 2022 оны 12 сарын 16-ны өдрийн ГЁ-112-12/5794 дугаартай албан бичиг, *******-ын 2023/02-20-004 дугаар худалдах, худалдан авах гэрээг дүгнэсэн тухай акт, тооцооны үлдэгдлийн баталгаа, ******* ХХК-ийн дүрэм, ******* ХХК-ийн 2023.09.11-ний өдрийн 23/225 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2023.08.23-ны өдрийн 23/220 дугаартай албан бичиг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас *******-ын 2023.09.25-ны өдрийн 131/712 дугаартай албан бичиг, *******-ын 2024.03.29-ний өдрийн ТБ-112-12/1499 дугаартай албан бичиг, 2023.02.07-ны өдрийн ГЁ-112-12/531 дугаартай албан бичиг, *******-ын ерөнхий захирлын 2023.07.24-ний өдрийн А/495 дугаартай тушаал, тушаалын хавсралт, *******-ын ерөнхий захирлын 2020.05.04-ний өдрийн А/210 дугаартай тушаал, тушаалын хавсралт, 2022.10.19-ний өдрийн А/662 дугаартай тушаал, тушаалын хавсралт, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл зэргийг тус тус ирүүлсэн болно.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 2023.06.19-ний өдрийн 622 тоот чанарын шаардлага хангасан дүгнэлт, бараа материалыг хүлээн авсан комиссын дүгнэлт, тухайн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч үндсэн хөрөнгөд бүртгэж авсан гэрчилгээ зэргийг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-т холбогдуулан 2,576,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 сарын 01 сарын 05-ны *******-тай хүнд даацын өөрөө буулгагч автомашины жолоочийн аюулгүй ажиллагааны иж бүрдэл нийлүүлэхээр гэрээ байгуулж, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч төлбөрийг төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ХХК нь тендер сонгон шалгаруулалтанд оролцохдоо ОХУ-ын Инновационные Ресурсосберегающие технологий компанийн үйлдвэрлэдэг Панорама жолоочийн аюулгүй байдлын системийг нийлүүлэхээр санал болгосон ба тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно гэж заасны дагуу энэхүү бүтээгдэхүүн нь гэрээний зүйл болсон. Гэтэл ******* ХХК нь Sowa компанийн барааг нийлүүлсэн тул ******* нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ТБ-112/12/1499 тоот албан бичгээр тухайн барааг хүлээн авах, гэрээ дүгнэсэн акт үйлдэх боломжгүй болохоо мэдэгдсэн. Түүнчлэн ******* ХХК-иас үйлдэгдсэн гэж мэдэгдээд буй 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт нь *******-ийн Ерөнхий захирлын *******-т гэрээ байгуулах, бүртгэх, албан хэрэгцээнд ашиглах, дүгнэх журмыг батлах тухай 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/210 тушаалаар батлагдсан журмын хавсралт №, тоот маягтыг үндэслэн үйлдэгдсэн болно.
Гэтэл энэхүү А/210 дугаар тушаал нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хүчингүй болж гэрээ дүгнэх актад шинэ журам ашиглах болсон. Өөрөөр хэлбэл хүчингүй болсон журмыг баримтлан үйлдсэн гэрээ дүгнэсэн акт нь хүчин төгөлдөр бус юм. Дээрх актыг хүчин төгөлдөр бус болохыг *******-аас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 131/712 дугаар албан бичгээр мэдэгдсэн болно.
Түүнчлэн ******* ХХК тендер шалгаруулалтанд оролцохдоо ирүүлсэн үйлдвэрлэгч буюу Инновационные Ресурсосберегающие технологий компанийн үйлдвэрлэдэг Панорама жолоочийн аюулгүй байдлын системийг эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй нийлүүлсэн тохиолдолд худалдан авагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэх боломжтй талаар худалдагч талд мэдэгдсээр ирсэн. Ийнхүү ******* ХХК нь *******-тай 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 2023/02-20-004 тоот худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, заасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй тул *******-т төлбөр төлөх үүрэг үүсээгүй болно.
Иймд ******* ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ХХК-ийг Sowa компанийн барааг нийлүүлсэн тул ******* нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ТБ-112/12/1499 тоот албан бичгээр тухайн барааг хүлээн авах, гэрээ дүгнэсэн акт үйлдэх боломжгүй болохоо мэдэгдсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ 2023 сарын 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан, бараа бүтээгдэхүүнийг 2023 оны 03 дугаар сарын 03-нд 10 ширхэгийг, 2023 оны 05 дугаар сарын 03-нд үлдэгдэл 20 ширхэгийг нийлүүлж, хариуцагч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр худалдах худалдан авах гэрээг дүгнэж акт үйлджээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ХХК тендер шалгаруулалтанд оролцохдоо ирүүлсэн үйлдвэрлэгч буюу Инновационные Ресурсосберегающие технологий компанийн үйлдвэрлэдэг Панорама жолоочийн аюулгүй байдлын системийг эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй нийлүүлэх ёстой байсан боловч Sowa компанийн барааг нийлүүлсэн тул төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж тайлбарлаж байна. Гэвч хариуцагч ******* нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасны дагуу хариуцагч шаардлага гаргах эрхээ алдсан байна. Өөрөөр хэлэх юм бол хариуцагч нь Панорама жолоочийн аюулгүй байдлын системийг Инновационные Ресурсосберегающие технологий компаниас нийлүүлээгүй, Sowa компаниас нийлүүлсэн гэдгийг мэдэж байсан боловч гомдлын шаардлага гаргаагүй, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан атлаа, хожим нь хүлээн авах боломжгүй гэж татгалзах эрхгүй байна.
Түүнчлэн хариуцагч 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт нь *******-ийн Ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/210 тушаалаар батлагдсан журмын хавсралт №, тоот маягтыг үндэслэн үйлдэгдсэн, гэтэл энэхүү тушаал нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хүчингүй болж гэрээ дүгнэх актад шинэ журам ашиглах болсон тул гэрээ дүгнэсэн акт нь хүчин төгөлдөр бус юм. Дээрх актыг хүчин төгөлдөр бус болохыг *******-аас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 131/712 дугаар албан бичгээр мэдэгдсэн гэдгийг татгалзлынхаа үндэслэл болгож байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасны дагуу 2023 сарын 01 сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээг хуучин журам хүчингүй болж, гэрээ дүгнэх актад шинэ журам үйлчлэх болсон гэдгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******азраас 2,576,340,000 /Хоёр тэрбум таван зуун далан зургаан сая гурван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,039,650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 13,039,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН