Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/50

 

 

                                        Н.Хүрэлбаатарт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, ерөнхий шүүгч            Д.Буянжаргал

                                Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                            Б.Эрдэнэхишиг                                  

                Оролцогчид:

                    Прокурор                                          А.Энхтуяа

                                   Шүүгдэгчийн өмгөөлөгч              Р.Баярхүү

                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нармандахын Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн 2031002650198 дугаартай, 175/2021/0090/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын монтажны туслах мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 20-р хороо, 1 дүгээр гудамж, Хүрд-1 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нармандахын Хүрэлбаатар, /РД:МЭ77041310/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Хүрэлбаатар нь 2020 оны 02 дугаар сараас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг, 5-р хэсэг, 20 тоотод байрлах хүргэн ах М.Чинзоригийн гэрт амьдарч байх хугацаандаа 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд тус гэрт хамт амьдардаг 16 нас 8 сартай С.Арвины хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Н.Хүрэлбаатарт холбогдох хэргийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Боржигон овогт Нармандахын Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Арван найман насанд хүрээгүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Н.Хүрэлбаатарт 6 /зургаан/ жилийн хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Н.Хүрэлбаатарт оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсныг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5.Энэхүү хэрэгт гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/шцт/99 дугаартай шийтгэх тогтоолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Үйлчлүүлэгч Н.Хүрэлбаатар нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд хамт амьдардаг 16 нас 8 сартай С.Арвины хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогдсон.

Анхан шатны шүүхээс Н.Хүрэлбаатарын дээрх үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д заасны дагуу 6 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Н.Хүрэлбаатар нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Мөн хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хүрэлбаатарт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн. Н.Хүрэлбаатар нь хохирогч талд эмчилгээ, эмнэлэг шүүх шинжилгээний зардлыг төлж өөрийн гэмшиж байгаагаа илэрхийлж ирсэн. Н.Хүрэлбаатар нь ээжийн хамт амьдардаг. Бөөр болон ходоодны шархны мэс засалд орж байсан. Хоригдох хугацаанд өвчин нь сэдэрч байнгын өвчин намдаах эм хэрэглэж, биеийн байдал нь дордсон. Мөн хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байтал анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа “хохирогчид учирсан сэтгэл санаа, бие махбодийн хор уршиг арилаагүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх хохирогчид учирсан сэтгэл санаа, бие махбодийн хор уршиг арилаагүй гэдгийг хэрхэн ямар шалгуураар тогтоосон нь ойлгомжгүй байна.

Иймд дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэж харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг доош татаж хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын хэмжээнд хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Н.Хүрэлбаатарт холбогдох 2031002650198 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: 

Шүүгдэгч Н.Хүрэлбаатар нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Арвины мэдүүлэг /хх-ийн 23-26/, гэрч М.Алтанхуягийн /хх-ийн 28-29/, М.Чинзоригийн /хх-ийн 33-34/, Г.Нарантуяагийн /хх-ийн 35-36/, А.Сүнжидмаагийн /хх-ийн 37-38/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №252, 303 тоот дүгнэлтүүд /хх-ийн 42-43, 62-63/, Шүүхийн сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн 87/20 тоот магадлагаа /хх-ийн 71-72/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, оролцогчийн эрхийг хаасан, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан ял шийтгэлийг шүүгдэгчид оногдуулсан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөхийг хүссэн шүүгдэгч Н.Хүрэлбаатар болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Хүрэлбаатар болон түүний өмгөөлөгч Р.Баярхүү нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ