Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 00127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Э.Энхбат

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.Сувдаа

              Хохирогч                                              Д.Цэрмаа

                         Шүүгдэгч                                          Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Чд холбогдох 1732000400024 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1958 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн агрономич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг, Гүнхудагийн №63 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигин овогт Доржсүрэнгийн Ч.

 

Д.Ч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Гүн худаг №63 тоотод оршин суух иргэн Д.Цэрмааг 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч мэдүүлэхдээ: ... 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бид хадланд гарахаар дэлгүүр хоршооноос идэж уух юмаа цуглуулаад трактороо машинд ачих зэрэг ажил хийгээд их оройтсон юм. Тэгээд манай хашаанаас ирээд миний жижиг ногоон тракторыг машиндаа ачаад тэгээд гэрээ ачихаар Жаагийх руу явсан. Гэрийн асуудлыг эхнэрт нь би хэлж байгаад хадланд явах гэж байгаа учраас гэрийг ил хураачихаа шөнө орой ч ачиж магадгүй гээд бэлэн гадаа нь хураачихсан байсан. Бороо орохоор нь бид хоёр юмаар хучсан. Нэг тийм гэр байсан. Тэгээд машин тэр гэрийг ачих гээд явтал Жы хашааны буланд машин шаварт суусан. Шаварт суусан машинаа гаргая гээд надтай явж байсан хоёр залуугийн нэг нь трактороо аваад ирье гээд явах хооронд нь би энэ айлын хашааны хаалгыг нь онгойлгох гээд ирэхэд хаалга нь баглаастай байсан. Тэгээд харсан чинь тэдний машин байгаагүй. Тэгэхээр нь хүүхдүүд нь байгаа юм байна гэж бодоод Т миний дүү хаалга чинь яаж онгойдог юм бэ гэж орилсон. Т гээд 2-3 удаа орилсон. Гэтэл нэг хар юм сүйтгэнээд гараад ирсэн цагаан цамц ч харагдаад байх шиг харанхуй байсан юм. Тэгсэн чинь Цэрмаа гарч ирээд “Муу тэнэг зөнөг чи хаалга мэддэггүй юм уу, танай талаас ордог юм мал чинь юу ч мэдэхгүй мал” гэж хэлээд л байсан би юу ч дуугараагүй. За ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй. Би буцаад машиндээрээ ирсэн чинь хүүхдүүд трактор авчираад машин шаварнаас гаргаж байсан. Тэгээд нөгөө хоёр залуудаа хэлсэн за Жагаагийн авгай согтуу байна шүү авир муутай шүү юу ч битгий яриарай гэж хэлсэн. За гээд  хашаанд нь орсон, хашаанд нь ороод хартал гэрийн ханыг нь амбаар түлшүүлээд тавьчихсан эсгийг нь наана хураасан байсан тэрний хажууд машинаа зогсоосон. Зогсоогоод буутал Цэрмаа “муу сайн гөлөгнүүд минь зайлцгаа хүн амраахгүй” гэж хэлсэн. Уг нь би бодохдоо миний гэрийг барьж 4-5 жил болсон улсууд чинь баярлалаа гээд уранхайг нь оёод ингэж л өгмөөр юм. Монгол хүн л юм бол тэгээгүй. Ганболд гэж Дугаржав гуайн хүү, Булданжав гэж хоёр хүн надтай хамт байсан тэр хоёрт сануулж хэлсэн болохоор тэр хоёр залуу юу ч дуугараагүй би ч дуугараагүй байсан. Хоёр ногоон таркторын доор ханануудаа өрөөд дараа нь унинуудаа өрөөд хаалгануудаа тракторын 2 талд босгоод эсгий л үлдчихсэн байсан. Гэтэл энэ хугацаанд Цэрмаа зогсолтгүй орилж байсан “гөлөгнүүдээ зайлаач муусайн банди нар минь хурдлаач” ингээд л орилоод байсан. Тэгээд л яг юмаа янзалж дуусах гээд Лхагваа трактор дээр гараад юмнуудаа янзлаад бид хоёр эсгийгээ ачих гээд байж байтал ирэнгүүтээ Амбага гээд залууг цохисон уу ёворсон уу ём болсон. Бид 3 тэр болтол “А” ч гэж дуугараагүй, “Б” ч гэж дуугараагүй тэгээд цохиод авангуут нь би хэлсэн “Чи гэр ачтал дуугүй аятайхан байгаад өгөөч” гээд хойноос нь би нэг муухай үг хэлсэн тэр нь “балга юм уучихаад шингээж чадахгүй хар пизда юмаа” гэж хэлсэн. Тэгээд Цэрмаа над руу дайрсан. Тэр үед өмссөн байсан хувцасаа авч ирье гэсэн мартчихсан байна. Миний уймраа нэртэй яакыг юу ч үгүй урсан. Ингээд бид хоёр ноцолдоод Амбага салгах гэсэн чинь Амбагын нүүрийг майжсан, үсийг нь зулгаасан, гарыг нь майжсан. Байцаагчид үзүүлсэн. Тэгэнгүүт Амбага хамаатан саднууд гэсэн юм уу надад хамаагүй гэж бодсон юм уу холдоод машины араар тойроод орчихсон. Тэгээд Цэрмаа бид хоёр барилцаад зодолдох ч биш ноцолдох ч биш ингээд үлдсэн. Би 2-3 удаа унагаасан, дээр доороо орсон хамгийн сүүлд би гарыг нь мушгиж байгаад хойшоо тэрэг дээгүүр давуулж унагаасан тэгээд тэнд унахдаа нэг хэсэг чимээгүй болсон. Би тэгэхэд нь яачивдаа гэж бодсон. Тэгсэн чинь босоод чоно шиг ульж, бар шиг орилоод л амандаа хараал уншаад байгаа юм уу ерөөл уншаад байгаа юм уу мэдэхгүй “аа” “үү” гээд л хашаанаас гараад манайх руу гүйгээд явсан. Тэгэнгүүт нь за явлаа энэ хооронд бушуухан гэрээ ачаад гарья гээд л гарсан. Гарахад машины гэрэл асаахад Төгөлдөр гэж хүү нь гарч ирсэн. Энийг бол эхнэрт Жагаа хэлсэн байна лээ. Тэр өдөр 2 найзтай ирж архидаад нөхөр нь ажил руугаа явахад нэг шил архи авч өгсөн. Тэгээд гурвуулаа уугаад 2 найз нь тасраад уначихсан Цэрмаа согтуу үлдсэн. Үүний юу гэж хэлдэг вэ гэхээр хэрүүл хийсэн ганц лааз пиво уусан л гэдэг. Хүүхдүүд байгаагүйг байсан болгосон. Хамгийн аюул нь хүүхдүүдийг хуулийн өмнө худлаа яриулах, хүн гүжирдүүлэх ийм бага наснаас нь Монголын ирээдүйг ийм болгох нь өнөөдрийн бидний маргаанаас илүү гамшиг гэж би үзэж байгаа. Дараа нь гэрт очоод эхнэрт агсам тавьсан. Би гэрээ ачаад тойроод ирэхэд гэрт байж байсан. Эхнэр 2 хөгшинтэй байсан вино энэ тэр өгч аргалаад явуулсан. Би гэрийн гадна байгаад гэртээ орж чадахгүй байсан. Орохоор дахиад л бас над руу дайрна. Тэгээд явангуут нь гэртээ орж аяга цай уугаад тамхи татаад хагас сайн очих байсан учраас 00:05 болоход за хөдөлье гээд 13-ны өдөр боллоо гээд бид явсан. Намайг явсанаас хойш дахиж ирж эхнэр дээр ирж агсам тавьсан байна лээ. Тэрнээс цааш яасныг мэдэхгүй. Ерөөсөө болсон зүйл энэ. Тэгээд үүн дээр би өөрийнхөө биеийг өмөөрсөн зүйл байхгүй. Та бүхэн хууль дүрмийн дагуу шийдэж байгаа байх. Би 2 байцаагчтай нуулгүй хэлэхэд маргалдсан л даа. Энэ нь юу вэ гэхээр Үндсэн хуулинд бол Монгол улсын иргэн нас хүйс, шашин шүтлэг харгалзахгүй  бүгд тэгш эрхтэй гэж заасан байдаг. Мөн Монгол ард түмэн бусад түмнээс тэр дундаа Монгол эрчүүд  эхийн цагаан сүүг хамгийн их хайрладаг би тэгж ойлгодог. Тэр утгаараа Монгол эрчүүдийн сэтгэлд эмэгтэй хүнийг арай өөрөөр харж илүү байдаг болов уу гэж боддог. Үндсэн хуулинд заасан энэ эрх яг хэргийн нөхцөл дээр ороод ирэхэд нөгөө эмэгтэйн тал руугаа илүү үйлчлээд байна гэсэн сэтгэл төрсөн гэхдээ би үүнд буруу өгөөгүй энэ бол Монгол хүний зан яагаад би ингэж бодсон бэ гэхээр энэ архи уусныг, хүүхдүүдэд ингэж хэлж өгснийг энэ бүгд нийлээд үр дүн нөлөөлөөгүй. Ганцхан Ч чи үүнийг зодсон тэр бол хохирсон гэдэг нэг тал руу нь явсан. Үүнд би буруутгах юм байхгүй. Нэгэнт миний буруугаас хойш. Гэхдээ энэ хүн сайхан тэр Монгол бүсгүй шиг архи уудаггүй, агсам тавьдаггүй, нөхрөө зоддоггүй, хулгай хийдэггүй бол ийм асуудал гарахгүй. Энэ хүн хүүхдээ өсгөөд одоо ч сууж байхдаа худлаа ярьж байна. Жагаагийн дагавар хүүхэд нь мөн хүүхэдтэйгээ нөхөртэй хотод хоёулаа ажил хийж байгаа. Өнөөдөр нүүр нүүрээ харж байгаад л худлаа ярьж байна. Тэгээд би хамгийн сүүлд юу ойлгосон бэ гэвэл хүн тэжээвэл толгой цустана, мал тэжээвэл ам тостоно гэдэг үгийг би ойлгодоггүй байсан юм. Яагаад би ойлгодоггүй байсан юм бэ гэхээр хүнд туслаад, хүнийг тэжээх нь буянтай ажил биз дээ гэж ойлгож байсан. Ажил хийж байгаа хүн мөнгөөрөө махаа аваад амаа тосдож болно биз дээ тэгсэн чинь өөрөө яг энэ байдал дээр үзээд ирсэн чинь тэнэг ухаангүй улсад зориулсан ардын үг юм байнаа л гэж ойлголоо. Тэгээд би хүсэх зүйл гэвэл энэ цагаас эхлэн бид хоёрыг тайван амьдруул архиа холхон шиг уу, манайх руу битгий орж ир, танайх руу би орохгүй танихгүй юм шиг явцгаая мөр мөрөө хөөгөөд тайван сайхан амьдарцгаая үүнийг л хүсч байна. Харин баруун талын байшинг маань суллаад өгчихөөрэй тэгээд амар, давхар хашааны цаанаас бие биетэйгээ уулзахгүй. Нэг ёсондоо бид энэ цаг мөчөөс эхлээд бие биенээ танихгүй байсан нь өлзийтэй юм байна гэж хохирогчоос хүсч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Цэрмаа мэдүүлэхдээ: ... 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай гэрийн хашаанд би найзуудтайгаа жаахан юм уучихсан байсан. Тэгээд Чимэдээ ах орж ирээд гэр ачихад нь өмнө нь манай нөхрийг зодсон болохоор нь би гомдоод Чимэдээ ахад агсам тавьсан байна лээ л дээ. Гэхдээ Эгшиглэн хуулийн өмнө худал мэдүүлэг өгөөгүй. Эгшиглэн өөрийн харсанаа л хэлсэн байна лээ. Дөнгөж 18-19 нас хүрч байгаа хүүхдэд юу гэж худлаа ярихыг зааж өгөх билээ дээ. Миний буруу байсан. Би жаахан юм уучихсан агсам тавьсан. Ноцолдсон л байна лээ. Намайг зодсонд нь би жаахан гомдоод шүүхэд өгчихсөн юм. Өргөдөлөө буцаагаад авчихъя гэж бодоод Прокуророос ч дуудахаар нь би байшиндаа хүмүүс авчраад юм хийлгэж ажилтай байсан болохоор очиж чадаагүй  юм. Тэрнээс өргөдөлөө буцаагаад авчихъя гэж бодож байсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

Хохирогч Д.Цэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Ч ах “Танай хашаанд байгаа гэрээ авъя" гэхээр нь би та өдөр авахгүй яасан юм бэ? харанхуй шөнө болсон хойно айлын хашаагаар битгий эргээд бай гэж хэлсэн чинь Чимэдээ ах битгий хуц ална шүү гээд байхаар нь би та тэгвэл алчихгүй юу гэж хэлсэн чинь Ч ах шууд миний нүүр лүү гараараа цохиж намайг газарт унагаасан. Тэгээд миний толгой эргээд маналзаад газарт хэвтсэн чинь дээрээс униар цохиод байсан. Миний охин Эгшиглэн уйлаад “цагдаа дуудлаа шүү” гэж хашгирсан чинь Ч ах бушуухан гэрээ ачаад явчихсан. Миний эмчилгээний зардалд 450000 төгрөг зарцуулсан. Би энэ мөнгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17-р тал/

          Насанд хүрээгүй гэрч Ж.Эгшиглэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Чимэдээ ах манай ээж Цэрмаагийн хамар луу нь цохиод газарт унагаасан. Тэгээд манай ээжийг газарт уначихсан байхад нь Ч ах гэрийн униар цээж рүү нь цохиод зоогоод байсан. Би айсандаа уйлсан. Манай ээжийн ам, хамар хоёроос нь аймар цус урсаж гойжоод байхаар нь гэрлүүгээ гүйж ороод гар утсаар аав руугаа ярьж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-р тал/

          Гэрч Ж.Жы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Би Сэргээш кафены ажилчин учраас 2017 оны 08 дугаар сарын 12-ны орой наадам тарсны хойно хуушуур хийсэн гэрийг нь буулгаад байж байтал 22 цагаас 23 цагийн орчим манай бага охин Эгшиглэн утсаар “Ааваа Чимэдээ ах манай хашаанд орж ирээд ээжийн хамар луу нь цохиод зөндөө цус гарсан, одоо гэрийн униар зодоод байна, та хурдан ирээрэй” гэж хэлээд утас нь тасарчихсан юм. Би ахиад залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгснээ Эгшиглэн ахиад миний утас руу залгаад “Аав та хурдан ирэхгүй бол ээж Чимэдээ ахын гэрийн хашаанд оччихсон Мэндбаяр эгчтэй хэрэлдээд байна” гэж хэлэхээр нь би өөрийнхөө утсаар цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26-р тал/

           Гэрч Д.Мултанжавын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … 2017 оны 08 дугаар сарын 12-ны орой 22 цагаас 23 цагийн хооронд Чгийн хамаатан Жы хашаа руу ороод хураагаад бэлдчихсэн байсан гэрийг миний машины тэвшин дээр ачиж байтал гэрийн эзэн бололтой хүүхэн гарч ирээд Ганболдтой зуурч авсан чинь Ч ах ирээд “чи дуугүй байж бай бид нар гэрээ аваад явлаа” гэж хэлсэн чинь Ч ах руу дайраад эхэлсэн ба тэр хоёр газарт уначихаад дээр доороо ороол ноцолдоод зодолдоод байсан. Тэгтэл Ганболд татаж салгасан. Тэгээд тэр хүүхэн уйлж хашгираад Чимэдээ ахад “Чи намайг зодлоо, би цагдаа дуудна” гэж хэлээд гүйгээд явчихсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р тал/

                  2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №172 дугаартай шинжээчийн дүгнэлт: ...

                  1. Цэрмаагийн биед баруун зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, зүүн хөх баруун мөр, зүүн бугалга, цээж, хэвлийд цус хуралт, зүүн хөхний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.       

                  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна  гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 30-31- р тал/

Шинжээч эмч Г.Ган-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ... Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №172 дүгнэлтийг гаргасан. Иргэн Д.Цэрмаагийн биед тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Унах үед эдгээр гэмтэл нэг зэрэг үүсэх боломжгүй, бусдад зодуулж цохигдох үед үүсэх боломжтой гэмтлүүд юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-р тал/

                  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, Шүүгдэгч Д.Чгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 47 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Ч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Гүн худаг №63 тоотод оршин суух иргэн Д.Цэрмааг 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Д.Цэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-17-р тал/, Насанд хүрээгүй гэрч Ж.Эгшиглэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 27-р тал/, Гэрч Ж.Жы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 25-26-р тал/, Гэрч Д.Мултанжавын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 28-р тал/, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №172 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 30-31- р тал/, Шинжээч эмч Г.Ган-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 32-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Чг хохирогч Д.Цэрмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Ч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Гүн худаг №63 тоотод оршин суух иргэн Д.Цэрмааг 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож улмаар түүний эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү, зүүн хөх баруун мөр, зүүн бугалга, цээж, хэвлийд цус хуралт, зүүн хөхний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан алаг өнгөтэй, тал ханцуйтай, энгэр нь цус мэт зүйлээр бохирлогдож урагдсан 1 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Доржсүрэнгийн Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Чг торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 14 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан алаг өнгөтэй, тал ханцуйтай, энгэр нь цус мэт зүйлээр бохирлогдож урагдсан 1 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Чд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.