Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2021/0771

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ч******* ХХК/РД:*******/, Улаанбаатар хот, *******,*******,*******,,,

Хариуцагч: Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Т.Ц*******,

Гомдлын шаардлага: Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Т.Ц*******ын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0050207 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З*******, хариуцагч Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Т.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ч******* банк ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Нэхэмжлэгч Ч******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа Ерөнхийлөгчийн баталсан Монгол банкны удирдамжийн дагуу "Ч******* ХХК-д 2020 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл газар дээр хийсэн иж бүрэн шалгалтыг хийсэн. Тус шалгалтаас Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0050207 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасныг үндэслэн "Ч******* ХХК-ийг 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгосон.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалган прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна, мөн зүйлийн 2-т эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн эсвэл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг үүсгэх, татгалзах асуудлыг шийдвэрлэхээр заасан байна. Иймд Монгол банкны хянан шалгагч нь "Ч******* ХХК-д 2020 оны 04 сараас мөн оны 10 сар хүртэл хяналт шалгалт хийж, 2020 оны 10 сарын 21 - ний өдөр нийт 21 ширхэг улсын байцаагчийн акт ирүүлж, зөрчлийн хэрэг нээж байгаа талаар мэдэгдсэн учир энэ үеэс зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд зөрчлийн хэрэг бүртгэлтийг эрх бүхий албан тушаалтан 14 хоног, шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хоног хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж зааснаар Зөрчлийн хэргийн хэрэг бүртгэлтийн боломжит хугацаа нь нийт 58 хоногт явагдаж дуусахаар байтал Монгол банкны хянан шалгагч нь 2020 оны 10 сард зөрчлийг илрүүлсэн. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх 58 хоногийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үед буюу 2021 оны 03 сарын 25-ны өдөр 0050207 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байх тул уг шийтгэлийн хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.Түүнчлэн Монгол банкны хянан шалгагч нар нийт 7 сарын хугацаанд Ч******* ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд ямар зөрчил илрүүлсэн талаараа шийдвэрлэх шалган мэдэгдээгүй, түүнийг зөрчил холбогдогчид оролцуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан буюу ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Мөн эрх бүхий албан тушаалтан буюу Монгол банкны хянан шалгагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж, холбогдогчийн эрх үүргийг эдлүүлэх замаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах учиртай байхад тэдгээрийг оролцуулалгүйгээр зөрчлийг шалган шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй этгээдэд танилцуулсан байгаа нь холбогдогч "Ч******* ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна. Иймд Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Т.Ц*******ын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0050207 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар баталсан Ч******* ХХК-д газар дээрх иж бүрэн шалгалт хийх удирдамжийн дагуу тус банкны 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг хамруулан шалгалтыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хийж гүйцэтгэсэн. Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хянан шалгагч, улсын байцаагч Т.Ц******* миний бие ажиллаж, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг шалгахад "Ч******* ХХК нь Банкны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.1-т заасан Монгол банкнаас тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байх гэж заасныг зөрчсөн, Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-294/340 дугаар тушаалаар батлагдсан "Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар"-ын 4.2.1.Г-т заасны дагуу "Turquoise Hill Resources" компанийн үнэт цаасны бодит үнэ цэнийг тооцохдоо тухайн үеийн зах зээлийн үнээр тооцоогүй, дахин үнэлгээний санг 1,995,617,253.04 төгрөгөөр дутуу бүртгэсэн нь баримтаар тогтоогдож байгаа тул Улсын байцаагчийн 2020/057/005 тоот акт тавьж, Монгол Улсын Зорчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээх тухай мэдэгдсэн. Хариу тайлбар хүргүүлэх тухай Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу дээрх зөрчилтэй х*******тойгоор нотлох баримт цуглуулах, холбогдогчоос мэдүүлэг авах зэрэг зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан боловч мэдүүлэг өгөөгүй. Мөн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг банк аваагүй тул тус 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2101000007 дугаартай зөрчлийн хэрэг нээж, Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй х*******тойгоор Монгол банкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-6/120 тоот албан бичгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн хэрэг нээж байгааг Ч*******анд танилцуулж, банкийг төлөөлж мэдүүлэг өгөх, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх холбогдох ажилтныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж Монгол банкны Хяналт шалгалтын газарт ирүүлэхийг мэдэгдсэн. Үргэлжлүүлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнаар 14 хоног, прокурорын зөвшөөрлөөр 30 хоног хүртэл сунгасан боловч банкнаас тус албан бичигтэй х*******той хариу ирүүлээгүй тул 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0050206 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасныг үндэслэн "Ч*******" ХХК-д 10,000 нэгж буюу 10,000,000.00 төгрөгийн торгох шийтгэл оногдуулаад байна. Холбогдогч нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаанд эс үйлдэхүйгээрээ саад учруулсан бөгөөд энэ талаар ямар нэгэн тайлбар ирүүлээгүй болно. Мөн Холбогдогч "Ч*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд Монгол банкны хянан шалгагч нь 2020 оны 10 дугаар сард зөрчлийг илрүүлэн акт тогтоосон боловч Зорчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалгах шийдвэрлэх 58 хоногийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үед буюу 2021 оны 3 дугаар сарын 25-ний өдрийн 0050207 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсныг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн байна. Монгол банкны Ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд шалгалтыг хийж гүйцэтгэсэн, Ковид-19 цар тахлын эсрэг Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хорио тогтоосонтой х*******тойгоор зайнаас ажиллаж эхэлсэн хэдий ч илэрсэн зөрчилтэй х*******той холбогдогчоос мэдүүлэг авахаар удаа дараа хандсан боловч хариу үйлдэл гаргаагүй, мөн зөрчлийн хэрэг нээсэн талаар албан бичгээр мэдэгдсэн хэдий ч тогтоолыг эс зөвшөөрсөн талаар зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорт гаргаагүй. Иймд "Ч*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Ч******* ХХК-иас Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Т.Ц*******т холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Т.Ц*******ын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0050207 тоот шийтгэлийн хуудсаар Ч******* ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасан ... зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон гэж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол Банкнаас Ч******* банканд хийх газар дээрх иж бүрэн шалгалтын удирдамж-ийн дагуу тус банкны 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг хамруулан хяналт шалгалт хийжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдлуудтай маргаагүй, харин шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч буй гомдлын үндэслэлээ хариуцагч улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа тогтоосон заалтуудыг ноцтой зөрчиж зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байхад шийтгэл ногдуулсан нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан бол хариуцагчаас Зөрчлийн хэрэг нээж байгааг Ч*******инд танилцуулж, мэдүүлэг өгөх, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх холбогдох ажилтныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилж, ирүүлэхийг мэдэгдсэн. Мөн ковид 19 цар тахлын эсрэг Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хорио тогтоосонтой х*******тойгоор зайнаас ажиллаж эхэлсэн хэдий ч илэрсэн зөрчилтэй х*******той холбогдогчоос мэдүүлэг авахаар удаа дараа хандсан боловч хариу үйлдэл гаргаагүй, зөрчлийн хэрэг нээсэн талаар албан бичгээр мэдэгдсэн хэдий ч тогтоолыг эс зөвшөөрч прокурорт гомдол гаргаагүй гэж тайлбарлан гомдлыг эс зөвшөөрсөн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:, мөн хэсгийн 1.1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, мөн зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана гэж тус тус заасан байна.

Гомдол гаргагч талын Хуулиар тогтоосон зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дуусгавар болсон байхад шийтгэл ногдуулсан нь хууль бус гэх тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргахаар хуульчилсан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуулиар тогтоосон хугацааны дотор явуулахыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон агуулгатай байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4-т Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна гэж заажээ.

Гэтэл хариуцагч улсын байцаагч нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2101000007 дугаартай тогтоолоор Ч******* ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн, удирдах албан тушаалтны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 14 хоногоор, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/02 дугаартай тогтоолоор мөн хугацааг 2021 оны 03 дугаар сарын 21-ныг дуустал 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байхад маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна. Тодруулбал,

2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 24 цаг хүртэл тоологдох тул хуульд заасан тодорхой хугацаа хэтэрсэн байхад шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан нь төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчимд нийцэхгүй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг үйлдсэн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон талаар гомдол гаргагчаас зөрчлийг үгүйсгэж маргаагүй боловч хариуцагч улсын байцаагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг хэтрүүлсэн, хугацаа дууссан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4, 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Ч******* ХХК-иас гаргасан гомдлыг шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Т.Ц*******ын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0050207 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ