Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 310

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02614 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э М” ХХК-д холбогдох

 

“Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/78, Б/25 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17 497 422 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Асланбек,

Хариуцагчийн өмгөөлөгч: П.Одонтунгалаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/78, Б/25 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, Захиргаа, хүний нөөцийн газрын Тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17 497 422 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагаа дэмжиж байна. “Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Б.М-г 2019 оны 2 дугаар сард ажлаас 381 минут хоцорсон гэж А/78 дугаар тушаалаар цалинг 3 сарын хугацаатай 20 хүртэл хувиар бууруулах, 2019 оны 3 дугаар сард 200-аас дээш минут хоцорсон гэж Б/25 тушаалаар ажлаах халах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/78 дугаар тушаалд маргаж, Нийслэлийн маргаан таслах комисст хандаад асуудлаа шийдвэрлүүлэх явцад дараагийн тушаал гарсан тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Нэхэмжлэгч нь ганц удаа 60 минут хоцорсон нь үнэн бөгөөд энэ нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарахгүй. Б.М- нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй. Байгууллага нь ажлын 9 цагаар цаг бүртгэж байгаа нь ажилтны эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн дотоод журамд 1 удаа 60 минутаас дээш хоцорсон тохиолдол гурав болон түүнээс дээш удаа давтагдвал сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Үүнээс үзвэл 60-аас доош минутаар хэдэн ч удаа хоцорсон тохиолдол гарсан бай сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж харагдаж байна.

А/78 дугаар тушаалд 381 минут хоцорсон гэх боловч хэрэгт авагдсан цагийн бүртгэлээр 60 минут болох нь тогтоогддог. Чухам яагаад 381 минут болсон нь тодорхойгүй. Б/25 тушаалд 200-аас дээш минут хоцорсон гэж байгаа. Хурууны хээний бүртгэл бодитой бус, уг бүртгэл өөрөө ойлгомжгүй байхад түүнд үндэслэн ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах нь хуульд нийцэхгүй. Иймд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан тул тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.М- нь “Э М” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. Б.М- нь цаг ашиглалт үнэхээр муу тул ажил олгогч түүнд сахилгын шийтгэлүүдийг шат дарааллан авсан. Өмнөх 2 зөрчлөө хүлээн зөвшөөрч хуулийн хугацаанд гомдол гаргаагүй.

Б.М- нь 2018 оны 11 дүгээр сард 142 минут ажлаас хоцорсон тул түүнд 2019 оны 12 дугаар сарын 03-нд сануулах, 2019 оны 2 дугаар сард 381 минут хоцорсон тул түүнд 2019 оны 3 дугаар сарын 18-нд үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах, 2019 оны 3 дугаар сард 200 минутаас дээш ажлаас хоцорсон тул түүнд 2019 оны 4 дүгээр сарын 11-нд сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Тэрээр 2019.02.11, 15-нд явсан, 2019.02.19, 21-нд ирсэн, 2019.02.12-нд ирсэн, явсан цагаа бүртгүүлээгүй. Хурууны хээ бүртгэх машинд ирсэн, явсан цагийн аль нэгийг бүртгүүлээгүй бол Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.2-т зааснаар 60 минут хоцорсонд тооцно гэж заасанд үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

Мөн Б.М- нь 2019.03.01, 06, 15, 22-нд ирсэн, явсан цагаа, 2019.03.26, 27, 28, 29-нд явсан цагуудаа бүртгүүлээгүй. Энэ мөн л тухай бүр 60 минут хоцорсон гэж үзэх үндэслэлтэй. Иймд 1 сард 3 буюу түүнээс дээш 60 минут хоцорсон гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн тул сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж ажлаас халсан байгаа. Тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д заасныг тус тус баримтлан “Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 497 422 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай Б.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн оролцогч П.Одонтунгалаг, шүүгч Ө.Уянга нар нь үеэлүүд учир шүүгч өөрөө татгалзаж гарах үүрэгтэй байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т заасан үндэслэл болно. Шүүгчид хуулиар үүрэг хүлээлгэсэн байхад үүргээ зөрчиж гаргасан шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байж чадахгүй. “Э М” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 12.2.2-т хоцорсон ямар тохиолдол сахилгын зөрчилд тооцогдохыг заасан. Шүүгч илт хууль бус баримтыг үнэлж шийдвэр гаргасан. Ажилтныг ажил тасалсан, хоцорсонд тооцох тохиолдолд хурууны хээ танигч машины бүртгэл дангаараа нотлох баримт болдоггүй. Тухайн баримт нь ажилтны өвчтэй, чөлөөтэй цагийг тооцож цалингийн тооцоолол хийсэн санхүүгийн баримтын хамт нотлох баримтын шаардлага хангадаг. Тэрнээс биш өвчтэй, чөлөөтэй байсан бүх цагуудыг ажиллаагүйд тооцсон хурууны хээ танигч машины бүртгэлээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Ажилтны өвчтэй, чөлөөтэй байсан талаарх санхүүгийн баримтуудыг гаргуулах хүсэлтийг 3 удаа гаргахад шүүгч хэрэгт хамааралгүй гэж үзсэн. Шүүх нэг талын буюу үнэлж болохгүй баримтаар хэргийг шийдвэрлэх гэж байгаа учраас хариуцагч талаас гаргасан цагийн бүртгэлийн машины баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээж аваагүй буюу дутуу нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг уншихад олон удаагийн цаг, минутыг тусгагдсан ба эдгээр цаг, минутад ажилтны өвчтэй, чөлөөтэй байсан цагуудыг тасалсанд тооцож шүүх шийдвэрлэсэн. Б.М- нь 3 дугаар сарын 15-ны өдөр даргадаа ажилчдын эрх, ашгийн талаар Үйлдвэрчний эвлэлийн тамга, тэмдэг бүхий шаардлага хүргүүлсэн. Үүний улмаас “Э М” ХХК-ийн захирал Б.М-г дуудаж уулзаад маргалдсан. Ингээд түүнд 2 удаа дараалан сахилгын арга хэмжээ аваад шууд ажлаас нь халсан.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг шүүх буруу хэрэглэсэн. Б.М-г олон цаг, минут хоцорсон гэх ба 3 дугаар сарын 19-ний өдөр 200 минут хоцорсон гэдэг. Тэгтэл энэ өдөр 60 ажилтантай “Э М” ХХК-д 3 хүн ажилласан. Энэ өдрийн бичлэгийг авах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. 3 дугаар сарын 19-ний өдөр “Э М” ХХК-ийн бүх эрэгтэй ажилчид ажилдаа очоогүй. Энэ асуудлыг ил болгохоор бичлэгийг нь гаргуулъя гэхэд хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангаагүй. Б.М- нь 3 дугаар сарын 19-ний өдрийн өглөө чөлөөтэй байсан учраас 12 цагт ажилдаа очиж хурууны хээгээ таниулсан. Харин тус байгууллагын эрэгтэй ажилчид, мөн С.Асланбек ч ажилдаа очоогүй, мөн өдөр н.Сүндэръяа ажлаа тасалсан. Энэ хүсэлтийг хангаагүй учраас “Э М” ХХК-ийн хэрхэн ажилладаг талаар ажлын өдрийн бичлэгийг авъя гэх хүсэлт гаргаж, үүнтэй холбоотой “Эрдэнэс Монголчуудаа ажилдаа ирье, 60 хүнээс 3 хүн л ажил дээрээ байна” гэх мессежүүдийг баримтаар гаргаж өгсөн. Энэ байгууллагын ажилчид байнгын ажил тасалдаг, ажилчдын 50 хувь нь цуглардаггүй атлаа 200 минут хоцорсон гэх шалтгаанаар Б.М-г ажлаас халах нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.М- хариуцагч “Э М” ХХК-д холбогдуулан “Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/78, Б/25 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17 497 422 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/196 тоот тушаалаар Б.М-д 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлын цагаар ажлын байран дээрээ байгаагүй, 2018 оны 11 дүгээр сард 142 минут ажлаас хоцорсон, Захиргаа, хүний нөөцийн газраас зохион байгуулсан сургалтад хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй ажил тасалсан зөрчил гаргасан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/78 тоот тушаалаар Б.М-д сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2019 оны 2 дугаар сард 381 минут хоцорсон зөрчил гаргасан үндэслэлээр үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 тоот тушаалаар Б.М-д сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2019 оны 3 дугаар сард 200 минутаас дээш хоцорсон сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх11, 14, 57, 61, 65/

 

            Анхан шатны шүүх тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил ногдуулах, сахилгын зөрчилд юуг тооцох талаарх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.2-т ажлаас хоцорсонтой холбоотойгоор сахилгын зөрчилд тооцох үндэслэлийг заахдаа ажилтан нэг сард 60 минутаас дээш хугацаагаар гурав болон түүнээс дээш удаа хоцорсон гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлаас хоцорсон нөхцөл байдлыг тогтоохдоо 1 сард нийт хоцорсон цагийг нэгтгэсэн байдлаар тооцож хэргийг шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэж буй үйл баримтын талаар тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

 

            Нэхэмжлэгч тал “...хэргийн оролцогч П.Одонтунгалаг, шүүгч Ө.Уянга нар нь үеэлүүд учир шүүгч өөрөө татгалзан гарах үүрэгтэй байсан...” гэх үндэслэлийг зааж давж заалдах гомдлоо гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд шүүгч дараах үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй талаар 91.1.2-т “уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал” 91.1.4-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол” тус тус заажээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хариуцагч талын өмгөөлөгч П.Одонтунгалаг нь шүүгч Ө.Уянгатай үеэлүүд, шүүгч шүүх хуралдааны эхэнд өөрөө хариуцагчийн өмгөөлөгчтэй төрөл садан, худ ургийн холбоотой талаар асуусан...” гэж, хариуцагчийн өмгөөлөгчөөс “ ... миний ахтай суусан хүн нь шүүгч Ө.Уянгатай үеэл юм байна лээ”, шүүгч шүүх хуралдаанд хэргийн оролцогч нараас татгалзан гаргах үндэслэлийг асуухдаа “...хуульд заасан гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн биш учраас би өмгөөлөгч П.Одонтунгалагтай холбоотойгоор татгалзан гарах үүрэггүй, би энэ хэргийг шударгаар шийдвэрлэж чадна, түүнийг манай үеэл эгчийн нөхрийн дүү гэж сонсож байсан” гэх тайлбарыг хэлээд надаас татгалзаж болно гэсэн, хэргийн оролцогч нар татгалзах зүйлгүй гэж хэлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн” гэж тус тус тайлбар гаргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт шүүх хуралдааны тэмдэглэлд “...хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж заасан. Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгчийн татгалзсантай холбоотой асуудлаар нэхэмжлэгч, хариуцагч нарын дээрх тайлбар бичигдээгүйгээс давж заалдах шатны шүүхээс талуудын тайлбарт үндэслэн дүгнэлт хийх боломжгүй. Энэ нөхцөл байдлыг тодруулснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн эсэх асуудал тодорхой болох юм.

 

            Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02614 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

                                                                                                   

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН