| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/00898/И |
| Дугаар | 142/ШШ2024/01000 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 142/ШШ2024/01000
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 14,580,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагч *********,
Хариуцагчийн өмгөөлөгч *************,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19/04 дугаартай тушаалаар *******г тус компанийн борлуулалтын менежерээр ажиллуулахаар хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Борлуулагч нар нь үйлдвэрээс сүү, сүүн бүтээгдэхүүнийг тоолон хүлээн авч, гэрээт борлуулагч нарт хүлээлгэн өгөх үүргийг Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн. Борлуулалтын менежер *******гийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацааны тооцоо бодоход 14,580,080 /арван дөрвөн сая таван зуун наян мянга наян төгрөг/-ийн өртэй гарсан. *******гийн нийт борлуулсан бүтээгдэхүүн 51,482,560 төгрөг, 12 дугаар сарын үлдэгдэл 10,765,820 төгрөгийг нэмэхэд нийт 62,248,380 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авснаас тушаасан мөнгө 44,677,650 төгрөгийг хасахад 17,570,730 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс хасагдах тооцоо /******* 635,000 төгрөг, Мөнх-Од 1,561,500 төгрөг, үлдэгдэл 794,150 төгрөг/-нийт 2,990,650 төгрөгийг хасахад 14,580,080 төгрөгийн үлдэгдэлтэй тооцоо гарсан. Дээрх дутаасан бараа бүтээгдэхүүний тооцооны актыг ******* нь хүлээн зөвшөөрч 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ирж тооцоо нийлнэ гэж бичиж өгөөд ирж уулзалгүй өдийг хүрсэн *******г дутаасан барааны төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Иймд *******гаас 14,580,080 төгрөгийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие ******* 2015 онд борлуулагчаар ажилд орсон. 2020 оны 05 дугаар сард намайг ажлаас халсан. Намайг ажиллаж оайх хугацаанд манай компанийн нэр солигдож, захирал өөрчлөгдсөн. Компаний зүгээс ажлаас халах болох шалтгаанаа чи боловсролгүй чиний оронд боловсролтой хүн авч ажиллуулна гээд халсан. Миний бие 2020 оны 05 дугаар сард ажил хүлээлцэхдээ зээлээр бараа авсан дэлгүүрүүддээ *******гийн хамт /миний ажлыг хүлээн авч буй хүн/ очиж дэлгүүрийн худалдагч нартай нь уулзаж, баримтуудаа тулгаж, зээлийн үлдэгдлүүдээ баталгаажуулаад худалдагч нараар нь гарын үсэг зуруулж, баримт үйлдсэн. Бараа бүтээгдэхүүний баримтаа *******, нярав ******* нарт ажил хүлээлцэхдээ хүлээлгэн өгсөн. Миний оронд борлуулагчаар ажилласан тэр хүн дэлгүүрүүдээс бүтээгдэхүүнийхээ мөнгийг шаардаж авсан байх.
Иймд *******-ийн дутаасан барааны төлбөр 14,580,080 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, тушаал, тооцоо нийлсэн акт, итгэмжлэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэрэг баримтуудыг хавсаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан барааны төлбөр 14,580,080 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь борлуулалтын менежер ******* нь 2019 оны 12 сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 сарын 07-ны өдрийг дуусталх хугацааны тооцоо бодоход 14,580,080 төгрөгийн өртэй гарсан, дутаасан барааны төлбөрийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.
Хариуцагч нь 2015 онд борлуулагчаар ажилд орсон, 2020 оны 05 сард ажлаас халсан, намайг ажиллаж байх хугацаанд манай компанийн нэр солигдож, захирал өөрчлөгдсөн. Ажил хүлээлцэхдээ зээлээр бараа авсан дэлгүүрүүддээ миний ажлыг хүлээж авч байгаа хүний хамт очиж дэлгүүрийн худалдагч нартай нь уулзаж, баримтуудаа тулгаж, зээлийн үлдэгдлүүдээ баталгаажуулаад худалдагч нараар нь гарын үсэг зуруулж баримт үйлдсэн, бараа бүтээгдэхүүний баримтаа ******* болон нярав ******* нарт ажил хүлээлцэхдээ хүлээлгэж өгсөн, миний оронд борлуулагчаар ажилласан тэр хүн дэлгүүрүүдээс бүтээгдэхүүнийхээ мөнгийг шаардаж авсан байх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч *******г *******-ийн захирлын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 19/04 дугаартай тушаалаар тус компанийн борлуулалтын менежерээр ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Дээрх гэрээгээр борлуулагч нь үйлдвэрээс сүү, сүүн бүтээгдэхүүнийг тоолон хүлээн авч гэрээт борлуулагч нарт хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2019 оны 12 сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 сарын 07-ны өдрийг дуусталх хугацааны тооцоо бодоход 14,580,080 төгрөгийн өртэй гарсан гэж байгаа боловч энэ талаар баримт байхгүй нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотлож чадаагүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *******-г төлөөлж захирал ********** 2024 оны 04 сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн 2024 оны 04 сарын 28-ны өдөр ********-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон байна. Гэтэл 2024 оны 06 сарын 12-ны өдөр *******-ийн албан бланк дээр захирал ******* гэж хүн гарын үсэг зурж тамга даран жинхэнэ нэхэмжлэгчээр ********* сольж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ, нэхэмжлэгчээр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болно гэж заасны дагуу хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, **********-ыг *******-г төлөөлөх эрхтэй гэж дүгнэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн гаргасан хариуцагч *******гаас 14,580,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН