| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2017/00137/Э |
| Дугаар | 00109 |
| Огноо | 2017-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 00109
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Э.Энхбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Батпүрэвд холбогдох 1732000000025 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялалын хөтөч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, төмөр замын 43-01-05 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ончуул овогт Чүлтэмийн Батпүрэв. /РД: МЗ83102018/
Шүүгдэгч Ч.Батпүрэв нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн 24а тоот хашааны гадна иргэн С.Батхишигтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Батпүрэвийн өгсөн…. ... 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Лхагваа гэдэг найзтайгаа хохирогч С.Батхишигийн гэрт машин шүршиж угаадаг бууг нь авах гэж очсон. С.Батхишиг нь хүмүүстэй нийлээд архи уугаад сууж байсан. Тэгээд ахдаа нэг шил архи аваад өгчих гэхээр нь би нэг шил архи авч өгсөн. Тэгээд машин угаадаг бууг нь аваад гарах гэж байхад Батхишиг манай талийгаач эгчийг яриад бид хоёр маргалдсан. Намайг цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход газарт унасан. Тэгээд би яваад өгсөн гэх гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч С.Батхишигийн хэрэг бүртгэлтэд өгсөн ......... 2017 оны 09 сарын 06-ны өдрийн 15-16 цагийн үед байхаа би Баруун-Өлөнтөд авж байгаад Шар Оогий, Бандиак гэх хочтой найзуудтайгаа таарсан тэгээд нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад манай гэрт ирсэн тэгээд миний зил-131 маркийн тээврийн хэрэгслийг янзлангаа уусан. Удалгүй 19 цагийн үед байхаа Батпүрэв, Лхагваа нар манай гэрт орж ирсэн би архинаасаа хийж өгөөд цуг уусан тэгсэн Батпүрэв нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авч уусан. Тэгээд ууж байхдаа би Батпүрэвийн талийгаач эгч Баттүвшиний талаар ярьсан тэгсэн Батпүрэв чи миний нас барсан эгчийг ярих хэрэггүй гээд бид 2 маргалдсан. Батпүрэв миний шүд рүү нэг удаа цохьсон тэгээд дээд талын үүдэн 2 шүд унасан тэгээд Батпүрэв яваад өгсөн. Би согтуудаа талийгаач Баттүвшин эгчийг нь ярьчихсан юмаа тэгсэн Батпүрэв бас жоохон уучихсан байсан болохоор чи миний нас барсан эгчийг ярилаа гээд над руу уурлаад тэгээд л намайг цохичихсон. Ч.Батпүрэв миний шүдийг хийлгэхэд эмчилгээний зардал гэж бэлэн 2 сая төгрөг өгсөн цаашид миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 9-10 дугаар хуудас/
Гэрч Д.Мөнхцэцэгийн хэрэг бүртгэлтэд өгсөн ....... 2017 оны 09 сарын 06-ны өдрийн орой 20 цагийн үед байхаа манай нөхөр Батхишиг, Шар Оогий, Бандиак нар манай хашаанд нөхрийн Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг янзлаад байж байсан. Тэгсэн Батпүрэв гаднаас машин угаадаг усан буугаа өгч байгаач гээд Лхагваатай ороод ирсэн тэгсэн Батхишиг, Шар Оогий, Бандиак нар ууж байсан болохоор Батпүрэв, Лхагваа нар суугаад уусан. Тэгээд Батпүрэв архиа дуусаад нэг шил архи авч өгсөн тэр архи ууж дуусчихаад Батпүрэв явах гээд тэр хэд нь гаргаж өгч байгаа бололтой хашааны гадаа зогсож байсан тэгсэн гадаа бужигналдаад байхаар нь гараад хартал манай нөхөр С.Батхишиг, Ч.Батпүрэв нар маргалдаад зогсож байсан би нөхрөө аваад хашаа руугаа аваад орсон тэгээд гэр лүүгээ ороод цамц өмсчихөөд гараад иртэл тэр 2 дахиад маргалдаад зогсож байсан. Тэгсэн Ч.Батпүрэв С.Батхишигийг шууд нүүр лүү цохиод газар унасны дараа нь толгой руу нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би салгаад цагдаа дуудсан гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэгийн дүгнэлт № 193 ......
Дүгнэлт:
Хохирогч С.Батхишигийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан хоёр сая төгрөг бэлнээр авсан, цаашид дахин нэхэмжлэх зүйлгүй тул миний өргөдлийг хааж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 11 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Батпүрэв нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Депогийн 24а тоот хашааны гадна иргэн С.Батхишигтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ч.Батпүрэвийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа прокурорын саналыг харгалзан торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Хохирогч С.Батхишиг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Ончуул овогт Чүлтэмийн Батпүрэвийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Батпүрэвийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Батпүрэв нь 450000 төгрөгийн торгох ялыг 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Ч.Батпүрэв нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.Батпүрэв нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Батпүрэвд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН