Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/53

 

                                  Х.Хишигбаатарт холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, ерөнхий шүүгч            Д.Буянжаргал

                                Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                            Б.Эрдэнэхишиг                                  

 

                Оролцогчид:

                    Прокурор                                          Д.Шинэбал /цахим/

                                   Хохирогч                                      Н.Аманболд /цахим/

                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/109 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хишигбаярын Хишигбаатар холбогдох 2032001750021 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 1996 оны 08 угаар сарын 16-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 28-15 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө дөрвөн удаа ял шийтгүүлж байсан, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Хишигбаярын Хишигбаатар /РД: МВ96081812/

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Х.Хишигбаатар нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 179 дүгээр точикт оршин суух Н.Аманболдын эзэмшлийн байшингаас эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 1958000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Х.Хишигбаатарт холбогдох хэргийг 2021 оны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/109 дугаартай шүүгчийн захирамжаар:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Хишигбаярын Хишигбаатарт холбогдох эрүүгийн 2032001750021 тоот хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.

2.Эрүүгийн 2032001750021 тоот хэргийг прокурорт очих хүртэл хугацаанд яллагдагч Х.Хишигбаатарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сумын дундын Прокурорын газрын прокурор 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүхээс хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих  байдлыг бүрэн тогтоогоогүй, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээс прокурорт буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Яллагдагч Х.Хишигбаатарын “...Дарханы зар мэдээ сонин дээр Номгон 179 гэдэг газарт туслах малчин ажилд авна гэсэн зарын дагуу 2020 оны 10 дугаар сарын 14- нд зар тавигдсан дугаар луу залгаад вагонд суугаад 179 дүгээр тоочикт буугаад зар байршуулсан хүнтэй холбогдоход Н.Аманболд гэдэг хүн ирээд гэртээ авчирсан. Би тэднийд туслах малчны ажил хийж байгаад 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөө эхнэртэйгээ утсаар ярьсан чинь “эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна мөнгө хэрэг болоод байна” гэж надад хэлэхээр нь би тэр өдрийн 10 цагийн орчим Н.Аманболд ахын байшингийн унтлагын өрөөний авдар нь онгорхой байхаар нь доторхыг нь үзсэн. Дотор нь саарал өнгийн эмэгтэй хүний үнэт эдлэл хийдэг хайрцаг байхаар нь онгойлгоод үзсэн чинь эмэгтэй хүний 1 хос монетон ээмэг, 1 ширхэг гинж, 2 ширхэг монетон бөгж байсныг авсан. Мөн уг өрөөн дотор байсан орных нь баруун талд байдаг шүүгээг онгойлгож үзсэн чинь, эрэгтэй хүний монетон бөгж байхаар нь шууд тэдний гэрээс гараад 10 цаг 30 минутын вагонд суугаад Баруунхараа дээр буугаад тэндээс замын унаанд Дархан  орсон.” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Бямбабаярын “...Хүү маань 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ хөдөөгүүр явж ажил хийнэ гээд явсан. Тэгээд хүү маань Сэлэнгэ аймгийн Баруунхараад туслах малчингаар нэг танихгүй айлд ирээд 4 хоног ажиллаж байгаад буцаад Дархан руу гэртээ ирсэн байсан. Тэгсэн чинь хүүгийн маань туслах малчнаар ажиллаж ба айлаас алт, монетон эдлэл хулгайд алдагдсан гэж Цагдаагийн байгууллагад хандсан байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Аманболдын “...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шөнийн 00 цаг 30 минутанд ажлаар Улаанбаатар хот руу явсан. Гэрт эхнэр Цэцэгсайхан үлдсэн бас манай туслах малчин Х.Хишигбаатар үлдсэн. Тэр өдрийн өглөө 10 цагийн орчим эхнэр гэрээсээ гараад ажлынхаа хүнд туслах гээд гарч яваад 11 цаг 10 минутын орчим гэртээ ирэхэд Х.Хишигбаатар өөрийн эд зүйлээ аваад явсан байсан гэсэн. Манай байшингийн унтлагын өрөөнд байдаг авдар дотроос эмэгтэй хүний 2 ширхэг монетон бөгж, 1 хос 1 монетон ээмэг, 1 монетон гинж, мөн уг өрөөнд байсан шургуулганаас миний монетон бөгж, дээд мансартанд байсан мөнгөлсөн хазаар зэрэг эд зүйлс алдагдсан байсан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Х.Хишигбаатар нь хохирогч Н.Аманболдын гэрт туслах малчнаар ирээд 6 хоногийн турш нэг байшинд хамт амьдарч байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хууль тогтоогч аутентик тайлбар хийж хуульчлахдаа “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний “хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар” гэх объектив талын шинжээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болон хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл, халдлагын зүйл, орчин нөхцөл зэргийг нарийвчлан тусгасан байна.

Гэвч Х.Хишигбаатарын хувьд “Хулгайлах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж болох “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар” гэх шинж хангагдсан боловч хүндрүүлэх бүрэлдэхүүн болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан орчин нөхцлийн хувьд уг шинж хангагдаагүй байгааг анхан шатны шүүх харгалзан үзээгүй нь учир дутагдалтай  болжээ.

Өөрөөр хэлбэл тухайн тухайн орон байранд буюу хохирогч Н.Аманболдын гэрт Х.Хишигбаатар нь туслах малчнаар ирээд 6 хоногийн турш хамтран амьдарч байсан бөгөөд Х.Хишигбаатарын хувьд анх ажил хийх гэж тухайн айлд амьдарч байснаас нэвтэрч хулгай хийх зорилго, субьектив санаа агуулаагүй, мөн амьдарч байсан газраасаа хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн объектив талын шинжийг хангахгүй юм.

Мөн хавтаст хэрэгт хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн гэх баримтууд авагдаагүй байхад анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан нөхцөл байдал тогтоогдож байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Х.Хишигбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Х.Хишигбаатарт холбогдох 2032001750021 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт буцтал түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Х.Хишигбаатарт холбогдох 2032001750021 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж давж заалдаах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокуророос яллагдагч Х.Хишигбаатарыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг 179 дүгээр точикт оршин суух Н.Аманболдын эзэмшлийн байшингаас эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.958.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ба хохирогч Н.Аманболд, гэрч Д.Бямбабаяр, Н.Өсөхбаяр, Р.Даваа нарын мэдүүлгүүд, Ашид билгүүн ХХК-ий үнэлгээний дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай баримтуудыг нотлох баримтын үндэслэл болгон дурьджээ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд уг алдагдсан эд зүйл байсан гэх өрөөний хаалганы битүүмжлэл буюу цоожтой байсан эсэх, уг өрөөнд яллагдагч нэвтрэн орох эрхтэй эсэх, эд зүйл хадгалагдаж байсан аварыг хэрхэн онгойлгосон  зэрэг гэмт этгээдийн сэдэлт санаа зорилго, үйлдлийн арга хэлбэр, дээрх гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байж болох эсэх талаар хохирогч Н.Аманболдооос мэдүүлэг авах явцдаа тогтоох, хохирогчийн эхнэрээс уг байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг авах ажиллагааг хийх, хэргийн газрын үзлэгийг нөхөн хийж ямар байшингийн хаана нь яллагдагч амьдарч байсан , халдлагад өртсөн гэх өрөө нь хаана байрлалтай, ямар цоож цуургатай өрөө байдаг, уг өрөөний хаана байрлалтай, ямар битүүмжлэлтэй авдарт халдаж эд зүйлийг авсан зэргийг тогтоосны эцэст яллагдагчийн  гэм бурууг тогтоолгохоор ирүүлэх нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.  

       Иймд анхан шатны шүүх  прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож ирүүлээгүй гэх үндэслэлээр хэрэгт ажиллагаа хийлгэхээр  прокурорт хэргийг буцааж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Улсын яллагчийн эсэргүүцэлд дурьдсанчлан “орон байранд нэвтэрч буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн гэх баримтууд авагдаагүй байхад анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна.

        Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж яллагдагчийн гэм бурууг тогтоох зорилгоор гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, үйлдлийн арга хэлбэр, хүндрүүлэх хөнгөрүүлэх бүхий л нөхцөл байдлыг хуулинд заасан арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хэрэгт хуулинд заасан хийвэл зохих ажиллагааг хийлгүйгээр шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч хэргийн хүрээнд гэх хуулийн заалтад хайрцаглагдан гэмт этгээдэд ял завшуулах эсхүл хэн нэгнийг хохироох боломжгүйг анхаарч ажиллавал зохино.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын  шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 109 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ