Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0438

 

2021              06               29                                            128/ШШ2021/0438      Улаанбаатар хот

   

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийг үргэлжлүүлэн олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үргэлжлүүлэн олгохыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, С.О, нэхэмжлэгч Ж.Б,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, В.Энар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Миний бие анх Улсын прокурорын 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 172 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн прокурорын хэсгийн прокуророор томилогдсон бөгөөд 1990 оноос Дундговь аймгийн прокурорын газрын хэсгийн прокурор, шүүхийн хяналтын туслах прокуророор, 1993 оноос Дорноговь аймгийн прокурорын туслах прокуророор, 2000 оноос Өмнөговь аймгийн прокуророор, 2005 оноос Дархан-Уул аймгийн прокуророор, 2011 оноос Улсын ерөнхий прокурорын хяналтын прокуророор, 2014 оноос Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ...дугаар тушаалаар 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, нийт 35 жил 6 сар прокурорын байгууллагад тасралтгүй ажиллаж байгаад чөлөөлөгдсөн юм.

Миний бие нь сахарын шижин өвчтэй тул Прокурор тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасны дагуу эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

Тодруулбал, дээрх хуульд зааснаар миний бие 59 насанд хүрсэн, прокуророор 35 жил 6 сар ажилласан буюу тэтгэвэр тогтоолгох хуулийн шаардлагыг хангаж, тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн болно.

Улмаар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тэтгэврээ тогтоолгож, хуульд заасны дагуу тэтгэврээ сар болгон авч байсан боловч 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс утсаар холбогдож, “тэтгэвэртэй холбоотой асуудлаар ирж уулз” гэсний дагуу очиж уулзахад “таны тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжгүй, шүүхийн шийдвэр гаргах шаардлагатай учир тэтгэврийг зогсоолоо” гэж албан тоотоор мэдэгдсэн юм.

Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоолгож, 2021 оны 4 сар хүртэл 2 жил 3 сарын хугацаанд тэтгэврээ авч байсан юм. Би Чингэлтэй дүүрэг болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан боловч 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тэтгэвэр тогтоосон нь тэтгэвэр авах 60 нас хүрээгүй 59 нас 2 сар гаруй байхад тэтгэвэр тогтоосон нь буруу байна гэж үзэж 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж тэтгэвэр тогтоолгох шүүхийн шийдвэр гаргах шаардлагатай гэх үндэслэлээр тэтгэвэр зогсоосон юм.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж  заасан ба Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь зөвхөн Нийгмийн даатгалын тухай хуульд заасныг баримтална гэж байгаа нь дээрх хуулийн заалттай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын тухай хуульд үндэслэж, Прокурорын тухай хуульд тэтгэвэр тогтоолгох болзол, шаардлагыг тодорхой зохицуулсан байхад Прокурорын тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус юм. Мөн Прокурорын тухай хуулийн 60, 68 дугаар зүйл нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эрх бүхий байгууллагаас хуулийн заалтыг хүчингүй болгоогүй, иргэн, төрийн байгууллага бүгд тус хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна.  Иймд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны “Дотоод хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай” ...тоот чиглэлийг баримтлан тус хэлтсийн даргын 2021 оны “Хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоосон тэтгэврийг шалгах ажлын удирдамж”-ийг батлан дотоод хяналт шалгалт хийсэн.

Дээрх хяналт шалгалтаар өндөр насны тэтгэвэр авагч иргэн Ж.Бг “Прокурорын тухай” хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэсэн хуулийн заалтыг үндэслэн тэтгэвэр тогтоолгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэсэн нөхцөлийг хангаагүй, тул 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 2018 оны 12 дугаар сард 509980 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 12525048 төрөг нийт 13035028 төгрөгийн тэтгэврийг илүү олгосон зөрчлийг илрүүлж, нийгмийн даатгалын тэтгэврийн санд хохирол учруулсан тул 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Илүү олгогдсон тэтгэврийг тэтгэврийн санд буцаан төлүүлэх тухай” ... тоот улсын байцаагчийн актыг тавьжээ.

Өөрөөр хэлбэл Ж.Б нь Прокурорын байгууллагад 25 жил ажилласан нөхцөлөөр Прокурорын тухай хуулийн дагуу тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэж үзэж байгаа боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тухайн иргэн нь тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрээгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2- д Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн. 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

4.3. Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй,

4.3.1. Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил; нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн өөрийн хүсэлтээр,

4.3.2. Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр,

4.3.3. Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас

доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр,

4.4. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нас хүрээгүй даатгуулагч мөн хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаад цаашид тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхөө зогсоосон байхад түүний уг насанд хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах эрх нь хадгалагдана,

4.5. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй,

4.6. Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй,

7. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

7.1. Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;

7.2. Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол” гэжээ. Дээрх хуулийн заалтуудыг хангасан даатгуулагчдад тэтгэвэр тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

Тодруулбал иргэн Ж.Б нь ажиллах хугацаандаа газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөл, мэргэжлийн урлагийн байгууллага, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын алба болон малчнаар тус тус ажиллаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоон олгох үндэслэлгүй.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт заасны дагуу иргэн Ж.Б нь 60 нас хүрсэн, өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлтэй юм.

Гэтэл Ж.Бгийн хувьд 60 нас хүрээгүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу шимтгэл төлсөн хугацаагаар тэтгэвэр тогтоож; олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Б тус шүүхэд хандаж “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийг үргэлжлүүлэн олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үргэлжлүүлэн олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...Прокурорын тухай хуульд зааснаар тэтгэвэрт гарах болзлыг нарийвчлан зохицуулсан тул энэ хуулийг баримтлах ёстой...” гэж тодорхойлсныг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар зохицуулагдах харилцаа...тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...” гэж тодорхойлон маргаж байна.

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ж.Б нь 1983-2018 оныг хүртэл хугацаанд Прокурорын байгууллагад тасралтгүй 35 жил, 6 сар ажиллаж байгаад 59 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаснаар Улсын ерөнхий прокурорын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ...дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр өндөр насны тэтгэврээ авч байсан боловч 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн түүний тэтгэврийг олгохгүй байгаа нь тогтоогдсон, мөн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.А-гийн баталсан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоосон тэтгэврийг шалгах ажлын удирдамж”-ийн дагуу шалгалт хийсэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг санд буцаан төлүүлэх тухай” актаар Ж.Бгээс 13035028 төгрөгийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч уг акттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй байна.

Хэргийн оролцогчид нь нэхэмжлэгчийн ажилласан байдал болон шимтгэл төлсөн жил, нас болон нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээний талаар мөн маргаагүй бөгөөд харин Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалт ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрхэн тайлбарлаж хэрэглэх, тухайлбал Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар прокуророор ажиллаж байсан эрэгтэй хүн өөрөө хүсвэл 60 насанд хүрэхээс өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй эсэх талаар хууль хэрэглээний хувьд маргаж байгаа болно.

Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж зааснаар прокуророор ажиллаж байгаа этгээдийн нийгмийн баталгааг, тэр дундаа прокурорын өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх хугацааг тэтгэвэрт гарах насны дээд хязгаараар болон мөн нас, хүйсний хувьд ялгамжтай байдлаар, эсхүл ажилласан жилээр нь нас харгалзахгүйгээр тогтоолгох эрхийг сонгох боломжтойгоор зааж өгчээ.

Нэхэмжлэгч нь хуулийн энэ зүйл, хэсгийн “55 насанд хүрсэн эрэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох” зохицуулалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ гаргасан гэж тайлбарласан, энэ нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, тухайлбал түүний тэтгэврийн хувийн хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Улсын ерөнхий прокурорын тушаалаар энэ зүйл, хэсгийг болон Төрийн албаны тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.1, 24.2 дахь хэсэгт заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө” гэсэн заалтыг баримтлан төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлсөн, ингэснээр мөн өдрөөс тэтгэвэр тогтоолгох эрх болон үр дагавар үүссэн байна.

Прокурорын тухай хууль нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтоох бөгөөд бие даасан байдлыг хангах эрх зүйн үндэс, прокурорын эрх зүйн байдал буюу прокурорын хараат бус байдал, улс төр, нийгэм, эдийн засгийн баталгааг нарийвчлан зохицуулсан, тухайлбал энэ хуульд заасан прокурорын нийгмийн баталгаанд тэтгэвэрт гарах нас, нас харгалзахгүйгээр прокуророор ажилласан жилийг харгалзуулан сонгож тэтгэврээ тогтоолгох боломжуудыг тухайлан заасан бөгөөд уг хуульд зааснаас бусад нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулахаар тусгажээ.

Өөрөөр хэлбэл прокурорын эрх зүйн байдал, баталгааг нарийвчлан тусгасан энэ хуулиар Прокурорын тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарыг 60 насаар тогтоосон бөгөөд эрэгтэй прокурорын тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 55 гэж нарийвчлан заасан, энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг, тэр дундаа төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэлийг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсгийн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх заалттай уялдаатайгаар хуульчлагдсан байна.

Хариуцагч захиргааны байгууллагаас, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасан болзлыг хангаагүй тул тэтгэвэр олголтыг зогсоосон гэж тайлбарлан маргасан хэдий ч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулах ба тухайн тохиолдолд илүү нарийвчилсан зохицуулалттай хууль болох Прокурорын тухай хуулийг баримтлах учиртай.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.

Иймд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан насанд хүрээгүй байхад тэтгэвэр тогтоолгосон нь үндэслэлгүй” гэх хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгч Ж.Бгийн тэтгэврийг зогсоосон хариуцагчийн үйлдэл хууль зүйн үндэслэлгүй, хууль бус байх бөгөөд уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг санд буцаан төлүүлэх тухай” актаар Ж.Бгийн тэтгэвэр олголтыг зогсоосон, энэ захиргааны акттай нэхэмжлэгч маргаагүй...” гэж тайлбарлан маргасан боловч нэгдүгээрт, тухайн актад тэтгэвэр олголтыг зогсоох талаар заагаагүй, хоёрдугаарт, нэхэмжлэгчээс тухайн акттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр түүний тэтгэврийг олгохгүй байх, улмаар тэтгэврийг нь үргэлжлүүлэн олгохоос татгалзаж байгаа хариуцагчийн үйлдлийг зөвтгөх хууль зүйн боломжгүй.

Өөрөөр хэлбэл “өндөр насны тэтгэвэр авах эрх” нь Монгол улсын иргэний үндсэн эрхийн нэг бөгөөд тухайн иргэн хуулиар тогтоосон болзол, нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд захиргааны байгууллагаас түүний тэтгэвэр авах эрхийг зөрчсөн аливаа шийдвэр гаргах нь хууль бус.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн тэтгэврийг олгох”-оор заасан бөгөөд нэхэмжлэгчид 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн байх тул энэ өдрөөс эхлэн тооцож түүний өндөр насны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 60 дугаар зүйлийн 60.3, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Ж.Бгийн тэтгэврийг үргэлжлүүлэн олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ж.Бгийн өндөр насны тэтгэврийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үргэлжлүүлэн олгохыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.ДУЛАМСҮРЭН