Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 00129

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох 1732000270023 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Жаргалант суманд 1996 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токорьчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, Дархан-Уул аймаг Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 12-401 тоотод оршин суух,  энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цагаан соён овогт Дулмаагийн Б.   /*/

 

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 00 цагийн үед бусдын эзэмшлийн Хьюндай соната-6 маркийн 27-83 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Цагаан чулуут гэх газар замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин эсрэг урсгалд орж эгнээндээ зорчиж явсан Тоёота аллион маркийн 38-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас иргэн Б.Н, Б.Зоригоо нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бы өгсөн ……  2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн оройн 19 цагийн үед Хараа голын гүүрний хажууд Н, Туулайхүү гэх 2 найзтайгаа 075 граммын Хараа архийг уусан. Намайг тэр хоёр уучих одоо би эхнэрээ дуудчихъя гэж Н хэлэхээр нь 2 хундага архи уусан. Туулайхүү согтоод машины арын суудал дээр унтаж байсан. Н бид хоёр машины урд сууж явж байгаад харихаар болж древенгийн замаар явж байхдаа хоорондоо ярилцаад гэнэт Улаанбаатар хот явахаар болсон. Машиныг би жолоодож явсан. Баруунхараа өнгөрч явж байгаад машин гүйцэж түрүүлэх гэж байгаад эсрэг урсгалд ороод машинтай мөргөлдсөн. Осол болоход Нийн хөл нь хугарсан. Нөгөө машинд зорчиж явсан Б.Зоригоогийн хөл нь хугарсан. Би бүх хохирлыг нь нийлүүлээд 10 сая төгрөгийг Ут өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2017 оны 06 дугаар сарын 28-ны орой 18-19 цагийн үед найз Б, Туулайхүү нарын хамт манай эхнэрийн эзэмшлийн соната-6 маркийн машинтай яваад Дархан-Уул аймгийн Хараа голын гүүрний хажууд Хараа нэртэй 075 литрийн шилтэй архийг гурвуулаа хувааж уусан. Тэгээд хоорондоо юм ярьж байгаад ийш тийшээгээ явна гэж ярилгүй сууж байснаа гэнэт Б миний машиныг жолоодоод явж байгаад гэнэт гэрэл гарч ирээд тэр машиныг Б очоод мөргөсөн юм. Тухайн үед би урд талын суудалд суучихсан , туулайхүү хойно унтаж явсан юм. Осол маш богинохон хугацаанд болж өнгөрсөн болохоор юу болоод өнгөрснийг би сайн санахгүй байна. ... Уг ослын улмаас миний биед зүүн хөлний шагай гэмтсэн юм. Миний зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 25 дугаар хуудас/

Хохирогч Б.Зоригоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр оройн 22 цагийн орчимд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сум орохоор ахын хүүхэд болох Гийн эзэмшлийн 38-66 СЭА улсын дугаартай аллион маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хажуугийн суудалд би суугаад арын суудалд манай хамаатны Батжаргал, түүний хажууд Гийн эхнэр Н 1 настай охин Ариунзаяагаа тэврээд суучихсан эхнэрийн хажууд бас хамаатны дүү болох Ариунгэрэл нар сууж явсан юм. Бид нарыг 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн үед байх Тахилтын даваа уруудаад төв замаас Мандал руу салдаг хэсэг рүү дөхөж явтал эсрэг урсгалд явж байсан соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч яг зөрөх үед манай машины явж байсан урсгал руу орж ирээд машины зүүн урд талаас мөргөж зам тээврийн осол гаргасан юм. Тухайн үед ослын улмаас би нилээн хүнд байдалтай Баянгол сумын эмнэлэгт ирсэн юм.... Миний баруун хөл хугарсан. Хөлнийхөө хохиролд нэг сяа төгрөг нэхэмжилнэ.... Миний хохирлын Б барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй юмаа гэх мэдүүлэг /Хх-н 27-29 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай дүү Б.Г миний эзэмшлийн 38-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг аавын ах нь бие муудаад байна хот руу явчихаад ирье гээд аваад явсан юм. 2017 оны 06 дугаар сарын 28-ны шөнө хотоос буцаж ирж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Тахилтын даваа орчимд осолд орсон байсан. Тухайн осол болсон даруйд манай дүү Г миний утас руу залгаж надад хэлсэн. Тэгээд би ослын газар дээр очиход тухайн осол дээр цагдаа, эмнэлэг ирчихсэн тусламж үйлчилгээ үзүүлж байсан ба гурвуулаа нилээн согтуу байсан юм. Тэгээд би цагдаа нарт тэр залуугийн согтууг шалгаж өгөх талаар хүсэлт гаргаж өгч байсан юм... Уг ослын улмаас миний машинд үнэлгээний компанийн гаргасан үнэлгээ нь 5112000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Буруутай хүнээс машиныхаа хохирлыг нэхэмжилж авна гэх мэдүүлэг /Хх-н 31 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Бид нарыг 28-наас 29-нд шилжих шөнийн 02 цагийн үед байх Тахилтын даваа уруудаад төв замаас Мандал сум руу салдаг хэсэг рүү дөхөж явтал эсрэг урсгалд явж байсан соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч яг зөрөх үед миний явж байсан урсгал руу орж ирээд машины зүүн урд талаас мөргөж зам тээврийн осол гаргасан юм.... Манай эгч У машины хохирлыг нэхэмжлэх байх миний зүгээс эмчилгээний зардал гэж 250000 төгрөг нэхэмжилж байна... Манай эгч Б.У машиныхаа хохирлыг нэхэмжилж машинд сууж явсан бид бүгдийн хохирлыг барагдуулж аваад бидэнд өгсөн тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 33-34 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тухайн үедээ би тэр машиныг замын хагархай ховил хэсгийг тойрч гаргах гэж байгаад мөргөөд зугатаачихлаа даа гэж бодсон юм. Тухайн үед манай нэг настай хүүхэд орилж ээрээд уйлаад байхаар нь машинаас бууж чадаагүй. Эмнэлгийн машин ирэнгүүт бууж хүүхдээ аваад эмнэлэг явсан юм..... Миний зүгээс эмчилгээний зардал гэж 250000 төгрөг нэхэмжилж байна... Хохирлоо авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 36-37 дугаар хуудас/

Гэрч С.Туулайхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2017 оны 06 дугаар сарын 28-ны орой 18-19 цагийн үед найз Б, Н хоёрын хамт Нийн соната-6 маркийн машинтай яваад Дархан-Уул аймгийн Хараа голын гүүрний хажууд Хараа нэртэй 075 граммын шилтэй архийг гурвуулаа хувааж уугаад тэгээд би тэр архиндаа тасраад унтчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд Баянгол сумын эмнэлэгт сэргэсэн юм. Осол аваарын талаар юу ч мэдэхгүй байна. ... Миний биед нэг хавирга хугарсан гэмтэл учирсан. Миний зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 39 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр № 02..... Дүгнэлт

           1.Тоёота аллион маркийн 38-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар ч заалт зөрчөөгүй гэж үзэв.           

2. Хьюндай сонатьа-6 маркийн 27-83 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10. Гүйцэж түрүүлэх 10.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлийг анхаарч мэдсэн байвал зохино. а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх

б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөн байна.

3./Зам тээврийн осол мөн/ Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдсэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон замын байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал юм.

4. Хьюндай сонатьа-6 маркийн 27-83 УНУ улсын дугаартай тээврийнхэрэгслийн жолооч Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10. Гүйцэж түрүүлэх 10.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлийг анхаарч мэдсэн байвал зохино. а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх

б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол, хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж дүгнэлт гаргав гэх /Хх-н 42 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр № 699 .......

Дүгнэлт

            1.Б.Нийн биед зүүн хөлийн шилбэний туялзуур ясны дотор гадна хавчаар ясны битүү хугарлын гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

            4.Б.Нийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /Хх-н 54 дүгээр хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 145 .......

Дүгнэлт

            1.Зоригоогийн биед зүүн хөлийн шилбэ ясны далд хугарал, тархи доргилт, зүүн шанаа, баруун, зүүн хөлийн шилбэ, зүүн гарын мөрний дээд хэсэг, тохойн үенд зулгаралт, зүүн хөлийн өвдөгний үений арын хэсэг, шагайн үений дотор хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна  гэх /Хх-ийн 58 дугаар хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 144 .......

Дүгнэлт

            1.Нийн биед тархи доргилт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй  гэх /Хх-ийн 65 дугаар хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 146 .......

Дүгнэлт

            1.Гийн биед тархи доргилт, зүүн шанааны дээд хэсэгт шарх, баруун хөлийн өвдөгний үений дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй  гэх /Хх-ийн 65 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр № 700 .......

Дүгнэлт

            1.С.Туулайхүүгийн биед зүүн талын нэг хавирганы хугарал, цээжний ар хэсгийн зулгаралт тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

            4.С.Туулайхүүгийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /Хх-н 88 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 06-10 дугаар хуудас/

Д.Бы согтуурлыг шалгахад 1,41 % гарсан гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 11 дүгээр хуудас/

38-66 СЭА улсын дугаартай Аллион маркийн автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 4575000 төгрөгөөр, шууд бус зардлыг 537000 төгрөгөөр, нийт 5112000 төгрөгөөр үнэлсэн Тод үнэлгээ ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 95-98 дугаар хуудас/

Д.Б нь урьд нь ял шийтггүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 109 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 00 цагийн үед бусдын эзэмшлийн Хьюндай соната-6 маркийн 27-83 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Цагаан чулуут гэх газар замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин эсрэг урсгалд орж эгнээндээ зорчиж явсан Тоёота аллион маркийн 38-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас иргэн Б.Н, Б.Зоригоо нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Д.Б нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод хэмжээ хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасныг баримтлан  ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Д.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжтой байна.

 

Шүүгдэгч Д.Бы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Б.Н, иргэний нэхэмжлэгч С.Туулайхүү нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, иргэний нэхэмжлэгч Б.У, Б.Г, Б.Н нар нь хохирлоо бүрэн авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Бы № 1031949 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Цагаан соён овогт Дулмаагийн Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Бд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дархан-уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Бы № 1031949 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.