Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/54

 

 

                                      Б.Эрдэнэ-Очирт холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, ерөнхий шүүгч            Д.Буянжаргал

                                Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                            Б.Эрдэнэхишиг                                  

 

                Оролцогчид:

                    Прокурор                                          Б.Сүрмандах

                    Шүүгдэгч                                       Б.Эрдэнэ-Очир

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг  оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бат-Очирын Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн 2131001400109 дугаартай 1 хавтас, 175/2021/0100/Э индекстэй эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ********* оны *** дугаар сарын **** өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, ***** настай, ****эгтэй, ***** боловсролтой, малчин, ам бүл ********* хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бат-Очирын Эрдэнэ-Очир /РД:*************/;

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 65-63 СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 23.1 “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 5 настай Б.Анар нь тээврийн хэрэгслийн ачаан дээрээс унан нас барж, хүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Эрдэнэ-Очирт холбогдох хэргийг 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч Боржигон овогт Бат-Очирын Эрдэнэ-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэнссэн хугацаа эхэлсэн үеэс тоолж, түүний 571481 дугаартай “В" ангиллын жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

6.Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтанд шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэнссэн хугацаа эхэлсэн үеэс тоолохоор заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасан “ ...эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэсэн заалтыг буруу хэрэглэж, хуульд заагаагүй хэлбэрээр буюу тэнссэн хугацаа эхэлсэн үеэс тоолохоор тогтоосон нь үндэслэлгүй байна.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн жилийн хугацаагаар тэнссүгэй “ гэж бичсэн нь агуулгын нь агуулгын хувьд ойлгомжгүй, тодорхой бус байдлаар бичигдсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуульд тэнсэх ойлголт нь зөвхөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн агуулгаар илрэх бөгөөд, тухайн хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын санкц нь нэмэгдэл ялаас гадна зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял оногдуулахаар заасан байна. Энэ тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэх гэсэн ойлголт байхгүй тул, шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэсэн гэсэн үг бөгөөд, үүнийгээ шийтгэх тогтоол тусгахдаа “хорих ял оногдуулахгүйгээр ....жилийн хугацаагаар тэнсэх” гэж биш, 02 жилийн хугацаагаар тэнссүгэй гэж бичсэнийг зөвтгүүлэх шаардлагатай байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, .... “ гэсэн агуулгын өөрчлөлт, мөн тогтоох хэсгийн 5 дахь заалтанд "... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолж... “ гэсэн зөвтгөсөн өөрчлөлт тус тус оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг. 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцов.  

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралд оролцоод хэлэх тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Эрдэнэ-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Эрдэнэ-Очирт холбогдох 2131001400109 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: 

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 65-63 СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 23.1 “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 5 настай Б.Анар нь тээврийн хэрэгслийн ачаан дээрээс унан нас барж, хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Цэрэнмаралын /хх-ийн 29 тал/, насанд хүрээгүй гэрч Б.Аръяагийн /хх-ийн 30 тал/, гэрч Б.Дэлгэрмаагийн /хх-ийн 34-35 тал/, Ө.Доржбатын /хх-ийн 37-38 тал/, Х.Эрдэнэцэцэгийн /хх-ийн 40-41 тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт, Мөнгөн хүлэг авто сургуулийн жолоодлогын дадлагын багш С.Оюундэлгэрийн гаргасан шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 27 тоот дүгнэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байна.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн жилийн хугацаагаар тэнссүгэй...” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан шаардлагыг хангахгүй, ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрхүйц байдлыг бий болгожээ.

2015 онд батлагдаж 2017 оноос хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд хорих ялын талаарх ойлголтыг хуульчилсан бөгөөд уг ялыг оногдуулсан нөхцөлд биечлэн эдлэх шинжийг агуулсан ба, уг ялыг оногдуулаад тэнсэх гэсэн ойлголт байхгүйн дээр улмаар уг ялыг оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн онолын ойлголтыг хуульчилсан байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолын 2 дахь заалтанд “...02 жилийн хугацаагаар тэнссүгэй гэснийг хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй.

Мөн Эрүүгийн хуулийн 5.7 дугаар  зүйлийн 3-т “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно..” гэж заасан байхад шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг тэнссэн хугацаа эхэлсэн үеэс тоолж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа юм.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

5 дахь заалтыг

“5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, түүний 571481 дугаартай “В" ангиллын жолоочийн үнэмлэхийг хураан авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ           Д.БУЯНЖАРГАЛ

                            ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                                     Б.ЭРДЭНЭХИШИГ