Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 118/ШШ2024/0010

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:М.*******

Хариуцагч: Завхан аймгийн *******ын хэлтсийн улсын байцаагч  Т.*******, А.******* нарт холбогдох өндөр насны тэтгэвэр олголт, нөхөн төлбөрийн акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* /онлайнаар/, хариуцагч нарын өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “Завхан аймгийн *******ын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Үндэслэлгүй буюу илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 09/82 дугаар актыг хүчингүй болгуулах, өндөр насны тэтгэврийг зогсоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, үргэлжлүүлэн тэтгэвэр олгохыг даалгах, тэтгэвэр зогсоосон үеэс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийг нөхөж олгуулах” хэмээн тодорхойлсон.

2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч М.******* нь миний ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн талаар шийдвэр, магадлал, тогтоол гараагүй ... *******ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд "Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно" гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч миний өндөр насны тэтгэврийг зогсоож акт тавьсан хууль бус гэж,

3. Хариуцагч нар нь “М.******* нь *******ын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1-д заасан ... нийт 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол гэх хуулийн шаардлага хангаагүй зөрчил илэрсэн, тэтгэвэр тогтоолгохдоо  худал мэдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулсан тул 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тэтгэврийг зогсоож нөхөн төлбөр ногдуулсан улсыг байцаагч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захиргааны акт тавьсан гэж тус тус маргасан.

4. Маргаан бүхий захиргааны акт буюу Завхан аймгийн *******ын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/82 дугаар актын талаар *******ын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан байх ба гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон тухай хариуг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 32/39 дүгээр албан бичгээр авснаар 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би Дөрвөлжин сумын 8-н жилийн сургуульд элсэн орж, 1979 оны 06 сарын 01-ны өдөр 8 дугаар анги төгссөн. Ажил хөдөлмөрийн гараагаа Завхан аймгийн Дөрвөлжин сумын "2-р таван жил" нэгдэлд илгээлтээр суурийн ахлагч С.*******ын туслах малчнаар томилогдон нэгдлийн мал маллаж байгаад 1981 оны 6 сарын 13-нд цэргийн албанд татагдсан, цэргээс 1983 оны 7 сарын 01-ны өдөр халагдаад төрсөн нутагтаа хуучин ажилдаа буюу Завхан аймгийн Дөрвөлжин сумын "2-р таван жил" нэгдэлд суурийн ахлагч С.*******ын туслах малчнаар нэгдлийн малаа үргэлжлүүлэн малласан. Гэтэл нийгмийн даатгалын байгууллагаас танд акт тавигдахаар болсон та 1989 онд Цогт бригадад жолоочоор ажиллаж байсан гээд 13,085,483 төгрөгийн акт тавигдсан 2023 сарын 07 сарын 03-ны өдөр хүлээн авч холбогдох газруудад хандсан. Дөрвөлжин сумын Цогт бригад нь хөдөөгийн бригад бөгөөд Цогт бригадад ямааны фермийн ямааг аав ээжийн хамт малладаг байсан. Тэгээд тухайн фермд УАЗ452 машин ашиглагдахаар ирсэн боловч хөдөө гарах жолооч байхгүй, хөдөө барих хүнгүй байсан тул намайг хөдөө мал дээр байдгийг ашиглан нэгдлийн Цогт бригад дотор хавар намар, заримдаа өвөл ямааны фермийн зоо техникчийн хүсэлтээр хаяа ямааны сууриудаар 1,2 хоног яваад ямааны ангилалтад явж байгаад гэртээ ирж мал маллаж байсан хүн. Би мал дээрээ аав ээжтэй нэгдлийн ямаануудыг хариулдаг байсан. Энэ машин нь ерөөсөө сумын төвд байгаагүй дан хөдөө байдаг байсан ба 8 цагаар тээврийн жолооч шиг ийш тийш явдаггүй. Тухайн үед аав ээж би гээд 3 уулаа өөрийн нэгдлийн нормын мал буюу ямаатай байсан. Манай бригадад ямар юмны жолооч байх билээ дээ манайд өгсөн машиныг барих хүнгүй болчхоод мал маллахдаа хаяа барьдаг байсан болохоос тэнд 8 цагаар жолоо бариад байх ажил ч байхгүй байсан юм. .... Би малчин хүн. Миний ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн талаар шийдвэр, магадлал, тогтоол гараагүй ... *******ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд "Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно" гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч миний өндөр насны тэтгэврийг зогсоож акт тавьсан хууль бус юм. Завхан аймгийн *******ын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гаргасан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасныг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна гэв.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр  захиргааны акт гаргах үндэслэл байхгүй байна. Өндөр насны тэтгэвэр тогтох нь цогц ажиллагаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс М.*******ын ажилласан жилтэй холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. *******ын улсын байцаагч, бусад албан хаагч хэн ч байсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд заавал биелэгдэх шинжтэй шийдвэр юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 117, 118  дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэсэн зохицуулалт байгаа.  Гарцаагүй биелэгдэх шинжтэй эрх зүйн акт юм. Биелэгдэх шинжийг үгүйсгэх нотлох баримт нь шинээр илэрсэн нөхцөл байдлын хэргийг сэргээсний улмаас хууль хяналтын байгууллагад хянагдаад явагдах боломжтой.  *******ын улсын байцаагч нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хуурамч гэж өөрсдөө дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  *******ын улсын байцаагч нар шүүхийн шийдвэрийг хуурамч гэдгийг нотлох эрх бүхий этгээд биш юм. Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, шүүхэд худал мэдүүлэх нь шүүн таслах ажиллагааны гэмт хэрэг бөгөөд тусдаа журмаар явагдах гэмт хэрэг юм. *******ын дурын улсын байцаагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хуурамч байна гээд акт үйлдэж байгаа нь өөрийн бүрэн эрхээ хэтрүүлж байгаа асуудал байна. Хуульд зааснаар шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон бол гэж хуульчилж өгсөн бөгөөд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн эсэхийг тогтоох субъект нь нийгмийн даатгалын улсын байцаагч нар биш юм. Эрүүгийн журмаар шалгагдаж байж хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гарсны дараа улсын байцаагчийн актаа үйлдэх нь зүйн хэрэг. *******ын улсын байцаагч нар алдаа гаргасан байж болно.  Алдаа гаргасан гээд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх боломжгүй. Эхнээс нь цагдаа, хуулийн байгууллагуудаар  явсны дараа шүүхээр хэлэлцэгдэх боломжтой талаар хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Төрдөө ажиллаж байсан хүмүүс байгаа. Үндсэн хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхээ эдэлж яваа хүмүүс, энэ үндсэн эрхэд нь халдаж байгаа асуудал байна. Шүүхийн шийдвэр хуурамч байна гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна гэв.

 

7. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нотлох баримтын хүрээнд "*******ын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д заасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 1-д нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол..." гэсэн хуулийн шаардлагыг тэтгэвэр авагч М.******* хангахгүй байгаа болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тэтгэврийг зогсоож нөхөн төлбөр ногдуулсан улсын байцаагч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захиргааны акт гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёр. Иргэн М.******* нь Завхан аймгийн *******ын хэлтсийн дэргэдэх "Гомдлын шаардлагын зөвлөл"-д Улсын байцаагчийн актыг хүчингүй болгох 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацааны олгогдоогүй тэтгэврийг нөхөн олгуулах өргөдлийг гаргасан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор "Даатгуулагчийн өргөдөл гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай" болгосон тухай тогтоол гаргасан байна. М.******* нь уг тогтоолыг эс зөвшөөрч *******ын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын төв зөвлөлд хандаж өргөдөл гаргасан бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 32/39 дугаартай албан бичгээр Завхан аймгийн *******ын хэлтсийн дэргэдэх 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай "Даатгуулагчийн өргөдөл гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолыг хэвээр үлдээж байгааг мэдэгдсэн байна гэжээ.

 

8. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч маань хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн байдаг. 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дөрвөлжин сумын хоёрдугаар 5 жилийн нэгдэл гээд автын жолооч, гуравдугаар курсээр мэргэжил эзэмшсэн байдаг. Нэхэмжлэгч нь жолооч мэргэжилтэй, 1987 онд нэгдэлд цахилгаан моторчноор томилогдон ажиллаж байсан. Дараа нь уурын зуух цахилгаан станц нь аймагт шилжсэн тул ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь 1988 онд Аймагт ирсэн байдаг. Нэхэмжлэгч нь хөдөө мал малласан талаарх нотолгоо байдаггүй, аймагт шилжсэн байдаг.1989 онд нэгдэлд “УАЗ-452” маркийн автомашины жолоочоор ажиллаж байсан. 1994 онд тухайн ажлаас чөлөөлсөн үйл баримтууд тодорхой байдаг. Иргэний хэргийн анхан шатны  шүүхээр 1983 оноос 1990 он хүртэлх хугацаанд мал маллаж байсан гэж тогтоолгосон байдаг. Энэ нь хуульд заасны дагуу 20 жил ажилласнаас, 15 жил малчнаар ажилласан гэх нөхцөл шалгуур хангагдахгүй байгаа учраас нийгмийн даатгалын улсын байцаагч акт тавьж, төлбөр тогтоосон . Харин тэтгэвэр зогсоосон, түдгэлзүүлснийг *******ын ерөнхий газар зогсоож, түдгэлзүүлсэн байдаг. Тиймээс тэтгэвэр тогтоож, түдгэлзүүлсэнтэй холбоотой төлбөрийн нөхөн төлүүлэх шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.******* нь Завхан аймгийн *******ын хэлтсийн улсын байцаагч Т.*******, А.******* нарын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Үндэслэлгүй буюу илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 09/82 дугаар актыг хүчингүй болгуулах, өндөр насны тэтгэврийг зогсоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл тэтгэврийг нөхөн олгуулах, үргэлжлүүлэн тэтгэвэр олгохыг даалгах нэхэмжлэл гаргасан байна.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2.1 *******ын Ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох тухай” 32/01 дүгээр актын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 46 иргэний тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоох, 2 дахь заалтаар нэр бүхий иргэдтэй холбоотой 507.578.095 төгрөгийн төлбөрийг барагдуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгох талаар шат дараалсан арга хэмжээ авч ажиллахыг Завхан аймгийн *******ын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга А.*******, Үйлчилгээний тасгийн дарга Т.******* нарт үүрэг болгосон байна.

2.2 Завхан аймгийн *******ын хэлтсийн улсын байцаагч Т.*******, А.******* нар нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Үндэслэлгүй буюу илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай 09/82 дугаар актаар ******* овогтой ******* /ИД:*******/ *******ын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1/ дэх заалтыг зөрчиж, худал мэдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгож нийгмийн даатгалын сангаас 13.085.483 төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүй илүү авсан зөрчил илэрсэн гэж үзэж *******ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/ дэх заалтыг үндэслэн үндэслэн төлж барагдуулахаар акт тогтоожээ.

2.3 *******ын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 4.7.1/ “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1.Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно. 29.1.1/ тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол гэж заажээ.

 

2.4 Хариуцагч нар нь иргэн М.*******ыг сонсох ажиллагааг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр явуулж, хөтөлсөн уулзалтын тэмдэглэлд “2014 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг ханган *******ын хэлтэст хүсэлт гаргахдаа 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 307975 дугаар хөдөлмөрийн дэвтрийг бүрдүүлж өгсөн байна. Үүнд 1987-1988 онд нэгдэлд цахилгаан моторчин, 1989-1994 онуудад УАЗ 452 машины жолоочоор ажиллаж байсан нь таныг *******ын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтыг зөрчин хуурамч баримт бичиг бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэх асуудалд хамаарна” гэж ярилцсан байх боловч тухайн 307975 дугаар хөдөлмөрийн дэвтэр нээгдсэн 1989 оноос өмнөх оны буюу 1987-1988 оны тэмдэглэлтэй байх тул түүнийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.

2.5 Хариуцагч нараас нэхэмжлэгч М.*******ыг сонсох 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн уулзалтын тэмдэглэл дэх “... 2014 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг ханган *******ын хэлтэст хүсэлт гаргахдаа дээрх 307975 дугаар хөдөлмөрийн дэвтрийг бүрдүүлж өгсөн байна” гэх ярилцлагаас үзэхэд уг хөдөлмөрийн дэвтэр нийгмийн даатгалын байгууллагад өөрт нь хадгалагдаж байсан байхад нэхэмжлэгчээс 2020 онд малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед түүнтэй холбоотой баримтуудыг нягтлан шалгалгүйгээр тэтгэвэр тогтоож шийдвэрлэснээрээ хуурамч бичиг баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хэмээн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

2.6 Мөн нэхэмжлэгч тэтгэвэр тогтоолгоход шаардагдах баримтыг хуурамчаар үйлдсэн гэх хариуцагч нарын гомдлоор Завхан аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгахад дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 471 дүгээр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч М.*******ыг 1979-1981, 1983-1990 оныг дуустал Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2-р таван жил нэгдлийн Цогт бригадад мал маллаж байсныг тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх ба Монгол Улсын шүүхийн тухай 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан тул дээрх үндэслэлүүдээр Завхан аймгийн *******ын хэлтсийн улсын байцаагч нарын 2023 оны №09/82 дугаар актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

3. Харин нэхэмжлэгчийн “...өндөр насны тэтгэврийг зогсоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл тэтгэврийг нөхөн олгуулах, үргэлжлүүлэн тэтгэвэр олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага” нь *******ын ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох тухай” 32/01 дүгээр актын хавсралтын 27 дахь хэсгээр М.*******т шууд чиглэсэн эрх зүйн үйлчлэлтэй байна.

3.1 Дээрх 32/01 дүгээр акт нь *******ын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж заасныг үндэслэсэн ба нэхэмжлэгч М.*******ын өндөр насны тэтгэврийг түдгэлзүүлэх шийдвэрийг *******ын ерөнхий газрын хяналт шалгалтын улсын байцаагчийн актаар шийдвэрлэсэн байх тул Завхан аймгийн *******ын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй ба тус захиргааны хэргийн анхан шатны шүүх харьяаллын хувьд хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.

3.2 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д заасан “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 54.1.2-д “тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,  дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байх ба нэхэмжлэгч нь *******ын ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 32/01 дугаар актын талаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. *******ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн *******ын улсын байцаагч Т.*******, А.******* нарын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Үндэслэлгүй буюу илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай 09/82 дугаар актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлээс “Өндөр насны тэтгэвэр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, үргэлжлүүлэн тэтгэвэр олгохыг даалгах, тэтгэвэр зогсоосон үеэс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийг нөхөж олгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн *******ын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Т.*******, А.******* нараас 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД-ОЧИР