Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01957 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Б-нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г Б” ХХК-д холбогдох 

 

“Г Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 305 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, тэтгэврийн ууган сангийн хуримтлал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батмөнх, О.Хаш-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие анх 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Г Б” ХХК-ийн хамтын ажиллагааны хэлтэст менежерээр ажилд орж, улмаар 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хувийн банкны албанд захирлын албан тушаалд томилогдон ажиллаж 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус банкны дотоод аудитын газраас үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр Г.Баттулга нь хамаарал бүхий этгээдтэй сонирхлын зөрчлөө илэрхийлээгүй, нуун дарагдуулж гэрээ байгуулсан, арга хэмжээний бүртгэлийг бодит бусаар хийн тайлан мэдээг буруу мэдээлсэн зэрэг нь Голомт банкны Засаглалын кодексын Ёс зүйн кодын 11.Сонирхлын зөрчлөөс зайлсхийхгүй, 1.Харилцах итгэлцэлд үндэслэсэн харилцааны заалтуудыг, Хөдөлмөрийн дотоод журмын 2.18.3-т “Мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан банкны итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэх заалт болон Зохистой хэрэглээний журмын 2.2.2 дахь заалтуудыг зөрчсөн гээд ажлаас халах санал гаргасан.

Улмаар дээрх дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн “Г Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 305 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн, Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн боловч уг хуулийн зохицуулалт ёсоор ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээс аль зохицуулалтыг баримталсан нь тодорхой бус байна.

Тушаалд мөнгө хариуцсан ажилтан нь банкны итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэжээ. Гэтэл Суваг удирдлагын газар-Хувийн банкны хэлтсийн захирлын албан тушаалын хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод мөнгө хариуцах ажил үүрэг байхгүй. Түүний ажлын зорилго, чиг үүрэг нь суваг удирдлагын газартай холбоотой бодлого журам боловсруулах, холбогдох арга хэмжээг авах, идэвхжүүлэх ажил юм. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 13/26 дугаар Дотоод аудитын газрын илтгэх хуудас нь ямар зөрчил илрүүлсэн, илэрсэн зөрчил нь анхан шатны баримттай эсэх нь тодорхойгүй.

Иймд “Г Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 305 дугаар тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан “Г Б” ХХК-ийн Суваг удирдлагын газар-Хувийн банкны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, Тэтгэврийн ууган сангийн хуримтлал 6 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын олгогдоогүй цалин 3 200 000 төгрөг, нийт 9 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г Б” ХХК шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Баттулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлүүдийг аль алийг нь зөрчсөн. Байгууллагын зүгээс хувийн банкны газрын захирал Г.Баттулгад банк харилцагч хоорондын харилцааг нягтруулах зорилго бүхий ажлыг зохион байгуулахыг хариуцуулан, итгэл хүлээлгэж, түүний дансанд мөнгө шилжүүлэн захиран зарцуулах эрхийг олгосон байсан. “Г Б” ХХК-ийн Дотоод аудитын газрын шалгалт нь ээлжит хуваарьт шалгалт байсан бөгөөд шалгалтын дүнг гаргаж илтгэх хуудас бичин Г.Баттулгад танилцуулсан, зөвхөн Г.Баттулгад зөрчил илрүүлэхээр хийгдсэн шалгалт биш юм. Мөнгө болон эд хөрөнгө, үнэт зүйл гардаж хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдсон. Хөдөлмөрийн хуулийн агуулгаар мөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан гэдгийг тогтоохдоо тухайн байгууллагын дотоод аудитын газраас шалгаж тогтоосон байх шаардлагын дагуу илтгэх хуудас гарсан.

Дотоод аудитын газрын илтгэх хуудсаар 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээг хэлтсийн захирал Г.Баттулга нь бие даан байгуулсан. Бие даан байгуулсан үйлдэл нь худалдан авалтын үйл ажиллагааг зөрчсөн гэж үзсэн. Худалдан авалтын үйл ажиллагааны журмын 3.3.1-д зааснаар гэрээ байгуулагч шийдвэр гаргах эрхийг зөрчсөн байна гэдэг үндэслэлтэй. Г.Баттулга нь тухайн үед гэрээ байгуулах эрх үүргийн талаар мэдээ заавар байгаагүй учир арга хэмжээг зохион байгуулж эхлэхдээ гэрээ байгуулаагүй буюу нөхөж байгуулсан гэсэн тайлбарыг Дотоод аудитын газарт өгсөн байдаг. Мөн “Г Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны тушаалаар батлагдсан Зохистой хэрэглээний журмын 2.1.8, 2.2.2, 2.2.1-д заасан банкны сүлжээнд бүх компьютерт Remote /цаашид рэмөүт гэх/-ээр болон шууд хандах эрх олгохгүй гэснийг зөрчсөн. Мэдээллийн ажилтныг шууд болон шууд бусаар өөр ажилтанд өөрийн хандалтын эрх үүргээ дамжуулахыг хориглох ба хэрэглэгч өөр ажилтны нэр, нууц үгийг ашиглахыг хориглоно. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 4.2.12-т заасан ажилтан өөр ажилтны өмнөөс цагийн бүртгэлийг бүртгүүлэх, санаатай худал бүртгүүлэх, бүртгэх гэдэгтэй уялдаж байгаа юм. Г.Баттулга ажилдаа ирээгүй байж өөрийн хэлтсийн менежер Т.Энх-Амгалангаар бүртгэл хийлгүүлсэн. Г.Баттулга өөрөө би рэмөүтээр орж бүртгүүлсэн гэдэг боловч энэ эрхийг хэн өгсөн нь тодорхойгүй. Мөн илтгэх хуудасны мөнгө хариуцсан ажилтан банкны итгэлийг алдсан үйлдэл гаргасан. Дэлхийн санхүүгийн музейд зохион байгуулагдсан арга хэмжээний бүртгэлээс арга хэмжээнд зарцуулсан архины тоо, арга хэмжээ зохион байгуулагдсан цаг, оролцсон харилцагчидтай уялдаагүй буюу их хэмжээгээр зарцуулагдсан. Гэрч Ж.Хишигжаргал Уялдаагүй зарцуулсан гэдгээ тайлбарлана уу гэхэд 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1130-1530 хооронд хөрөнгө оруулалтын боломж арга хэмжээг зохиогоод 14 харилцагч орсон гэдэг. Энэ арга хэмжээнд өдрийн цагаар харилцагч 8 шил виски, 10 шил вино хэрэглэсэн байгаа юм. Монголын нууц товчоо арга хэмжээг 21 удаа зохион байгуулахад нийт 346 вип харилцагчид оролцсон. Харилцагчийн бүртгэлийг бүртгэх талаар дүрэм журам байхгүй гэж хэлсэн. Харилцагчийн нэрсийн бүртгэлийг тулгахад 78 харилцагч нь уран зургийн үзэсгэлэнг 2-5 удаа үзсэн тэмдэглэл хийгдсэн буюу харилцагчийн нэр давтагдсан гэж дүгнэлт хийсэн гэж мэдүүлсэн.

Харин Г.Баттулга эд хөрөнгө хариуцсан ажилтан мөн эсэх тухайд тайлбарлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт чиглэлээр эд хөрөнгө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтныг ойлгоно гэж заасан. Г.Баттулга нь хувийн банкны хэлтсийн захирал буюу удирдах албан тушаалтан бөгөөд Монголын нууц товчоо, Уран зургийн үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулах эрх нь Г.Баттулгад өөрт нь байсан. Тиймээс архи вино, бэлэг сэлт, “Скай ресорт” ХХК-ийн сургалтын төлбөр зэргийг захиран зарцуулах эрхийг өмчлөгчийн зөвшөөрлөөр буюу баталсан төсвийн хүрээнд захиран зарцуулж байгаа удирдах албан тушаалтан юм. Энэ зарцуулалт нь бодит байдалд нийцэхгүй байна гэж дотоод аудитын газрын шалгаж тогтоож байгаа үйл баримт юм. Г.Баттулга дансаар орж ирсэн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж зээлээ төлөх, гар утасны төлбөр төлөх зэргээр ашигласан болох нь түүний дансны хуулгаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г Б” ХХК-аас 7 578 386 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Баттулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “Г Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 305 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан “Г Б” ХХК-ийн Суваг удирдлагын газар-Хувийн банкны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23 627 394 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын цалин 1 621 614 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Г Б” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 150 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Баттулгад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батмөнх давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүх хариуцагч “Г Б” ХХК нь хувийн банкны хэлтсийн хариуцан ажиллаж буй Дэлхийн санхүүгийн музейд зохион байгуулагдсан арга хэмжээний бүртгэлд баталгаажуулалт хийхэд уг арга хэмжээнд хэрэглэсэн архины тоо нь арга хэмжээ зохион байгуулагдсан цаг, оролцсон харилцагч нарын тоотой уялдаагүйгээр их хэмжээгээр зарцуулсан нь тогтоогдож байна гэсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг арга хэмжээг зохион байгуулахад зарцуулсан архи болон согтууруулах ундаа ямар хэмжээгээр зарцуулагдсантай холбоотойгоор ямар ч дүрэм, журам байгаагүй.

Мөн 3 000 000 төгрөгийг “Голомтын вип тасалбарын төлбөр” утгатайгаар “Эм Жи Эм Эвент” ХХК-руу, 759 616 44 төгрөгийг “Соломон инвестмент” ББСБ-ын данс руу, “ЕВ-Баттулгаас зээл хаав-Эм Жи Эм Эвент” утгатай шилжсэн. Б.Эрдэнэбилэг нь “Соломон инвестмент ББСБ” ХХК-ийн ажилтан байх ба Г.Баттулга нь тус ББСБ-аас 6 удаа 38 200 000 төгрөгийн зээл авсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Уг гаргаж байгаа баримтуудад анхан шатны шүүхээс хууль ёсны эсэх дээр дүгнэлт огт хийгээгүй. Харин ямар үндэслэлээр  “Эм Жи Эм Эвент” ХХК, “Соломон инвестмент ББСБ” ХХК, Б.Эрдэнэбилэг, Г.Баттулга нарын дансны гүйлгээг ямар зөвшөөрлөөр олж аваад уг дүгнэлтийг гаргасан гэдэг нь тодорхойгүй.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт ямар тохиолдолд энэхүү харилцагчийн мэдээллийг гаргаж болох талаарх заалт байдаг. Гэтэл Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт заасан нэг ч үндэслэл байхгүй байхад хууль бусаар буюу холбогдох данснуудыг зөвшөөрөлгүйгээр үзсэн. Мөн Г.Баттулгыг Б.Эрдэнэбилэгтэй хамаарал бүхий этгээд гэж тодорхойлсон хэрнээ яаж тодорхойлсон талаарх дүрэм журам огт байхгүй. Өөрөөр хэлбэл, гэр бүл, төрөл садангийн учраас хамаарал бүхий гэж үзсэн төдийгүй хариуцагчийн хамаарал бүхий этгээд гэх тайлбарыг үндэслэж дүгнэсэн нь тодорхойгүй. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч “Г Б” ХХК-ийн хууль бус аргаар цуглуулсан аудитын дүгнэлтийг нотлох чадвараа алдсан байх ёстой.

Нэхэмжлэгч нь ажлын онцлогоос шалтгаалан ирцийн бүртгэлийг рэмөүтээр бүртгүүлж байсан гэж мэтгэлцэж байгаа боловч Голомт банкны Зохистой хэрэглээний журмын 2.1.8-т Банкны сүлжээнд бүх компьютерт рэмөүтээр болон шууд хандах эрх олгохгүй гэж заасныг зөрчсөн байх ба рэмөүтээр бүртгүүлэх эрхтэй байсан болохоо нотолж чадаагүй” гэж дүгнэсэн. Бидний зүгээс Г.Баттулгыг ажлаас халсан тушаал үндэслэлтэй эсэх дээр л маргаж байгаа. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч талаас үүнд хориглосон заалт байгаа учраас танайх болохгүй хэмээн тайлбарлаж, анхан шатны шүүх үүнийг нь үнэлсэн. Гэтэл гэрч Т.Энх-Амгалан нь Г.Баттулгатай хамт ажилладаг бөгөөд алсын зайнаас бүртгүүлж болдог гэдгийг тодорхой нотолсон байдаг.

Г.Баттулгыг мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан байсан нь тогтоогдож байна гэж тайлбарладаг ч ажлын байрны тодорхойлолтод зааснаар “Банкны ВИП болон ОУ-ын сегментийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх, харилцагчдын сувгийн борлуулалтыг удирдан зохион байгуулж, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх замаар зах зээлд эзлэх хувийг өсгөх, бизнес төлөвлөгөөний биелэлтийг ханган нэгжийн ажилтнуудын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах болон үйл ажиллагаанд хяналт тавьж чиглүүлэхэд оршино” гэж ажлын зорилгыг тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, “Г Б” ХХК-ийн Хувийн банкны хэлтэс, түүний захирал Г.Баттулга нь тухайн арга хэмжээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулдаг, харин зохион байгуулсан арга хэмжээний төсвийг “Г Б” ХХК-ийн Санхүү, аж ахуйн хэлтэс хариуцдаг байсан. Мөн нэхэмжлэгчийн 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарын хооронд банкнаас олгосон төсвийг хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь дансны хуулга, гэрч М.Чимэгмөнх, Б.Хишигжаргал нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Мөнгийг Г.Баттулга дур мэдэн өөрийн данс руу хийдэггүй. Харин тухайн байгууллагаас зөвшөөрөл өгсний дагуу нэхэмжлэгчийн хувийн данс руу шилжүүлдэг. Энэ нь ажлын онцлогтой холбоотой асуудал юм. Эцэст нь нэхэмжлэгчийг буруутгаж байгаа гол зүйл нь  “Г Б” ХХК-ийн Дотоод аудитын газрын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 13/26 дугаартай илтгэх хуудас байдаг. Хэрвээ Дотоод аудитын газрын дүгнэлтээр буруутай гэж үзэж байгаа бол Дотоод аудитын газрын дүгнэлт нь өөрөө анхан шатны баримтуудаар нотлогдох ёстой ч үүнтэй холбоотой баримт байдаггүй. Тус илтгэх хуудас  нь хувь хүний болон байгууллагын нууцыг зөрчиж, “Г Б” ХХК-ийн харилцагч нарын хувийн эрх чөлөөнд халдсан хууль бус үйлдэл юм.

Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг “Г Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сугар гаргасан байдаг. Тухайн үед тус банкны гүйцэтгэх захирал нь Ө.Ганзориг гэж хүн байсан. Өөрөөр хэлбэл, ажлаас халах тушаалыг “Г Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Ганзориг гаргах ёстой байсан болохоос бус хэн нэгэн өөрийн дураар ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болохгүй. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Баттулга нь хариуцагч “Г Б” ХХК-д холбогдуулан, ажил олгогчийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 305 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тэтгэврийн ууган сангийн хуримтлал 6 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын олгогдоогүй цалин 3 200 000 төгрөг, нийт 9 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас тэтгэврийн ууган сангийн хуримтлал 6 000 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Ажил олгогч нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 305 дугаар тушаалаар, СувУГ-Хувийн банкны хэлтэст Хэлтсийн захирал ажилтай Г.Баттулгатай 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /1хх8/

 

Дээрх тушаалын үндэслэлдээ, Г.Баттулга нь хамаарал бүхий этгээдтэй сонирхлын зөрчлөө илэрхийлэлгүй, нуун дарагдуулж гэрээ байгуулсан, арга хэмжээний бүртгэлийг бодит бусаар хийн тайлан мэдээг буруу мэдээлсэн зэргээр Голомт банкны Засаглалын кодексын Ёс зүйн кодын 11.Сонирхлын зөрчлөөс зайлсхийхүй, Харилцах итгэлцэлд үндэслэсэн харилцаа заалтуудыг, Хөдөлмөрийн дотоод журмын 2.18.3.Мөнгө хариуцсан ажилтан нь банкны итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, Зохистой хэрэглээний журмын 2.2.2 дахь заалтыг тус тус зөрчсөн нь Дотоод аудитын газрын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 13/26 дугаар Илтгэх хуудсаар тогтоогдсон гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасныг баримталжээ. /1хх4/

 

Хэрэгт авагдсан Дотоод аудитын газрын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 13/26 дугаар Илтгэх хуудас, мөн өдрийн 13/90 дугаар Мэдээлэл хүргүүлэх тухай баримтуудаар Г.Баттулга нь Худалдан авалтын үйл ажиллагааны журмын 3.3.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.18.3, 4.5, Голомт банкны Засаглалын кодексын Ёс зүйн кодын Харилцах итгэлцэлд үндэслэсэн харилцаа заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна. /1хх44-64, 210-245/ Тухайн зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах ноцтой зөрчилд хамаарах талаар талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.9, 4.2.11, 4.2.12-т тус тус тусгагдсан байна. /1хх40-43/ Иймд тушаалд заасан үндэслэл тогтоогдоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Ажил олгогч байгууллагын Дотоод аудитын газраас илрүүлсэн зөрчлүүдийг Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамтай харьцуулан дүгнэхэд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 305 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Баттулгыг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй, уг тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана” гэж зохицуулсан.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т  “ноцтой зөрчил” гэсэн ойлголтыг тухайлан заасан байх бөгөөд уг гэрээний 4.2.1-т ажилтан нь Монгол Улсын хууль, ажил олгогчийн баталсан хөдөлмөрийн дотоод журам, Ес зүйн код, Засаглалын кодекс, бодлого, дүрэм, журам, заавар, ажил үүрэгтэй нь холбоотой харилцааг зохицуулсан үйл ажиллагааны журам, стандарт болон бусад эрх зүйн баримт бичгүүдийг зөрчсөн бол ноцтой зөрчилд хамаарах талаар ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрснөөр гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч талын  ажлаас халах үндэслэлд хамаарахгүй буюу дүрэм, журмаар зохицуулаагүй зүйлсийг баримталсан гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнөх 6 сар доторх дансны гүйлгээнд зөрчил байгааг тодруулах бус 8 сараас 1 жил 8 сарын хугацаан дахь гүйлгээг зөрчил гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй гэх агуулгаар тайлбарлах боловч “Монголын нууц товчоо” уран зургийн үзэсгэлэн үзүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсан, арга хэмжээг зохион байгуулах гэрээг Б.Эрдэнэбилэгтэй 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан, мөнгөн хөрөнгөтэй холбоотой шилжүүлгүүд нь мөн арга хэмжээг зохион байгуулсан хугацаанд хамаарч байх тул 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр уг хугацааны зөрчлүүдэд арга хэмжээ авч, сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, эрх бүхий этгээд уг тушаалыг гаргаагүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын орлогчийн дээрх тушаал нь хэлбэрийн хувьд шаардлага хангасан байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б-4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй цалин 1 578 386 төгрөг, Тэтгэврийн ууган сангийн хуримтлал 6 000 000 төгрөг, нийт 7 578 386 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, тухайн цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батмөнхийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Баттулга нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН