Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 142/шш2024/01006

 

 

 

 

 

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **************-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *************,

 

Хариуцагч: ********** нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 12,060,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Ч. Басбаяр, ******** гэдэг эхнэр нөхөр 2-той 2022 оны 03-р сарын 23-ны өдөр №238 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр гэр бүлийн хэрэгцээний 776 мкв, ************* дугаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, мөн өдрийн №239 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ***************** тоотын 261 мкв талбайтай 2 давхар Ү-2101020145 дугаар үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй орон хувийн сууцыг хамтад нь 230,000,000 /хоёр зуун гучин сая/ төгрөгөөр худалдсан. Энэ хувийн хаус нь ЦШС-ний албан зөвшөөрөлтэй 380В тог цахилгаантай.

Гэрээг байгуулахдаа хуульд заасны дагуу худалдагч нь үл хөдлөх хөрөнгө худалдаж борлуулсны татварыг төлдөг, нөгөө талаар худалдан авагч нотариатын үйлчилгээний мөнгийг төлдөг зэрэг нөхцөл байдлаас гэрээний нийт үнийг 200,000,000 төгрөг болгож бүртгүүлье гэж хэн аль нь хүсэлт тавьсны дагуу талууд хүлээн зөвшөөрч гэрээн дээр энэ үнийг бичсэн.

Гэхдээ худалдан авагч нь надад өөрийн гараар 230,000,000 төгрөгөөр худалдаж авснаа бичиж баталгаажуулж өгсөн. Анх гэрээ байгуулахдаа Голомт банкнаас зээл авч төлж өгнө гэж тохирсон. Энэ дагуу *****-аас 200,000,000 төгрөгийг надад авч өгсөн. Үлдэгдэл болох 30,000,000 төгрөгөөс **********-аар 2022 оны 03-р сарын 22-нд 2,000,000 төгрөг, 2022 оны 08-р сарын 12-нд 3,000,000 төгрөг, 2023 оны 07-р сарын 12-нд 1,000,000 төгрөг, Голомт банкаар 2023 оны 09-р сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг удтал нэхүүлж байж өгсөн. Мөн бэлнээр 6,940,000 төгрөгийг нөхөртэй цуг гэрт нь очоод авсан. Нийт 217,940,000 төгрөг авсан. Одоо 12,060 000 /арван хоёр сая жаран мянган/ төгрөгөө олж авч чадахгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээг байгуулсан байна. *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид бид дараах байдлаар эвлэрсэн гэрээг байгууллаа.

-Хариуцагч нар нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 30-нд төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж, 11,060,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулна. Сар бүр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулна.

-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх саналыг хүлээн зөвшөөрч талууд эвлэрчээ, энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 12,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигчид эвлэрлийн гэрээндээ:

 

-Хариуцагч нар нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 30-нд төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж, 11,060,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулна. Сар бүр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар,

-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх саналыг хүлээн зөвшөөрсөнөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас зохигчдын эвлэрсэн хэмжээнээс тооцож 207,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН