Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00100

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Д.Уранчимэг

Хохирогч Г.Энхномин, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Тэнгис

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Д.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Гантогтох-д холбогдох 201718020120 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймаг Өгийнуур суманд 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдаа бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дакогийн 53-52 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Лхагважаргалын Гантогтох.   /РД: УХ90093029/

 

Шүүгдэгч Л.Гантогтох нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийфн орчимд Д.Отгонжаргалын эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 35-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг У хөтөл гэх газрын орчимд тээврийн хэрэгслээ засмал замын хажуу руу унагаж зам тээврийн осол гаргаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Энхномингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Гантогтохын өгсөн ……  2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт байдаг Ээж мод орохоор Улаанбаатар хотоос 16 цаг өнгөрч байхад приус 20 маркийн 35-36 УНУ улсын дугаартай машиныг жолоодож 3 найзын хамт дөрвүүлээ гарсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төв жаахан өнгөрөөд У хөтөл гэх газар өмнө явсан автобусыг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд орсон боловч өөдөөс машин ирж байхаар нь буцаж урсгалдаа орсон. Тэгээд автобусны ард явж байтал машин замын овгорт цохигдоод дайвалзаад замын хажуу талын шон мөргөсөн. Тэгээд цааш 2-3 удаа өнхөрсөн. Машин товгор газар дээр зогсохоор нь хажуу тал руугаа харахад Отгонжаргал зүгээр байсан. Арын суудал руу харахад Энхномингийн ухаан нь түр балартсан байсан. Би толгойг нь барьж байгаад сэгсрэхэд сэргэсэн. Тэгээд гар луу нь харахад гар нь аймар болчихсон байсан. Би найзыгаа гартай болгож өгнө. Нэхэмжилж байгаа 149299600 төгрөгийг дангаараа төлөх болно. Хохирогчоос уучлалт гуйж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Энхномингийн өгсөн …… 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2 хоногийн өмнө Гантогтох над руу яриад Дархан явж Сэлэнгэ найзтай уулзана хамт явах уу гэхээр нь би хүүхэд өвдөөд байна тухайн үедээ яръя гэсэн. Маргааш нь над руу залгахаар нь би хүүхэд гайгүй байгаа гэхдээ би ер нь амжихгүй байх гэсэн. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Гантогтох дахин утасдаад чи нөхөртөө хэлээд гараад ирээч бид нар цугларсан байна гэхээр нь би эд нартай нийлээд хамт явсан. Замд явж байхад гэнэт машин дайвалзаад юу болсныг мэдээгүй. Ухаан ороод сэрэхэд нөхөр маань намайг сахиж байсан. Эмнэлэгт байхад Гантогтох ирж уулзаад найзыгаа гартай болгож өгнө гэж байснаа сүүлдээ шорондоо сууя гэж хэлэх болсон. Ээж нь ч гэсэн бид нарыг загнасан. Би ер нь Гантогтохыг манайд хүрч ирээд уулзах байх гэж зөндөө бодож хүлээсэн. Солонгосоос портезний эмч Монголд ирэхэд нь очиж уулзаад гараа үзүүлсэн. Тэгэхэд тэр эмч надад 5 гар санал болгосноос би үнэ багатай манай орны уур амьсгалд тохирох гарыг нь сонгосон. Тэр гарыг хийлгэвэл хүүхдээ тэвэрч болох гар юм билээ, мөн 5 кг хүртэл даана гэсэн. Одоо би хүүхдээ тэвэрч чадахгүй хүнээр асруулж харуулж байна. Надад үнэхээр хэцүү хүнд байна. Би тэр гарыг хийлгээд зүүх юм бол ядаж 50-60 жил хэрэглээд явна гэж бодож байгаа. Одоо би хиймэл гарын үнэ  болон бусад зардалд нийт 1492996000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Д.Отгонжаргалын өгсөн ........ 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр осол болсон. Би одоо хоёр найзаасаа уучлал гуйж байна. Би хохирогчийн оронд болон шүүгдэгчийн оронд байсан бол бас ийм л зүйл ярих байсан. Маш харамсалтай байна. Ийм юм болно гэж бодоогүй. Би бас өөрийн зүгээс Г.Энхноминд чадлаараа тусалъя гэж бодож байна. Харин би Гантогтохоос машины хохирлыг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Д.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн ...... 2017.04.28 өдөр Улаанбаатар хотоос Энхномин, Гантогтох, Жавзанпагма нарын хамт би өөрийн 35-36 уну дугаартай Приус 20 маркийн автомашинтай Сэлэнгэ аймаг Ээж модонд мөргөх залбирах гэж гарсан. 17цагийн үед Улаанбаатар хотоос гарсан юм. Машиныг Гантогтох жолоодож явсан бөгөөд Гантогтох бид 2 ээлжилж жолоо барихаар тохироод Гантогтох машин бариад явсан. Тэгээд Баруунхараа өнгөрөөд 19 цагийн үед явж байхад осол болсон. Осол болох үед би жолоочийн хажуугийн суудалд жолоочийн хойд талын суудалд Жавзанпагма, эсрэг талд нь Энхномин сууж явсан. Осол болохын үед бага зэргийн налуу уруу газар уруудаж явсан бөгөөд урд том оврын нийтийн тээврийн автобус явж байсан. Автобусыг гүйцэх гээд эсрэг урсгал уруу ороод хартал өөдөөс машин ирж явсан бөгөөд буцаж автобусны ард орсон. Автобусны ард буцаж ороод замын овгор дээр цохигдож удалгүй онхолдсон. Эсрэг урсгал дээр нэг овгор байсан бөгөөд тэр овгорт цохиулж автобусны ард ортол манай явж байсан чиглэлд дахиад овгор гарч ирээд тэр овгортоо дахиж цохиулаад зам дээр хэсэгхэн тэгширч явснаа хажуу тийшээ онхолдсон. Замынхаа баруун тал руу унаж онхолдсон. Машин айхтар хурдтай бол яваагүй 80 км-ээс бага хурдтай автобуснаас зайгаа бариад явж байсан зам харагдаж байсан.  Хурд багцаагаар 60-70 км цагийн хурдтай явж байсан. Олон удаа эргэлдэж онхолдсон. Хэргийн газрын үзлэгийг цагдаа үзэхэд тоормозны мөр харагдахгүй байсан ба тэнд байсан цагдаа нар “тоормозны мөр гараагүйг бодоход нэг их хурдтай яваагүй байна гэж яриад байсан гэх мэдүүлэг /Хх-н 33 дугаар хуудас/

Гэрч З.Жавзанпагмын мөрдөн байцаалтад өгсөн ......  2017 оны 04 сарын 28-ны өдөр Гантогтох, Энхномин, Отгонжаргал нарын хамт би Улаанбаатар хотоос 17 цагийн орчимд Отгонжаргалын 35-36 уну дугаартай приус 20 маркийн автомашинтай Сэлэнгэ аймаг орж Ээж модонд мөргөх гэж явсан. Отгонжаргалын машиныг Гантогтох жолоодож явсан. Учир нь Гантогтох, Отгонжаргал нар машиныг ээлжилж барина гэж тохирсон юм. Тэгээд л Гантогтох жолоодоод явсан. Жолоочийн хажуу талын суудалд Отгонжаргал суугаад урд явсан хоёр хүн хамгаалах бүсээ зүүсэн байсан. Жолоочийн арын суудалд би сууж явсан, нөгөө талд Энхномин сууж явсан. Тэгээд Баруунхараа өнгөрөөд явж байтал нэг харахад ямар ч байсан том оврын нийтийн тээврийн автобус явж байсан бөгөөд тэр үед би Номио эгчтэй юм яриад явж байсан болохоор яг юу болсныг анзаараагүй. Надад дайвалзаад байгаа юм шиг санагдаад нэг мэдэхэд онхолдчихсон. Тэгээд би зогссоны дараа хаалга онгойхгүй байгаад байхаар нь цонхоор нь гарсан. Тэгтэл Номио эгч бид хоёрын байр солигдчихсон байсныг сүүлд нь мэдсэн. Тэр үедээ анзаарч мэдээгүй юм гэх мэдүүлэг /Хх-н 43 дугаар хуудас/

             Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ..... Миний охин Л.Гантогтох нь 1990.09.30-нд төрсөн. Миний 2 дахь хүүхэд бөгөөд анхны охин юм аа. Дээрээ нэг ахтай. Эхээс хоёул юм. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж сургууль цэцэрлэгээр хүмүүжиж дунд сургуулиа нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57-р дугаар сургуулийг 2007 онд төгсөж цаашлаад ОУХДээд сургуульд элсэн орж 2011 онд төгссөн. Сургууль төгсөөд Монгол Даатгал ХХК-д даатгалын менежер ажлыг 2 жил хийсэн. Тэгээд л 2013 оноос Монгол дадал ХХК-д ня-бо ажлаар оруулсан. Энэ компани манай хүүгийн буюу Гантогтохын ахынх нь компани юм. Гантогтох нь 2013 онд Лхагвацэрэн гэж залуутай танилцаж гэр бүл болоод 2014 онд анхны хүү нь төрсөн. Одоо нөхөр хүүхдийн хамт 10-р хороололд амьдарч байгаа юм. Гантогтох нь 2012 билүү 2013 онд жолооч болсон. Жолооч болоод 2015 онд хадам аав нь приус машин авч өгч тэр үеэс хойш тасралтгүй машин жолоодож байна. Хөдөө орон нутгийн замд явж байгаагүй. Энэ удаагийнх бол анх удаа л явж байгаа байх. Гантогтохын зан байдал их л дөлгөөн тайван талдаа уурлах юман дээрээ уурлана, гэхдээ их хүлээцтэй хүн байгаа юм. Бид нарын нүдэн дээр архи тамхи хэрэглэдэггүй хүн. Энхномин, Отгонжаргал нартай найзалж байгаа юм. Энхномин нь бүр багынх нь найзууд юм. Манайхаар орж гардаг найзууд юм гэх мэдүүлэг /Хх-н 46 дугаар хуудас/

             Гэрч Б.Энхтайвангийн мөрдөн байцаалтад өгсөн ........ Охин маань 2017 оны 04 сарын 28-ны өдөр зам тээврийн осолд орж баруун гарны бугалганы хэсгээр буюу тохойны дээгүүр тайруулсан үүнээс хойш Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2017 оны 05 сарын 15-ны өдөр гарсан одоо гэртээ эмчилгээ хийлгэж байгаа. Г.Энхномин охин маань эхлээд гайгүй байсан одоо бие болон сэтгэл санаа байдал нь хүнд байна маш их хямарч байгаа, тахир дутуу болчихоод чөлөөтэй хөдлөж, хувцсаа өмсөж ч чадахгүй хүний асаргаанд орчихоод их хэцүү гутарч, бухимдаад байх юм. Эмчилгээнд гарсан зардлын баримтыг хэрэгт хавсаргуулахаар өгье. Цаашид Г.Энхноминг имрайд харуулах, тэгээд баруун гарыг нь тайруулсан хэсэгт тохируулж хиймэл гар хийлгэх шаардлагатай байгаа үүний зардалд 190.000.000 сая /нэг зуун ерөн сая/ төгрөг болохоор байгаа.  Одоо бид нар ОХУ-руу урьдчилан явж шинжилгээ өгч захиалга өгнө үүнд бас мөнгө хэрэгтэй байна. Л.Гантогтох гэх охинтой нэг удаа уулзсан хохирлыг барагдуулна гэж байгаа боловч одоо нэг ч холбогдохгүй хохирлоо яаж барагдуулах нь тодорхойгүй байна манай охин Г.Энхномин эхлээд найздаа итгээд та нар битгий уулз гээд байсан одоо найз нь эргэж ч ирэхгүй байгаа болохоор гутарч бухимдаад байна, өмнө нь ажил хийж  байхдаа  банкнаас цалингийн зээл, байрны зээл авч сард 820.000 мянган төгрөг төлдөг ослоос хойш нэг ч төгрөг төлөгдөөгүй уг нь өөрийнх нь найз Л.Гантогтох Г.Энхноминг хаана ямар зээлтэй ямархуу байдлаар амьдарч байгааг мэднэ тэгсэн хэрнээ сүүлийн үед ирэхээ больсон гэх мэдүүлэг /Хх-н 47 дугаар хуудас/

Гэрч С.Энхдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн ....... Уг тээврийн хэрэгслийг буюу приус 20 маркийн 35-36 УНУ улсын дугаартай машиныг 2016.09.08-ны өдөр анх 2.5 сая төгрөгөөр тавьж зээлж авсан уг зээлээ төлөөд 2016.05.08-ны өдөр дахин зээл авч төлж дуусгаад хамгийн сүүлд 2017.03.16-ны өдөр 2.5 сая төгрөгийг 6 сарын хугацаатай авсан. Төлөлтөө хэвийн зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж байгаа зээлийн гэрээг хуулбарлан өгье гэх мэдүүлэг /Хх-н 48 дугар хуудас/

            Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийг асуусан тэмдэглэл .....   Би Г.Энхномингийн биед өөрийн биеэр үзлэг хийсэн баруун бугалгыг нь тайрсан байсан мэс заслын дараах биеийн байдал хүнд байсан өвчний үзлэгийг үндэслэж гаргасан, Г.Энхномингийн баруун гарын бугалгыг тайрсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 15-р хүснэгтийн 68.3-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварын тогтнги алдалтанд 70% нөлөөлөх тул хүнд зэрэгт хамаарна гэх мэдүүлэг /Хх-н 55 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг № 5912 ..... Дүгнэлт:

1.Г.Энхномингийн биед баруун бугалгыг тайрсан мэс заслын дараах байдал, толгой, хүзүү, хөл, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 15-р хүснэгтийн 68.3-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанлд 70% нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх /Хх-н 58 дугаар хуудас/

            Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 5906 ......Дүгнэлт

  1. Д.Отгонжаргалын биед тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 74 дүгээр хуудас/

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 59082...... Дүгнэлт

  1. Л.Гантогтохын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун эгэмний дээд хэсэг, баруун шууны зулгаралт, баруун тохойн үений цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 78 дугаар хуудас/

Шинчээчийн дүгнэлт 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн № 137 ....

  1. Шинжилгээнд авсан Л.Гантогтохын цусанд этилийн спирт илэрсэнгүй гэх /Хх-н 80 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр № 31 .......

1.Асуулт: Тоёото приус 20 маркийн 3536 УНУ улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Шарнууд овгийн Лхагважаргал Гантогтох нь МУ-ын ЗХДүрмийн ямар заалтыг зөрчсөн бэ?

2. Асуулт: Зам тээврийн осол хэрэг гарах нөхцлийг хэн бүрдүүлсэн бэ?

Хариултууд:

1.Хариулт: Тоёото приус 20 маркийн 35-36 УНУ улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Шарнууд овгийн Лхагважаргалын Гантогтох нь МУ-ын ЗХД-ийн 9.Тээврийн хэрэгслийн хурд 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна..... 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…гэснийгзөрчсөн.

2.Хариулт: Хариулт нэгээр хариулагдсан. Тоёото приус 20 маркийн 35-36 УНУ улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Шарнууд овгийн Лхагважаргалын Гантогтох нь зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав /Хх-н 82 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 08-12 дугаар хуудас/

Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /Хх-н 20-21 дүгээр хуудас/35-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /Хх-н 22 дугаар хуудас/

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ /Хх-н 24 дүгээр хуудас/

Д.Отгонжаргал болон Хан агьт ХХК нарын хооронд хийгдсэн Лизингийн болон барьцааны гэрээ /Хх-н 53-54 дүгээр хуудас/

Хохирогч Г.Энхномингийн өвчний түүх /Хх-н 60-72 дугаар хуудас/

35-36 УНУ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 3760000 төгрөгөөр, шууд бус зардлыг 1220000 төгрөгөөр, нийт 4980000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 85-89 дүгээр хуудас/

Л.Гантогтох нь урьд нь ял шийтггүлсэн талаар ЦЕГ-ын МХБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 105 дугаар хуудас/

Хохирогч Г.Энхномингийн хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 138-149,  182-209 дүгээр хуудас/

Л.Гантогтохын хүү Л.Жаргалбаярын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн гэх төрсний гэрчилгээний хуулбар /Хх-н 172 дугаар хуудас/

Хохирогч Г.Энхномингийн баруун гарын гэмтлийг харуулсан гэрэл зураг зэрэг болно. 

 

Шүүгдэгч Л.Гантогтох нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийфн орчимд Д.Отгонжаргалын эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 35-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг У хөтөл гэх газрын орчимд тээврийн хэрэгслээ засмал замын хажуу руу унагаж зам тээврийн осол гаргаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Энхномингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Л.Гантогтох нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод хэмжээ хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасныг баримтлан  ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Л.Гантогтох нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжтой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч Л.Гантогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан тодорхой хугацаагаар хасч, хорих ялаар шийтгэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гурав хүртэлх насны хүүхэдтэй буюу хүү Л.Жаргалбаярыг 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрүүлсэн болох нь бүртгэлийн дугаар 1125004627 төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулах, энэ хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

35-36 УНУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний өмчлөгчийн нэр дээр Хан агьт ХХК байх ба Д.Отгонжаргал нь уг тээврийн хэрэгслээ лизингийн болон барьцааны гэрээгээр Хан агьт ХХК-ний нэр дээр шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар зам тээврийн ослоос бусдад учирсан хохирлын зохих хувийг тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу иргэний хариуцагч Д.Отгонжаргалаар төлүүлэх нь зүйтэй гэсэн хохирогчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь 35-36 УНУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалд шүүгдэгч Л.Гантогтохын нэр байх тул зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг зөвхөн шүүгдэгч Л.Гантогтох хариуцах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Мөн Д.Отгонжаргал нь мөрдөн байцаалтанд иргэний хариуцагчаар татагдсан боловч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруугүй болох нь нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Л.Гантогтохоос хохирогч Г.Энхномингийн 5 сарын хугацаанд авах ёстой байсан цалин, орлогод /671500х5=3357500/ төгрөг, эм тариа, боолт, тосны зардалд 2202400 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, эмнэлэг явсан замын зардалд 151000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардалд 1500000 төгрөг, мэдрэгчтэй гар хийлгэхэд гарах зардалд 141040000 төгрөг, Солонгос улсад очих, буцаж ирэх зардалд 2466200 төгрөг, нийт 150717100 төгрөг болж байх бөгөөд үүнээс шүүгдэгчийн төлсөн 2010000 төгрөгийг хасч үлдэх 148707100 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Энхноминд олгох үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, тоёота приус 20 маркийн 35-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох, № 1001115 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Шарнууд овогт Лхагважаргалын Гантогтохыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасныг баримтлан Л.Гантогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Гантогтоход оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Гантогтох нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Гантогтоход 01 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Л.Гантогтохоос 148707100 /нэг зуун дөчин найман сая долоон зуун долоон мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Арьс ширний 19-40 тоотод оршин суух, Хулгар овогт Гансүхийн Энхноминд /РД:УМ90052361/ олгосугай.

7. Энэ хэргийн улмаас Д.Отгонжаргалын эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 35-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.  

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Гантогтоход өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.