Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.П-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01756 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.П-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-т холбогдох 

 

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/758 тоот тушаал, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/861 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үндэслэлгүй суутгасан 499,113 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.П-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Цэрэндагва,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Болор,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс дулааны горим тохируулагч инженерээр “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-т ажилд орж, шатлан дэвшиж ажилласаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн даргаар томилогдон хөдөлмөрийн гэрээгээр өдийг хүртэл хугацаанд ажилласан.

Энэ хугацаанд миний бие ямар нэгэн зөрчил дутагдалгүй, чин шударгаар ажил үүргээ гүйцэтгэж ажилласан бөгөөд урьд нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. Гэтэл “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/758 дугаар тушаалаар надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаалд дурдсанаар ...тус газрын даргын ажпыг хүлээлцэх ажпын хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажпын байранд нэвтрүүлэхгүй, саад учруулсан зөрчил гаргасан... гэсэн байх бөгөөд тухайн өдөр “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-ын даргын ажлыг хүлээлцэхээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлыг хэсэг тус байгууллага дээр ажил хүлээлцэхээр ирсэн боловч өмнөх дарга Ж.Батсайхан нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд эмнэлэгт өвчтэй байсан тул миний бие болон бусад албан хаагчдын зүгээс төрийн албан хаагчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчигдөж байгаа байдлыг зүгээр харж сууж тэвчилгүй “...өвчтэй байгаа хүний ажлыг ингэж хууль зөрчиж хүлээлцэж болохгүй, ажилдаа орох хүртэл нь хүлээ...” гэсэн шаардлага тавьсан.

 

Түүнчлэн миний бие төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд хууль тогтоомжид заасан эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлсний төлөө ийнхүү надад сахилгын шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүйн зэрэгцээ намайг сахилга дэг журмыг чанд сахих үүргээ биелүүлээгүй, ёс суртахууны доголдол гаргасан, Хөдөлмөрийн дотоод журмын 2.7, 7.2.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/762 дугаар тушаалд дурдсан нь хуульд нийцэхгүй. Учир нь ажилтан сахилга дэг журмыг чанд сахих үүргийг хуулиар болон бусад дүрэм журмаар хүлээдэг боловч мөн хууль бус явдалтай эвлэрэшгүй байх, хууль ёсны шаардлага тавих, хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах зэрэг үүргийг хүлээж, эрхийг эдэлдэг бөгөөд ёс суртахууны доголдолтой ямар үйлдэл гаргасан гэж үзэж, түүнийг хэн, ямар баримтаар тогтоосон болохыг мэдэхгүй байна.

Мөн миний бие Хөдөлмөрийн гэрээний болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл гаргаагүй болно. Улмаар “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/861 дугаартай Ж.П-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар “...үнэлгээний хорооны хурлын протоколыг хуурамчаар үйлддэг, үнэлгээний хороо хуралдуулахгүйгээр шийдвэр гаргадаг, үнэлгээний хорооны гишүүнийг байлцуулахгүй хуралдаж дараа нь нөхөж гарын үсэг зуруулдаг үйлдэл дотоод хяналтаар тогтоогдож, сахилгын зөрчил давтан гаргасан...” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж шийдвэрлэсэн. Миний бие дээрх тушаалыг зөвшөөрөхгүй бөгөөд сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэл нь хуулийг ноцтой зөрчихийн зэрэгцээ үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдсэн, хороо хуралдахгүйгээр шийдвэр гаргасан, нөхөж гарын үсэг зуруулсан үйлдэл гаргаж байсан удаа байхгүй болно.

Түүнчлэн намайг дээрх хууль бус үйлдлүүдийг гаргасан гэж үзэж байгаа бол баримт нотолгоотой байх ба дотоод хяналтаар тогтоогдсон гэх боловч ямар ч дотоод хяналт шалгалтыг явуулаагүй байж, ор үндэслэлгүйгээр хууль зөрчиж надад сахилгын шийтгэл ногдуулж, улмаар түүнийгээ үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж байна. Ийнхүү хууль бус тушаалуудыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын цалингаас 20 хувийн суутгал хийгдсэн бөгөөд мөн хууль бусаар хөдөлмөрийн гэрээг маань цуцлаж, ажлыг хүлээлцэхдээ ээлжийн амралтын маань мөнгөнөөс ажлын гутал хувцасны мөнгийг суутган тооцож авсан тул эдгээрийг хууль бус тушаалуудын улмаас учирсан хохирол гэж үзэж байна.

Иймд “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/758, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/861 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх, хууль бус тушаалын улмаас учирсан хохирол /суутгагдсан цалингийн 20 хувь 198 000 төгрөг, ажил хүлээлцэх үед суутгасан ажлын хувцас гуталны үнэ 301 113 төгрөг/-д 499 113 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжпэгч Ж.П- нь 2017 оноос эхлэн “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-ын инженерийн бодлого хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан тул “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/861 дугаар тушаалаар Ж.П-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ж.П- нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ-ын даргын ажлыг хүлээлцэхээр ирсэн ажлын хэсгийг ажлын байранд нэвтрүүлэхгүй, саад учруулсан зөрчил гаргаж Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.4, Хөдөлмөрийн гэрээний 3.2-д заасан үүргээ зөрчсөн тул Хөдөлмөрийн дотоод журмын 9.1-д заасны дагуу хоёр сарын хугацаагаар үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр Ж.П-ад ажлын хэсгийнхнийг хууль зөрчсөн эсэхийг тогтоох, эсэргүүцэх, ажлын байранд нэвтрэхийг хориглох эрх, үүрэг байхгүй тул сахилгын зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл оногдуулсан.

Дээрх сахилгын шийтгэл оногдуулснаас 14 хоногийн дараа Ж.П- нь үнэлгээний хорооны хурлын протоколыг хуурамчаар үйлддэг, үнэлгээний хороог хуралдуулахгүйгээр шийдвэр гаргадаг, үнэлгээний хорооны гишүүнийг байлцуулахгүйгээр хуралдаж дараа нь нөхөж гарын үсэг зуруулдаг, үнэлгээний хорооны гишүүн Б.Цогтгэрэлийн гарын үсгийг хуурамчаар зурсан, үнэлгээний хорооны гишүүн бус Л.Намжилмааг хуралд оруулж санал авч тэмдэглэлд оруулсан, үнэлгээний хорооны хурлыг хууль бусаар зохион байгуулдаг болох нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дотоод хяналтын шалгалтаар тогтоогдож, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж сахилгын зөрчлийг давтан гаргасан. Ийнхүү Ж.П- нь удаа дараа сахилгын зөрчил гаргаж, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийг гэрээг зөрчсөн тул Хөдөлмөрийн дотоод журмын 9.1, хөдөлмөрийн гэрээний 3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу Ж.П-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/758 дугаар, 2019 оны 08 сарын 02-ны өдрийн Б/861 дугаар тушаалууд нь үндэслэлтэй хуульд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасны дагуу “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/758 тоот тушаалыг хүчингүй болгож, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ж.П-ыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хууль бус суутгал нийт 4 379 387 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ж.П-ын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-аас 155 220 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох “Дабль Аксиом Аудит” ХХК-ийн дүгнэлтийг Авилгатай тэмцэх газрын н.Батсайханд холбогдох 190200665 дугаартай хэрэгт хавсаргагдсан учраас гаргаж өгч чадаагүй. Уг баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.П- нь хариуцагч “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-т холбогдуулан тус байгууллагын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/758 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/861 тоот тушаал хууль бус тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үндэслэлгүй суутгасан 499 113 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Талуудын хооронд 2013 оноос эхэлж хөдөлмөрийн харилцаа үүсэж, нэхэмжлэгч Ж.П- нь “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-т дулааны горим тохируулагч инженерээр, 2017 оноос Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн даргын ажил албан тушаалд тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх 18-19/

Хэргийн баримтаас үзвэл Ж.П- нь хариуцагч байгууллагын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний Б/758 дугаар тушаалаар түүнийг сахилга дэг журмыг чанд сахих үүргээ биелүүлээгүй, ёс суртахууны доголдол гаргаж тус газрын даргын ажил хүлээлцэх ажлын хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлын байранд нэвтрүүлэхгүй, саад учруулсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2 сарын хугацаагаар үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа үнэлгээний хорооны хурлын протоколыг хуурамчаар үйлддэг, үнэлгээний хороог хуралдуулахгүйгээр шийдвэр гаргадаг, үнэлгээний хорооны гишүүнийг байлцуулахгүйгээр хуралдаж дараа нь нөхөж гарын үсэг зуруулдаг хууль бус үйлдэл гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан зөрчлийн бүрэлдэхүүний шинжийг агуулахын зэрэгцээ 2 удаагийн тендерийг зохион байгуулах ажиллагаанд зөрчил гаргасан тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажил олгогч байгууллагын дарга 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/861 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болох ба тушаалд Ж.П-ыг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг түүнийг сахилга дэг журмыг чанд сахих үүргээ биелүүлээгүй, ёс суртахууны доголдол гаргаж тус газрын даргын ажил хүлээлцэх ажлын хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлын байранд нэвтрүүлэхгүй, саад учруулсан зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч тушаалын үндэслэлд дурдсан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч байгууллагын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний Б/758 дугаар тушаалыг хүчингүй болгож, уг тушаалын үр дагавар болох нэхэмжлэгч Ж.П-ын 2019 оны 07 дугаар сарын цалингаас суутгасан 198 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Ж.П- нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагч байгууллагын даргын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/861 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэн инженерийн бодлого, хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын тухайд хариуцагч эс зөвшөөрч тушаалын үндэслэлээ “Ж.П- нь үнэлгээний хорооны хурлын протоколыг хуурамчаар үйлддэг, үнэлгээний хороог хуралдуулахгүйгээр шийдвэр гаргадаг, үнэлгээний хорооны гишүүнийг байлцуулахгүйгээр хуралдаж дараа нь нөхөж гарын үсэг зуруулдаг хууль бус үйлдэл гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан зөрчлийн бүрэлдэхүүний шинжийг агуулахын зэрэгцээ 2 удаагийн тендерийг зохион байгуулах ажиллагаанд зөрчил гаргасан тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэс болно. Эдгээр зөрчил нь дотоод хяналтын дүгнэлтээр тогтоогдсон” гэж тайлбарласан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг үнэлгээний хорооны хурлын протоколыг хуурамчаар үйлддэг, үнэлгээний хороог хуралдуулахгүйгээр шийдвэр гаргадаг, үнэлгээний хорооны гишүүнийг байлцуулахгүйгээр хуралдаж дараа нь нөхөж гарын үсэг зуруулдаг зөрчлийг гаргасан гэх 2019 оны 05 дугаар сарын 30, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдийн тендерийн хорооны хурлын тэмдэглэлүүдийг үндэслэжээ. Гэвч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргийг харьцуулан дүгнэж дээрх өдрүүдэд тендерийн үнэлгээний хороо хуралдсан болох нь тогтоогдсон, үнэлгээний хорооны хэдний өдрийн хурлын протоколыг хуурамчаар үйлдсэн, үнэлгээний хороог хуралдуулалгүй хэзээ, ямар шийдвэр гаргасан, гарын үсэг хуурамчаар үйлдсэн зэргийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

            Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул шүүх ажил олгогчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/861 дүгээр тушаалд дурдсан нэхэмжлэгчийн гаргасан гэх хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил нь хэргийн баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэн түүнийг “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-ын инженерийн бодлого, хяналтын хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд шүүх нэхэмжлэгчийг “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-ын инженерийн бодлого, хяналтын хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-аас 3 880 274 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.П-ад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийг ажлаас халах үед түүний цалингаас нормын хувцасны 301 113 төгрөгийг суутган авсныг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... “Дабль Аксиом Аудит” ХХК-ийн дүгнэлтийг Авилгатай тэмцэх газраас гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлээгүй” гэжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан дээрх хүсэлт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болох нь тогтоогдсонгүй гэж дүгнэн хангахаас татгалзсан захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ОСНААУГ”  ОНӨААТҮГ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                                           

                                        ШҮҮГЧИД                               А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН