Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/55

 

 

                            Б.Гансүх, Т.Отгонбаяр нарт холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, ерөнхий шүүгч            Б.Эрдэнэхишиг

                                Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                            Д.Буянжаргалы                                  

 

                Оролцогчид:

                    Прокурор                                           Д.Эрдэнэчимэг

                    Яллагдагчийн өмгөөлөгч             Д.Уранчимэг

                    Яллагдагчийн өмгөөлөгч              А.Золжаргал /цахим/

                    Яллагдагчийн өмгөөлөгч              Ч.Мөнгөнцэцэг /цахим/

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг  оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/140 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шанд овогт Батнайрамдалын Гансүх, Монгол овогт Тэгшээгийн Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн 2032001380048 дугаартай, 149/2021/0045/Э индекстэй 4 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1981 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, УБТЗ-ын Барилга Ашиглалт Үйлчилгээний 1дүгээр ангийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн 45 дугаар байр 34 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Шанд овогт Батнайрамдалын Гансүх /РД:М381021319/

 

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1972 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, УБТЗ-ын Барилга Ашиглалт Үйлчилгээний 1 дүгээр ангийн 3 дугаар уурын зуухны механик ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 багийн Наран 04 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Тэгшээгийн Отгонбаяр /РД:МГ72052475/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Гансүх нь Улаанбаатар Төмөр замын ХНН-ийн Барилга ашиглалт, үйлчилгээний 1 дүгээр ангийн даргаар ажиллахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын 36 дугаар байрны хажууд байрлах бохирын хутагт бохирын хоолойн бөглөөс гаргах ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээн дүгээр ангийн Слесарь Д.Энхтайван, гагнуурчин М.Цагаандорж нар бохис хоолойн хийнд хордож улмаар М.Цагаандоржийн амь нас хохирсон, Д.Энхтайваны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан,

Шүүгдэгч Т.Отгонбаяр нь Улаанбаатар Төмөр замын ХНН-ийн Барилга ашиглалт, үйлчилгээний 1 дүгээр ангийн 3 дугаар зуухны механикаар ажиллахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1' цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын 36 дугаар байрны хажууд байрлах бохирын хутагт бохирын хоолойн бөглөөс гаргах ажил хийж байсан Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт, үйлчилгээний 1 дүгээр ангийн Слесарь Д.Энхтайван, гагнуурчин М.Цагаандорж нар бохирын хоолойн хийнд хордож улмаар М.Цагаандоржийн амь нас хохирсон, Д.Энхтайваны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Гансүх, Б.Отгонбаярт холбогдох хэргийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/140 дугаартай шүүгчийн захирамжаар:

1.Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Шанд овогт Батнайрамдалын Гансүх, шүүгдэгч Монгол овогт Тэгшээгийн Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн 2032001380048 тоот хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцаасугай.

2.Эрүүгийн 2032001380048 тоот хэргийг прокурорт очих хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Гансүх, Т.Отгонбаяр нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн ОБУ цув 1 ширхэг, ногоон өнгийн хамгаалалтын бүс 1 ширхэг, ЗМ загварын бор өнгийн хошуувч 1 ширхэг зэрэг эд зүйлийг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц Тээврийн прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор 2021 оны 09 сарын 02-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцэлдээ: ...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 140 дугаартай Шүүгчийн захирамжийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиЛлагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж заасны дагуу хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Гэрэлт-Од нь яллагдагч Т.Гансүх, түүний өмгөөлөгч Эрдэнэболор нарт утсаар нь мэдэгдэхэд “...одоогоор танилцах боломжгүй, шүүх, прокурорын шатанд танилцая” гэсэн, дээрх тэмдэглэлийг хяналтын прокурор хүлээн авч танилцаад мөн дээрх хүмүүст утсаар “...хэргийн материалтай танилцах, яллах дүгнэлт гардаж авах, хэргийг шүүхэд шилжүүлэх” талаар хэлж мэдэгдэхэд дээрх хариултаа прокурорт хэлсэн.

Энэ нөхцөл байдлаар хэргийн оролцогч нарыг хэргийн материалтай танилцах эрхээр хангасан гэж үзэх бөгөөд тэдгээр оролцогч нар нь өөрсдийн ашиг сонирхлын үүднээс ирж танилцаагүй байдлыг “эрхээр хангаагүй” гэж үзэх үндэслэлгүй.

Мөрдөгч болон прокурор дээрх хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг танилцах хугацаанд Ковид цар тахлын улмаас Улаанбаатар хот уруу орох, гарах хөдөлгөөнийг хориогүй байсан төдийгүй, хохирогч Д.Энхтайван, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болортуяа, яллагдагч Т.Отгонбаяр өөрийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэгийн хамт 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирж Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газарт ирж хавтаст хэргийн материалтай танилцсан баримтаар тогтоогдож байна.

2. Шүүгч захирамждаа “...шинжээч Г.Ган-Эрдэнэ нь талийгаачийн биеэс авсан 10мл цус, эд эрхтнээс авсан эд эсийг хими, биологийн шинжилгээнд авсан боловч энэ талаараа шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар хаана ямар шинжилгээний байгууллагад хүргүүлсэн эсэх, хүргүүлэн бол шинжилгээний хариу хэзээ, хаана, хэнд ирсэн талаар хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байгаа нь ойлгомжгүй” гэж дурдсан байна.

Шинжээч эмч дотор эрхтэний шинжилгээ хийх үед “нэмэлт шинжилгээнд” зориулж дээж авсан ажиллагаагаа дүгнэлтэд дурдсан. Энэ ажиллагаа нь цаашид талийгаачтай холбоотой ямар нэгэн асуудал, нөхцөл байдал бий болсон /өвчин, үхлийн шалтгаан, хэн болох, эцэг тогтоолгох гэх мэт/ тохиолдолд энэхүү нэмэлт шинжилгээнд зориулан авсан дээжийг ашиглах зорилгоор архивладаг байна.

Харин энэ хэргийн тухайд шинжээч Г.Ган-Эрдэнэ нь мөрдөгчийн тавьсан асуултын хүрээнд талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор задлан шинжилгээ хийсэн, энэ талаараа ч шинжээч шүүх хуралдаанд оролцож тайлбар мэдүүлгээ өгсөн болно.

Шинжээч задлан шинжилгээний явцад талийгаачийн цогцосноос нэмэлт шинжилгээнд зориулж “цус, эрхтэн” авсан нь талийгаач М.Цагаандоржийн нас барсан шалтгааныг буруу эсхүл эргэлзээтэй тогтоосон гэх нөхцөл байдал бий болоогүй байна.

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг” гэж заасан бөгөөд энэхүү “хөдөлмөрийн аюулгүй байдал”-г мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу яллагдагч Б.Гансүх нь Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн Барилга ашиглалт, үйлчилгээний 1 дүгээр ангийн даргаар ажиллаж байхдаа энэхүү хуулийн заалтыг зөрчсөн болох нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, ажлын байрны тодорхойлолт бусад нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 140 дугаартай шүүгчийн Захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Уранчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   ... Миний үйлчлүүлэгч Б.Гансүх хэргийн материалтай танилцаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.6, 32.6.1 заалтуудыг зөрчсөн. ... Мөн шинжээчийн дүгнэлт тал бүрээс шинжлэх ухааны үндэслэлтэй гарах зарчим алдагдсан харагдаж байна. Учир нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр талийгаач нас барсан өдөр ар гэрээс нь түргэн тусламжийн 109 дугаарт дуудлага өгөхдөө “...боорцогт хахаж, нүүр ам нь хөхөрч амьсгалж чадахгүй байна” гэсэн байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлт маань криминалистикийн тусгай шинжилгээний хариу ирээгүй байхад шинжээч өөрөө химийн бодист хордсон гэх үндэслэлгүй хариу гаргасан нь эргэлзээ төрүүлж байна. Мөн энэ нөхцөл байдал Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд талийгаачийг суурь өвчин байхгүй гэж бичсэн ч уушгиндаа хутгалуулж, өвчилж байсан байдаг. Шинжээч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн дүгнэлтийг хамгаалж чадаагүй. Тийм учраас энэ асуудлыг тодруулах мөн шүүгчийн захирамжид дурдсан бусад асуудлыг ч тодруулах шаардлагатай учир хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Улсын яллагчаас Т.Отгонбаярыг хуульд заасны дагуу гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлтэд дурдахдаа “...Т.Отгонбаяр нь механикаар ажиллахдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын амь нас хохирсонд гэм буруутай тооцуулах” гэсэн байдаг.  ...гэм буруутайд тооцуулах яллах дүгнэлтэд дурдсан санал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй, үндэслэлгүй байгаа учир гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн анхан шатны шүүхэд гаргасан саналыг дэмжиж оролцож байна. Нөгөөтэйгөөр бусдын амь нас хохирсон үндэслэл нь ажлын байрны хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хангах хошуувч байхгүй байсан гэж үздэг. Мөн бохирын хоолой руу ороход хорт хий байгаа эсэхийг шалгах, урьдчилан мэдэх багаж УБТЗ-д 1 ширхэг байдаг байсан ч хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан инженер н.Ганболдод буюу түүний өрөөнд байсан нь хавтаст хэргийн 91 хуудсанд өгсөн түүний мэдүүлгээр тогтоогддог. Тэгэхээр Т.Отгонбаярыг зохих багаж, хэрэгсэл зэргийг хангаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Т.Отгонбаярт холбогдох хэргийг гэм буруугүйд тооцож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

 

Яллагдагчийн өмгөөлөгч А.Золжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Уранчимэг өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлтийг дэмжиж санал нэг байна. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн 08 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгаач химийн бодисын хордлогын улмаас нас барсан гэж дүгнэгдсэн. Тэгвэл ямар шинж тэмдэг нөхцөл байдлаар энэ оношийг гаргасан бэ? гэдэг хариулт энэ дүгнэлтэд байдаггүй. ...Прокурорын эсэргүүцлийн 3 дахь заалтын хувьд Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар эрсдэлийн түвшинг харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан ажиллуулж болно гэж заасан. Тухайн байгууллагын хувьд бүтэц орон тоо том учир хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан тусдаа инженер байдаг. Тусдаа чиг үүрэг хүлээсэн ажилтан байсаар байтал яагаад захирал, эрхлэгч яллагдагчаар татагдаж байна вэ? Улсын яллагчийн эсэргүүцлийн 3 үндэслэл бүгд хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Гансүх, Б.Отгонбаяр нарт холбогдох 2032001380048  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Яллагдагч Б.Гансүх, Б.Отгонбаяр нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд нотолбол зохих байдлыг бүрэн нотлон тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зөрчсөн шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх нөхцөл боломжгүй, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах, гомдол хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж дахин шалгуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч улсын яллагч эсэргүүцэл бичсэн байна.

Тус хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Гансүхэд хэргийн материалыг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т “...Яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй...” гэж заасныг зөрчсөн бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгчийн захирамждаа “Мэргэжлийн хяналтын байцаагч В.Сарангуагийн гаргасан шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №06 дугаартай “Барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр ангид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д “...байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”. Мөн ажлын байрны тодорхойлолтоор ерөнхий инженер Ц.Лхагвасүрэн, Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер М.Ганболд, механик Т.Отгонбаяр нар хариуцна” гэх дүгнэлт,

мөн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №01 дугаартай  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  инженер М.Ганболд, эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Л.Оюунчимэг нарын мэдүүлэгт ажилтнуудад тоосноос хамгаалах маскаар хангасан. Стандарт хэмжил зүйн газрын MN55602 2006 “Амьсгалын замыг хамгаалах хэрэгсэл” стандартын 8.2.1.2-т заалтын шаардлага хангаагүй” гэх дүгнэлт, түүнчлэн УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр ангийн Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер М.Ганболдын ажлын байрны тодорхойлолт зэргээс үзэхэд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл хийсэн эсэхийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай” гэж дүгнэсний дагуу энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэм буруугийн асуудлыг тогтоосны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангасан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шинжээч задлан шинжилгээний явцад талийгаачийн цогцосноос нэмэлт шинжилгээнд зориулж цус авсан нь талийгаачийн нас барсан шалтгааныг буруу эсхүл эргэлзээтэй тогтоосон гэх нөхцөл байдал бий болгоогүй, мөрдөн байцаалтын  шатанд тодорхой хуулийн хүрээнд явагдсан ажиллагаа байх  тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “...шинжээч эмч Г.Ган-Эрдэнэ нь талийгаачийн биеэс авсан 10мл цус, эд эрхтнээс авсан эд эсийг хими, биологийн шинжилгээнд авсан боловч энэ талаар шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар хаана ямар шинжилгээний байгууллагад хүргүүлсэн эсэх, хүргүүлсэн бол шинжилгээний хариу хэзээ хаана хэнд ирсэн талаар хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байгаа нь ойлгомжгүй...” гэсэн заалтанд бичсэн  прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжтой байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/140 дугаартай шүүгчийн захирамжийг захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/140 дугаартай шүүгчийн захирамжийг захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                            ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        

                                                                                 Д.БУЯНЖАРГАЛ