Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 146/2016/0030/и |
Дугаар | 001/ХТ2016/00760 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2016/00760
Ц.Нансалмаагийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 79 дүгээр шийдвэртэй,
Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Ц.Нансалмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.Бат-Отгонд холбогдох,
2.560.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Бат-Отгон нь 2014.03.27-ны өдөр 3.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 2014.8.27-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатайгаар зээлсэн. Д.Бат-Отгон нь 2014.7.25-ны өдөр 1.200.000 төгрөгийг төлсөн бөгөөд 8 дугаар сарын хүү 230.000 төгрөгийн хамт, үлдэгдэл 2.300.000 төгрөг үлдсэнийг 2014.11.25-ны өдөр төлөхөөр Д.Бат-Отгон зөвшөөрч гэрээндээ нэмэлт бичиж гарын үсэг зурсан. Үүнээс хойш үндсэн зээл болон хүүнд төлөлт хийхгүй явсаар 2014.9-ны өдөр 230.000 төгрөгийн хүү төлж зээлийн үлдэгдэл 2.300.000 төгрөгийг 2015.02.25-ны өдөр төлөхөөр болж гарын үсэг зурсан. 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 01 дүгээрcap хүртэл үндсэн зээл, хүүнд төлөлт хийгдээгүй явсаар сарын 230.000 төгрөгийн хүү нийт 4 cap өгөөгүй бөгөөд нийт хүүний мөнгө 920.000 төгрөг болж үүнийг үндсэн зээл дээр нэмж үлдэгдэл 3.220.000 төгрөг болж үндсэн зээлнээс 200.000 төгрөгийг 2015.03.10-нд төлж гарын үсэг зурсан. Үлдэгдэл зээл болох 3.020.000 төгрөгийг 2015.6.10-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож зээлийн гэрээгээ сунгасан. 2015. 04 сард үндсэн зээлнээс 20.000 төгрөг, хүүнд 300.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сард зээлийн хүүнд 300.000 төгрөг төлсөн. Ингээд үндсэн зээл, хүүнээс төлөлт хийхгүй явсаар 2015.7 дугаар сард 6, 7 сарын хүү 600.000 төгрөг үндсэн зээлээс 1.400.000төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд дээрх төлөлтүүд хийгдсэний дараа үндсэн зээл 1.600.000 төгрөг үлдсэн. Миний бие Д.Бат-Отгоноос удаа дараа зээлийн гэрээнд заасны дагуу шаардаж, шүүхэд хандах болсон тухайгаа хэлэхэд "та шүүхэд битгий өгөөч би удахгүй төлнө" гэж хэлсээр өнөөг хүрч надад хохирол учруулж байна. Иймд үлдэгдэл 1.600.000 төгрөг, 2015.8 сараас 2016 оны 01 дүгээр cap хүртэл нийт 6 сарын хүү болох 960.000 төгрөг, нийт 2.560.000 гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Нансалмаагаас 3.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн хүүг capбүр цалингаас суутгуулж төлж байсан ба үндсэн зээлээс хасч явж байгаад хамгийн сүүлд 2015.7.22-нд 2.000.000 төгрөг өгч үндсэн зээлийг хааж дуусгасан. Ц.Нансалмаад 2015 оны 6, 7 дугаар сарын хүүг өгөөгүй байсан бөгөөд Ц.Нансалмаа нь үндсэн зээлээ хаачих, 6, 7 сарын хүүг тооцохоо болъё гэж хэлсэний дагуу 2015.7.22-нд 2.000.000 төгрөгийг дансанд нь хийсэн. Иймд 2.650.000 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 79 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Д.Бат-Отгоноос 2.560.000 төгрөг гаргуулж Ц.Нансалмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 55.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55.910 төгрөг гаргуулж Ц.Нансалмаад олгохоор шийдвэрлэсэн байна.
Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай магадлал гаргаж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 79 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Бат-Отгон нь зохигчдын эрх үүрэг гэдэг зүйлээ мэдэхгүй байж авж заалдах шатны шүүхэд миний эрх гэж гомдол гаргаж давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт заасан үүргийг “эрх” юм гэж хэрэг хянан шийдвэрлэж байгаа нь хуулийн эсрэг юм. Хариуцагчийн “...миний зүгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаагүй, нотлох баримт гаргаж өгөх хангалттай хугацаа байгаа гэж бодож байсан ” гэх тайлбарыг үндэслэж шийдвэрийг хүчингүй болгосонд харамсалтай байна. Мөн хариуцагч нь одоо шүүхэд мэдээлэл лавлагааны ажилтан хийдэг байсан бөгөөд өмнө нь шүүгчийн туслах хийж байсан. Шүүх нотлох баримтыг цуглуулж, тайлбар өгөхөд хангалттай хугацаа өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж цалингийн 40 хувийг авдаг байсан гэхээс биш би дураараа 10 цалингийн авах ямар ч боломжгүй. Мөн би огт хариуцагчийг дарамталж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ц.Нансалмаа нь Д.Бат-Отгоноос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.600.000 төгрөг, хүү нийт 960.000 төгрөг бүгд 2.560.000 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.
Зохигчид анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримт гаргаж өгсөн байхад /хх 41-42/ шүүх уг баримтыг талуудад танилцуулах, зөвшөөрөхгүй бол үгүйсгэх баримт шүүхэд гаргах боломжийг цаг хугацааны хувьд олголгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.
Шүүх Ц.Нансалмаагийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т нийцсэн гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2. 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 55.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ