Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2017/0068/з |
Дугаар | 221/МА2017/0435 |
Огноо | 2017-06-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2017/0435
2017 оны 06 сарын 20 өдөр Дугаар 221/МА2017/0435 Улаанбаатар хот
“М.н.р.и.к” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Г.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0324 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн давж заалдах гомдлоор, “М.н.р.и.к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0324 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай 2006 оны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “… тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах “М.н.р.и.к” ХХК-ийн өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, … тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас … гектар талбайг, … тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас … гектар талбайг хүчингүй болгож бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “бүртгэлийг хүчин төгөлдөр болгохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын … тоот тусгай зөвшөөрлийн талбайн … гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, ашигт малтмалын хайгуулын … тоот тусгай зөвшөөрлийн талбайн … гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус өргөдөл гаргаж бүртгүүлсэн ба Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын ашиглалтын …, … тоот тусгай зөвшөөрөл үүсэн байна.
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор ашигт малтмалын хайгуулын … тоот тусгай зөвшөөрлийн … га талбай, … тоот тусгай зөвшөөрлийн … га талбай нь дуусгавар болсон байна.
“М.н.р.и.к” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ашигт малтмалын хайгуулын …, … тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 813 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба дээрх шийдвэр, магадлал гарсан.
Дээрх шийдвэр магадлалуудаар талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэсэн байтал “М.н.р.и.к” ХХК нь Ашигт малтмалын хайгуулын …, … тоот тусгай зөвшөөрлүүдийн сунгуулах өргөдлийг манай байгууллагад ирүүлээгүй байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс сунгуулах өргөдлийг гаргах боломжгүй байсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Кадастрын хэлтсийн дарга 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6-5601 тоотоор, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тоотуудаар ашигт малтмалын хайгуулын …, … тоот тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн үлдсэн талбайдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар өргөдөл гаргаж сунгуулах эрхтэй гэж албан бичиг удаа дараа явсаар атал сунгуулах өргөдлийг гаргаагүй бөгөөд энэхүү нотлох баримтыг шүүх бүрэн дүүрэн үнэлж бодитой үнэлэлт өгч хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж чадсангүй.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “М.н.р.и.к” ХХК нь “М.н.р.и.к” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын тусгай …, … тоот зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “… тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас … гектар талбайг, … тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас … гектар талбайг тус тус хүчингүй болгож бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлийг хүчин төгөлдөр болгохыг даалгах” гэж нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын хайгуулын …, … тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байжээ.
Дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Геологи, уур уурхайн Кадастрын газрын даргын 2008 оны 718 тоот шийдвэрээр лицензийн хугацааг 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар Геологи, уур уурхайн Кадастрын газар 2 дахь удаа сунгасан байна.
Харин нэхэмжлэгч “М.н.р.и.к” ХХК нь 2014 онд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хайгуулын …, … тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлт гаргасан байна.
Дээрх хүсэлтийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээж аваагүй бөгөөд энэхүү хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг “М.н.р.и.к” ХХК нь “… тоот тусгай зөвшөөрөлтэй … га, … тоот тусгай зөвшөөрөлтэй … га талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0813 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0114 дүгээр магадлалаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Харин одоо нэхэмжлэгч “М.н.р.и.к” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 дахь удаагаа 3 жилээр сунгуулах тухай өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйн хууль бус болох талаар маргаж байгаа.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ашигт малтмалын газар “…, … тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломжгүй” гэж 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 5-5119 тоот албан бичгийг “М.н.р.и.к” ХХК-д хаяглан хүргүүлсэн байна.
Мөн Ашигт малтмалын газрын 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн тухай” 6-5601 тоот албан бичгээр ашигт малтмалын хайгуулын …, … тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй ба ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж, үлдсэн талбайдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхтэй болохыг мэдэгдэж байжээ.
Түүнчлэн тус газрын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/4041 тоот албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн …, … талбайг бүхэлд нь барилгын материалын чиглэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, үлдсэн талбайдаа Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхтэй болохыг мэдэгдэж байсан болох нь нотлогдож байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч “М.н.р.и.к” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/12 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан өргөдөл гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/1923 тоот албан бичгээр “…, … дугаартай тусгай зөвшөөрлийн талбайнуудад бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлсэн, холбогдох мэргэжлийн хэлтсээс нөөцөд тааруулж талбай багасгах шаардлага тавьсныг эс зөвшөөрч танай талаас шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Харин танай зүгээс тус өргөдлөө шийдвэрлүүлэх үйлдэл хийгдээгүй байна. Иймд …, … тоот 2 тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хянан шийдвэрлэх хугацаа дууссан тул Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасныг дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэр гарах болсон” гэж өргөдөлд нь хариу хүргүүлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заажээ.
Тодруулбал, дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь “М.н.р.и.к” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын …, … тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхтэйг 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн тухай” 6-5601, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/4041 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгч “М.н.р.и.к” ХХК-д мэдэгдсэн. Мөн тус газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/1923 тоот албан бичгээр дээрх хоёр тусгай зөвшөөрлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа дууссан гэж тус тус мэдэгдэж байсан болох нь нотлогдож байгаа тул “М.н.р.и.к” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын …, … тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа гэх хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0324 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М.н.р.и.к” ХХК-ийн “М.н.р.и.к” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай …, … тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгах, … тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас … гектар талбайг, … тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас … гектар талбайг хүчингүй болгож бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлийг хүчин төгөлдөр болгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР