Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/57

 

 

                               Б.*******т холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, ерөнхий шүүгч            Д.Буянжаргал

                                Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                            Б.Эрдэнэхишиг                                  

 

                Оролцогчид:

                  Шүүгдэгчийн өмгөөлөгч              Д.Эрдэнэ-Оргил

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг  оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2021/0105/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, ****эгтэй, ***** боловсролтой, **** мэргэжилтэй, ам бүл ***** хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, ***** тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ******* овогт *******ын *******, /РД:********/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах “VIР” нэртэй дэлгүүрээс “Рэй Бэн” /RАҮ ВАN/ брендийн 1 ширхэг нүдний шилийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.*******т холбогдох хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгож шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******т мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт архивд шилжүүлсүгэй...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:      

1.Шүүгдэгч Б.******* нь “2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг ВИП нэртэй дэлгүүрээс Rау Ваn брендийн 1 ширхэг нүдний шилийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 800,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан.

Прокуророос Б.*******т холбогдох хэргийг хянахад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Б.*******ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг Б.*******т танилцуулж, хүлээн зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг зөрчиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргаж шүүхэд хүргүүлсэн хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж заасны дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаас тэнсэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан Оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож шийтгэсүгэй” гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхээс Б.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээсэн, улсын яллагчтай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авсан байгаа. Прокурорын эсэргүүцэлд тусгайлсан санал байхгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэлийн хувьд Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 223 тоот тогтоолоор тайлбарласан байдаг. Энэ тайлбарын хүрээнд шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг Б.*******т танилцуулж, хүлээн зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Түүнд  холбогдох хэргийг  анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгож урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.*******т холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: 

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах “VIР” нэртэй дэлгүүрээс “Рэй Бэн” /RАҮ ВАN/ брендийн 1 ширхэг нүдний шилийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.*******гийн /хх-ийн 10/, гэрч Э.*******гийн /хх-ийн 14/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03- 07/, Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №ТХҮ-921/1687 тоот дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, оролцогчийн эрхийг хаасан, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж прокуророос ирүүлсэн саналын хүрээнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид оногдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульчилсан ба 17 дугаар зүйлийн 1-д “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргаж болно” гэж заажээ.

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан байдаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн утга агуулгыг буруу тайлбарлаж хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлд заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтцийг хангасан, тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Цаашид хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг, харин ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэрэгт мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байхыг анхааруулав.  

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                            ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                      Б.ЭРДЭНЭХИШИГ