Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00104

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Чойжоод холбогдох 1732000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1980 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны Тэмээтийн хонхор гэдэг газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ  эрхэлсэн ажилгүй байсан,  улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ямаат  овогт Чинбатын Чойжоо. /РД: МЗ80051977/

           

Шүүгдэгч Ч.Чойжоо нь 2014 оноос хойш гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ш.Шинэтуяаг 4 удаа буюу байнга зодсон, мөн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ш.Шинэтуяаг зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан ба дээрх үйлдлүүдийг айлган сүрдүүлэх, хаалга үүдийг нь эвдэн нэвтрэн орж гутал, бургас, мод, чулуу зэрэг зүйлийг ашиглаж хөлийг нь хугалах, олон тооны шарх, хөхрөлт, няцралт үүсгэх, зодох үйлдлээ удтал үргэлжлүүлэх зэргээр харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, өөрийнх нь эд хөрөнгө буюу ээмэг, гинжийг нь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиулж мөнгийг нь авах зэргээр хуваарьт эд хөрөнгө эзэмших эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Чойжоогийн өгсөн…. ...  2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Өмнө нь зодож байсан үйлдлийнхээ он, сар, өдрийг санахгүй байна. Хамгийн сүүлд би Шинэтуяаг дуудаж авчраад мөнгө төгрөгнөөс болж зодсон нь үнэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ш.Шинэтуяагийн хэрэг бүртгэлтэд өгсөн ....... 2017 оны 08 сарын 8-ны өдрийн 23 цаг өнгөрч байсан байхаа би бэр Т.Алтанцэцэгийн хамт явж байтал миний утас руу Ч.Чойжоо залгаад үхрийн махныхаа тооцоог яръя хүрээд ир гэхээр нь би унаа тэрэг байхгүй орой яаж очих юм бэ гэсэн чинь вокзалын тэндээс такси аваад хүрээд ирээ би мөнгийг нь өгчихье гэж хэлснээ чамд мөнгө байгаа юу гэхээр нь би байгаа гэтэл чи замаараа Рашаантын 18 дэлгүүрээс нэг шил архи, тамхи, ундаа аваад ирээрэй гэхээр нь би зөвшөөрөөд такси аваад уг дэлгүүрээс нь нэг шил Хараа нэртэй 0,75 литрийн архи, тамхи, ундаа аваад Тэмээтийн хонхор гэх газар Батын гэрт очсон. Тэгсэн Бат, Чойжоо нар савтай тогооны архи уугаад сууж байсан тэгээд бид 2-т захисан архиа аваад тэр 2 уусан яг талдаа орж байхад Бат согтоод унтсан. Тэгээд Ч.Чойжоо, Т.Алтанцэцэг бид 3 юм яриад сууж байтал Ч.Чойжоо чи ээмэг, гинжээ авчихсан байна миний үхэрний мөнгийг үрээд дуусч байгаа юм байна гэхээр нь би хүмүүст зээлээр зарсан мөнгөнөөс эхнийх нь орж ирсэн би сарын сүүлээр бүгд цуглах юм чинь эхэлж орж ирсэн мөнгөө үрчих байх гэж бодоод ээмэг, гинжээ ломбарднаас авчихсан юм тэгээд мөнгө нь бүрдэхээр өөрийнхөө ээмэг гинжийг буцаад тавиад мөнгийг чинь бүрдүүлээд өгнө гэж бодож байсан юм гэтэл үгүй би заавал одоо мөнгөө авна гээд уурлаад бид 2 маргалдсан. Тэгэхээр нь Т.Алтанцэцэг бид 2 явъя гээд гартал Ч.Чойжоо араас ирээд хөөе мөнгөө авъя гээд намайг алгадаад үснээс зулгаагаад зодоод эхэлсэн тэгсэн манай бэр урд явж байснаа буцаж ирээд боль бид 2-ыг ингээд явуулчих гэсэн чинь манай бэртэй маргалдаад янз бүр болоод байсан буцаж ирээд намайг зодоод бид 2-ыг Батын гэр лүү ор гэж хэлсэн үгүй гэсэн чинь бургасаар цохиод араас хөөсөөр байгаад Батын гэрлүү оруулсан. Батын гэрт оруулаад өөрийнхөө бакал гутлыг тайлаад зодсон би одоо ингээд болчихье бид 2 ингээд явлаа гэсэн чинь наад ээмэг, гинжээ өг гээд байхаар нь би тайлж өгчихөөд явсан. 2014 оны намар байхаа би таксинд  явдаг байсан юм тэгсэн Ч.Чойжоо намайг хөдөө хүргээд өг гэхээр нь би Ч.Чойжоог нэг найзтай нь нэрийг нь санахгүй байна аваад 241-р точикийн тийшээ аваад явж байсан тэр 2 замдаа миний машинд архи уугаад тэр найзынхаа гэрт очиж ууж байгаад тэр залуутайгаа маргалдаад маргалдсан уурандаа намайг зодоод би гараад зугтаагаад машиндаа суутал гаргаж ирээд миний зүүн хөл рүү өшиглөсөн чинь явж чадахгүй болсон. Эмнэлгт ирээд үзүүлтэл зүүн хөлийн шилбээр хугарсан байна гэж хэлсэн. Би тухайн үед цагдаагийн байгууллагад өгсөн боловч Ч.Чойжоо гуйгаад байхаар нь өргөдлөө буцаагаад авсан цагдаад өөрөө хөлөө хугалсан гээд хэлчихсэн юм..... Ч.Чойжоог ер нь би танина манай салсан нөхөр Алтанбаярын найз нь байсан. Нөхөр бид 2 салаад 4 жил болж байна салаад 1 жил орчим болж байхад одоогоос 3 жилийн өмнө буюу 2014 оны намар Ч.Чойжоо над руу утсаар яриад тэрнээс хойш уулздаг болсон юм. Бид 2 хамтран амьдарч байгаагүй. Ч.Чойжоо эхнэр 3 хүүхэдтэйгээ амьдардаг Зүүнхараад ирэхээрээ надтай уулздаг байсан юм. Бид 2 хааяа бэлгийн харьцаанд ордог надтай амьдралаа яриад би тэрийг ойлгоод харилцан дэмжих гэж л уулздаг юм. 4 удаа цохиж зодож байсан.  Хамгийн анх 2014 оны 11 сарын 15-ны өдөр байхаа Ч.Чойжоо нэг залуутай цуг 241-руу миний машинтай цуг явсан тэгээд цуг архи ууж байхдаа намайг тэр залуутайгаа хардаад тэр залуутайгаа зодолдоод байхаар нь би болиулах гэсэн чинь намайг яах гээд байгаа юм гэснээ та 2 ер нь ямар учиртай юм гээд л намайг зодож цохисон. Тэгэхээр нь би явлаа гээд машиндаа суусан чинь явуулахгүй гээд машинаас гаргаж ирээд зүүн хөл рүү өшиглөсөн тэгээд л явж чадахаа байсан тэрнээс болж хөл хугарсан байсан. 2 дахь удаагаа 2015 оны 07 сарын орчимд байхаа Ч.Чойжоо бид 2 аж ахуйд манай Саагий гэх найзын гэрт очоод уусан тэгсэн бид нар маргалдсан би гадаа бие засчихаад ороод иртэл Ч.Чойжоо намайг чи яагаад юм гээд л алгадаад авсан тэгэхээр нь би яасан юм бэ гэсэн чинь чамаас болж энд хэрүүл болоод байгаан биш үү гээд намайг 2-3 удаа алгадаад 3 удаа хөл рүү өшиглөсөн. 3 дахь удаагаа 2016 оны хавар 04 сард байхаа би гэртээ унтаж байтал Ч.Чойжоо над руу залгаад хаана байна гэхээр нь би гэртээ унтаж байна яасан гэсэн чинь би одоо очиж байна чамайг алнаа гэхээр нь би айгаад гэрийнхээ хаалгыг цоожилсон чинь гаднаас банзыг нь хуу татаад халамцуу орж ирээд тэгснээ үүдэнд байсан миний гутлыг аваад намайг цохиж эхэлсэн тухайн тухайн үед миний дал орчмоор хөхөрч няцарсан би тухайн үед цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд хийлгүүлж байсан. 4 дэх удаа нь 2017 оны 08 сарын 09-ний өдрийн үүрээр 06 цагийн орчимд болсон юм. Би 2015 оны 11 сард хөлөө хугалуулчихаад өргөдлөө буцаагаад авсан. Ч.Чойжоо надаас ажил төрөлд орох гэж байхад гээд гуйгаад байхаар нь би өргөдлөө буцаагаад авсан. 2016 оны хавар 04 сард намайг зодоход би цагдаа дуудсан тэгээд Ч.Чойжоо согтуу байсан болохоор эрүүлжүүлэхэд хийсэн маргааш нь Ч.Чойжоо эрүүлжүүлэхийн мөнгө энэ тэрээ өгчихөөд яваад өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 9-12 дугаар хуудас/

Гэрч Т.Алтанцэцэгийн хэрэг бүртгэлтэд өгсөн ....... 2017 оны 08 сарын 8-ны өдрийн 21 цагийн үед байхаа Шинэтуяа бид 2 уулзаж байгаад харихаар салах гэж байтал Шинэтуяа надтай уулзахаас эхлээд утсаар яриад байсан тэгээд яг салах гэж байсан чинь Шинэтуяа Ч.Чойжоо дуудаад байна мөнгөнийхөө тооцоог хийе гээд байна 2-лаа цуг яваад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би нялх хүүхэдтэй хол явж чадахгүй шдээ гэсэн чинь гуйгаад байхаар нь зөвшөөрсөн тэгээд Шинэтуяад Ч.Чойжоо нь нэг шил архи, тамхи, ундаа захисан юм байна лээ бид хоёр дэлгүүр ороод Хараа нэртэй 0,75 литрийн архи, тамхи, ундаа аваад таксигаар Тэмээтийн хонхор гэх газар Бат гэх айлынд очсон. Тэр айлд Ч.Чойжоо, Бат нар нэг савтай тогооны архи уугаад сууж байсан тэгээд нөгөө архи дарсаа өгсөн би тэгээд Ч.Чойжоод чи манай дүүтэй амьдарч чадахгүй юм бол одоо харьцахаа болио чи өмнө нь хэд хэдэн удаа цохиж зодож байсан гэж хэлсэн. Ч.Чойжоо дүү Шинэтуяа чинь надаас салахгүй байгаа юм би холдуулахын тулд зодсон гэж хэлсэн. Тэгсэн Шинэтуяа чи өөрөө эхнэртэйгээ хэрэлдээд намайг хөөчихлөө орох орон байдаггүй гээд манайд ирдэг биз дээ гэж хэлээд тэр 2 маргалдсан бас үхэрний мөнгөний хэрүүл хийгээд байсан эхний мөнгө нь ороод ирсэн чинь ээмэг, бөгжөө авсан байгаа биз дээ гэсэн тэгсэн Шинэтуяа чи тэгвэл энийгээ ав гээд ээмэг, бөгжөө тайлаад шидчихээд уйлаад сууснаа харилаа гээд гарсан би араас нь гарсан чинь гол гараад явж байсан тэгэхээр нь би гэр лүү нь орж цүнхээ авчихаад гарах гэтэл Ч.Чойжоо миний хажуугаар Шинэтуяагийн араас гүйгээд гарсан би араас нь гартал Ч.Чойжоо Шинэтуяаг явуулахгүй нөгөө нь явна гээд хэрэлдээд байсан. Би утсаар яриад явж байтал тэр 2-оос жоохон зайдуу холдсон тэгээд утсаар ярьж дуусаад эргээд хартал Ч.Чойжоо Шинэтуяаг цохиж зодоод байсан би яваад очтол газар дээрээс нь гэдэс рүү өшиглөөд  гартаа нэг чулуу атгачихаад над руу шидсэн би оногдоогүй бултсан тэгээд би очоод салгах гэтэл намайг түлхээд унагааснаа миний цүнхийг булааж аваад эргэж очоод Шинэтуяаг миний цүнхээр балбаад байсан. Тэгснээ ээмэг, гинж аваад ир гэсэн чинь Шинэтуяа би тайлаад Батын гэрний орны доогуур шидсэн ш дээ гэтэл тэгвэл та 2 цуг яв гээд эргээд Батын гэр лүү алхсан энэ үед цаг үүрийн 05 цаг өнгөрч байсан байх нэг бургас барьчихаад тэрүүгээрээ Шинэтуяаг цохиод байсан би түрүүлээд явж байтал чи муу гичий түрүүлж орж ээмэг гинж авах гэж байна уу цуг яв гээд байсан тэгээд гэрт нь ортол Бат согтуу унтаж байсан. Тэгээд би сэрээгээд бос гэтэл Бат босоод боль гэсэн чинь түүнийг бас зодох гээд байсан тэгснээ бакалиар Шинэтуяаг зодоод цохиод байсан тэр үед гаднаас Одонгарав билүү Одонгэрэл гэдэг билүү саахалтын айлын өвгөн орж ирээд больцгоо гэсэн үгэнд нь орохгүй байсан  болохоор яваад өгсөн. Удалгүй цагдаад мэдэгдсэн тэгээд Бат цагдаа дуудчихлаа чи яв гээд Ч.Чойжоог явуулсан. Тэгэхээр нь  Шинэтуяа бид хоёр алхаад гэртээ харьсан гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/

            Гэрч Р.Алтанцэцэгийн хэрэг бүртгэлтэд өгсөн ....... 2014 оны 11 сарын 14-ний өдөр байхаа би яг хоног хугацааг сайн санахгүй байна. Ш.Шинэтуяагийн эмнэлэгт үзүүлсэн бичиг бармтыг нь харж байсан чинь тэгж бичсэн байна лээ. Би гэртээ байж байтал Ш.Шинэтуяагийн хөл хугалсан талаар сонсоод очтол Ш.Шинэтуагийн хөл нь хугарсан байсан тэгэхээр нь би хэн хугалсан юм юу болсон юм бэ гэсэн чинь Ш.Шинэтуяа танд хамаагүй гээд хэлэхгүй байсан тэгэхээр нь би өөрөө мэд орхисон. Тэгсэн дараа нь манай бэр Т.Алтанцэцэг Ч.Чойжоо хугалсан байна лээ гэж байсан. Ш.Шинэтуяа хөлөө гипсдээд гэртээ хэвтэж байгаад хөлөө эдгээсэн санагдаж байна. Харин би бүүр ойлгохгүй байгаа юм Ш.Шинэтуяа өөрийн гэсэн орон гэртэй хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг эдийн засгийн хувьд Ч.Чойжоогийн эрхшээлд ормооргүй юм гайхаад байгаа юм. Ч.Чойжоо нь шөнө орой дуудаад ирэхгүй ална хядна гэж айлгадаг юм гэсэн. Ч.Чойжоог нь сураг сонсоход эхнэр, 3 хүүхэдтэй юм гэсэн тэгээд бас эхнэрийгээ байнга шахуу зодож нөгөө эхнэр нь Шинэтуяа руу залгаад намайг зодоод байна чи ирж аваадах гэдэг юм гэсэн тийм завхарсан амьдрал гэж юу байдаг юм би бүр гайхаад байгаа юм Ш.Шинэтуяа охиноо хүний гарын шүүс болгож алдахаас нь өмнө салгаж алдахаас нь өмнө салгаж авах юмсан энэ зодож нүдээд байгаа асуудлыг нь хуулийн дагуу шалгаж өгнө үү гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/

Гэрч Х.Батын хэрэг бүртгэлтэд өгсөн ....... 2017 оны 08 сарын 08-ны өдрийн орой хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна ногооны талбай дээрээс Ч.Чойжоо намайг мотоцикльтой гэрт хүргэж ирсэн тэгээд бид хоёр манай гэрт 2 литр тогооны архи уусан ууж байхдаа Ч.Чойжоо Шинэтуяаг дуудсан юм шиг байна лээ. Ш.Шинэтуяа, Алтанцэцэг нар такситай манай гэрт хүрээд ирсэн тэгээд нэг шил архи, тамхи, ундаатай ирсэн тэр архийг уугаад талд орж байхад би унтаад өгсөн нэг мэдсэн үүрээр Ч.Чойжоо Ш.Шинэтуяа нар хэрэлдээд байсан тэгэхээр нь би та нар больцгоо гэж хэлээд унтсан би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор бас сайн санахгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 24 дүгээр хуудас/

Гэрч Б.Мөнхжаргалын хэрэг бүртгэлтэд өгсөн ........  Би одоогоор бол сайн санахгүй байна Ш.Шинэтуяагийн “үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг харахад 2014 оны 11 сарын 17-ны өдөр би өөрөө үзжээ. Ш.Шинэтуяа нь 2014 оны 11 сарын 15-ны өдөр бусдад зодуулсан , явж чадахгүй зүүн шилбэний шагай үеэр өвдөнө,толгой эрүүгээр өвдөнө, чих дүгнэнэ  гэсэн зовиуртай байсан, рентген зургаар зүүн хөлийн шагайны хөдөлгөөн хязгаарлагдмал хаван хавдартай, биед болон зүүн шилбэний дээд 1/3, доод 1/3 хэсэгт олон тооны хөхрөлт няцралттай байсан, зүүн хөлийг гипсдэж, уух эм бичиж өгч явуулсан гэх мэдүүлэг /Хх-н 25 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 168 .......

Дүгнэлт:

  1. Ш.Шинэтуяагийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд  доод зовхи, зүүн дал, бугалганы дээд хэсэг, тохойн үений гадна хэсэг, баруун дал баруун гуяны ар хэсэг, баруун хөлийн шилбэнд цус хуралт, зүүн хөлийн шилбэнд зулгаралт, толгойн  хуйх болон зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 27 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 175 ............ Дүгнэлт:

1.Шинэтуяагийн биед зүүн хөлийн шилбэ ясны далд хугарал , дээд уруул гадна, доод уруулын дотор тал, дээд эрүү орчим , зүүн нүдний дээд зовхи, баруун чихний ар тал, баруун чамархайн орчим, зүүн бугалга доод 1/3, зүүн шуу дунд 1/3 хэсэг баруун зүүн гуяны гадна тал, баруун шилбэний дээд 1/3 зүүн шилбэний дээд 1/3, 1/3 хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх нэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэзээ үүсгэгдсэнг нарийвчлан тогтоох боломжгүй. Анхны эмчийн үзлэгт 2014-11-15-нд  бусдад зодуулсан гэсэн өгүүлэмж , 2014-11-18 ны зүүн хөлийн шилбэ ясны рентген зураг, мэс заслын эмчийн үзлэг, онош зэрэгт тулгуурлан дүгнэлтйг гаргав.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 33 дугаар хуудас/

Хохирогчийн биед үүссэн хөхрөлт няцралтыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 15-17 дугаар хуудас/

      Ч.Чойжоогийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 46 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 47 дугаар хуудас/

Ч.Чойжоо нь урьд нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 50 дугаар хуудас/

Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр /Хх-н 53-56 дугаар хуудас/

Аюулын зэргийн үнэлгээ /Хх-н 57-58 дугаар хуудас/

Хохирогч Ш.Шинэтуяагийн Мандал сумын Цагдаагийн хэлтэст гаргасан хохирол төлбөр нэхэмжлэхгүй, эвлэрсэн тул хөнгөн ял оногдуулах буюу ялаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 60 дугаар хуудас/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч Ч.Чойжоо нь 2014 оноос хойш гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ш.Шинэтуяаг 4 удаа буюу байнга зодсон, мөн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ш.Шинэтуяаг зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан ба дээрх үйлдлүүдийг айлган сүрдүүлэх, хаалга үүдийг нь эвдэн нэвтрэн орж гутал, бургас, мод, чулуу зэрэг зүйлийг ашиглаж хөлийг нь хугалах, олон тооны шарх, хөхрөлт, няцралт үүсгэх, зодох үйлдлээ удтал үргэлжлүүлэх зэргээр харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, өөрийнх нь эд хөрөнгө буюу ээмэг, гинжийг нь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиулж мөнгийг нь авах зэргээр хуваарьт эд хөрөнгө эзэмших эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээ зэрэг нь мөн шинжээчийн дүгнэлт нь  үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Чойжоо нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2014 оноос эхлэн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хамгийн сүүлчийн үйлдэл нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3  дах хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн прокурорын яллах дүгнэлтийн дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ч.Чойжоогийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дах хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Ш.Шинэтуяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Ямаат овогт Чинбатын Чойжоог гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт эд хөрөнгөө эзэмших эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Чойжоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дах хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд зан үйлээ засах, хохирогч Ш.Шинэтуяагийн гэрт очих, түүнтэй харилцахыг хязгаарлах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Ч.Чойжоод оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, Ч.Чойжоо нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Чойжоод өмнө авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН