Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 142/шш2024/01044

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **************-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***********т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,525,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2023 оны 08-09-ний өдөр өөрийн эзэмшлийн автомашины моторыг засууллахаар **********тай утсаар ярьж ажлын хөлс 500,000 төгрөгөөр тохиролцож манай хашаанд ирж засаж янзлахаар болсон. Ирээд моторыг задлахад доор касчирын тагны дотор байдаг маслоны шүүрийн хос гинж тасарсан байсан. Тиймээс болоод масло гүйхгүй болоод мотор зуурсан байсан. Нэгэнт задалсан юм чинь сольж хийчихье гэж тохиролцоод Улаанбаатар хотоос 605,000 төгрөгөнд ком кольц 330,000 төгрөг, уклак их гар бие 230,000 төгрөг, гиришикийн жийрэг 45,000 төгрөг захиж авчруулаад, Орхон аймгаас 280,000 төгрөгөнд хос гинж 40,000 төгрөг, дахин хос гинж 100,000 төгрөг, масло шүүр 40,000 төгрөг, тосол 10 литр 45,000 төгрөг.

Эдгээр сэлбэгүүдийг авчраад моторыг угсарч дуусаад асаах гэтэл астачираар асахгүй машинаар чирэхээр хүчээр асдаг болгосон. Ажилтай байна хэд хоногоос ирээд астачираар асдаг болгож өгнө гээд ажлын хөлснөөсөө бэлэн 300,000 төгрөг аваад явсан. Түүнээс хойш одоог болтол ганц удаа ирээгүй. Тухайн үед машинаар чирж хүчээр асаагаад гэрийн хажуу талын засмал зам дээр 2 км хүрэхгүй яваад машиныг унтрааж тавьсан. *******ийг ирэхгүй болохоор 2023.08.17-ны үед айлаас үхэр ачих хэрэг гарсан болохоор машиныг чирж асаасан чинь дээд хос гинжний таг хагарч цуураад том маслоо цацаад унасан. Унтраагаад *******ид утсаар хэлтэл 2-3 хоногоос очно гэсэн. Ирээгүй. Хүлээгээд ирэхгүй 7-8 хоносон. Хадлан өвч авах ид ажлын үе байсан. Ирэхгүй болохоор нь өөрөө задалсан. Тэгтэл дээд духны хөтлөгч хос гинжний хоёр хөтлөгч арааны 17-ийн хоёр боолт сугараад гадна тагаа дотор талаас нь хавирч түлхээд хагалсан байсан. Хоёр боолт сулраад их биеэн дэх дээд ангины ирзвоо алагдсан байсан. ******* руу утсаар энэ тухай хэлэхэд ирзвоо тогтоогч шингэн байдаг түүнийг түрхээд боочих гэсэн. Хэлсэнээр нь Эрдэнэтээс таарах таг задаргаанаас 90,000 төгрөгөөр аваад ирзвоо тогтоогчийг нь түрхээд угсарсан. Ажилтай очиж чадахгүй байна. 4 форсункыг аваад Эрдэнэт ороод форсунк шалгадаг газар ороод шалгуулчихаарай гэхээр нь дахиад л өөрөө задлаад 4 форсукыг тайлж аваад Эрдэнэт орж шалгуулахад 3 ширхэг нь огт ажиллахгүй 1 ширхэг форсук муухай ажиллаж байсан. Машиныг засаж янзлах үед 2023.08.09-12 ны үед айрагийн баяр болж тэр үед Ёндонжамцийг гэртээ үлдээгээд явсан. Эрдэнэт орж тасарсан гинж ирнэ гэхээр нь бензиний мөнгө шилжүүлж өгч явуулж байсан. Уг машин нь маслоны шүүрний хос гинж тасраад мотор зуурч зогссон болохоос 4 форсукнаас болж эвдэрч зогсоогүй юм. 1 ширхэг форсук нь 390,000 төгрөгийн үнэтэй. Эзгүй хойгуур гинж олж авах нэрээр Эрдэнэт явж байхдаа үнэ өндөр болохоор 4 форсукыг нь сольсон нь үнэн юм. Мөн дээд духны 2 хөтлөгч арааны 17-ийн 2 боолтыг мартаж чангалаагүй орхисноос тагаа хагалж дээд ангины суурь ирзвоо алагдсан болохоор дээд ангти тэр чигээр нь солих болж байгаа юм. *******аас Улаанбаатар хотоос авсан 605,000 төгрөг, Эрдэнэт хотоос авсан 280,000 төгрөг, хагарсан тагны мөнгө 90,000 төгрөг, ком дээд анги 1,650,000 төгрөг, 4 ширхэг, просукгы 1,560,000 төгрөг, цалин хөлс 300,000 төгрөг, бензин 40,000 төгрөг нийт 4,525,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 08 сард Булган аймгийн Булган сумын төвд оршин суудаг ******* гэгчийн Бонго-3 автомашины мотор цохисон байсныг засаж моторыг боож асаагаад өгсөн. Миний бие энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 249 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, фото зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан 4.525.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь ...2023 оны 8 сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Бонго-3 загварын авто машины моторыг засуулахаар **********тай ярьж ажлын хөлсийг 500 мянган төгрөгөөр тохиролцоод Улаанбаатар хотоос 605.000 төгрөгний сэлбэг авчирч моторыг угсарч дуусахад стаачераар асахгүй машинаар чирэхээр хүчээр асч байсан. Хариуцагч хэд хоногоос ирээд стаачераар асдаг болгоно гээд ажлын хөлснөөсөө 300.000 төгрөг авч явсан одоог хүртэл ирээгүй, машиныг чирж асаахад дээд хос гинжний таг хагарч цуураад тос маслаа цацаж байсан, Ёндонжамцад утасаар хэлсэн боловч ирээгүй. Иймд Ёндонжамцаас УБ хотоос авсан 605.000 төгрөг, Эрдэнэт хотоос авсан 280.000 төгрөгний сэлбэгний үнэ, хагарсан тагны 90.000 төгрөг, ком дээд анги 1.650.000 төгрөг, 4 ширхэг форсунка 1.560.000 төгрөг, цалин хөлс 300.000 төгрөг, бензин 40.000 төгрөг нийт 4.525.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд Бонго-3 автомашины мотор цохисон байсан, засаж моторыг боож асаагаад өгсөн, энэ хүний гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2023 оны 08 сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Бонго-3 загварын авто машины моторыг засуулах ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, ажлын хөлсийг 500 мянган төгрөгөөр тохиролцож талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч моторыг засаж ээлж хийхэд шаардлагатай эд ангиудыг авчирч хариуцагч моторыг угсарч дуусаад машин түлхүүрдээд асахгүй машинаар чирэхэд хүчээр асч байсан байна. Хариуцагч энэхүү доголдлыг арилгаж стаачераар асдаг болгоно гэж хэлээд ажлын хөлсөнд 300.000 төгрөг авч явсан боловч ирээгүй доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч гүйцэтгэсэн ажлынхаа доголдлыг арилгаагүйн улмаас нэхэмжлэгч машиныг чирж асаахад дээд хос гинжний таг хагарч цуураад тос маслаа цацсан, нэхэмжлэгч моторыг өөрөө задалж үзэхэд дээд духны хөтлөгч хос гинжний хоёр хөтлөгч арааны 17-гийн 2 боолт сулраад гадна тагаа дотор талаас нь хавирч түлхээд хагалсан, хоёр боолт сулраад их биен дэх дээд ангийн резьба алагдсан байсан, цаашид ажиллах боломжгүй болсон байсан тул шинээр мотор худалдан авч тавьсан байна. Ийнхүү Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, мөн 352.2.3-д доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох ком кольц 330.000 төгрөг, уклад их гар бие 230.000 төгрөг, крышкний жийрэг 45.000 төгрөг, 2 хос 140.000 төгрөг, масло шүүр 40.000 төгрөг, масло 65.000 төгрөг, тосол 10 литр 45.000 төгрөг, хагарсан тагны 90.000 төгрөг, ком дээд анги 1.650.000 төгрөг, 4 ширхэг форсунка 1.560.000 төгрөг, цалин хөлс 300.000 төгрөг, бензин 40.000 төгрөг нийт 4.525.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар 352.2.2-д заасныг баримтлан хариуцагч *******аас 4.525.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 87,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН