Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/58

 

 

                                     П.Лхагва-Очирт холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, ерөнхий шүүгч            Д.Буянжаргал

                                Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                            Б.Эрдэнэхишиг                                  

 

                Оролцогчид:

                    Хохирогчийн өмгөөлөггч             М.Гансүх

                    Шүүгдэгчийн өмгөөлөгч              Р.Атарцэцэг

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг  оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Лхагва-Очирт холбогдох эрүүгийн  дугаартай 2 хавтас, 175/2021/0071/Э индекстэй эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал, аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Лхагва-Очир, РД:/МХ91032010/;

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Лхагва-Очир нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд согтуугаар, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, “Залуус” гэр хорооллын шороон зам дээр 06-95 СЭА улсын дугаартай “Портер-2” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ иргэн З.Хуланг дайрч, амь насыг нь хохироосон ба дээрх хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх П.Лхагва-Очирт холбогдох хэргийг 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Лхагва-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан: “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан, мансуурсан үедээ зөрчсний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очирт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/-н жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх тус тус хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/-н жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх тус тус хэсэгт зааснаар 720 цаг (720x8 цаг) нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 9 /есөн/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Лхагва-Очирт оногдуулсан 4 /дөрөв/ жил, 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очирт оногдуулсан эрх хасах ялыг, түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

6.Энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын төлбөр 26,607,840 /хорин зургаан сая зургаан зуун долоон мянга найман зуун дөчин/ төгрөгнөөс шүүгдэгч П.Лхагва-Очир нь амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 9,000,000 /есөн сая/ төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очироос оршуулгын зардалд үлдэгдэл 17,607,840 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхтуяад олгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1,2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д тус тус зааснаар насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөөс гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхтуяад олгож,

-мөн журмын 3.4, 5.1-д зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очироос насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан, гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд нөхөн оруулсугай.

7.Энэхүү хэрэгт битүүмжилсэн 06-95 СЭҮ улсын дугаартай, “Портер-2” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч П.Лхагва-Очирт буцаан олгосугай.

8.Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн өмдний материалын хэсэг, бор шаргал өнгийн үс, хөх өнгийн джинсэн өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

9.Шүүгдэгч П.Лхагва-Очирт энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурор 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил, 6 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1тус тус/ зааснаар 720 цагийн /720x8 цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил, 9 сарын хугацаагаар тогтоосугай" гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, ойлгомжтой, тодорхой, хэрэгжүүлэхэд эргэлзээгүй байдлаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул зөвтгүүлэх шаардлагатай байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 өдөрт дүйцүүлэн шилжүүлж, хорих ялын хэмжээг тогтоосны дараа нэмж нэгтгэх байтал дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зааснаас үзэхэд хорих ялд нийтэд тустай ажил хийлгэх ялыг /дүйцүүлэн шилжүүлэлгүйгээр/ шууд нэмж нэгтгэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил, 6 сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн шилжүүлэн 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 9 сарын хугацаагаар тогтоосугай” гэх өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд 3 үндэслэлээр гомдол гаргасан. Нэгдүгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 23 цагт үйлдэгдсэн байгаа. Анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээ 1 жил хүртэл байвал хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил байна гэж заасан. Үүнийг анхан шатны шүүх хуралдаан дээр анхаарч хараагүй байсан ч хуулиа судлаад үзтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал үүсэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс П.Лхагва-Очирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргаагүй хохирол, төлбөрөө төлсөн байдаг. Анхан шатны шүүхээс 4 жил, 6 сарын хорих ял оногдуулсан боловч гомдол гаргасан үндэслэлийн тухайд Монгол Улсад 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хэрэгжсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.3, 4.4-д заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасахаар хуульчилсан байдаг. Энэ хууль нь хүн бүрд тэгш үйлчлэх ёстой учир П.Лхагва-Очирт оногдуулсан 4 жил, 6 сарын хорих ялаас 2 жилийг нь хасах нь зүйтэй гэж үзэж байна. Гуравдугаарт хохирол, төлбөрийн асуудлыг анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...хохирол, гэм хорын төлбөр 26,607,840 төгрөг” гэж тооцсон. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч талаас нийт 24,302,888 төгрөг нэхэмжилсэн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан баримтуудад шаардлага хангасан хангаагүй хамааралгүйгээр хүний амь нас хохирсон тул оршуулгын зайлшгүй зардалтай холбоотой баримтуудыг шүүхээс үнэлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Ингээд хэргийн материалд оршуулгын зардал 9,552,152 төгрөгийн баримт цугларсан байсан. Үүнээс шаардлага хангахгүй нотлох баримт цөөнгүй байсан ч хүний амь нас хохирсон юугаар ч орлуулж болохгүй гэх байдлаар шүүгдэгч талаас хохирлыг бүрэн хэмжээгээр төлсөн. Анхан шатны шүүх хурлаас өмнө 1,000,000 төгрөг өгч, 600,000 төгрөгөөр бяруу тооцож өгсөн байсан. Үүнд ямар нэг маргаан гараагүй ч шүүх хуралдаан дээр хохирогчийн өмгөөлөгчөөс бярууг ийм үнэтэйгээр хохиролд үнэлэхгүй, хасаж шийдвэрлүүлье гэсэн байр суурь илэрхийлсэн. Анхан шатны шүүх хурал дээр 8,000,000 төгрөг бэлнээр төлсөн байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад 9,600,000 төгрөг нийт төлөгдсөн байхад 9,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1.2-д заасан заалтыг үндэслэж, үлдэгдэл 17,608,400 төгрөг гаргуулж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар оршуулгын зайлшгүй зардлыг төлж барагдуулна гэж заасан. Гэм хорын төлбөр гэж байгаа цалингийн зээл, ломбардны хүү зэрэг зардлуудыг гаргаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь гэм хорын төлбөрийг л гаргахаас биш бусдад төлөх зээл, өрийг төлнө гэсэн хууль байхгүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн 15 дугаар тогтоолд зааж өгсөн байдаг. Энэ тогтоолоор гэмт хэргээс улбаатай боловч шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй гэж тайлбарласан. Тийм учраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд хохирол төлбөрөө төлсөн, төлөхийг илэрхийлсэн гэх нөхцөл байдал үүсэж байгаа тул уг зүйл заалтад зааснаар 2 жилийг хасаж өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хууль хэрэглээн дээр анхан шатны шүүх алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Үүнийг давж заалдах шатны шүүх дүгнэлт хийнэ биз гэж харж байна. Ер нь бол прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч хоёроос хөөн хэлэлцэх хугацааны хоног тоолсон асуудалд санал, дүгнэлт хэлээгүй энэ тал дээр анхан шатны шүүхэд туслаагүй. Тиймээс давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ үү. Хохирлын асуудалд олон зүйл яригдсан. Шүүх буруутай этгээдэд ял оногдуулж, зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой. Хохирогч талаас тэгвэл амь хохирогчийг “амилуулчих” гэж байгаа юм. Энэ бол боломжгүй зүйл. Гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хууль зөрчөөгүй. Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй байдлаар хэргийг шийдвэрлэсэн байж магадгүй ч үүнийг шууд зөрүүтэй гэж үзэхэд шүүгчийн дотоод итгэл үнэмшлийн асуудал юм. Ямар шалтгаан нөхцөл байна гэвэл амь хохирсон, тодорхой хэмжээнд хохирол гарлаа. Үүнийг яаж бодох вэ? гэдэг нь асуудал юм. Хуульд нийцсэн шаардлага хангаагүй нотлох баримт байхыг үгүйсгэхгүй. Би анхан шатны шүүхэд тайлбарлахдаа хэрэв ямар ч асуудалгүйгээр оршуулгын зардалд хэрэглээгүй баримт гэж үзвэл хасчих, амьдрал баян учир цаас элэгдэж муудна, тодорхой хэмжээнд зэдтэй холбоотой баримтыг хассан. Хэт давсан оршуулгын зардал байсан уу? гэвэл үгүй. Гэхдээ шүүхээс би битгий хэрэгсэхгүй болгоорой гэж хүсэж байна. Хэлэлцэхгүй орхичих, бид нотлох баримтыг хуульд нийцүүлээд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн юм. Хүний амь нас хохирсонтой холбоотой 1,000,000 төгрөг, оршуулгын зан үйлтэй холбоотой 1 бяруу өгснөө өмгөөлөгч маань өөрөө нөгөө бяруугаа 600,000 төгрөгийн үнэтэй гэж тогтоосонд хохирогч гайхаж байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хохирлын хэмжээг тогтоохоос өмгөөлөгч тогтоохгүй. Гэтэл хохирлоо төлчихсөн гэж тайлбарлаад байдаг. Нөгөөтэйгөөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Х.Энхтуяа гэдэг хүн тогтоогдож байгаа боловч ард нь үлдсэн хүүхдүүд нь хохирч байгаа. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн асуудлаар зарим баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр иргэний журмаар жич нэхэмжил гэсэн агуулга гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүхээс харгалзан үзэж, шийдвэрлэх боломжийг олгож өгнө үү. Ял шийтгэлийн хувьд бид өршөөлд орох ёстой, гэм буруугаа хүлээсэн гэж байна. Гэмт хэрэг үйлдсэн аргачлал, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд ямар байдалтай оролцсон бэ? хохирогч талд ямар байдалтай хандсан бэ? Энэ хүмүүс Өршөөлийн тухай хуулийг хүлээж байгаа аятай өмгөөлөгч авдаг, гэм буруугаа хүлээдэггүй, өөр хүн алсан гэх мэт мэтгэлцээн хийсэн үйл баримтууд байдаг. Хохирлын мөнгийг өгөхдөө хүртэл хохирогч талыг гомдоодог. Анхан шатны шүүх дээр мөнгө тоолоод л шидсэн байдаг. Хуульд нийцүүлж шийдвэрлэж өгнө үү, хэрэв хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэх бол хэлэлцэхгүй орхиж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас П.Лхагва-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 04 жил 09 сарын хорих ялаар шийтгэжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон  прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр П.Лхагва-Очирт холбогдох 2031002950195 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: 

Шүүгдэгчийн гэм буруу, Өршөөлийн хууль, хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Шүүгдэгч П.Лхагва-Очир нь нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 47-50 2-р хх-ийн 185-189/, гэрч Б.Болдбаатарын /хх-ийн 51-53/, Б.Ууганбаярын /хх-ийн 54-55/, Б.Золжаргалын /хх-ийн 56-57/, Б.Амарсанаагийн /хх-ийн 58-59/, М.Мөнхтулгын /хх-ийн 60-61/, Г.Батхуягийн /хх-ийн 62-63/, Н.Билгүүний /хх-ийн 65-66/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Цогцсонд задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84-94/, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №67 тоот дүгнэлт /хх-ийн 95-97/, П.Лхагва-Очирын цусан дахь согтуурлын хэмжээ тогтоосон 116 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101-102/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-20/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн оршуулгын зардлын зарим хэсгийг шүүгдэгч нөхөн төлсөн, үлдэх хэсгийг шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргасан байна.

Шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаагаа илэрхийлж, анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь: Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулсан ба гэм буруугаа хүлээсэн хүнд хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлах эсэх нь анхан шатны шүүхийн хуулиар тогтоосон эрх хэмжээний асуудал бөгөөд тухайн зүйл, хэсгийг баримтлаагүй үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой заасан байна.

Харин Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4-д заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн эдлэх ялаас 02 жилийг хасахаар заасан боловч шүүгдэгч П.Лхагва-Очир нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан гэмт хэргийн хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.   

Түүнчлэн шүүгдэгч П.Лхагва-Очир нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, “Залуус” гэр хорооллын шороон зам дээр 06-95 СЭА улсын дугаартай “Портер-2” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, иргэн З.Хуланг дайрч, амь насыг нь хохироосон ба дээрх хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэргүүдэд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар татагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, мөн зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2-д “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч П.Лхагва-Очирын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д “...Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан ба “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг нь дээрх ангилалд хамаарч, шүүгдэгч П.Лхагва-Очир нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж 10 дугаар сарын 26-нд яллагдагчаар татагдсан байх тул түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон  гэж үзнэ.   

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хэргийн  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, дээрх хугацаанд яллагдагчаар татагдан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.  

 

Улсын яллагчийн эсэргүүцлийн тухайд:

Прокуророос гаргасан “...Анхан шатны шүүх шүүгдэгч нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 өдөрт дүйцүүлэн шилжүүлж, хорих ялын хэмжээг тогтоосны дараа нэмж нэгтгэх байтал дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зааснаас үзэхэд хорих ялд нийтэд тустай ажил хийлгэх ялыг /дүйцүүлэн шилжүүлэлгүйгээр/ шууд нэмж нэгтгэсэн байна. Иймд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн хорих ялын 1 өдөртэй дүйцүүлэн үзэхэд 720 цаг нь 90 хоног буюу 3 сартай тэнцэж байх тул үүнийг шүүгдэгчид оногдуулсан 04 жил 06 сарын хорих ял дээр нэмж түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 04 жил 09 сарын хугацаагаар тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг 3 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрхэн яаж тооцож 3 сарын хугацаагаар хорих ял болгосон үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн зохих зүйл заалтыг баримтласан боловч аргачлалыг тусгаагүй байна.

Шүүгдэгч П.Лхагва-Очирт шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 720  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байх ба тухайн ялыг хорих ялд нэмж нэгтгэхдээ нийтэд тустай ажил хийлгэх ялын  08 цагийг  хорих ялын 01 өдөртэй дүйцүүлэн тооцоход  720 цаг нь  хорих ялын 90 хоног буюу 03 сар болж байна. 

Эрүүгийн  хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очирт  оногдуулсан 04 жил 06 сарын хорих ял дээр түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 720  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлсэн 03 сарын хугацаагаар хорих ялын нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 04 жил 09 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Хохирогчоос нэхэмжилсэн хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн зүгээс 1 дүгээр хавтаст хэргийн 185-242-р тал, 2 дугаар хавтаст хэргийн 07-35 дугаар талд иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг гарган ирүүлсэн ба оршуулгын зардалд 13,540,263 төгрөг зарцуулсан талаарх төлбөрийн болон зарлагын баримтууд, “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооноос авсан 634,520 төгрөгийн зээлийг хаасан баримт, “Баянмөнххаан” ХХК-ийн барьцаалдан зээлдүүлэх газраас авсан 262,500 төгрөгийн зээлийг хаасан баримт, Төрийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 10,404,043 төгрөг байгаа талаарх зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, өмгөөлөгчийн хөлсөнд 2,000,000 төгрөг төлсөн баримт зэргийг гарган ирүүлснийг анхан шатны шүүх үнэлж, 26,607,840 /хорин зургаан сая зургаан зуун долоон мянга найман зуун дөчин/ төгрөгнөөс шүүгдэгч П.Лхагва-Очир нь амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 9,000,000 /есөн сая/ төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очироос оршуулгын зардалд үлдэгдэл 17,607,840 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхтуяад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д тус тус зааснаар насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөөс гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхтуяад олгож, мөн журмын 3.4, 5.1-д зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очироос насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан, гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд нөхөн оруулахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхээр гаргасан дээрх шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Учир нь: -Хавтаст хэрэгт авагдсан оршуулгын зан үйлтэй холбоотой нэхэмжилсэн 13,540,263 төгрөгийн баримтуудыг дүгнэн үзэж дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн ба үүнээс нөхөн төлсөн 9,000,000 төгрөгийг хасч үлдэх 4,540,263 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох,

-Амь хохирогч З.Хулангийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооноос авсан 600,000 төгрөгийн зээлийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зээл хүүгийн хамт 634,520 төгрөг болгож хаасан болох нь, мөн “Баянмөнххаан” ХХК-ийн барьцаалдан зээлдүүлэх газраас 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 250,000 төгрөгийн зээлийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зээл хүүгийн хамт 262,500 төгрөг болгож  түүний эх Х.Энхтуяа нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул зээл зээлийн хүүнд төлсөн 897,020 төгрөг,

Мөн анхан шатны шүүх хохирогчоос өөрийн өмгөөлөгчид төлсөн хөлс болох 2,000,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын дагуу уг сангийн хөрөнгөөс гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхтуяад олгохоор шийдвэрлэсэн нь тус журмын 2.6.6-д заасан насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардал хамаарахаар байхад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийг хамааруулан шийдвэрлэсэн нь хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа болсон байх тул уг заалтад өөрчлөлт оруулж, 2,000,000 төгрөгийг тус тус  хохирогч Х.Энхтуяагийн эд хөрөнгөнд учирсан хохирол гэж үзэж шүүгдэгчээс нийт 7,437,283 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

-Харин Амь хохирогч З.Хулангийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банкны Цагааннуур сумын Тооцооны төвтэй цалингийн зээлийн гэрээ байгуулж 11,000,000 төгрөгийн зээл авч уг мөнгийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан, 2018 оны  09 дүгээр сарын 24-ний өдөр, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус тус нэмэлт зээл авч зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 05-нд төлж дуусахаар сунгагдсан байх ба 2020 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар 10,375,343 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь Төрийн банкнаас гаргаж ирүүлсэн зээлийн дансны хуулгаар /хх-ийн 33 тал/ нотлогдож байхад хавтаст хэргийн 58-60 дахь талд авагдсан Төрийн банкны барьцаат зээлийн гэрээ, түүний эргэн төлөгдөх хуваарийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 05-ны байдлаар 10,404,043 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар албан бичиг ирүүлсэн байх ба уг гэмт үйл явдал болсон өдрөөс хойш зээл зээлийн хүүгийн хамт хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байсан, үүнээс хэдэн удаагийн төлөлтийг хохирогч Х.Энхтуяа төлж барагдуулж, нийт хэдэн төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилж байгаа болон Төрийн банк яг хэдэн төгрөгийн зээл, хүүг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул энэхүү иргэний нэхэмжлэлийг тус эрүүгийн хэргийн хамт хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс дүгнэж 10,404,043 төгрөгийн буюу цалингийн зээлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.   

Хохирогч Х.Энхтуяа болон Төрийн банкны Цагааннуур сумын тооцооны төв нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолын 3, 6 дахь заалтуудад хэргийн зүйлчлэл, шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн.  

 

3 дугаар заалтыг

“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 04 /дөрөв/ жил, 06 /зургаа/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг хорих ялын 01 өдөртэй дүйцүүлэн тооцож 90 хоног буюу 03 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялын хэмжээг 4 /дөрөв/ жил, 9 /есөн/ сарын хугацаагаар тогтоосугай” гэж,

 

6 дугаар заалтыг

“6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очироос 7,437,283 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Энхтуяад олгож, цалингийн зээлийн үлдэгдэл 10,404,043 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэхүү шаардлагаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ