Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2019/0389

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, Ц.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн С.М, Ё.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Д.Унарыг оролцуулан Р СӨХ, У ХХК, Х ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар захирамжийн ЭХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Эвлэрлийн гэрээ-нд нэг талаас нэхэмжлэгч Р СӨХ, У ХХК, Х ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч нөгөө талаас Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Ё.Б нар /нэхэмжлэгч, хариуцагч талуудыг хамтад нь Талууд гэх/ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 68.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн харилцан буулт хийж дараах зүйлээр харилцан тохиролцож энэхүү Эвлэрлийн гэрээ /цаашид Гэрээ гэх/-г байгуулав.

1.Гэрээний зорилго нь Р хотхонуудын орчинд барьж байгуулсан автозам, талбай, ногоон байгууламж, тэдгээрийн газрын хэвлийд байгуулсан дээрх хотхонуудын цахилгааны эх үүсвэрийн болон бохир усны инженерийн шугам сүлжээ зэрэг бүтээн байгуулалтыг хөндөхгүйгээр авч үлдэх замаар хот төлөвлөлтийн зөв зохистой шийдлийг хадгалах талаар нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд харилцан .ойлголцон буулт хийж харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэнтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2.Хариуцагч нь гэрээний 1 -д заасан зорилгын хүрээнд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ЭХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар захирамжтай, ... дугаар болон ... дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалттай 5587 м.кв болон 5472 м.кв талбай бүхий хос газрын газар эзэмших эрх /цаашид эзэмших эрх гэх/-ийг нэхэмжлэгчийн хамаарал бүхий ТХХК-д шилжүүлж байгааг баталгаажуулах шийдвэр гаргах үүргийг энэхүү эвлэрлийн гэрээгээр хүлээж байгаагаа үүргээр баталгаажуулж байна.

3.Нэхэмжлэгч нь Нийслэлийн засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах үүргийг энэхүү эвлэрлийн гэрээгээр хүлээж байгаагаа үүгээр баталгаажуулж байна.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ЭХХК нь гэрээний 1-д дурдсан зорилгод нэгдсэнээ, гэрээний 2-т дурдсан газар эзэмших эрхээ Ө ХХК-д шилжүүлж байгаагаа илэрхийлж, мөн нэхэмжлэгч хариуцагч талуудын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.1, 68.2-т зааснаар ийнхүү эвлэрлийн гэрээ байгуулсан нь өөрийн эрх ашиг сонирхолд харшлахгүй гэсэн агуулгатай баталгааг шүүхэд гаргасан байгааг дурдаж байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөг улсын орлогод хэвээр үлдэх ба Хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцахгүй байхаар тохиролцов.

6. Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт ийнхүү эвлэрэн хэлэлцэх эрх итгэмжлэлээр олгогдсон болно.

7. Гэрээ нь нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гарын үсэг зурж шүүгчийн захирамжаар баталгаажсанаар хүчин төгөлдөр болно гэжээ.

Харин нэхэмжлэгч Р СӨХ, УХХК, Х ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Р СӨХ, УХХК, Х ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар захирамжаар ЭХХК-д олгосон …  дугаар болон … дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 5587 м.кв болон 5472 м.кв талбай бүхий газрын эрхийг хүчингүй болгуулах тухай маргаан тус шүүхэд хянагдаж байгаа билээ.

Т*******, Р хотхоны орчинд барьж байгуулсан авто зам ногоон байгууламж тэдгээрийн газрын хэвлийд байгуулсан инженерийн шугам сүлжээ зэрэг бүтээн байгуулалтыг хөндөхгүйгээр авч үлдэх замаар хот төлөвлөлтийн зохистой шийдлийг хадгалахаар гуравдагч этгээдийг оролцуулан эвлэрэн хэлэлцэж шийдэлд хүрсэн болно.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Р СӨХ, У ХХК, Х ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар захирамжийн ЭХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт ...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн Р СӨХ, У ХХК, Х ХХК-иудад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар ...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р СӨХ, У ХХК, Х ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар захирамжийн ЭХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР