Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/59

 

 

                                        Х.Энхтуяад холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, ерөнхий шүүгч            Д.Буянжаргал

                                Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                            Б.Эрдэнэхишиг                                  

 

                Оролцогчид:

                    Прокурор                                          А.Баясгалан

                    Шүүгдэгчийн өмгөөлөгч              П.Батжаргал /цахим/

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг  оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бууч овогт Хасгаагийн Энхтуяад холбогдох эрүүгийн 2131001480123 дугаартай, 175/2021/0108/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 3-6 насны 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Хонгор сумын 2 дугаар баг, Нам даваа гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Бууч овогт Хасгаагийн Энхтуяа, РД:/ОН85110479/,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Энхтуяа нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн ойн сангийн 3 дугаар мужлалд хамаарах Ерөө сумын 2 дугаар багт “Яргайт" гэх газраас цахилгаан хөрөө ашиглан 40 ширхэг нойтон нарс мод хууль бусаар бэлтгэж, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19-96 ДАР улсын дугаартай “Киа Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 599,471 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Х.Энхтуяад холбогдох хэргийг 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Бууч овогт Хасгаагийн Энхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтуяаг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтуяагийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Энхтуяад анхааруулсугай.

5.Шүүгдэгч Х.Энхтуяа нь энэхүү гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирол 2,052,000 төгрөгийг нөхөн төлснийг дурьдсугай.

6.Шүүгдэгч Х.Энхтуяа нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөө, битүүмжилсэн 40 ширхэг нойтон нарс модыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

8.Энэхүү гэмт хэргийн улмаас битүүмжилсэн 19-96 ДАР улсын дугаартай “Киа портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Г.Ганболдод буцаан олгосугай...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурор 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгч Х.Энхтуяагийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 19-96 ДАР дугаарын Киа портер загварын тээврийн хэрэгсэл нь иргэн Г.Ганболдын эзэмшлийнх, мөн шүүгдэгч Х.Энхтуяа нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан 2.052.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн дээрх 19-96 ДАР дугаарын тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгохоор дүгнэж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс заавал албадан гаргуулахаар зааснаас гадна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг /эсвэл түүний үнийг/ хамааруулж үзнэ.

Гэтэл шүүхээс шүүгдэгч Х.Энхтуяагийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 19-96 ДАР дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь баримтаар тогтоогдож байгаа тул хохирол төлөгдсөн эсэхээс үл хамаарч, тээврийн хэрэгслийн үнэ 1,200,000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулах тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтын агуулгыг зөв дүгнэж хэрэглээгүй гэж үзэж байна.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд хэрэгжих бөгөөд, заавал биелэгдэх шинжийг агуулдаг.

Иймд Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос “...шүүх хуралдаанд дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна...” гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг анхан шатны шүүхээс буруу хэрэглэсэн гэх эсэргүүцэл гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Албадлагын арга хэмжээг хэрэглээгүй орхисон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлээр хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах зохицуулалт байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 1-д ямар зорилгоор хэрэглэх вэ? гэдгийг зааж өгсөн. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 1-д зааснаар бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор албадан гаргуулна гэж заасан. Энэ хэргийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлчихсөн байгаа. Шинжээчийн дүгнэлтэд заасан хохирлоос 200,000 гаруй төгрөг илүү төлсөн байдаг. Тиймээс хохирлоо төлсөн учир заавал хураах шаардлагагүй. Хуульд ч зааснаар заавал хураа гэсэн заалт байхгүй. Тийм учраас анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрвээ заавал хураана гэвэл анхан шатны шүүх рүү буцаалгүй давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой юм гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Х.Энхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Энхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Х.Энхтуяад холбогдох 2131001480123 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: 

Шүүгдэгч Х.Энхтуяа нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн ойн сангийн 3 дугаар мужлалд хамаарах Ерөө сумын 2 дугаар багт “Яргайт" гэх газраас цахилгаан хөрөө ашиглан 40 ширхэг нойтон нарс мод хууль бусаар бэлтгэж, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19-96 ДАР улсын дугаартай “Киа Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 599,471 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон анхан шатны шүүх хэргийн үйл баримт хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Улсын яллагчийн зүгээс гаргасан “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид олгохоор заасан атлаа түүний үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар заагаагүй нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шйидвэрлэх боломжтой гэж үзэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “...Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус  заасан байна.

Шүүгдэгч Х.Энхтуяагийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнэ 1.200.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолын 8 дахь заалтанд хэргийн зүйчлэл, шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэхгүйгээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “....Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г гэмт хэрэг үйлдэх үедээ ашиг орлого олоогүй байх, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хэрэглэхгүй байхаар заагдаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн  

 

8 дугаар заалтыг:

“8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн “Киа Портер” маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Г.Ганболдод буцаан олгож, түүний үнэ 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Х.Энхтуяагаас гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ