Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/60

 

 

                                        Д.Ганзоригт холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, ерөнхий шүүгч            Д.Буянжаргал

                                Шүүгчид                                      Б.Эрдэнэхишиг                                  

                                                                            Г.Давааренчин                                  

 

                Оролцогчид:

                    Прокурор                                          А.Энхтуяа

                    Яллагдагчийн өмгөөлөгч             Г.Энхцэцэг

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг  оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох тухай 2021/ШЗ/345 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Должингийн Ганзоригт холбогдох эрүүгийн 2031002570007 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум 1 дүгээр баг, 3 дугаар гудамж, 14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт Должингийн Ганзориг /РД: МЖ79011211/,

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Д.Ганзориг нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 07:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг, 039 тоотод оршин суух иргэн Г.Самбуугийн гэрийн гадна аргамжаатай байсан цавьдар зүсний 1 тооны адууг хулгайлсны улмаас 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан; 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн байранд хэсгийн төлөөлөгч О.Мөнхболдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэний улмаас О.Мөнхболдын биед хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салст, дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний салст, дээд зовхи, хамар, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх Д.Ганзоригт холбогдох хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 2021/ШЗ/345 дугаартай шүүгчийн захирамжаар:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2030 жил, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 07-р сарын 02-ны өдөр гарсан "Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан яллагдагч Д.Ганзоригт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

2.Яллагдагч нь энэхүү гэмт хэргийн улмаас 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 01 сар, 08 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

3.Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, яллагдагч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

4.Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болтол Д.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурор 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Гэтэл мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно заасныг зөрчиж Д.Ганзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгчийн 345 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын  эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Яллагдагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй танилцсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж заасан. Манай үйлчлүүлэгчийн хувьд хөнгөн төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Энэ утгаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх бүрэн боломжтой байгаа. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.17 дугаар зүйлд яллагдагч, шүүгдэгчид эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна гэж заасан. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Д.Ганзоригт холбогдох 2031002570007 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: 

Яллагдагч Д.Ганзориг нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Самбуугийн аргамжаатай байсан цавьдар зүсний нэг тооны адууг хулгайлж иргэнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 03 пугаар сарын 14-ний өдрийн 15.00 цагийн үед  Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цагдаагийн хэсгийн  байранд хэсгийн төлөөлөгчийн албан үүргээ биелүүлэхтэй холбоотой шаардлагыг эсэргүүцэн нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдлийг зүйлчлэн хэргийг шийдвэрлүүлэхээр  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хэргийг хүлээн авсаны дараа яллагдагчийн өмгөөлөгчөөс  Улсын Их хурлаас  2021 оны 06 сарын 29-ний өдрөөс батлагдаж, 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн  дагуу хэргийг шүүгчийн захирамжаар  шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 345 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-д “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүхээс яллагдагч Д.Ганзоригийн үйлдсэн эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “ энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэснийг баримтлан түүний хэргийг өршөөн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/345 дугаартай захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/345 дугаартай захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд  буцаасугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Д.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                        

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН