Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/61

 

 

                                       Б.Даваанямд  холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг                                  

                                                                                       Г.Давааренчин

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Б.Сүрмандах

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч             М.Гансүх

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярмагнайн Даваанямд холбогдох эрүүгийн 1931004250035 дугаартай, 175/2020/0064/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 43 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан 1-р баг Царамын 2-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Боржигон овогт Баярмагнайн Давааням, /РД:МО77090516/

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.Давааням нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3-р багийн нутаг “Аргуут” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 83 ширхэг нарс мод бэлтгэж 11-91 СББ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 823.464 төгрөгийн бодит хохирол 2.470.392 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Даваанямд холбогдох хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 2021/ШЦТ/113 дугаартай шийтгэх  тогтоолоор:  

1.Шүүгдэгч Боржигон овогт Баярмагнайн Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг тус тус журамлан шүүгдэгч Б.Даваанямд холбогдох 193 100 423 0035 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.

З.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваанямаас байгаль орчинд учруулсан хохирол болох 2.470.392 /хоёр сая дөрвөн зуун далан мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Даваанямын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 11-91 СББ улсын дугаартай Хюндэй портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 дөрвөн сая төгрөг, 83 ширхэг хуурай нарс мод, гар хөрөө зэргийг хураан авч, шүүгдэгч Г.Буяндэлгэрийн гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөс түүний байгаль орчинд учруулсан хохирол болох 2.470.392 /хоёр сая дөрвөн зуун далан мянга гурван зуун ерэн хоёр/төгрөгийг нөхөн төлүүлж үлдэгдэл 1.529.608 /нэг сая таван зуун хорин есөн мянга зургаан зуун найм/ төгрөгийг болон энэ хэрэгт битүүмжилсэн 83 ширхэг хуурай нарс модыг худалдан борлуулсны орлого зэргийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 11-91 СББ улсын дугаартай Хюндэй портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч иргэн Ц.Гиймаад олгосугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гар хөрөөг устгасугай.

7.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Давааням нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай...гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: ...Шийтгэх тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс заавал албадан гаргуулахаар заасан агуулгатай байна. Хуульд заасан энэ албадан гаргуулах хөрөнгө, орлогод мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг хамааруулсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ техник хэрэгсэл ашигласан тохиолдолд түүнийг хураах, эсхүл үнийг гаргуулах зохицуулалтыг хэрэглэхдээ шүүгдэгч Б.Даваанямын хувьд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 2.470.392 төгрөгийг хураан авсан тээврийн хэрэгслийн үнэ 4 сая төгрөгнөөс хасч, хохирлыг төлөгдсөнөөр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ техник хэрэгсэл ашигласан бол тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхгүй байж болохоор харагдаж байна.

Хөрөнгө, орлого хураах нь эрүүгийн хариуцлагын нэг хэлбэр болох албадлагын арга хэмжээний нэг төрөл бөгөөд энэ агуулгаараа хэрэгжиж байгаа шүүхийн практик тогтоод байгаа болно. Уг албадлагын арга хэмжээ нь заавал биелэгдэх, шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхээс гадна, мөн давхар нөлөөллийн шинжтэй байдаг.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаль орчинд учруулсан хохирлын дүнг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнээс хасч, нөхөн төлсөнд тооцож, шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхгүй байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 83 ширхэг хуурай нарс модыг худалдан борлуулсан орлогыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн боловч дахин дээрх 83 ширхэг модны байгаль орчинд учруулсан бодит хохирол 823.464 төгрөг, /823.464x3/ нөхөн төлбөр 2.470.392 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар зааж шийдвэрлэж байгаа нь шүүгдэгчээс гаргуулах төлбөр, хохирлын хэмжээг давхардуулан өсгөсөн байдлыг мөн харгалзан дүгнэлт хийх байжээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтанд шүүгдэгч Б.Даваанямын нэрийг Г.Буяндэлгэр гэж алдаатай бичсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргээр 5 дахь удаагаа давж заалдах шатны шүүхээр орж байгаадаа баяртай байгааг илэрхийлье. Нөгөөтэйгөөр энэ хэргийг зөв шийдээсээ гэсэндээ маш олон талаар хуулийн хүрээнд мэтгэлцсэн. Б.Даваанямын хувьд шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлж чадахгүй байна. Прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэх зүйл нийлэхгүй зүйл байна. Бид эх газрын эрх зүйн тогтолцоотой гэдгээ мартаж болохгүй. Бид хэзээ ч шүүхийн жишиг ашиглахгүй, хийсэн үйлдэлд нь л тохируулна. Энэ бол прокурорын үндэслэл болгож буй нэг хэсэг нь юм болов уу гэж бодож байна. Анхан шатны шүүх хурлаар 6 дахь удаагаа ороход би тайлбар хэлээгүй “та нар яаж шийдмээр байна дуртайгаараа л бол” гэсэн юм. Шударга шүүхээр шийдвэрлүүлэхэд хүний эрх дордохгүй байх ёстой ч зөвшөөрөлтэй, андуураад орсон модны хэргийг шийдвэрлэх гэж 2 жил гаруй хугацаа өнгөрлөө. Манай өнгө л ийм байна. Яагаад энэ хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулж, яагаад цаг хугацаагаар яллаж байна вэ? Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг яагаад дур дураараа тайлбарлаад байна вэ? Дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж байгаа хэдий ч прокурор, шүүгч 2 ярилцаж байгаад ингэж шийдсэн шүү дээ. Энэ хэргийг шийдсэн шүүгч прокурорын амыг харж ангайж байгаад л шийдсэн. Худлаа биш шүү. Дээд шатны прокурорын эсэргүүцлээс нэг үзэл санаа нь таалагдахгүй байна. Шүүх практик тогтоосон учир хохирлыг төлүүлье, машиныг нь хураая, ял өгье нэг ёсондоо хуулийн дагуу дээрэмдье гэж байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсныг нь улсын орлого болгоё гэсэн агуулгатай. Прокурорын эсэргүүцлийн 1 дэх заалтад маш ноцтой үг, хэллэг байна. “Албадлагын арга хэмжээ заавал биелэгдэнэ, энэ чинь ял юм, ингэж байж нийгэмд зөв хандлага төрүүлнэ шүү, давж заалдах шатны шүүх ээ анхан шатны шүүх нь ингэхгүй байна шүү” гэсэн хар агуулгатай эсэргүүцэл бичсэн. Би 2 дахь заалтынх нь хувьд өөрийнхөө хуульчийн үзэл санааг тайлбарлахгүй учир нь энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулна. Прокуророос манай талд санал хэлж байна тиймээс давж заалдах шатны шүүх дүгнэлтээ хийнэ үү. Шүүхийн тогтоолд буруу бичигдсэн алдааны талаар эсэргүүцэлд дурдаагүй. Гэхдээ л давж заалдах шатны шүүх бодоорой гэсэн санааг хэлж байна. 2 жилийн хугацаанд чамгүй их дарамтад байгаагаа илэрхийлсэн учир одоо хууль нийцүүлээд дураараа л шийднэ үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Даваанямд холбогдох 1931004250035 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Давааням нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн нутаг “Аргуут“ гэх газраас 11-91 СББ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсгэл ашиглан  зохих зөвшөөрөлгүйгээр  83 ширхэг нарс мод ойгоос бэлтгэж байгаль экологид 823.464 төгрөгийн бодит хохирол 2.470.392 төгрөгийн хор уршиг учруулсан гэх мэт хэрэг үйлдсэн болох нь:

 Гэрч С.Мөнхзулын “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “Хазаа” гэх газар хяналт шалгалт хийх явцад 11-91 СББ улсын дугаартай Портер  маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь зогсоож шалгахад  түлээний нарс мод зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан тул саатууллж шалгасан... Тус иргэнд  Хүдэр сумаас мод бэлтгэх зөвшөөрөл олгосон байх боловч тухайн зөвшөөрлөөр Алтанбулаг сумаас мод бэлтгэх ёсгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Энхтүвшингийн “... Сэлэнгэ аймгийн ИТХурлын 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор Шаамар сумын орон нутгийн хэрэглээний мод бэлтгэх сумыг мод огтлолтын төрөл бүрээр зааж өгсөн. Хүдэр сумын “Шанд”гэх газарт  Шаамар сумын иргэдийн түлээний мод бэлтгэх 48 га талбайд тусгаарлалт хийж, мод бэлтгэх ажил 2019 оны 10 сарын 31-ний өдрөөс эхэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Батсүхийн “... Хүдэр сумын “Шанд”гэх газарт  Шаамар сумын иргэдэд түлээний мод бэлтгэх ажил 2019 оны 10 сарын 31-ний өдрөөс эхэлсэн. Иргэн Б.Давааням нарт 2019 рны 10 сарын 31-ний өдөр эрхийн бичиг бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Алтангэрэлийн “... Би 2019 оны 10 сарын 31-ний өдөр Шаамар сумын иргэн Б.Давааням нарын иргэдэд мод бэлтгэх талбайг заалгуулж эрхийн бичиг бичүүлж, заавар зөвлөгөө өгсөн. Хаанаас ямар мод бэлтгэх талаар сайн мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлуүүлэгт өгсөн “... мод бэлтгэх газраа очсон олигтой хуурай мод байхгүй байхаар нь цааш явж мод бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 13 дугаартай дүгнэлт, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт зэрэг баримтуудаар баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Б.Даваанямын ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба  түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийн үндэслэлээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг  буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “...Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус  заажээ.

Шүүгдэгч Б.Давааням нь хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэхдээ иргэн Ц.Гиймаагийн өмчлөлийн 11-91 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан  болох нь хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон байх ба  хөрөнгийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгсэлийг 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр  үнэлсэн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 823.464 төгрөгийн бодит хохирол учирч Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 18-04-003/30 дугаартай актаар ойн санд учруулсан хохирлыг буюу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 2.470.392 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэжээ.  

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан зохицуулалт нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн  хувьд ногдох хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэглэх талаар нарийвчлан тусгасан.

         Тухайн шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдсон бөгөөд тус тээврийн хэрэгслийг хураан авах боломжгүй тул эрх бүхий этгээдээс тогтоосон хөрөнгийн үнэлгээг үндэслэн тээврийн хэрэгсэлийн үнэ 4.000.000 төгрөг гаргуулж, үүнээс хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

         Хууль бусаар бэлтгэсэн 83 ширхэг хуурай нарс модыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцох бөгөөд байгаль орчинд учруулсан хохирол, улсын байцаагчийн актаар тогтоогдсон нөхөн төлбөрт тус тус хамааралгүй бөгөөд 83 ширхэг хуурай нарс модыг хураан авч худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь шүүгдэгчээс гаргуулах төлбөр, хохирлын хэмжээг давхардуулсан гэж үзэх үндэслэлгүй тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

        Харин анхан шатны шүүх Б,Даваанямын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдсон байхад шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг баримталсан, мөн шүүгдэгчийн нэрийг Г.Буяндэлгэр гэж буруу бичсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

 

            4 дэх заалтыг:

           “4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваанямын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 11-91 СББ улсын дугаартай Хюндэй портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 дөрвөн сая төгрөг, 83 ширхэг хуурай нарс мод, гар хөрөө зэргийг хураан авч, шүүгдэгч Б.Даваанямын гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөс түүний байгаль орчинд учруулсан хохирол болох 2.470.392 /хоёр сая дөрвөн зуун далан мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг нөхөн төлүүлж, үлдэгдэл 1.529.608 /нэг сая таван зуун хорин есөн мянга зургаан зуун найм/ төгрөгийг болон энэ хэрэгт битүүмжилсэн 83 ширхэг хуурай нарс модыг худалдан борлуулсны орлого зэргийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.” гэсэн найруулгын өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхисугай. 

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ                               Д.БУЯНЖАРГАЛ

                                   ШҮҮГЧИД                                Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                        Г.ДАВААРЕНЧИН