Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2019/0376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК /РД:5349125/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч ... ,

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ...  дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын 120,064,807.83 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж баталгаажуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ... , нэхэмжлэгчийн өмгөөлөгч ... , З.У, хариуцагч Б.У, ... , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Манай компани нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Эрдэнэс таван толгой ХК-ийн нүүрсний уурхайгаас Их Британийн Виржинийн арлуудын хуулийн дагуу байгуулагдсан Икомпанитай 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 06/16 тоот Тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу зөвхөн экспортын нүүрсийг Эрдэнэс таван толгой ХК-ийн Таван толгой дахь нүүрсний уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт чиглэлд тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тайлант хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтаа авахаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээр тайлангаа баталгаажуулсан бөгөөд Татварын ерөнхий газрын Улсын татварын орлого, хяналтын газар нь татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийхдээ манай компанийн тайлант хугацааны нийт орлогоос 1,200,648,078.30 төгрөгийн орлогыг 0 хувийн НӨАТ-тай борлуулалтын орлогоос хасч тооцон, тухайн орлогод 120,064,807.83 төгрөгийн НӨАТ нөхөн ногдуулж, буцаан авах НӨАТ-ын хэмжээг 121,464,245.10 төгрөгөөр бууруулан, төсвөөс буцаан авах 205,525,420.40 төгрөгийн НӨАТ-ын татварын буцаалтыг 84,061,175.20 төгрөг болгон баталгаажуулан, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ...  тоот акт тавьсан.

Тайлант хугацаанд манай компанийн нийт тээврийн үйлчилгээний борлуулалтын орлого 5,602,739,119.4 төгрөг байсан бөгөөд үүнээс:

а/ 4,337,772,726.2 төгрөгийн тээврийн орлого нь 2017 оны 01 дүгээр сарын .01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Эрдэнэс таван толгой ХКи-йн уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт хүртэлх уртын урт тээврийн орлого,

б/ 1,200,648,078.3 төгрөгийн орлого нь 2018.01.01-ны өдрөөс 2018.04.30-ны өдөр хүртэлх хугацаанд уурхайгаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсэд буулгасан экспортын нүүрсний тээврийн /уртын/ орлого байсан болно. Манай компани уг акттай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр танилцсан бөгөөд манай зүгээс тус актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн Татварын маргаан таслах зөвлөлд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр gtl/1951 тоот албан бичгээр гомдол гаргасан болно.

Манай компани Икомпанитай 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 06/16 тоот Тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу нүүрсийн Таван толгойн уурхайгаас БНХАУ-ын Ганц мод гэсэн чиглэлээр буюу хилийн цаана буулгаж байтал 2017 оны 8 дугаар сараас эхлэн Гашуун сухайт автозамын дараалал ихэсч, 130-160 км-ийн урт дараалал үүсч нүүрс тээвэрлэлтэнд хүндрэл үүсч эхэлсэн бөгөөд Засгийн газраас уг асуудлыг шийдвэрлэхийн тулд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 320 тоот Нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын тогтоол гаргасан билээ. Уг тогтоолын 1.1-д Гашуун сухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэлх түр хугацаанд нүүрсний тээвэрлэлтийг Таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэл чиглэлээр тус тус зохион байгуулах ..." гэж заасан учир Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Их Британийн Виржинийн арлуудын хуулийн дагуу байгуулагдсан Икомпанитай хийсэн гэрээгээ 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шинэчилэн байгуулж, уурхайгаас Цагаан хад дахь гаалийн хяналтын бүх, гаалийн хяналтын бүсээс БНХАУ-ын Ганц мод боомт гэсэн чиглэлээр хийсэн. Гэрээний дагуу манай компани нь Икомпанид Чалко компанийн экспортлох зорилгоор Эрдэнэс таван толгой ХК-иас худалдан авсан нүүрсийг уурхайгаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Цагаан хад дахь гаалийн хяналтын бүс, гаалийн хяналтын бүсээс БНХАУ-ын Ганц мод боомт гэсэн чиглэлээр тээвэрлэх үйлчилгээ үзүүлсэн болно. Манай компанийн гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл эхний удаа 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хурлаараа авч хэлэлцээд Улсын төсвийн орлого, хяналтын газрын байцаагч нарын тавьсан 2119000003 тоот актыг хүчингүй болгосон 23 тоот тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолыг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал ...баталгаажуулах хууль зүйн үндэслэлгүй... гэж үзэн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/... 67 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлд буцаасан.

Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөл манай гомдлыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлаараа дахин авч хэлэлцээд өмнөх 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар гаргасан тогтоол, шийдвэрээ өөрчлөн, УТОХГ-ын татварын улсын байцаагч нарын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ...  дугаар актыг хэвээр баталсугай гэсэн ...  тоот тогтоол гаргаж, уг тогтоолыг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/05 тоот тушаалаар баталгаажүулсан болно. Татварын маргаан таслах зөвлөлийн ...  тоот тогтоолын үндэслэх хэсэгт ...Их Британийн Виржинийн арлуудын хуулийн дагуу байгуулагдсан И  компанийн төлөөлөгчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 019 дүгээр шийдвэрийг үндэслэн Гадаадын хуулийн этгээдийн газрын ...  тоот гэрчилгээ олгосон байна...гэсэн тухайн хуулийн этгээдийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.1-д заасан шаардлагыг хангаж байгааг үндэслэл болгосон байдаг. Улмаар ...уг орлогыг тээврийн үйлчилгээ хийсэн ажлын тооцоо нийлсэн баримтыг үндэслэн тээврийн үйлчилгээ үзүүлсэн ТХХК-ийн Чингис хаан банкин дахь ...  тоот юанийн дансанд Төлөөлөгчийн газрын ХААН банкин дахь ...  тоот харилцах данснаас шилжүүлэг хийсэн нь гомдол гаргагчаас ирүүлсэн төлбөрийн даалгавар, банкны шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэх зэрэг баримтаар нотлогдож байх тул... гэж үнэн зөв дүгнэсэн атлаа цааш нь үргэлжлүүлээд ...оршин суугч бус этгээдээс тээврийн үйлчилгээний орлогыг шууд хүлээн авсан гэдэг нь нотлогдохгүй байна... гэж өөрсдийнхөө гаргасан дүгнэлттэй зөрчилдсөн эсрэг дүгнэлт хийсэн байна.

Цааш нь үндэслэх хэсэгт ...Иймд Их Британийн Виржинийн арлуудын хуулийн дагуу байгуулагдсан И  ХХК-ийн төлөөлөгчийн газар нь Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жапан тауны зүүн тал хаягт байрлах, гадаадын хуулийн этгээдийн ...  тоот гэрчилгээтэй, Нийслэлийн татварын газарт татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх тул уг этгээдийг Монгол улсад оршин суугч албан татвар төлөгч гэж үзэх үндэслэлтэй байна... гэжээ.

И  ХХК нь Монгол улсад зөвхөн төлөөний газраа л бүртгүүлж ...  гэрчилгээ аван, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, тухайн компанийн өөрийнхөө Монгол улсад байгаа төлөөний газарт нь ажилладаг ажилтныхаа хувь хүний орлогын албан татварыг суутган төлөх асуудлаар л Монгол улсын татварын байгууллагад Хувь хүний орлогын албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснийг ...Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Монгол улсад оршин суугч татвар төлөгч гэж үзэх үндэслэлтэй... гэж буруу дүгнэсэн байна.

Татварын маргаан таслах зөвлөл нь дээрх буруу дүгнэлт дээрээ үндэслээд ...  тоот тогтоолын үндэслэх хэсэгтээ /6-р хуудас/ ... Г XXК нь улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээг гүйцэтгэсний төлбөрийг Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан И  кампанийн төлөөлөгчийн газрын харилцах дансаар хүлээн авдаг болох нь уг төлөөлөгчийн газрын нэхэмжлэх болон харилцах дансны хуулгаар нотлогдож байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ гэж үзэхээргүй байна... гэж дүгнэсэн.

Цааш нь үндэслэх хэсэгт /6-р хуудас/ ...Иймд Таван толгойн нүүрсний орд- Цагаан хадны гаалийн хяналтын бүс - Таван толгойн нүүрсний орд чиглэлийн тээврийн үйлчилгээ нь Монгол улсын хилийн дотор хийгдэж буй үйлчилгээ тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол улсып хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэж заасны дагуу уг үйлчилгээний орлогод 10 хувийн татвар ногдуулан төсөвт төлөх төлөхөөр байх тул гомдол гаргагчийн экспортод гаргаж байгаа нүүрсийг тээвэрлэсэн, Монгол улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн экспортын тээврийн үйлчилгээнээс орсон орлого нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу 0 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвартай байна гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэлээ... гэжээ.

Манай компанийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны хооронд Икомпанийн нүүрсийг Таван толгойн уурхайгаас Цагаан хад хүртэл тээвэрлэсэн үйлчилгээнээс олсон 1,200,648,078.3 төгрөгийн орлого нь И  компанийн Төлөөлөгчийн газрын данснаас манай компанийн дансанд харилцах дансаар бэлэн бусаар орсон болохыг нотолсон банкны дансны хуулгыг магадлагч П.Долгормаад нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд энэхүү баримтуудаар Илимитэд компани нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгч ангиллын хуулийн 5.4 1 -д заасан ... төлөөний газраараа дамжуулан Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж гэдэгт хамаарч байгаа, мөн 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл Хуулийн нэр томъёоны тодорхойлолт гэсэн хэсгийн 4.1.6.6.б-д: оршин суугч бус гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.4-т заасан Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийг хэлнэ ... гэж зааснаар Илимитэд компани нь Монгол улсад оршин суугч бус гадаадын этгээд болох нь нотлогдож байна. 2015 оны НӨАТ-ийн хуулийн 12 дугаар зүйл Албан татварын 0 хувь хэрэглэх гэсэн бүлгийн 12.1-д экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар /буюу 0 хувь/ албан татвар ногдуулна, 12.1.2 Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ; 12.1.4 Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/... гэж зохицуулснаар манай компанийн И  компанид 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд үзүүлсэн нүүрс тээврийн үйлчилгээнээс олсон 1,200,648,078.3 төгрөгийн орлого нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.4-д заасны дагуу татварын О хувь ногдуулна гэдэгт хамаарна гэж бид үзэж байна.

Иймээс Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн гаргасан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ...  дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг хүчингүй болгож өгнө үү.

Бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4 дэх заалтаар татварын байцаагчийн тавьсан актаар Г ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтаар авах ёстой байсан 204 сая төгрөгөөс хорогдуулсан 120 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалтыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны 06/16 гэрээгээр Илимитед компанитай Тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний үйлчлэлийн явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол улсын Засгийн газраас 320 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолд хэд хэдэн зохицуулалт хийж өгсний дотор нүүрсний тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах зорилгоор тодорхой эрх бүхий албан тушаалтнуудад чиглэл, үүрэг өгсөн Нүүрсний тээвэрлэлтийн талаарх зарим арга хэмжээний тухай тогтоол гарсан. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс Их Британи, Виржини арлуудын хуулийн дагуу байгуулагдсан Илимитед компанитай тээвэрлэлтийн үйлчилгээний гэрээг шинэчилж байгуулсан.

Энэ гэрээнд үзүүлэх үйлчилгээ, гэрээний нөхцөл, шаардлага, үйлчлэх хугацаа зэргийг тогтоосноос гадна хавсралтуудад тухайн гэрээний төлбөр болон үйлчилгээний чиглэлүүдийг нарийн тодорхой зааж өгсөн. Энэ нь манай үйлчлүүлэгчийн хүсэл зоригоос үл хамаарсан зохицуулалт болсон. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан талууд гэрээний нөхцөлөө өөрчлөн хавсралтуудад үйлчилгээний чиглэл, үнэ гэх мэтчилэн гол гол нөхцөлүүдээ шинэчлэн тохирсон. Гэрээлэгч талын эрх зүйн байдлыг нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын гэрчилгээ буюу Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ буюу төлөөлөгчийн газрын эрхтэй гэсэн гэрчилгээ байгаа. Илимитед компанийн эрх зүйн байдлыг тодотгож өгч байгаа гэрчилгээ байгаа. Шүүхэд хүсэлт гаргасны дагуу тухайн компанийн талаар Улсын бүртгэлийн газраас тодруулга авсан. Энд гадаадын хуулийн этгээд гэснийг шүүх анхаарч үзэхийг хүсье. Мөн Монгол тээвэр нэгдэл болон дурдсан 18 байгууллага Засгийн газрын тогтоолыг бид хэрхэн хэрэглэх, үйл ажиллагаандаа яаж ашиглах талаар эрх бүхий байгууллага буюу Татварын ерөнхий газарт хандсан. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгээр Монгол тээвэр нэгдэл ХХК тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын нэрийн өмнөөс албан бичгээр хандахад Татварын ерөнхий газраас нэмэгдсэн өртгийн албан татварыг яаж зохицуулах талаар маш тодорхой тодруулга албан бичиг өгсөн байдаг. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Татварын ерөнхий газар 05/510 тоот албан бичгээр Татварын удирдлага, хамтын ажиллагааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гарын үсэг зурж баталгаажуулсан албан бичиг ирсэн. Энэ нь Засгийн газрын тогтоолтой холбоотой хууль хэрэглээний талаарх асуудлаар эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас авч байгаа чиглэл буюу удирдамж гэж бид ойлгож байна. Мөн Татварын Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23, 12 дугаар сарын 25-ны өдрийн ...  тоот тогтоолын хооронд гомдол гаргагчийн хүсээд байгаа зүйл ижилхэн атал агуулга нь өөр буюу нэг байгууллагаас гарч байгаа тогтоол нь хоорондоо зөрчилтэй, агуулгаа ойлгоогүй, нэгдсэн ойлголтгүй, хууль хэрэглээний хувьд асуудалтай байгаа нь харагдаж байна.

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ...  тоот тогтоолын үндэслэх хэсэгт хуулийн зүйл заалтыг Маргаан таслах комисс үндэслэсэн. ...  тоот тогтоолын 5 дугаар хуудсын доороосоо 3 дахь мөрнөөс хууль хэрэглээг тайлбарласан. Нэмэгдсэн өртгийн албан татварын 4.1.6, 7.1, 7.1.3, 12.1, 11.12, 12.1.4 зэрэг хуулийн зүйл заалтуудыг дурдсан. Гэтэл өнөөдрийг хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт 12.1.4 заалтыг хамааралгүй мэтээр тайлбарлаж байгаа ч өөрсдийнхөө гомдол дээр тайлбарласан.

Илимитед компани нь Монгол улсад зөвхөн төлөөний газраараа үйл ажиллагаа явуулдаг. Эрхийн хэмжээнд гэрээ байгуулах, хэлцэл хийдэг субъект. Тухайн компани өөрийнхөө төлөөний газарт ажилладаг ажилчдынхаа хувь хүний орлогын албан татварыг төлөх зорилгоор татварын байгууллагад гэрчилгээ авч татвар төлөгчөөр бүртгүүлдэг. Тэгэхээр Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн тус тусдаа зохицуулалт явж байна гэж ойлгогдохоор байна. Илимитед компани нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.4 дэх заалтад хамаарна. 12.1 дэх заалтыг дор дурдсан ажил үйлчилгээнд татварын 0 хувь хэрэглэнэ гэсэн зохицуулалт. Энд үйлчилгээний тодорхой төрлүүдийг нэрлэн заагаагүй учраас бид хуулийг агуулгын хүрээнд хэрэглэдэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт экспортод заасан ажил үйлчилгээнд 0 хувь хэрэглэх заалт. Талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл Монгол улсын оршин суугч этгээдэд үзүүлсэн үйлчилгээ гэж харагдахаар байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн хэлэлцүүлгийн явцад маргаад байгаа хуулийн зохицуулалтын талаар хэлье. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт манай бараа үйлчилгээнд орохгүй гэж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын 12.1.4 заалт олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдуулан Монгол улсын хилийн татвар салгаж хийсэн тээвэрлэлт энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэснээс 12.1.4 дахь заалт хамаарахгүй гэсэн заалт байхгүй.

Ачаа тээврийн үйлчилгээ учраас хамруулж байгаа гэж байгаа ч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 экспортод гаргасан дараах бараа ажил үйлчилгээнд энэ хуулийн 12.1.2 дахь заалтаар албан татвар ногдуулна гэж байгаа. Манай үйлчилгээний эцсийн зорилго экспортын бүтээгдэхүүн. Хэрэв экспортын бүтээгдэхүүн гэж үзэхгүй бол яагаад Засгийн газрын тогтоолоор 2 салгаж байгаа юм бэ? Засгийн газрын 320 тогтоолоор 2 салгасан болохоос эцсийн бүтээгдэхүүн нь экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт буюу Монгол улсад оршин суугч бус этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээ 0 хувьд орж байгаа. Хариуцагч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтыг хэрэглэхгүй зохицуулалт хаана байгаа юм бэ гэхээр Татварын ерөнхий хуулийн зарчмыг барьж байгаа гэж байна. Гэтэл энэ зарчмын хүрээнд манай нэхэмжлэлийн шаардлага аль зарчмын хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх зохицуулалт орохгүй гэсэн заалт хаана байгаа нь тодорхойгүй. Орохгүй гэсэн хуулийн үндэслэлээ тайлбарлаж, хамгаалж чадсангүй. Талуудын гаргаж байгаа тайлбар, мэтгэлцээний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Б.У, ...  нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Гс ХХК нь 5349125 тоот бүртгэлийн дугаартай, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах хүсэлт ирүүлсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааг хамруулан татварын хяналт шалгалт хийж, Улсын төсвийн орлого, хяналтын газраас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулалтын ...  тоот акт үйлдэж, олон улсын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчийн Монгол Улсын дотор салгаж хийсэн тээвэрлэлтийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар /10 хувь/ ногдуулан төсвөөс буцаан авах 205,525,420.40 төгрөгийг 121,464,245.10 төгрөгөөр бууруулан 84,061,175.2 төгрөгөөр баталгаажуулсан. Дээрх шийдвэрийг татвар төлөгч эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ...  тоот тогтоолоор Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулалтын актыг хэвээр баталсан.

Гс ХХК -ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Их британийн Виржиний арлуудын хуулийн дагуу байгуулагдсан Икомпанитай байгуулсан Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу Таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэл чиглэлээр тус тус зохион байгуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Монгол улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/; гэсэн заалтын дагуу 0 хувьтай борлуулалт гэж үзэх үндэслэлтэй гэж дурдсан байна.

Тус компанийн үзүүлж байгаа олон улсын ачаа тээврийн үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтанд хамаарахгүй, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ гэсэн зарчмын дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.2, 12.4 дэх заалтад хамаарч байна. Гс ХХК-д олон улсын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвөөс олгосон бөгөөд Их британийн Виржиний арлуудын хуулийн этгээд Икомпанитай байгуулсан "Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-нд дурдсанаар Эрдэнэс таван толгой ХК болон компани хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн нүүрсний тээврийг хариуцна гэж заасан байсан бөгөөд мөн гэрээнд тээврийн хөлсний төлбөрийг захиалагч Икомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан Ти Ти Си энд Ти ХХК-иар дамжуулан төлбөр тооцоо нийлэх, тээврийн ажлыг хийж гүйцэтгэх, тээвэрлэх зам нь Эрдэнэс таван толгой ХК-ийн уурхайгаас БНХАУ-ын Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулж ирсэн.

Татварын улсын байцаагчид бид Гс ХХК-ийн 2017 оны 220,542,741.80 төгрөгийн, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны 980,105,336.50 төгрөгийн борлуулалтын орлогыг Таван толгойн нүүрсний орд, Цагаан хадны хяналтын бүс-Таван толгойн нүүрсний орд чиглэлд хамаарч байгааг татвар төлөгчийн зам ашиглалтын гэрээ, Замын хураамж-ийн төлбөрийн тооцоо зэргээр нотлогдож байгаа болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.3. Монгол улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 11 дүгээр зүйлийн 11.2-т Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг 0-тэй тэнцүү байна, 12 дугаар зүйлийн 12.1 -т Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна;, 12.1.2-т Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ: гэж зохицуулсан заалтыг хэрэглэх нөхцөл нь Монгол улсын хилээр дамжуулан гаргасан ачаа тээврийн үйлчилгээнд хамаарахаар байна.

Иймд Таван толгойн нүүрсний орд -Цагаан хадны хяналтын бүс-Таван толгойн нүүрсний орд чиглэлийн тээврийн үйлчилгээ нь Монгол Улсын хилийн дотор хийгдэж буй үйлчилгээ тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.4-т Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй. гэж заасныг үндэслэн Монгол улс дотор салгаж хийсэн тээвэрлэлтэнд 120,064,807.80 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, төсвөөс буцаан авах татварыг бууруулан тооцсон. Мөн Олон улсын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчийн орлогод 0 хувь хэмжээг хэрхэн хэрэглэх талаар ажлын чиглэл хүссэний дагуу Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/3414 тоотоор ...хуулийн энэ шаардлагыг хангахын тулд Монгол улсын олон улсын гэрээ байх шаардлагатай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.4 дэх заалтыг баримтлан ажиллах чиглэл ирүүлснийг баримтлан ажилласан. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Татварын улсын байцаагчид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.2, .12.4 дэх хэсгийг удирдлага болгон төсвөөс авах нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг 120 сая төгрөгөөр бууруулсан шийдвэр гаргасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт нь Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээнд 0 хувийн татвар ногдоно гэж байгаа. Хуулийн 12.4 дэх заалт Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 121.2 дахь заалт хамаарахгүй гэж байгаа. Өөрөөр хэлбэл дотоодын салгасан ачаа тээвэрлэлтэд 12.1.2 дахь заалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар 0 хувь ногдуулна гэсэн заалтыг хэрэглэхгүй гэсэн 12.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг бууруулсан. Экспортод гаргаагүй, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн уурхайгаас Цагаан хад буюу гаалийн хяналтын бүсэд буулгасан. Гаалийн хяналтын бүс Монгол улсын хилийн бүс биш. Тухайн ачаа барааг бүртгэл явуулах, хамгаалах зохион байгуулалттайгаар гаалийн хяналтын бүсийг байгуулсан байдаг. Нэгэнт экспортод гаргаагүй ачаа барааг Цагаан хаданд буулгасан, Монгол улсын хил дээр дотор гэдгээ хүлээн зөвшөөрсөн хирнээ Монгол улсын хилээр гаргасан гээд төсвөөс их хэмжээний татварыг авах гээд байгааг ойлгохгүй байгаа. Экспортод гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн хирнээ гаргасан гэж үзнэ гээд төсвөөс их хэмжээний мөнгө авах гээд байгаа.

Маргаан таслах зөвлөл асуудлыг сайн авч үзсэн. Маргаан таслах зөвлөлийн шийдвэр албажаагүй байхад Маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу гомдол гаргасан. Энэ гомдлыг Маргаан таслах зөвлөл авч үзээд өөрчлөх шаардлагатай, хуульд нийцээгүй шийдвэр байна гэж гаргасан. Татварын албаны дарга тушаалаараа баталгаажуулаад маргаан өнөөдрийг хүртэл явж байгаа. Уртын урт, уртын, богинын гэсэн тээвэрлэлт байгаа. Экспортод гаргаагүй байсан ч хил доторх үйлчилгээг олон улсын ачаа тээвэр гэж үзээд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг өгөх тохиолдолд Татварын алба нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болчхоод байгаа. Цагаан хад хүртэл тээвэрлэлт гэсэн маршруттай байсан ч гэсэн экспортод гаргах боломжтой байсан гэж маргахад шалгах шаардлагагүй төсвөөс их хэмжээний буцаан олголтыг олгох байдал үүсэж байгаа. Энэ хуулийн шаардлагыг биелүүлээд явж байгаа татвар төлөгчид ч байна. Хэрэв энэ нөхцөл байдлыг хуульд нийцүүлэхгүйгээр шийдвэр гарах тохиолдолд хуулиа хэрэгжүүлээд байсан аж ахуйн нэгж төсвөөс буцаан олголт авах бас нэг эрсдэл үүснэ. Өнөөдөр төсөвт их хэмжээний хохирол үүсэх нөхцөл байдал үүснэ.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Татварын ерөнхий хуулийн процесстэй холбоотой харилцаа Татварын ерөнхий хуулийн 3.2 дахь заалтаар үйлчлээд явдаг. Хариуцлага хүлээлгэх заалт тухайн үед үйлчилж байсан хуулиар зохицуулалт нь хийгдээд явдаг. 3.2 дахь заалт Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ гэж байгаа. Олон улсын ачаа тээвэрлэлттэй холбоотой харилцааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.2 дахь хэсгээр маш тодорхой зохицуулахаар заасан. Тэгэхээр энэ зөвхөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтыг хэрэглэх ёстой байсан, хэрэглэхгүй байсан гэсэн харилцаа болохоос 12.1.4 дэх заалттай хамааралгүй. Бид 12.1.4 дэх заалтыг авч үзээгүй. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гс ХХК ийн хүсэлтээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нар тус компанийн 2017 оны 1 дүгээр сарын 01-нээс 2018 оны 4 дүгээр сарын 30-ныг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулахдаа 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ...  тоот актаар олон улсын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчийн Монгол Улсын дотор салгаж хийсэн тээвэрлэлтийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар /10 хувь/ ногдуулан төсвөөс буцаан авах 205,525,420.40 төгрөгийг 121,464,245.10 төгрөгөөр бууруулан 84,061,175.2 төгрөгөөр баталгаажуулсан байна.

Гс ХХК нь татварын улсын байцаагчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ...  тоот актын 120,064,807.83 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж баталгаажуулсан хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргажээ.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл Гс ХХК ийн гомдлоор 2019 оны 10 дугаар сарын 10-нд хэлэлцээд 23 дугаартай тогтоолоор татварын улсын байцаагчийн 2019 оны ...  тоот актад өөрчлөлт оруулан төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 204,125,983.10 төгрөгөөр баталгаажуулж, уг тогтоолыг Татварын ерөнхий газрын дарга баталгаажуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/... 67 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлд буцааснаар Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дахин хэлэлцээд ...  дугаартай тогтоолоор татварын улсын байцаагчийн 2019 оны ...  дугаар актыг хэвээр баталжээ.

Гс ХХК нь олон улсын ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын хамрах 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Их Британийн Виржинийн арлуудын Икомпанитай тээврийн үйлчилгээний гэрээгээр Өмнөговь аймгийн Эрдэнэс таван толгой ХК-ийн Таван толгой нүүрсний уурхайгаас экспортын нүүрсийг БНХАУ руу тээвэрлэсэн, тухайлбал Тээврийн үйлчилгээ үзүүлэх 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 06/16 тоот гэрээгээр нүүрсийг уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт чиглэлд /уртын урт тээвэрлэлт/, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 05/18 тоот гэрээгээр тээвэрлэлтийн чиглэл 1 нь уурхайгаас Цагаан хадны Гаалийн хяналтын талбайд /уртын тээвэрлэлт/, чиглэл 2 нь Цагаан хадны Гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Ганц модны боомт /богинын тээвэрлэлт/ чиглэлд тээвэрлэлт хийсэн байна.

Тээвэрлэлтийн чиглэлд ийнхүү өөрчлөлт орсон нь 2017 оны 8 дугаар сараас эхлэн Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн автозамд урт дараалал үүссэн хүндрэлийг Засгийн газраас шийдвэрлэж, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 320 дугаартай Нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарган Гашуун сухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэлх түр хугацаанд нүүрсний тээвэрлэлтийг Таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэл чиглэлээр зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотой бөгөөд Засгийн энэ шийдвэрийн дагуу тээвэрлэлтийн гэрээндээ ийнхүү өөрчлөлт оруулж тээвэрлэлтийн чиглэлийг Таван толгойн уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт чиглэлд уртын урт тээвэрлэлт 2017 онд хийж байсныг 2018 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал уурхайгаас Цагаан хадны Гаалийн хяналтын талбайд уртын тээвэрлэлт, Цагаан хадны Гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Ганц модны боомт хүртэл богинын тээвэрлэлтийг хийсэн байна.

Уурхайгаас БНХАУ-ын хилийн цаана Ганц модны боомтод нүүрсийг буулгаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтаар Монгол Улсаас гадаад улсад гаргасан олон улсын ачаа тээврийн үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хувиар ногдуулж байсныг тээвэрлэлтийн чиглэлд ийнхүү өөрчлөлт орж уурхайгаас Цагаан хадны Гаалийн хяналтын талбайд уртын тээвэрлэлт хийснийг мөн зүйлийн 12.4 дэх олон улсын ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхдээ Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд дээрх 12.1.2 дахь нэмэгдсэн өртгийн албан татвар 0 хувь ногдуулах заалтыг хэрэглэхгүй гэж үзэн энэ уртын чиглэлд гүйцэтгэсэн тээврийн үйлчилгээний 120 тэрбум төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар тооцож, нэмэгдсэн өртгийн албан татварын төсвөөс авах буцаалтыг энэ дүнгээр 120,064,807.83 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж баталгаажуулснаас энэ маргаан үүсчээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актын нэмэгдсэн өртгийн албан татварын төсвөөс авах буцаалтыг 1,399,437.3 төгрөгөөр бууруулсан /суудлын автомашин, түүний эд анги сэлбэгт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар, хувьдаа болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар, бусад/ хэсэгт нэхэмжлэгч маргаагүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд тухайн төрлийн албан татвар ногдуулахад үйлчлэх бөгөөд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ үүнд хамаарахын зэрэгцээ, 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд энэ төрлийн албан татвар ногдуулна. Гэхдээ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т дээрх 7.1.3-т заасан Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд ногдуулан нэмэгдсэн өртгийн албан татвар 0 хувь байхаар зааж, албан татварын 0 хувийг хэрхэн хэрэглэхийг 12 дугаар зүйлээр нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэрэглэх бараа, ажил үйлчилгээг экспортод гаргасан гэх нөхцлийг зааж хуульчилсан, тодруулбал 12.1.2 дахь заалт нь Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар 0 хувь байх, 12.1.4 дэх заалт нь Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн экспортод гаргасан үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/-нд нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь ногдуулахаар байх зохицуулалт юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэрэглэх зохицуулалт агуулсан энэ хуулийн 12 дугаар зүйлд хэнд, ямар үйлчилгээнд хамаарах, хамаарахгүй хүрээг тодорхойлсон, тухайлбал, 12 дугаар зүйлийн 12.4-т Олон улсын ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд дээрх 12.1.2 дахь 0 хувь хэрэглэх заалт хамаарахгүй гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэрэглэх олон улсын ачаа тээвэрлэлтийн гэрээгээр хийгдэж буй тээвэрлэлтийн үйлчилгээ нь экспортод гаргасан бараа, үйлчилгээнд хамаарах ёстой, тодруулбал 12.4 дэх салгаж хийсэн тээвэрлэлт гэдэгт хилийн наана хүргэсэн, экспортод гаргаагүй буюу уурхайгаас Цагаан хадны гаалийн баталгаат агуулах хүртэлх уртын тээвэрлэлтийг ойлгох бөгөөд, харин уурхайгаас Цагаан хадны гаалийн баталгаат агуулах хүртэлх уртын тээвэрлэлт, тэндээс цааш БНХАУ-ын Ганц модны боомт хүртэлх богинын тээвэр, нийтдээ уурхайгаас Ганц модны боомт хүртэлх уртын урт тээвэрлэлтийн чиглэлд дунд нь ийнхүү салгаж ачсан тээвэрлэлтийг энэ ойлголтод хамааруулахгүй.

Уурхайгаас Цагаан хадны гаалийн баталгаат агуулах хүртэлх уртын тээвэрлэлт, тэндээс цааш БНХАУ-ын Ганц модны боомт хүртэлх богинын тээвэр, нийтдээ уурхайгаас Ганц модны боомт хүртэлх Уртын урт тээвэрлэлтийн үйлчилгээний орлогод 12.1.2, 12.1.4 дэх заалтуудаар нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хувиар тооцож төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулсан, энэ тээвэрлэлтийн тоо, ачааны хэмжээ, орлогын тооцоололд талууд маргаангүй.

Тодруулбал 1,200,648,078.3 төгрөгийн өртөг бүхий тээвэрлэлтийн үйлчилгээ нь зөвхөн Таван толгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэлх тээвэрлэлт байсан, энэ дүнд Таван толгойн уурхайгаас - Цагаан хадны гаалийн хяналтын бүс БНХАУ-ын Ганц модны боомт хүртэлх тээвэрлэлтийн орлого ороогүй гэдэгт, үнийн тооцоолол машины замын хуудас дахь нүүрсний тонн хэмжээний дүнгээс бодогдсон талаар нэхэмжлэгч, хариуцагч талууд маргаагүй.

Монгол Улсаас гадаад улсад гаргасан олон улсын ачаа тээврийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хувиар ногдуулж байсныг тээвэрлэлтийн чиглэлд ийнхүү өөрчлөлт орж уурхайгаас Цагаан хадны Гаалийн хяналтын талбайд уртын тээвэрлэлт хийснийг мөн зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлт гэж үзээд 12.1.2 дахь нэмэгдсэн өртгийн албан татвар 0 хувь ногдуулах заалтыг хэрэглэхгүй, татварыг 10 хувиар тооцохоор байх тул төсвөөс буцаан авах татварыг бууруулж, 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөр баталгаажуулсан акт үндэслэлтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарсан Засгийн газрын шийдвэрээр хилийн наана буулгаж, салгаж тээвэрлэхээр тогтоож өгсөн ч 1,200,648,078.3 төгрөгийн өртөг бүхий Таван толгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэлх тээвэрлэлтийн тухайд зөвхөн бараа нь экспортын зорилготой байсан гэдгээр экспортод гаргасан тохиолдолд эдлэх нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувийг хэрэглэх үндэслэл болохгүй.

Гэхдээ хариуцагчийн тайлбарласанчлан 12.1.2 дахь заалтыг хэрэглэх нь тээвэрлэлтийн үйлчилгээний хувьд илүү нарийвчилсан зохицуулалт гэж 12.4 дэх заалтаар хилийн наана салгаж хийсэн тээвэрлэлт тул 12.1.4 дэх заалтыг огт хэрэглэхгүй гэсэн үг биш, нөгөө талаас гадаад улсад бүртгэгдсэн хуулийн этгээдийн Монгол улс дахь төлөөлөгчийн газраар /төлөөлөгчийн газар нь татварын тодорхой төрлөөр буюу Хувь хүний орлогын албан татварыг суутган төлөгч эсэхээс үл хамааран/ дамжуулан Монгол улс дахь арилжааны банкаар тээвэрлэлтийн гэрээний төлбөрийг төлсөн нь оршин суугч бус этгээд биш гэж үзэх үндэслэл болохгүй.

Хэдий дээрх хуулийн 12.1.2 дахь заалтыг хэрэглэсэн нь 12.1.4 дэх заалтыг хэрэглэхэд саад болохгүй, мөн оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ байх боловч бүхэлдээ 12 дугаар зүйлийг экспортод гаргасан бараа, үйлчилгээний тухайд хэрэглэх тул Таван толгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэлх буюу хилийн наана хийгдсэн уртын тээвэрлэлтийн үйлчилгээний хувьд экспортод гаргасан гэж үзэхгүй тул нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэрэглэхгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 12.1.4, 12.4 дэх хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ...  дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын 120,064,807.83 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж баталгаажуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай Гс ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА