| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2023/02088/И |
| Дугаар | 135/шш2024/00566 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 135/шш2024/00566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2023/02088/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** багт байрлах, утас:***** регистрийн дугаартай, ***** ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хороолол, ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг нийт 20,015,233.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ***** ******* Дархан бизнес зээлийн гэрээний үүрэгт нийт 20,015,233.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
*****, ***** нар нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *****тай цалингийн зээлийн гэрээг байгуулж 15,500,00 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан болно. Зээлдэгч *****, ***** нар нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *****тай зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх талаар хэд хэдэн удаа мэдэгдсэн боловч төлөөгүй. Зээлийн гэрээний төлбөр 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 12,423,842.27 төгрөг, үндсэн хүү 7,113,533.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 477,847.96 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 800, нийт 20,015,233.17 төгрөг байна. Тус компани нь *****т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Учир нь үндсэн зээлдэгч ***** нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан учир хуулийн хүрээнд хамтран зээлдэгч *****оос нэхэмжилсэн. Иймд зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заагдсан хугацаанд төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний дагуу 20,015,233.27 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ***** нь 2011 оноос одоог хүртэл группт байдаг. Онош нь сахар диабей, тархины хатингаршилтай. Биеийн байдал нь ой санамж муу, маш мартамхай ганцаардмал, ууртай, архины хамааралтай. *****тай гэр бүлийн баталгаагүй, хамтран амьдардаг байсан. *****наас 2018 оны 09 дүгээр сард цалингийн зээл авсан үндсэн зээлдэгч *****ын хамтран зээлдэгч гэж үзэн үндсэн зээлдэгч *****ыг нас барснаас хойш 1 жилийн дараа нэхэмжлэл ирүүлсэн. Уг зээлийг ***** төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед ***** нь 280,000 төгрөгийн тэтгэмжээс өөр орлогогүй, үндсэн хөрөнгөгүй байсан. ***** нь одоогийн байдлаар 700,000 төгрөгийн орлоготой. Хариуцлага хүлээх чадваргүй хүнийг хамтран зээлдэгч болгохдоо ******* *****ийн хөрөнгө орлогыг тодорхойлоогүй, эрсдэлийг тооцоогүй. ***** нь ямар *******анд очиж гарын үсэг зурсан болон мөнгө авсан эсэхээ мэддэггүй. Банканд ***** ямар ч хөрөнгө барьцаалаагүй. Үндсэн зээлдэгч ***** нь цалингийн зээл авахдаа ирээдүйн орлого болох цалингийн орлогоо барьцаалан зээл авсан. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт үндэслэн зээлдэгч нас барснаар уг зээл дуусгавар болгохоор хуульчилсан. *****ийг Дарханы эмнэлгүүдээр явж үзүүлэхэд тархины мэдрэлийн хялгасан судаснуудын цус харвалттай гэх онош тогтоогдсон. Банк өөрөө маш эрсдэлтэй зээл олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл /хх-ийн 4-8 дахь тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3 дахь тал/, зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 9-11 дэх тал/, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолт /хх-ийн 12 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ***** шийдвэр /хх-ийн 14-15 дахь тал/, *****ны Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 16 дахь тал/, Зээлийн дансны хуулганууд /хх-ийн 18-21 дэх тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1514 дугаартай шийдвэр /хх-ийн 51-52 дахь тал/, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ***** дугаартай магадлал /хх-ийн 53-55 дахь тал/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл /хх-ийн 31 дэх тал/ Дархан сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 дэх тал/, Бриллиант эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 41 дэх тал/, 0520677 дугаартай Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 42 дахь тал/, *****ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *****дугаар захирамж /хх-ийн 67 дахь тал/, тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийдвэр /хх-ийн 118-120/ зэргийг тус тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ***** ******* хариуцагч *****т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 20,015,233.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *****ны гүйцэтгэх захирлын тушаалаар *****ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Норихико Като нь 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 734 дугаартай тушаалаар *****ны тусгай активын хэлтсийн захирал ***** 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлээр бүх шатны шүүхэд *******ийг төлөөлөх эрх олгожээ.
*****ны тусгай активын хэлтсийн захирал ***** нь гүйцэтгэх захирлаас олгосон хугацааны дотор буюу 2023 оны 8 сарын 09-ний өдрийн 18/10/0191 дугаартай итгэмжлэлээр Дархан бизнес ийн захиралд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нэг жилийн хугацаагаар олгосон байх ба уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул *******ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018 онд үндсэн зээлдэгч ***** нь цалингийн зээл авахад хамтран зээлдэгчээр тухайн үед хамтран амьдрагч ***** гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Банкны зүгээс хүчээр зуруулсан зүйл байхгүй. Тухайнд үед ***** нь сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурсан. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний чөлөөт байдлын дагуу өөрөө зөвшөөрөөд гарын үсэг зураад хамтран зээлдэгч болсон учраас нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Банк хамтран зээлдэгчийг шалгах шалгуур үзүүлэлт байх ёстой. Гэтэл ямар ч тэтгэмжээс өөр орлогогүй, хөдөлмөрийн чадвар алдалттай хүнээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан, үндсэн зээлдэгч нас барсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргадаг болно.
4. ***** ХК нь зээлдэгч *****, ***** нартай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ***** тоот зээл болон барьцааны гэрээг байгуулан 15,500,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, цалин барьцаалан зээл олгож, зээлийг *****ын 4305117622 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 сарын 30-ны өдөр дууссан болох нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ***** тоот Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 9-11 дүгээр хуудас/
Зээлдэгч ***** нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 5,951,265.70 төгрөг төлсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 17-21 дүгээр хуудас/
Мөн зээлдэгч ***** нь 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 43 дугаар хуудас/
5. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Талууд гэрээнд гарын үсэг зурсан байдал, үнийн дүн буюу зээлийн үлдэгдэл, хүүгийн тооцооллын талаар маргаж тайлбар гаргаагүй болно. Өөрөөр хэлбэл эдгээр нь маргааны зүйл болоогүй байна.
5. Нэхэмжлэгч ***** ХК нь үндсэн зээлдэгч ***** нас барсан, хамтран зээлдэгчээр ***** нь гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагч *****оос шаардаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ны шаардлага хангаагүй, хөдөлмөрийн чадвар алдалттай, группийн мөнгөнөөс өөр орлогогүй хүнийг хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зуруулсан нь үндэслэлгүй, ***** нь өвчний улмаас 2011 оноос одоог хүртэл хөдөлмөрийн чадвар 80 хувь алдалттай группт байдаг гэж маргаж, тайлбар гаргадаг болно.
Хариуцагч талаас дээрх тайлбартайгаа холбогдуулан *****эмнэлгийн толгойн соронзон резонанст томографын шинжилгээний баримт, 2022 оны 02 сарын 25-ны өдрийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, тус шүүхийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийдвэр зэргийг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ***** нь өвчний улмаас 2011 оноос одоог хүртэл хөдөлмөрийн чадвар 80 хувь алдалттай группт байдаг гэх тайлбарыг үгүйсгэж маргаагүй, мөн *****наас зээл олгохдоо хамтран зээлдэгчид төлбөрийн чадварын талаар тодорхой шалгуур байхгүй тул энэхүү үндэслэл нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хамааралгүй гэж тайлбарлаж байна.
6. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 23 дугаар зүйлд зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтлөх зээлийн хувийн хэрэгт зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлийн батлан даалт, батлан даагчийн бүртгэл судалгаа, зээлдэгчийн орлогын талаарх мэдээлэл зэргийг заавал бүрдүүлэхээр хуульчилжээ.
Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д зааснаар зээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад *******наас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй гэж заасан.
7. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь зээлдэгч *****ын цалинг барьцаалсан зээл бөгөөд хариуцагч ***** нь хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурж байгаа тохиолдолд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж, мөн дээрх хуульд заасан шаардлагуудыг ******* хангах үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар талууд зээлийн гэрээ байгуулахаас өмнө хариуцагч ***** нь өвчний учир хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас группт байсан болох нь тогтоогдож байна гэж үзнэ.
Гэтэл нэхэмжлэгч ******* хамтран зээлдэгч *****оор гэрээнд гарын үсэг зуруулахдаа хувийн хэрэг хөтөлсөн эсэх, улмаар зээлдэгч *****ийн орлогын талаарх мэдээлэл, баримтыг хувийн хэрэгт бүрдүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр зээл олгоход хамтран зээлдэгчийн төлбөрийн чадварын талаар ямар нэгэн шалгуур байхгүй, орлоготой байх эсэх нь хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь дээрх хуульд заасантай нийцэхгүй байх тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Мөн ******* зээл олгохдоо зээлдэгч *****ийн санхүүгийн чадвар, бусад *******наас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
8. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.3-т: Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хавсралт-1-д заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд уг хугацаа дууссан өдрөөс эхлэн Банк холбогдох хууль тогтоомжийн дагуу барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасан бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлд *****ын цалингийн орлого болон 4305117622 дугаартай дансны орлогыг барьцаанд тавьжээ. Энэхүү дансны дугаар нь *****ын эзэмшлийн данс байсан байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгахаар заасан.
Талуудын байгуулсан гэрээнээс үзэхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зөвхөн зээлдэгч *****ын цалин, дансны орлогыг барьцаалсан байгаа бөгөөд хариуцагч ***** энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах талаар гэрээнд тусгаагүй байгаа нь дээрх хуульд заасныг зөрчсөн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар хариуцагч ***** нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурсан байгаа боловч дээр дурдсан хуульд заасан шаардлагуудыг хангаагүй байх тул түүнээс гэрээний үүргийг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.
9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч *****т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ***** ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Хариуцагч нь шүүх хуралдаан дээр тус шүүхийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн ****** дугаартай шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус шийдвэрээр хариуцагч *****ийг эрх зүйн чадамжгүйд тооцсон байгаа боловч энэхүү шийдвэр нь түүнээс өмнө байгуулагдсан гэрээний үүргийн талаарх шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй болохыг дурдаж байна.
10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,030 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *****оос 20,015,233.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***** ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,030 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ