| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00412/И |
| Дугаар | 135/шш2024/00582 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 135/шш2024/00582
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00412/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***** хороо, ***** зүүн урд байрлах, ***** ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сум, ***** баг, ***** хаягт байрлах, ***** ХХК-д холбогдох,
274,713,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ***** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...274,713,625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид нь шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрэлдээ:
Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ***** ХХК нь ***** ХХК хариуцагч талтай доорх нөхцөлөөр эвлэрч харилцан тохирч байна.
1. ***** ХХК-ийн нэхэмжлэлийн мод бэлтгэл нийлүүлэх гэрээний үндсэн төлбөр 183,475,750 төгрөгийг, тус гэрээний 12.4-р заалтын дагуу алданги 50,000,000 төгрөгийг, нийт 233,475,750 төгрөгийг ***** ХХК нь ***** ХХК-д төлөхөөр тохиролцов.
2. Нэхэмжлэлийн шаардлагад туссан алданги 41,237,875 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ***** ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч ***** ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд зохигчид нь шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож, нэхэмжлэгч ***** ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 274,713,625 төгрөгөөс алданги 41,237,875 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ***** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 233,475,750 төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох гэж хуульчилсан байна.
Дээрх хуульд зааснаар зохигчдын байгуулсан эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,531,520 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,325,329 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ***** ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч ***** ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч ***** ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 274,713,625 төгрөгөөс алданги 41,237,875 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ***** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 233,475,750 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,531,520 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,325,329 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ