| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0315/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/289 |
| Огноо | 2017-11-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч М.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О-д холбогдох эрүүгийн 1738002460101 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.О.
Шүүгдэгч М.О нь 2017 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шувуутын ам” гэх газар ... улсын дугаартай УАЗ пургон маркын автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд сууж явсан Г.Ц, Ц.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.О нь 2017 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шувуутын ам” гэх газар ... улсын дугаартай УАЗ пургон маркын автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд сууж явсан Г.Ц, Ц.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед би өөрийн төрсөн дүү С-ийн хамт Рэнчинлхүмбэ сумаас Мөрөн сум руу явахаар сумын пургон автомашинд суугаад явж байсан. Тэгээд явж байгаад осол гараад нэг мэдсэн чинь гадаа хэвтэж байсан. Дахиад ухаан ороод сэрэхэд би эмнэлэгт хүргэгдээд ирчихсэн байсан. Би тухайн үед яаж явж байгаад осол болсныг огт мэдэхгүй байна. Тэр үед болсон зүйлүүдийг огт санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр би Улаан-Уул сумаас Мөрөн сум руу буцах гээд замын унаа хайж байгаад Рэнчинлхүмбэ сумаас Мөрөн сум руу явж байгаа унаанд гуйж суусан юм. Миний суусан автомашинд надаас гадна 10 гаруй хүн байсан. Бид нар оройн 20 цагийн үед Улаан-Уул сумаас Мөрөн сум руу хөдөлсөн. Тэгээд явж байхдаа би унтаад явж байсан. Тэгж байхад шөнө /яг цагийг нь сайн санахгүй байна/ автомашинд сууж явсан хүмүүс орилолдоод унасан. Тэгэхээр нь сэрээд харахад автомашин уулын уруу уруудаж явсан. Тэгээд түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг ухаан ороод сэрсэн чинь автомашин онхолдчихсон, автомашинд байсан хүмүүс бүгдээрээ гарчихсан байсан. Тэгээд байж байхад манай урд талд явсан пургон машин ирээд зарим хүмүүсээ буулгаад манай автомашинд зорчиж явсан бие нь муу байгаа хүмүүсийг аваад Алаг-Эрдэнэ сумын эмнэлэг дээр очсон. Тухайн үед миний баруун хөл гишгэж болохгүй байсан ба эмнэлэгт очоод үзүүлэхэд баруун хөлний маань шилбэ яс хугарсан байсан учир эмнэлэг дээр боолгоод тэндээсээ эмнэлгийн автомашинаар Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Хохирогч С.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр найз О-ын пургон автомашины жолоочийн хойд талын буруу харсан суудалд суугаад Рэнчинлхүмбэ сумаас Хөвсгөл аймгийн төв орох гээд 14 цагийн үед сумаас хөдөлсөн. Тэгээд явж байхад шөнө гэнэт автомашин онхолдож осол болсон. Автомашинаас буухад Шувуутын даваан дээр осол болсон байсан. ...Миний үүдэн 7 шүд хугарсан бэртэл гэмтэл авсан. Одоо бүгдэд нь хиймэл шүд хийлгэсэн. Биеийн байдал хэвийн байгаа. ...Надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй. Эмчилгээний зардалд О-оос 2.000.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, мөн хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Гэрч Ч.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр буцах гээд 15 цагт Мөрөн сум руу явах пургон автомашинд суусан юм. Манай автомашин 18 цагийн үед Улаан-Уул суманд очсон. Тэгээд Улаан-Уул сумаас 20 цагийн үед Мөрөн сум руу хөдөлсөн. Мөрөн сум руу явж байх замдаа би унтаад явж байсан. Намайг унтаж байгаад нэг сэрэхэд автомашин уулын уруу руу эрчтэй уруудаж байсан. Би түүнийг хараад орилоод доошоогоо хараад хэсэг ухаан балартсан. Тэгээд сэргээд харахад автомашин аль хэдийнэ онхолдчихсон, дөрвөн дугуй нь дээшээ харчихсан, миний биеийн цээж хэсэг цонхоор гарчихсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Мөрөн сум руу явж байх замдаа би унтаад явж байсан. Намайг унтаад явж байхад хүмүүс шуугилдаад байхаар нь харсан чинь автомашин Шувуут уулын уруу руу хурдтай уруудаж явсан. Тэгэхээр нь сандраад унах нь тодорхой боллоо гэж бодоод хаалганаас гараараа бариад хамт явсан хүмүүстээ юмнаас сайн бариарай гэж хэлсэн. Тэгээд явж байхад нэг мэдсэн чинь л автомашин онхолдоод дөрвөн дугуй нь дээшээ хараад уначихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Бид нар шөнийн 02 цагийн үед Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шувуутын даваа уруудаад явж байхад автомашин эхэндээ зүгээр уруудаж явж байгаад жаахан тоормослож хурдаа хассанаа гэнэт л хурдтай уруудсан. Тэгж уруудаж явсаар байгаад автомашин урд хэсгээрээ газар руу хүчтэй мөргөөд шууд үсрээд дээшээ хараад уначихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 592 дугаартай дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 591 дугаартай:
1. Ц.Г-ийн биед гэмтэл тогтоогдлоо.
2. Ц.Г-ийн биед зүүн эгэм ясны хугарал, зүүн умдаг суудал ясны хугарал, тархи доргилт, нүдний салстын доорх цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
4. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 564 дугаартай:
Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Мөнх-Эрдэнийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 5-11 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч М.О нь хохирогч Ц.Г болон түүний асран хамгаалагч Ц.М нарт эмчилгээний зардал, хохиролд нийт 2.000.000 төгрөг төлсөн тухай 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-ийн 117 дугаар хуудас/, хохирогч Г.Ц-д эмчилгээ, эм тариа болон бусад төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн тухай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн эвлэрлийн гэрээ /хх-ийн 120 дугаар хуудас/, хохирогч С.Л-той 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эмчилгээний зардал төлж барагдуулсан тухай эвлэрлийн гэрээ /хх-ийн 122 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч М.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах зүйтэй байна.
Эрүүгийн 17380024600101 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.О-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-г 500 /таван зуу/ нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.О-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тогтсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Эрүүгийн 1738002460101 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН