Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/62

 

 

                                     Г.*******т холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Г.Давааренчин                                  

                                                                                       Б.Эрдэнэхишиг

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Б.*******

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.*******

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 1931004230034 дугаартай, 175/2020/0039/Э/001/2021/0179 индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн “Хяргас” суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг Бүүргийн 3-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* РД:/М078Ю2918/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.******* нь Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын Цөх 3 дугаар оаг “*******” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос 77 ширхэг 4.1365 метр куб хуурай нарс мод бэлтгэж, 18-35 СЭА улсын дугаартай Самсунг маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль экологид 838.532 /найман зуун гучин найман мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Г.*******т холбогдох хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 2021/ШЦТ/110 дугаартай шийтгэх  тогтоолоор:  

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг тус тус журамлан шүүгдэгч Г.*******т холбогдох 193 100 423 0034 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ээс байгаль орчинд учруулсан хохирол болох 2.515.296   /хоёр сая таван зуун арван таван мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 18-35 СЭА улсын дугаартай Самсунг эс вай-110 /Samsung Sy-110/ маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 дөрвөн сая төгрөг, 77 ширхэг хуурай нарс мод, улаан өнгийн цахилгаан хөрөө зэргийг хураан авч, шүүгдэгч Г.*******ийн гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөс түүний байгаль орчинд учруулсан хохирол болох 2.515.296 төгрөгийг нөхөн төлүүлж үлдэгдэл 1.484.704 төгрөгийг болон энэ хэрэгт битүүмжилсэн 77 ширхэг нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөө зэргийг худалдан борлуулж, орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 18-35 СЭА улсын дугаартай Самсунг эс вай-110 /Samsung Sy-110/ маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.*******т олгосугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай....гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс заавал албадан гаргуулахаар заасан агуулгатай байна. Хуульд заасан энэ албадан гаргуулах хөрөнгө, орлогод мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг хамааруулсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ техник хэрэгсэл ашигласан тохиолдолд түүнийг хураах, эсхүл үнийг гаргуулах зохицуулалтыг хэрэглэхдээ шүүгдэгч Г.*******ийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 2.515.296 төгрөгийг хураан авсан 18-35 СЭА дугаартай Samsung Sy-110 загварын тээврийн хэрэгслийн үнэ 4 сая төгрөгнөөс хасч, шүүгдэгчээс гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд, шударга ёсны зарчим' болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ техник хэрэгсэл ашигласан бол тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхгүй байж болохоор харагдаж байна.

Хөрөнгө, орлого хураах нь эрүүгийн хариуцлагын нэг хэлбэр болох албадлагын арга хэмжээний нэг төрөл бөгөөд энэ агуулгаараа хэрэгжиж байгаа шүүхийн практик тогтоод байгаа болно. Уг албадлагын арга хэмжээ нь заавал биелэгдэх, шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхээс гадна. мөн давхар нөлөөллийн шинжтэй байдаг.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаль орчинд учруулсан хохирлын дүнг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнээс хасч, нөхөн төлсөнд тооцож. шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхгүй байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох ширхэг хуурай нарс модыг худалдан борлуулсан орлогыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн боловч дахин дээрх 77 ширхэг модны байгаль орчинд учруулсан бодит хохирол 838.532 төгрөг, нөхөн төлбөр /838.532x3/ нөхөн төлбөр 2.515.296 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар зааж шийдвэрлэж байгаа нь шүүгдэгчээс гаргуулах төлбөр, хохирлын хэмжээг давхардуулан өсгөсөн байдлыг харгалзан дүгнэлт хийх байжээ.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  38.2           дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос”... дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцоно...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.*******т холбогдох хэрэг их явдалтай. Модны хэрэг нь хуульд зааснаар санаатай гэмт хэргийн ангилалд хамаарна. Г.******* нь эс үйлдэхүй хийсэн хэр нь шийтгүүлсэн байгаа. Давж заалдах шатны шүүх дараах зүйлсэд анхаарна уу. Би хууль хэрэглээ талаас үндэслэлээ тайлбарлаж буй нь шүүхийн хийж буй үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй тайлбарлахад бэрх нөхцөл байдлыг үүсгэж байна. Би харахдаа айлын эрх хүүхэд дураараа хүний хувь заяагаар тоглож байгаа мэт харагдаж байна. Яагаад ингэж тайлбарлаж байна гэхээр П.******* гэж хүн хохирогчоор тогтоогдсон. Миний зүгээс энэ хүнд ямар нэг хор уршиг учруулаагүй гэж маргалдсан. Модтой холбоотой бусад хэрэгт засаг даргыг нь сольж хохирогчоор тогтоосон байдаг. Г.*******т холбогдох хэргийг шийдсэн шүүх “...энэ модны хэрэгт хохирогч ямар хамаатай юм, хэрэггүй” гэсэн. Тэгээд тийм биш гэж маргалдтал утсаар яриад Алтанбулаг сумаас хүн дуудаж, иргэний нэхэмжлэгчээр тогтоохгүйгээр хурал хийнэ гэж дайрсан. Энэ асуудлаас болж шүүгч бид хоёрын дунд маргаан үүсэж, намайг шүүх хуралдааны дэг зөрчсөн гэсэн. Тэгээд яагаад хохирогчгүй юм бэ? гэсэн ч “болно” гэсэн тул хэлэх үггүй болсон юм. Үүнийг би шүүгчээс өөрөөс нь тодруулсан “та модны хэрэгт хохирогч хэрэггүй гэж хэллээ шүү” гэсэн. Тийм учраас энэ хэрэгт П.******* хохирогчоор тогтоогдсон байгаа. Би өнөөдөр хад мөргөсөн, юу хэлэхээ мэдэхгүй байна. Шүүгчээс би хууль нэхэхээр өөдөөс хууль хамаагүй гээд байгаа учраас миний хоолойны өнгө чангарч, шүүх хуралдааны дэг зөрчиж байна. Энэ бол энгийн жишээ өөр олон зөрчил энэ хэрэгт байгаа. Г.*******ийн асуудал бол их хэцүү. Машин нь эвдэрчихсэн газар дээр нь очоогүй байдаг ч энэ асуудлыг шалгаагүй. Төрийн албан хаагч нар сайдын 16 дугаар тушаалыг огт биелүүлээгүй байдаг. Хохирогч байхгүй гэж хэлсэн тул миний үйлчлүүлэгч үйлдэл, эс үйлдэхүйн талаар яриад хэрэггүй болсон. Тиймээс давж заалдах шатны шүүхээс харж үзнэ үү гэж хүсье гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Г.*******т холбогдох 1931004230034 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: 

Шүүгдэгч Г.******* нь Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” сумын Цөх 3 дугаар оаг “*******” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойгоос 77 ширхэг 4.1365 метр куб хуурай нарс мод бэлтгэж, 18-35 СЭА улсын дугаартай Самсунг маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль экологид 838.532 /найман зуун гучин найман мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон анхан шатны шүүх хэргийн үйл баримт хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Улсын яллагчийн зүгээс гаргасан “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ техник хэрэгсэл ашигласан тохиолдолд түүнийг хураах, эсхүл үнийг гаргуулах зохицуулалтыг хэрэглэхдээ шүүгдэгч Г.*******ийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 2.515.296 төгрөгийг хураан авсан 18-35 СЭА дугаартай Samsung Sy-110 загварын тээврийн хэрэгслийн үнэ 4 сая төгрөгнөөс хасч, шүүгдэгчээс гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд, шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ техник хэрэгсэл ашигласан бол тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхгүй байж болохоор харагдаж байна. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгөж өгнө үү” гэх эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д заасныг давхардуулан баримтлаж шийдвэрлэснээс 7.5 дугаар зүйлийн 4-д заасныг хасч хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шйидвэрлэх боломжтой гэж үзэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “...Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус  заасан байна.

Харин 7.5 дугаар зүйлийн 4-д шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан техник хэрэгсэл нь түүний өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон нөхцөлд хэрэглэх заалт байх бөгөөд шүүгдэгч Г.*******ийн ашигласан техник хэрэгсэл нь Б.*******ын өмч хөрөнгө болох нь хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул дээрх зүйл заалтыг хасч шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.*******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Самсунг эс вай-110 /Samsung Sy-110/ маркийн тээврийн хэрэгсэл нь 4.000.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний компаний дүгнэлтээр тогтоогдсон, анхан шатны шүүх 4.000.000 төгрөгнөөс гэмт хэрэг үйлдэгдэх үед учирсан модны экологи эдийн засгийн хохирол 2.515.296 төгрөгийг хохиролд нөхөн төлүүлж, үлдэх 1.484.704 төгрөгийг улсын орлогод буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн Алтанбулаг сумыг төлөөлөн хохирогчоор тогтоогдсон П.******* засаг даргын ажил үүргээ гүйцэтгэхгүй болсонтой холбогдуулан шүүхээс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 200 дугаартай захирамжаар тус сумын хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Амартүвшинг иргэний нэхэмжлэгчээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга, зорилтод нийцсэн байна.  

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтанд хэргийн зүйчлэл, шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэхгүйгээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “....Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г гэмт хэрэг үйлдэх үедээ ашиг орлого олоогүй байх, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хэрэглэхгүй байхаар заагдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

 

4 дүгээр заалтыг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Г.*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 18-35 СЭА улсын дугаартай Самсунг эс вай-110 /Samsung Sy-110/ маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөг, 77 ширхэг хуурай нарс мод, улаан өнгийн цахилгаан хөрөө зэргийг хураан авч, шүүгдэгч Г.*******ийн гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөс түүний байгаль орчинд учруулсан хохирол болох 2.515.296 төгрөгийг нөхөн төлүүлж үлдэгдэл 1.484.704 төгрөгийг болон энэ хэрэгт битүүмжилсэн 77 ширхэг нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөө зэргийг худалдан борлуулж, орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

      

                               ДАРГАЛАГЧ                               Д.БУЯНЖАРГАЛ

                                   ШҮҮГЧИД                                Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        Б.ЭРДЭНЭХИШИГ