Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0823/З |
Дугаар | 128/ШШ2019/0369 |
Огноо | 2019-06-13 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2019/0369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажав, түүний өмгөөлөгч Э.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Би Эс Майнинг ХХК, /РД:6081827/
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Ашигт малтмалын ашиглалтын МҮ-015646 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд зохих ёсоор өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Би Эс Майнинг ХХК-д буцаан олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Болормаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Хэргийн үйл баримтын тухайд, нэхэмжлэгч Би Эс майнинг ХХК-ийн эзэмшиж буй МҮ-015646 дугаартай, Шаазгайтын гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр анх 500.55 га талбайг эзэмшүүлсэн байдаг. Энэхүү 500.55 га талбайг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглосон газрын хилийг Засгийн газар 2011 оны 174 дүгээр тогтоол, 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосны дагуу 2013 онд 56.95 гектар болгосон байсан.
Улмаар Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор 2011 оны 174 тогтоолын хүчингүй болгож, 2012 оны 194 тогтоолын 2-р хавсралтыг хүчингүй болгож, 2012 оны 194 тоггоолын Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг болон Ойн сан бүхий газрын хилийн зааг хавсралтад өөрчлөлт оруулсан.
Иймээс 289 дүгээр тогтоолоор хилийн заагийг шинэчлэн тогтоож, тус хэм хэмжээний актаар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбай тодорхойлогдох болсон. Улмаар ийнхүү ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайн хилийн солбицлыг өөрчлөгдснөөр Би Эс майнинг ХХК-ийн эзэмшиж байсан талбай чөлөөлөгдсөн үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017.8.23-ны өдрийн 512 дугаар шийдвэр гарч МҮ-015646 тусгай зөвшөөрлийн 56.95 гектар болгон багасгасан байсан талбай дээр өмнө нь эзэмшиж байсан, чөлөөлөгдсөн талбайгаас нь зарим хэсгийг нэмж 236.65 га болгон буцаан олгосон байна. Гэвч тус 512 шийдвэр хууль ёсны шийдвэр болж чадаагүй учраас хүчингүй болгуулахаар тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
АМГТГ-ыл Кадастрын хэлтсийн даргын 2037 оны 512 дугаар шийдвэр нь хууль бус болох талаарх хууль зүйн үндэслэл, Тус актын үндэслэл болсон Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан зарчимд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох чиг үүргийг хэрэгжүүлээгүйн улмаас хууль ёсны шийдвэр биш гэж үзэж байна.
Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 512 дугаар шийдвэр буюу энэ хэргийн хувьд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 13 дугаар зүйлийн 13.5, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоол, АМГТГ-ын даргын а/154 тушаал, Моручи ХХК-аас ирүүлсэн албан бичиг гэж тодорхойлсон байх бөгөөд эдгээр эрх зүйн хэм хэмжээнээс төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тогтоосон болон хуулийн ерөнхий заалтуудыг эс тооцвол МҮ-015646 тусгай зөвшөөрлийн талбайг буцаан олгох гол үндэслэл болгосон 2 зохицуулалт нь:
Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ. гэсэн зохицуулалт болон МУ-015646 тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайн хилийн заагаас чөлөөлөгдсөн талаар зохицуулсан Засгийн газрын 2015 оны 289 тогтоол байна. Тодруулбал, энэхүү 289 дүгээр тогтоолоор хориглоогүй газарт ашигт малтмал хайх, ашиглах боломжтой, улмаар уг талбайг урьд нь эзэмшиж байсан этгээд нь давуу эрхтэйгээр үргэлжлүүлэн эзэмшүүлэх талаарх хэм хэмжээг үндэслэсэн байгаа юм.
Хариуцагч нь энэхүү үндэслэлээр 015646 тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг 2017 оны 512 дугаар шийдвэрээр нэмэгдүүлж олгохдоо захиргааны байгууллагын дур зоргын үндсэн дээр бус ямар хэмжээгээр нэмж олгох нь өөрөө үндэслэл болсон эрх зүйн акт болох 289 тогтоолд нийцэх учиртай байтал уг тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоогүй буюу товчхондоо чөлөөлөгдсөн талбайг тусгай зөвшөөрөл эзэмшигчид үндэслэлгүйгээр буцаан өгөлгүй дутуу үлдээж, нөөц тогтоосон хэсгийг нь эзэмшүүлэхгүй үлдээсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар хууль түүнийг үндэслэн гарсан эрх зүйн актад нийцсэн үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй.
Захиргааны үйл ажиллагаа нь өмнөө тавьсан зорилгод хүрэхэд үр нөлөөтэй байх ёстой. МҮ-015646 тусгай зөвшөөрөл нь ашигт малтмалын ашиглалтын тусган зөвшөөрөл болохын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааг явуулах эрхтэй. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндсэн шаардлагын нэг нь тухайн талбай дээр хайгуулын ажлын үр дүнд олборлоход үр ашиг бүхий үйлдвэрлэлийн нөөц тогтоогдсон байх явдал суурь шаардлага байдаг. Гэтэл одоо МҮ-015646 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн хувьд тогтоогдсон нөөц нь одоо энэ тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн гадна үлдчихсэн бөгөөд хамгийн гол нь хуулиар хориглоогүй, мөн аливаа хэлбэрээр нөөцөд аваагүй, бусдад олгоогүй, нэхэмжлэгчийн давуу эрхээр эзэмших боломжтой хэсэгт байдаг. Үүнээс үзвэл тогтоогдсон нөөц байхгүй, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй талбайг ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж нэхэмжлэгчид олгосон захиргааны байгууллагын энэ шийдвэр нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа үр нөлөөтэй байх тусгай зарчимд нийцээгүйн дээр нөгөө талаас өчнөөн үйл ажиллагаа, хөрөнгө зарж ажилласан хуулийн этгээдийг хуурч мэхэлсэн мэт шийдвэр байгаа юм.
Дээрхтэй уялдаад мөн захиргаа бодит нөхцөл байдалд, асуудлын агуулгыг хамаарсан шийдвэр гаргахдаа зөвхөн өөрийн үзэмжээр, дур зоргоор бус хуулийн эрх хэмжээний сонголтын хүрээнд зөв сонголт хийж шийдвэр гаргасан эсэх нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх тусгай зарчмын дагуу захиргааны үйл ажиллагаа явагдсан эсэхийг тодорхойлно. Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 512 дугаар шийдвэрийг үзвэл Уртай нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайг нэмэгдүүлэн ашиглалтын үйл ажиллагаагаа явуулахыг дэмжиж, хуулийн дагуу талбайг нэмж олгосон мэт боловч үндэслэл болговол зохих эрх зүйн актад нийцээгүй, хориглоогүй талбайг дур зоргоороо авч үлдсэн, тогтоогдсон нөөцтэй хэсгийг олгоогүй байгаа зэргийг нь үзвэл захиргаа үндсэн зорилгодоо нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1,24.2 дах хэсэгт ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх хуульд заасан үүргийг захиргааны байгууллага зохих ёсоор хэрэгжүүлж, 015646 тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбайгаас нь хориглосон талбайн хил хаагуур дайрч байгаа, тус компанийн эзэмшиж байсан талбайтай ямар байдлаар давхцаж байгаад өөрчлөгдөөд, давхцалгүй хэсэг нь аль болсон зэргийг тодруулж, бодит нөхцөл байдлыг тогтоож, улмаар энэхүү шийдвэрийг гаргахад эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдээс тайлбар, саналыг нь авч, зорилгодоо нийцсэн хууль ёсны шийдвэр гаргасан бол өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал үүсэхгүй байх байсан.
МҮ-015646 тоот тусгай зөвшөөрлийн талбайг нэхэмжлэгч Би Эс майнинг ХХК-д буцаан олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1,3-д заасны дагуу тус хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх бөгөөд хариуцагч хууль бус шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглах эрх, хайгуулын үйл ажиллагаа явуулж нөөц тогтоосон талбайдаа ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
Маргаан бүхий 512 дугаар шийдвэрийг гаргахдаа мөн Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ гэж заасныг үндэслэсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаас үзэхэд тухайн талбай нөөцөөс болон тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөн тохиолдолд өмнө эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэх давуу эрхтэй байхаар хуульчилсан, иймд дээрх тохиолдолд ч мөн адил хасагдсан талбайгаас шинээр тогтоосон солбилцолд хамаарахгүй хэсгийг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх нэхэмжлэгчид байсаар байхад уг хуулийн зохицуулалтыг зөрчиж, чөлөөлөгдсөн нийт талбайг нь өгөлгүй, дутуу хэмжээтэйгээр өгсөн нь нэг талаас захиргаа үүргээ дутуу гүйцэтгэж, нэхэмжлэгчид буцаан олгогдох ёстой байсан талбайг нэмж олгохгүй эс үйлдэхүй гаргаж байна.
Урт нэртэй хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэгт зааснаас үзвэл тус хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох талбайг Засгийн газрын тогтоолоор тогтоосон хилийн заагт хамааралгүй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй бөгөөд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр буцаан авах давуу эрхтэй юм. Гэтэл хариуцагч 512 дугаар шийдвэрийг гаргаад, хууль, Засгийн газрын тогтоолоор хориглогдоогүй, чөлөөлөгдсөн талбайг нь буцаан өгөхгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүйгээс үүдэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөөр байгаа тул тэрхүү зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19. түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох; 11.1.14.хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргийг хуулиар хүлээсэн төрийн захиргааны байгууллагаас энэхүү хуульд заасан үүргээ зохих ёсоор Урт нэртэй хууль болон тус хуулийг үндэслэн гарсан Засгийн газрын 289 дүгээр тогтоолд нийцүүлэн хэрэгжүүлж, нэхэмжлэгч Би Эс майнинг ХХК-ийн МҮ-015646 Тусгай зөвшөөрөлтэй талбайг зохих ёсоор нэмж, буцаан олгохыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Эцэст нь нэмж дурдахад, нэхэмжлэгч Би Эс майнинг ХХК нь шинээр, урьд нь эзэмшиж байгаагүй цоо шинэ талбай нэмж талбай авах гэж бус, харин тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбайгаас нь хууль зүйн үндэслэлгүйгээр хасагдсан байгаа өмнө эзэмшиж байсан талбайгаа хуульд нийцсэн зохих шийдвэрийн дагуу буцаан олгохыг даалгуулахаар шаардаж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Болормаа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:
...Нэхэмжлэгч компанийн МҮ-015646 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбай нь анх 500.55 га хэмжээгээр олгогдсон байдаг. Улмаар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглосон газрын хилийг Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, 2012 оны 194 дүгээр тогтоолоор хилийн цэсийг тогтоосонтой холбогдуулан 2013 онд уг талбайг 500.55 га-аас 56.95 гектар болгож өөрчилсөн. Улмаар Засгийн газрын 2015 онд 289 дүгээр тогтоол гарснаар өмнө нь хилийн цэс тогтоож байсан 174 дүгээр тогтоолыг бүхэлд нь, 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгож, 194 дүгээр тогтоолын 1, 3 дугаар хавсралтад өөрчлөлт оруулсан байдаг. Иймд Ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон газрын хилийг тогтоосон эрх зүйн акт нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоол болсон. Энэ тогтоолыг гарсантай холбогдуулж Би Эс Майнинг ХХК-ийн эзэмшиж байсан талбайн тодорхой хилийн заагт өөрчлөлт орж, зарим талбай нь чөлөөлөгдсөн. Иймээс манай компани хүсэлт гаргасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий 512 тоот актыг гаргаж, талбайн хэмжээ 56.95 гектараас 236.65 га болгож өөрчилсөн байдаг. Гэхдээ уг 512 тоот актыг хууль ёсны шийдвэр болж чадаагүй гэж үзэж бид шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байгаа.
Ямар учраас хууль бус гэж үзэж байна вэ гэхээр тус 512 дугаар шийдвэр нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолтой нийцээгүй. Мөн Захиргааны шийдвэр гарах процесс нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсгийн 4.2.4 дэх заалт үр нөлөөтэй байх, 4.2.5 дахь заалтад байх захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн байх бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчимд нийцээгүй.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу уг шийдвэрийг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоогоогүй, 26 дугаар зүйлд зааснаар эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн саналыг сонсож оролцоог нь хангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
2017 оны 512 тоот актын үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг, урт нэртэй хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолууд байсан. Уг захиргааны актын үндэслэл болсон ерөнхий заалтуудыг эс тооцвол уг эрх зүйн актын материаллаг хуулийн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 болон Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоол байсан нь харагдаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь заалт нь ...нөөцөд авагдсан талбайг чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ гэсэн агуулгатай. Мөн 289 дүгээр тогтоол нь хориглогдсон газрын хилийн заагийг тогтоосон тогтоол юм. Үүнээс үзвэл 289 дүгээр тогтоолоор хориглогдоогүй газарт ашигт малтмал хайх ашиглах боломжтой ба урьд нь уг талбайг эзэмшиж байсан этгээд давуу эрхээр авах боломжтой гэж ойлгож байгаа. Хариуцагч нь дээрх үндэслэл бүхий 512 тоот захиргааны актаараа нэхэмжлэгч компанийн МҮ-015646 тоот талбайн хэмжээг нэмэгдүүлэхдээ Засгийн газрын 289 дүгээр тогтоолд нийцүүлэх учиртай байсан. Өөрөөр хэлбэл, 289 дүгээр тогтоолоор хориглогдоогүй өмнө нь эзэмшиж байсан газрыг буцаан олгох хууль зүйн үндэслэлтэй байсан. Иймээс 289 дүгээр тогтоолд нийцүүлэлгүйгээр /урт нэртэй хуулиар хориглогдсон боловч дараа нь чөлөөлөгдсөн/ урьд эзэмшиж байсан талбайг буцаан олгоогүй дутуу өгснөөрөө хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасны дагуу хууль түүнийг үндэслэн гарсан эрх зүйн актад нийцээгүй, үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй шийдвэр болсон.
Мөн захиргааны үйл ажиллагаа нь өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд үр нөлөөтэй байх тусгай зарчимд нийцсэн байх учиртай. МҮ-015646 тоот тусгай зөвшөөрөл нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл болохын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тус хуульд зааснаар ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй байх ёстой. Гэтэл МҮ-015646 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайн хувьд тогтоогдсон байсан нөөц нь Би Эс Майнинг ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгож байгаа талбайн гадна үлдсэн байгаа. Хэдийгээр гадна үлдсэн боловч, нөөцтэй хэсэг нь өөр бусад этгээдэд олгогдоогүй, нөөцөд аваагүй ба ямар нэгэн байдлаар тусгай хэрэгцээнд аваагүй газар байгаа. Үүнээс үндэслэж үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учраас маргаан бүхий шийдвэр нь үр нөлөөтэй байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
Мөн захиргааны байгууллага бодит нөхцөл байдалд асуудлын агуулгыг хамаарсан шийдвэр гаргахдаа өөрийн үзэмж дур зоргоор бус хуулийн эрх хэмжээний хүрээнд зөв сонголт хийж шийдвэр гаргасан эсэх нь тухайн захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн эсэхийг нь харуулдаг. Иймээс Кадастрын хэлтсийн даргын 512 дугаартай шийдвэр нь урт нэртэй хуулийг дагаж мөрдөх тухай журамд заасны дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайг хуульд заасны дагуу нэмж олгоод байгаа мэт боловч, нөгөө талдаа зохих эрх зүйн актад нийцээгүй боловч хориглогдоогүй байгаа олгож болохуйц талбайг дур зоргоороо зарим хэсгийг нь авч, зарим хэсгийг нь үлдээж байгаа үйл ажиллагаа нь үндсэн зорилгодоо нийцээгүй байна гэж үзэхээр байна.
Захиргааны шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт зааснаар ач холбогдол бүхий ажиллагаа явуулж, тухайн талбайн чөлөөлөгдсөн хэсгийг тодорхой болгож, чөлөөлөгдсөний улмаас хуулиар хориглосон талбайтай давхцаагүй хэсэг нь аль болохыг тодруулж шийдвэр гаргах ёстой байсан. Нэхэмжлэгч байгууллагын санал тайлбарыг авч үйл ажиллагаагаа хийх ёстой боловч тийм зүйл хийгээгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн эхний шаардлагаа гаргаж байна.
Мөн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад дурдагдсан 014656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг нэхэмжлэгч Би Эс Майнинг ХХК зохих хууль түүнийг үндэслэн гарсан тогтоолд нийцүүлэн буцаан олгох шийдвэр гаргахыг хариуцагч байгууллагад даалгаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасны дагуу хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд уг талбайн аль ч хэсэгт тусгай зөвшөөрөл авч ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрх, ашиг сонирхолтой байдаг. Гэтэл 512 тоот шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дах хэсгийг үндэслэсэн байсан боловч уг зохицуулалтыг зохих байдлаар нь хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа. Учир нь нөөцөд авсан талбай чөлөөлөгдсөн бол уг талбайг өмнө нь эзэмшиж байсан этгээд давуу эрхээр эзэмшинэ гэж хуулиар зааж өгсөн байтал давуу эрхтэй эзэмшиж байсан талбайг нь эзэмшүүлээгүй шийдвэр гаргасан. Энэ нь захиргааны байгууллага үүргээ дутуу гүйцэтгэж, нэхэмжлэгчид буцаан олгох ёстой байсан талбайг нэмж олгохгүй 2 жилийн хугацааг өнгөрөөж байгаа нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй байгаа гэж үзэж байна. Мөн урт нэртэй хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дах хэсэгт зааснаар Засгийн газрын ашигт малтмал ашиглах хайх хилийн заагийг тогтоож улмаар урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын тогтоолоор тогтоогдсон хилд хамаарахгүй талбайг буцаан авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхтэй гэж ойлгож байгаа. Гэтэл 512 дугаар шийдвэр гаргаж, Засгийн газрын тогтоолоор хориглогдоогүй чөлөөлөгдсөн талбайг буцаан өгөхгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүйгээс үүдэн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол өнөөдрийг хүртэл зөрчигдсөөр байна. Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй холбоотой хяналт тавих, тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг хэрэгжүүлэх, Геологи уул уурхайн асуудал хариуцсан захиргааны байгууллагын нэгж болох хариуцагч байгууллагыг энэхүү хуульд заасан үүргээ таслан зогсоож урт нэртэй хууль болон түүнийг үндэслэн гаргасан баримт бичигт нийцүүлэн нэхэмжлэгч компанид 014656 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг зохих ёсоор нэмж буцаан олгохыг даалгуулж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
...Моручи ХХК нь өөрийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ХУ-003246 тоот тусгай зөвшөөрлийн Шайзгайтын гол нэртэй 500.55 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг хянан үзэж Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 757 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын М\/-01^ тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна
Моручи ХХК 2010 оны 8 сарын 23-ны өдрийн 01/28 тоот албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-015622 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг үрэгдүүлсэн тухай хүсэлт ирүүлснийг хянан үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр дээрх ашигт малтмалын ашиглалтын МҮ-015622 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг хүчингүйд тооцож, ашигт малтмалын ашиглалтын 15646 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтын хамт нөхөн олгосон байгаа. 2009 онд урт нэртэй хууль батлагдсан бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож гаргасан бөгөөд уг тогтоолд дурдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Дээрх солбицлуудыг шүүж бүртгэсний дараа шүүж үзэхэд ашигт малтмалын ашиглалтын 15646 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь хэсэгчилсэн хэлбэрээр хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан. Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай 302 тоот шийдвэрээр Урт нэртэй хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын 194 тоот тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч компанийн ашиглалтын 15646 тоот тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг 59.95 га болгосон. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дугаартай тогтоол батлагдсан. Хуулийн хэрэгжилтийг хангах мөн Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан. Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны А/152 дугаар тушаалыг үндэслэл болгон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр тус компанийн ашигт малтмалын ашиглалтын 15646 тоот тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг 235.65 га болгосон. Энэхүү шийдвэр нь хуучин үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд тус шийдвэрийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 7/6161 тоот албан бичгээр тус компанид хүргүүлж мэдэгдсэн байгаа.
Ашигт малтмалын тухай хууль, урт нэртэй хууль болон Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор дээрх шалтгаанаар нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй холбогдох зохицуулалт байхгүй хэдий ч төрийн захиргааны байгууллага өөрт хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд дээрх шийдвэрээр тус компанийн ашиглалтын 15646 тоот дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Би Эс Майнинг ХХК нь 512 дугаар шийдвэртэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН