| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 1931004240033 |
| Дугаар | 2021/ДШМ/63 |
| Огноо | 2021-11-16 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2021/ДШМ/63
Р.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Г.Давааренчин
Шүүгчид Ц.Амаржаргал
Д.Буянжаргал
Оролцогчид
Прокурор Б.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/111 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2020/0065/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ***** дугаар сарын *****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, **** настай, халх, ****эгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****** хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум, ****** баг ****** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа, шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овогт *******гийн ******* /РД: **********/,
Анхан шатны шүүх Р.*******д холбогдох хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор:
“1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг тус тус журамлан шүүгдэгч Р.*******д холбогдох 193 100 423 0033 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******гаас байгаль орчинд учруулсан хохирол болох 2.773.728 /хоёр сая долоон зуун далан гурван мянга долоон зуун хорин найман/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.*******гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ******* СЭА улсын дугаартай Хюндэй портер маркийн тээврийн хэрэгсэл, 55 ширхэг хуурай нарс мод, гар хөрөө зэргийг хураан авч, шүүгдэгч Р.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны үнээс түүний байгаль орчинд учруулсан хохирол болох 2.773.728 /хоёр сая долоон зуун далан гурван мянга долоон зуун хорин найман/ төгрөгийг нөхөн төлүүлж, тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны үнийн үлдэгдлийг болон энэ хэрэгт битүүмжилсэн 55 ширхэг хуурай нарс модыг худалдан борлуулсны орлого зэргийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гар хөрөөг устгасугай.
6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: ...Шийтгэх тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс заавал албадан гаргуулахаар заасан агуулгатай байна. Хуульд заасан энэ албадан гаргуулах хөрөнгө, орлогод мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг хамааруулсан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ техник хэрэгсэл ашигласан тохиолдолд түүнийг хураах, эсхүл үнийг гаргуулах зохицуулалтыг хэрэглэхдээ шүүгдэгч Р.*******гийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 2.773.728 төгрөгийг хураан авсан тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны үнээс хасч, хохирлыг төлөгдсөнөөр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ техник хэрэгсэл ашигласан бол тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхгүй байж болохоор харагдаж байна.
Хөрөнгө, орлого хураах нь эрүүгийн хариуцлагын нэг хэлбэр болох албадлагын арга хэмжээний нэг төрөл бөгөөд, энэ агуулгаараа хэрэгжиж байгаа шүүхийн практик тогтоод байгаа болно. Уг албадлагын арга хэмжээ нь заавал биелэгдэх, шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхээс гадна, мөн давхар нөлөөллийн шинжтэй байдаг.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаль орчинд учруулсан хохирлын дүнг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнээс хасч, нөхөн төлсөнд тооцож. шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхгүй байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна.
Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 55 ширхэг хуурай нарс модыг худалдан борлуулсан орлогыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн боловч дахин дээрх 55 ширхэг модны байгаль орчинд учруулсан бодит хохирол 823.464 төгрөг, /924.576x3/ нөхөн төлбөр 2.773.728 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар зааж шийдвэрлэсэн нь шүүгдэгчээс гаргуулах төлбөр, хохирлын хэмжээг давхардуулан өсгөсөн байдлыг харгалзан дүгнэлт хийх байжээ.
Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Р.*******д холбогдох эрүүгийн хэргийг 111 дугаартай шийтгэх тогтоолоор анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч байна. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах, үнийг гаргуулах, хохирол нөхөн төлүүлэх гэсэн асуудалд эсэргүүцэл бичсэн. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг баримталж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгөөс хохирол болох 800,000 гаруй төгрөгийг нөхөн төлөлтөөр үржүүлж 2,773,000 төгрөг гаргасныг тээврийн хэрэгслийн үнээс хасаж, үлдсэн хэсгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтын агуулга нь өөр юм. Хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна гэж байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д хохирол гэдэг зүйлийг тодорхойлж өгсөн. Энэ заалтаас харвал Р.*******гийн хэрэгт бодит хохирлыг 924,576 төгрөг гэж тогтоосон байгаа. Үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар эрх бүхий этгээд тогтоодог. Харин 2,773,000 төгрөгийн хувьд нөхөн төлбөрийн хэмжээ буюу 3 дахин үржүүлсэн асуудал юм. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирол гэдэг нь 990,000 төгрөг гэж ойлгохоор байгаа. Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх зүйлийг хэрэглэхдээ үндсэн хохирлыг хасахаас биш 3 дахин үржүүлсэн буюу хор уршгийг хасахгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь заалтад хор уршгийн талаар зааж өгсөн. Тэгэхээр энэ хүн хууль бусаар мод бэлтгэж, 990,000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд салбар хуулиар 3 дахин үржүүлсэн нөхөн төлбөр гаргуулахаар хуульчилсан. Тийм учраас энэ хор уршгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д заасан хохирлыг нөхөн төлүүлэх агуулгад таарахгүй байна. Иймд анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Хоёрдугаарт анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоол нь хуульд нийцээгүй байна. Уг шийтгэх тогтоол 13 хуудастай байгаа. Шийтгэх тогтоолын эхний хуудсанд яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн утгад “...55 ширхэг модыг ******* СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” гэдэг ч шийтгэх тогтоолын 2 нүүрэнд гэрч н.Мөнхзулын мэдүүлэгт “... СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...” гэсэн байдаг. Үүнээс харвал өөр хэргийн өөр улсын дугаартай тээврийн хэрэгсэл байна. Мөн 3 хуудас н.Март гэрчийн мэдүүлэгт “... СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл” гэсэн байдаг. Гэтэл 6 хуудаст “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээнд СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн байдаг. Мөн шүүхийн дүгнэлт хэсэгт “...******* СЭА улсын дугаартай...” гэж дүгнэсэн байдаг. Шийтгэх тогтоолын 8 дахь хуудсанд “...******* СЭА улсын дугаартай...” гэж ярьсан байдаг. Шийтгэх тогтоолын 11 хуудсанд “...55 ширхэг нарс мод, ******* СЭА” гэж бичсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэдгийг тайлбарласан урт өгүүлбэрт “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 75 ширхэг хуурай нарс мод...” гэж 55 ширхэг мод маань өөрчлөгдсөн зэрэг зөрүүтэй нотлох баримтыг дурдаж, зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Энэ нөхцөл байдлууд шийтгэх тогтоолыг хууль ёсны ойлгомжтой, хэрэгтэй нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Р.******* модны хэргийг шийдвэрлүүлэх гэж 2 жилийн хугацаанд бүх юмаа барсан. Ял авахаасаа илүүтэйгээр хохирсон. Би одоо ч хүсэж байна. Энэ хэргийг шийдээд өгөөч. Энэ шийтгэх тогтоолд процесс зөрчсөн 10 гаруй алдаа байгаа нь зүгээр л жишээ юм. Одоогоос ийм гомдол өчнөөн гарна. Прокурорын эсэргүүцлийн 1 дэх үндэслэлтэй би санал нийлэхгүй байна. Р.*******гийн ганц эд хөрөнгө нь машин нь юм. Бидний зүгээс тэр машинаараа л хохирлоо төлье гэсэн саналтай байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд ч тэгж тодорхойлсон байдаг. Түүнээс биш хохирол төлүүлээд, машиныг хурааж аваад, модыг хурааж аваад байгаа нь боловсон дээрэм юм. Анхан шатны шүүхийн алдааг хангалттай гэж үзэж байна. Нөгөө хэргээсээ хуулахдаа тэр чигт нь хуулсан юм байгаа биз тиймээс шийдээд л өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Р.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Р.*******д холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан ...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна... гэсэн шаардлагыг хангаагүй, шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шийтгэх тогтоолын “Удиртгал” хэсэгт Р.******* нь Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 55 ширхэг, 3.96 метр куб хуурай нарс модыг бэлтгэж, ******* СЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж байгаль экологид 2.566.080 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсоноор тусгажээ.
Гэвч анхан шатны шүүх гэрч С.Мөнхзул /1-р хх-ийн 33-34-р ху/, Г.Март /1-р хх-ийн 35-36-р ху/ нарын мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт өгснөөс илт зөрүүтэй байдлаар бичигдсэн мэдүүлгүүд, Хөрөнгө, даатгалын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ий 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №ТХҮ/518-050 тоот шинжээчийн ... СББ улсын дугаартай, 2003 онд Монгол улсад орж ирсэн өөр машины үнэлгээ тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар 3-д заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн шаардлагыг хангаагүй, шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Р.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Д.БУЯНЖАРГАЛ