| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03354/И |
| Дугаар | 181/ШШ2024/02910 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2024/02910
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн 19а гудамж, Шангри Ла оффис, 1110 тоот хаягт оршин байрлах, ******* /РД:6262465/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: *******, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
/нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Хонгор өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, түүнийг төлөөлж О.Хонгор, *******, түүнийг төлөөлж ******* нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан.
Гэрээниий дагуу манай компани нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо өртөөнөөс БНХАУ-ын Эрээн өртөө рүү 3400 тонн нүүрс тээвэрлэх, ******* нь манай компанийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 370,000,000 төгрөгийг шилжүүлэх уүргийг тус тус хүлээсэн. Манай компани гэрээний үүргийнхээ дагуу 3400 тонн нүүрсийг тээвэрлэж дуусгасан. Тээвэрлэлтийн хөлснөөс 195,000,000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдэл 175,000,000 төгрөгийг шилжүүлээгүй. Одоо үлдэгдэл мөнгийг хүүгийн хамт нэхэмжилмээр байгаа боловч ор сураггүй байна. Тухайн үед манай компани дээр биеэр ирж тээврийн гэрээ байгуулсан тул одоогоор тухайн компани болон гүйцэтгэх захирал нь олдохгүй байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд ******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргааны хариуцагч болох *******, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд ******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч *******, *******-иуд 2023.03.30-ны өдөр №ТХМ2023/17 дугаартай Тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахад нь хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж *******, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд ******* нарыг үзэх үндэслэлтэй байна.
******* нь гэрээ байгуулах үедээ оршин байсан Баязүрх дүүрэг, 22 дугаар хороо, Зүтгэл найдвар эмнэлэг, 7 тоот хаягт оршин байрладагүй болох нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч болох *******, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд ******* нарын оршин байгаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул *******, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд ******* нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /*******/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд ******* нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* /*******/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд ******* нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /төлөөлөгч О.Хонгор, холбоо барих утас:*******/ талд мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ