Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/290

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч, хохирогч Б.Ш, М.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Ш, М.Б нарт холбогдох эрүүгийн 1738000000071 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ш.

Шүүгдэгч М.Б, Б.Ш нар нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт Б.Б-ын гэрт маргалдан харилцан зодолдож, шүүгдэгч М.Б нь Б.Ш-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Шижиртуяа нь М.Болормаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б, Б.Ш нар нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт Б.Б-ын гэрт маргалдан харилцан зодолдож, шүүгдэгч М.Б нь Б.Ш-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Ш нь М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 18-ны орой 18:30 цагийн үед Мөрөн сумын 9 дүгээр багт нөхрийн найз Ж утсаар яриад хүрээд ирээч гэхээр нь гэрээсээ нөхөр А-ын хамт яваад очсон. Намайг очиход Ж, Б үл таних нэг эмэгтэй гурав нэг шил архи уусан сууж байсан. Тэгээд тэр архинаас уулцаад сууж байтал гаднаас Ш, Т нар согтуу орж ирсэн. Тэгтэл удалгүй араас нь Т гэх хүүхэн орж ирсэн. Тэгтэл Ш та нар архи ууж байгаа юм уу, архиа гаргаад ир гэхэд нь А чамд архи өгдөг хэн юм, байхгүй гэхэд байхгүй байхдаа яадаг юм бэ, та нар уусан л байна шүү дээ гэхэд нь би нөхөртөө явъяа, явъя гэхэд чи А-ын авгай мөн юм уу, чамайг мэднэ шүү дээ янхан, гичий гэх мэт хэлэх хэлэхгүй үгээр хэлэхээр нь нөхрийн хамт явъя гээд гараад явтал араас гүйж гарч ирээд айлын хашааны үүд түгжээд гаргахгүй гээд тэгээд үснээс зулгааж, нүүрнээс маажсан. Тэгтэл цагдаа дуудна гэхээр нь дууд, дууд гэхэд удалгүй цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд авчирж эрүүлжүүлсэн. Ш-тай хамт явсан хоёр хүүхэн гарыг минь барьж байгаад Ш миний нүүрийг маажсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б гэдэг эмэгтэй гөлөг өө чамайг мэднэ гэхээр нь би чи ямар хачин юм бэ? архи уучихаад чамайг мэдэх юм байна, чи архи зардаг Б мөн биз дээ гэхэд Б гэдэг залуу нь чамайг ч мэднэ чи нөхөргүй, нөхрөө алсан биз дээ, архичин, янхан гэх мэтээр хэлж хашгирсан. Б гэх залуу орж ирээд чи манай авгайг янхан гэж хэллээ гээд худлаа гүтгэхээр нь би тэгж хэлээгүй эхнэрийгээ дууд гэхэд Б орж ирээд намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдэж авсан. Б нь миний хоолойноос барьж татахад миний хоолойн гинж тасарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 588 дугаартай

  1. М.Б-ийн биед зүүн бугалга, гуя, дээд зовхинд цус хуралт, баруун, зүүн хацар, зүүн доод зовхи, дух, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 600 дугаартай

  1. Тухайн үед Б.Ш-ийн биед дээд уруул, эрүү, хүзүү, баруун шанаанд шарх бүхий гэмтэл учирсан байна.
  2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Б гэх залуу Ш-аас архи нэхсэн юм шиг байна лээ. Үүнээс болж Ш, Б нар маргалдаж улмаар үсдэлцээд зодолдсон. Тэр хоёр газарт унаад бие биенээ маажилцаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч шүүгдэгч М.Б, Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч М.Б, Б.Ш нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч, шүүгдэгч М.Б, Б.Ш нар нь уг хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.Ш нь мөнгөн гинж тасарсан, өрөөсөн ээмэг алга болсон гэж нэхэмжилж байх боловч энэ талаар нотлох баримтгүй байх тул уг эд зүйлийн үнийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738000000071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч М.Б, Б.Ш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Ш-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Ш-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

      5. Ялтан нарын ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      6. Эрүүгийн 1738000000071 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ш нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Б.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН