Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/39

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Р.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Б.Мээпам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нармандал, Б.Эрдэнэцогт

Иргэдийн төлөөлөгч: М.Чинбат

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-т холбогдох эрүүгийн 201703000084 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сан техникч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн “Бортолгой” хороололд оршин сууж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Архангай аймаг дах Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, С.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулд оршин суух иргэн Д.Б-ын гэрт иргэн Л.А-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу өмнө өгөхөөр амласан байсан автомашины дугуй, мөнгө өгсөнгүй гэх асуудлаас болж маргалдан, улмаар түүнийг чээжний зүүн хөндий рүү зүүн хөхний толгой орчмоор хутгалж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Архангай аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зах дээр байж байгаад хохирогч Л.А-тэй таарсан. Бид хоёр машин янзлах гээд явж байгаад найз Д.Б-тай таараад Д.Б-ынд очихоор болсон. Замдаа дэлгүүр орж Л.А 0.75 нэг шил архи, 2 ундаатай авсан. Бид гурав Д.Б-ынд очиж Л.А бид хоёр нөгөө архиа хувааж уусан. Д.Б хагалгаанд орсон гээд архинаас уугаагүй. Д.Б, Л.А-ийнд хонохоор болоод Д.Б мах чанаж өгсөн. Мах идэж байхдаа Л.А бид хоёр өр авлагынхаа талаар ярилцаж байгаад сүүлдээ хэрүүл болсон. Би хохирогч Л.А-лийг айлгах гэж мах идэж байсан хутгаа далайтал чи намайг хатгачихлаа гээд байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгөөч” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Л.А-ийн мөрдөн байцаалтын шатанд 2017-03-11-нд өгсөн мэдүүлэгтээ: “...С.Б бид хоёр надад байсан хуучин аккумляторыг захын урд байдаг мод зардаг газар очиж зараад тэндээсээ С.Б бид хоёр миний машинаар манай гэрт Арслан цохионд очтол манай гэр цоожтой байсан болохоор С.Б-ийг хүргэж өгье гээд явж байх замдаа хүн эмнэлэгийн орчимд Д.Б-тай таараад түүнийг машиндаа суулгаад бид нар 3-р дэлгүүрийн хажууд зогсож байхад манай эхнэр ирэхээр нь би түүнд энэ хоёрыг хүргэж өгөх гэж байгаа гээд яваад өгсөн. Замдаа Д.Б-ын гэрт очихоор явж байхдаа дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архийг хоёр ундаатай аваад Д.Б-ын гэрт очсон. Ингээд Д.Б гэртээ ганцаараа уйдаад хэцүү байна гээд байхаар нь би тэднийд хонохоор болоод машинаа хашаанд нь оруулж тавьсан. Тухайн үед тэднийд хүн байгаагүй. Д.Б элэгний хагалгаа хийлгэсэн гээд авсан архинаас уугаагүй. С.Б бид хоёр л хувааж уусан. Тэр үед Д.Б хонох юм чинь гээд мах чанасан. Хоол болсны дараа махаа гаргаад идэж байхдаа С.Б надаас дугуй дахин дахин нэхээд байхаар нь би түүнд өгөх албатай биш гээд маргаж эхэлсэн. Өмнө нь бид хоёр ярилцаад би түүнд дугуй өгөхөөр болсон байсан. Тэгээд намайг мах идээд сууж байхад С.Б миний энгэрээс татаж аваад өөр рүүгээ татсан тэр үед миний чээж эвгүй болохоор нь би өөрийнхөө гараар чээж орчимдоо дарж үзэхэд цус гарсан байсан. Би Д.Б-т намайг шаачихсан байна шүү дээ гэж хэлээд ухаан балартсан түүнээс хойш юу болсон талаар мэдээгүй. Гадуураа шаргал ч юм уу гэмээр навчны хэлбэр хээтэй комбинзон өмдтэй, түүний хос адил өнгийн куртектэй, хар өнгийн свитер цамц, мак билүү фудволктой явсан, одоо эдгээр хувцаснууд байгаа...” /хх 28-29/ гэсэн мэдүүлэг, 

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд 2017-02-06-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугаар сарын 06-ны үдээш хойш 16 цагийн орчим би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байх Нэгдсэн эмнэлэгт өөрийн эхнэр Н-ийг эргэчихээд гараад явж байхдаа найз Л.А, С.Б хоёртой таарсан. Тэгээд бид гурав замаараа 3-р дэлгүүрээс архи авах гээд очиход Л.А-ийн эхнэр А нь ирсэн болохоор Л.А эхнэр А-тай уулзчихаад С.Б, А бид гурав манай гэр рүү очихоор болоод замаараа дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй  архи аваад тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Цогт-уулд хашаанд очсон. Очоод Л.А, С.Б хоёр авсан архиа хувааж ууж эхэлсэн. Би элэгний хагалгаа хийлгэсэн учир тухайн үед авсан архинаас огт уугаагүй. Орой 18 цагийн орчим би мах чанаад Л.А, С.Б хоёрт өгсөн. Ингээд махаа идэж байхдаа С.Б Л.А-д хандаж чи 15-тай дугуйгаа надад өгнө гэсэн тэрнийгээ өгөхгүй юм уу гэхэд Л.А түүнд хандаж чи надтай хийх юм аа хийж дуусгачихаад л юм аа ав л даа гээд хоорондоо маргаад байсан. Тэр үед би байшингийн дотор зүүн талд байрлах буйдан дээрээс зурагт үзээд сууж байхад гэнэт Л.А С.Б хоёр сууж байснаа босоод хоорондоо барьцалдаад авсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод С.Б-ийг хойш нь түлхээд түүн рүү хартал С.Б баруун гартаа хар бор өнгийн судалтай шар иштэй хутгыг барьчихсан зогсож байсан. Яг тэр үед А наад муу пизда чинь намайг хутгаараа шаачихлаа гээд Л.А өөрөө өмсөж байсан юүдэнтэй гэмээр хувцас буюу өмднийхөө урд энгэрээ задлаад харахад түүний зүүн хөхний доод орчимд хатгагдсан ором гарчихсан болохоор би тэр даруй өөрийн эхнэр Т.Н рүү утсаар яриад хурдан түргэн дуудах хэрэгтэй байна. С.Б, Л.А-ийг хутгалчихлаа гэж хэлсэн. Түүний дараа би өөрөө цагдаагийн байгууллага руу утсаар холбогдож дуудлага өгсөн. Ингээд удаагүй 10 орчим минутын дараа түргэн тусламж ирээд Л.А-ийг эмнэлэг рүү авч явсан. ...” /хх 33-36/ гэсэн мэдүүлэг

Гэрч Т.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд 2017-03-13-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би Эрдэнэбулган сумын төвд Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан юм. Өдөр 13-14 цагийн орчим санагдаж байна. Манай нөхөр Д.Б намайг эргэчихээд явсан. Орой 18 цагийн үед Д.Б над руу утсаар ярьж хэлэхдээ түргэн дуудаарай. С.Б, А хоёр архи ууж байгаад С.Б нь А-ийг хутгалчихлаа гэсэн болохоор би түргэн дуудсан. Мөн цагдаа руу ярьж хэлэхэд энэ дуудлагыг авсан гэж хэлж байсан. Манайд байдаг хар бор судалтай шар иштэй, нарийн хутгыг хэрэг явдал болох тэр үед С.Б гартаа бариад зогсож байсан гэж Б надад хэлсэн...” /хх 31-32/ гэсэн мэдүүлэг

Гэрч Ц.Д-ын мөрдөн байцаалтын шатанд 2017-03-14-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 18-19 цагийн үед намайг дуудлаганд явж байх үед 103-аас жижүүр эмч над руу утсаар яриад Цогт-Уулд зүрхэн тус газраа хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага ирүүлсэн болохоор дуудлагын дагуу тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулд очиж А гэх хүний биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд түүний биеийн байдал артерийн даралт хэмжигдэхгүй, сатураци буюу хүчилтөрөгчийн хангамж 63 хувьтай, пүүлс буюу зүрхний цохилт 110-130 хооронд хэлбэлзэж байсан. Ийм учраас уг хүнийг яаралтай хүн эмнэлэг рүү тээвэрлэж эмнэлэгт хэвтүүлсэн. Яаралтай тусламжийн тасагт уг хүн орж ирээд 10 орчим минутын дараа түүний амьсгал, зүрх зогссон. Ингээд жижүүр эмч нартай хамтран амилуулах, лавшруулсан тусламжийг 10 орчим минут үзүүлэхэд амьсгал, зүрх сэргэсэн. Мөн амилуулах тусламж үзүүлэх явцад түүний цагаан мөгөөрс хоолойд гуурс тавигдсан. Ингээд тэр дороо мэс заслын хагалгаанд орсон. Намайг анх дуудлагаар очиход Л.А нь хүнтэй харилцаж, ярьж чадахааргүй унтсан байдалтай байсан. Тухайн үед гэрийн эзэн бололтой нэг эрэгтэй хүн байсан. Уг хүн надад хэлэхдээ энэ хутгалуулсан хүнтэй хамт архи ууж байсан хүн нь энэ хүнийг хутгалчихаад зугтаачихлаа. Цагдаад мэдэгдсэн гэж л хэлсэн. Дуудлагаар очиход Л.А хутгалуулсан байдалтай, дээрх үгийг хэлсэн нэг эрэгтэй хоёулаа л байсан, өөр хүн байгаагүй...” /хх 39/ гэсэн мэдүүлэг,

2017 оны 03 дугаар сарын 13-ны эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Хар бор өнгийн судалтай шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, нийт урт нь 22.5 см, ир ажлын хэсгийн урт 12.6 см, өргөн нь 2 см байх бөгөөд хуучин хэрэглэж байсан гэмээр харагдана. Хутганы ирний дунд хэсэг Мэдин Чаяна “MADE IN CHINA” гэсэн бичээстэй гэснээр үзлэгийг дуусгав...” /хх 13/

Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт: “...Л.А-ийн биед чээжний зүүн хөндий рүү зүүн хөхний толгой орчмоор нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуурыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны харалдаа зүүн уушгины дэлбэнд зүсэгдсэн шарх, үнхэлцэг, чээжний зүүн хөндий дэх цус, цусан хураа, дотуур цочмог цус алдалт, цус алдалтын дараах цочмог цус багадалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эмч нарын үзлэгээр 2017 оны 02 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим буюу гэмтсэн гэх цаг хугацаанд үүсжээ. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах, цохих үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.3.3-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх 42-44/ гэсэн мэдүүлэг,

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 015 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Хохирогч Л.А хэрэг явдал болох тухан өдөр өмсөж явсан гэх цайвар бор өнгийн ноосон цамцанд 17 мм, хар өнгийн даавуун цамцанд 17 мм, шар өнгийн фудволк 17 мм, бор эрээн өнгийн өмдөнд 17 мм, хэмжээтэй зүссэн уранхайнууд нь хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хутгаар үүсгэгдсэн байж болно...” /хх 74-77/ гэсэн мэдүүлэг,

- Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1/,

- Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13, 17-18/,

- Хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх 14-16/,

- Хохирогч Л.А-ийн өвчний түүх /хх 45-72/,

- Шүүгдэгч С.Б-ийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр /хх 96/, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар /хх 97-101/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 109,/ шийтгэх тогтоол /хх 111-114/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.

Архангай аймгийн прокуророос шүүгдэгч С.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд энэ зүйл анги нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг болж нийцэж байгаа бөгөөд оногдуулах ял нь хүндэрсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч С.Б-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн шүүгдэгч С.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Б-ийн цагдан хоригдсон 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Б-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 3 жил, 5 сар хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т оногдуулсан 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийн цагдан хоригдсон 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН

ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА

Р.АЛТАНЦЭЦЭГ