| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2019/0293/З |
| Дугаар | 128/ШШ2019/0360 |
| Огноо | 2019-06-11 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2019/0360
Нэхэмжлэгч, хариуцагч нар
эвлэрснийг баталж, холбогдох хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Ч.Ч*******ын нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ч******* болон хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У******* нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Энэхүү гэрээг нэг талаас Х******* тоот регистрийн дугаартай Ч******* овогт Ч*******гийн Ч******* /цаашид нэхэмжлэгч гэх/, нөгөө талаас Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /цаашид хариуцагч гэх/, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Ш.У******* нар /хамтад нь Талууд гэх/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Ч.Ч*******ын нэхэмжлэлтэй Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/144, Б/146 дугаар тушаалуудын Ч.Ч*******ад холбогдох хэсэг, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, хууль бусаар албан тушаал бууруулан томилсон, чөлөөлснийг тогтоож, урьд эрхэлж байсан эрхэлсэн түшмэлийн албан тушаалтай дүйцэхүйц ижил, чиг үүрэг бүхий Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Газрын тосны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг тогтоож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим шаардлага болох Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/144, Б/146 дугаар тушаалуудын Ч.Ч*******ад холбогдох хэсэг, 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох шаардлагыг хүлээн зөвшөөрч хүчингүй болгоно.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим шаардлага болох нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан эрхэлсэн түшмэлийн албан тушаалтай дүйцэхүйц ижил, чиг үүрэг бүхий Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Газрын тосны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/56 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Газрын тосны хэлтсийн даргын албан тушаалд томилсон болно.
3. Талууд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалин хөлсийг нийт 4,341,065 төгрөгөөр тогтоов.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим шаардлага болох ажилгүй байсан хугацааны албан тушаалын нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг тогтоож, гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав.
5. Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим шаардлага болох ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалин хөлс 4,341,065 төгрөгийг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, 3,593,818 төгрөгийг нэхэмжлэгчийн холбогдох цалингийн дансанд шилжүүлнэ. Нэхэмжлэгч нь үлдэгдэл цалин 747,247 төгрөгийг хүлээн авахаас татгалзав.
6. Нэхэмжлэгч нь цалин хөлсөнд авсан 3,593,818 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжийн тооцоогоо хааж, буцаан Нийгмийн даатгалын сангийн холбогдох дансанд шилжүүлэхээр тогтов.
7. Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим шаардлага болох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн ажилгүй байсан нэг сарын үндсэн цалинг 863,213 төгрөгөөр тооцож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заажээ.
Үүний дагуу нэхэмжлэгч Ч.Ч******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У******* нар нь харилцан тохиролцож 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Эвлэрлийн гэрээнд ...хариуцагч нь нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/144, Б/146 тоот тушаалуудын Ч.Ч*******ад холбогдох хэсэг, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/02 тоот тушаалыг хүчингүй болгох, Ч.Ч*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 4,341,065 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны албан тушаалын нэмэгдэл хөлсийг тогтож, гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурдаж, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нэг сарын цалинг 863,213 төгрөгөөр тооцож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж, Ч.Ч*******ыг Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Газрын тосны хэлтсийн даргын албан тушаалд томилсон Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Ажилд томилох тухай Б/56 тоот тушаалыг шүүхэд ирүүлсэн байна.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т ... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, Ч.Ч*******ын нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ