| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2023/00847/И |
| Дугаар | 103/ШШ2024/00071 |
| Огноо | 2024-01-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2024/00071
| 2024 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 103/ШШ2024/00071 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 47 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь З.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Миний бие нь аас 2022 оны 08 дугаар сард ******* дүүргийн 4 дүгээр хороо, 3 дугаар гудамжны 13 тоотод байрлах хашаа байшинг худалдаж авсан. Гэтэл тухайн байшин чанарын шаардлага хангахгүй муу байшин байсан тул худалдаж авсан наймааг нотариатаар батлуулж буцаасан. 3.******* 18,000,000 төгрөгийг анх хашаа байшин худалдаж авахдаа урьдчилгаанд өгсөн. Наймаагаа буцаасны дараа 6,000,000 надад буцааж өгсөн, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өгнө гэж тохиролцсон боловч өнөөдрийн хүртэл өгөөгүй. Иймд 3.Отгонбаяраас 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2022 оны 8 дугаар сард фэйсбүүк дээр хашаа байшин зарна гэсэн зар байхаар нь холбогдоод очиж үзэхэд битүү хивстэй айл байсан. Тэгээд хашаа байшинг авъя гэж тохиролцоод тал мөнгийг нь шилжүүлсэн, 9 сард сургууль цуглах үеэр хашаа байшингаа авъя гэж тохирсон, 9 сард суллачихсан байхаар нь очсон чинь хана нь битүү цууралттай байсан. Тэгээд нэг таньдаг ахыгаа дуудаад байшинг үзүүлсэн чинь үнэхээр хангалтгүй, муу байшин байна гэхээр нь нөгөө хүмүүстэй холбогдоод манайх хашаа байшингаа авахаа болилоо, муу байшин байна, мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд нөгөө хүн байшиндаа засвар хийчихээд чиний мөнгийг өгнө гэж хэлсэн. Одоо хүртэл миний мөнгийг өгөөгүй байгаа, би байшингийн тал үнэ гээд 18,000,000 төгрөг өгсөн байсан, үүнээс 6,000,000 төгрөг буцааж өгсөн, одоо үлдэгдэл 12,000,000 төгрөг дутуу байгаа, энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Өөр хүний данснаас мөнгө шилжүүлсэн гэдэг нь нь манай хүргэн ах, эхнэр бид 2 хүргэн ахаас мөнгө зээлж ын данс руу хийлгэсэн мөн гэдэг нь манай эхнэр юм. Би эгчтэйгээ очоод 3,000,000 төгрөгөөр буулгачих гэж хэлсэн, тэр байшин нь гадна, дотор талдаа хагарчихсан байсан, тэгээд чанарын шаардлага хангахгүй болохоор авахаа больсон. Байшин очиж үзэх үед хивстэй байсан болохоор мэдээгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хуралдаанд өгсөн тайлбартаа: Талуудын хооронд хувийн сууцыг газартай нь хамт худалдах, худалдан авах талаар яриа болсон юм байна лээ. Нэхэмжлэгч өөрөө 2-3 удаа ирж үзсэн, чанар байдалтай бүрэн танилцсан гэж ойлгож байгаа, чанар байдалтай бүрэн танилцчихаад мөнгөө өөрөө шилжүүлсэн, хариуцагч одоо мөнгөө шилжүүлчихэж болж байгаа юм уу гэхэд яах вэ болно гэсэн утгатай зүйл ярьсан. Дараа нь байшингаа суллаж өгөхөөр үлдсэн мөнгөө өгнө гэж тохирсон байдаг. Өмнө нь эгчтэйгээ хамт ирээд уулзахдаа 3,000,000 төгрөгөөр буулгаад өгчих, тэгвэл авъя гэдэг зүйл ярьсан. Өөрөөр хэлбэл анх тохироод тодорхой хэмжээний мөнгө шилжүүлчихсэн байхад үнээ буулгах талаар ярьсан байна лээ. Тэгэхээр нь хариуцагч маань бид нар нэгэнт тохиролцсон, наад хүн чинь 2-3 удаа ирж үзсэн өөрөө чанар байдлыг нь үзэж танилцсан үнээ буулгах боломжгүй гэсэн байдаг. Тэгээд байшингаа сулласны дараа авахаа болилоо гээд мөнгө төгрөгөө өгч авах асуудал яригдаад 6,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Хэрэгт нотариатын гарын үсгийн баталгаатай нэг хэлцэл байгаа, тухайн үл хөдлөх хөрөнгөө зарсаны дараа мөнгийг нь буцааж өгнө гэж тохиролцсон байгаа. Сая нэхэмжлэгч тайлбартаа засвар хийгээд өгнө гэж хэлсэн гэдэг, энэ өөрөө логикгүй л дээ, байшинд засвар хийхэд мөнгөний зардал гарна, тэгэхээр хариуцагч тийм юм ярьдаггүй. Харин байшингаа зарж байгаад мөнгийг нь өгөх асуудал яригдсан боловч хэлсэн цаг хугацаандаа зарагдаагүй. Хариуцагч татгалзлынхаа үндэслэлд талууд харилцан тохиролцоод шалтгаангүйгээр гэрээ хэлцлээсээ буцсан тэгээд байшингаа одоо болтол зарж чадаагүй байгаа учраас мөнгийг нь өгөх боломжгүй байгаа. Мөн татгалзлын бас нэг үндэслэл нь тухайн мөнгө ын данс руу өөр хүний данснаас шилжүүлчихсэн байгаа, нэхэмжлэгч өөрөө биш гэсэн үндэслэлүүдээр татгалзаж байгаа юм. Эхлээд гэдэг хүний данснаас 8 дугаар сарын 22, 24-нд тус бүр 1,500,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг шилжүүлсэн, 8 дугаар сарын 26-нд гэдэг хүний данснаас 9,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Тухайн үед хана цуурсан гэх юм яриагүй, би өнөөдөр сонсож байна гэв.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нотариатын гарын үсэг гэрчилсэн үйлдлийн баримт, иргэний үнэмлэхийн лавлагааний хуулбар, Хаан банкны шилжүүлгийн дансны хуулгууд зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч З.******* холбогдуулан гаргасан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: З.*******ай 2022 оны 8 сард хашаа байшин 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, урьдчилгаанд 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн, байшиндаа нүүж орохоор очиход байшингийн хана цууралттай байсан тул наймаагаа буцаахаар шийдэж, урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс 6,000,000 төгрөгийг буцаан авсан, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг өгнө гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлсон.
2.Хариуцагч Байшингаа зарсаны дараа мөнгийг нь буцаан өгөхөөр харилцан тохиролцож хэлцэл хийсэн, байшин зарагдаагүй мөн мөнгөө өөрийн дансаар шилжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна.
а/ нь аас 2022 оны 08 дугаар сард 25,000,000 төгрөгөөр хашаа байшин худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн, нь 18,000,000 төгрөгийг авсан болох нь Хаан банкны дансны хуулгуудаар тогтоогдож байх ба тухайн үйл баримтад талууд маргаагүй болно.
/хх-ийн 14-17 хуудас/
б/Нэхэмжлэгч нь хариуцагч ын ******* дүүргийн 4 дүгээр хороо, 3 дугаар гудамжны 13 тоотод байрлах хашаа байшинг 2022 оны 8 сард 25,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож урьдчилгаанд 18,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, 9 сард байшингаа хүлээж авахаар очиход байшингийн хана цууралттай буюу эд хөрөнгийн доголдолтой байсан учраас тухайн өдрөө хашаа байшин худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, хариуцагч урьдчилгаанд өгсөн 18,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг уг газар болон байшингаа худалдаж 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор эргүүлэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Уг тохиролцооны талаар буюу үлдэгдэл мөнгийг буцаан төлөх тухай баримт үйлдэн талууд гарын үсгээ зурж нотариатаар гэрчлүүлсэн байна.
/хх-ийн 4 хуудас/
в/Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.
г/Худалдагч нь худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлээгүй байхад төлбөрийн зарим хэсгийг шилжүүлсэн, нь тодорхой хугацааны дараа үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөхөөс, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө тухайн эд хөрөнгийн доголдлыг илрүүлж, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан шаардсан нь дээр хуулийн заалтуудыг зөрчөөгүй, худалдагч нь тухайн эд хөрөнгө доголдолтой байсан гэдэгт маргаагүй байна.
д/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Талуудын хооронд хийгдсэн тохиролцоо хуульд нийцээгүй, хашаа байшингийн мөнгө Д.******* өөрийн данснаас бус өөр хүмүүсийн данснаас орж ирсэн байхад нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг хашаа байшингаа зарж байгаад өгнө гэдэг боловч байшин зарагдаагүй учраас төлөх боломжгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
е/Дээрх үйл баримтуудтай холбоотойгоор хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд хариуцагч ын данс руу аас 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөгийг, Г.аас 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 9,000,000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 6,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч бол миний эхнэр, Г. нь манай хүргэн ах, эхнэр бид хоёр мөнгө дутаад хүргэн ахаас мөнгө зээлсэн гэсэн тайлбарыг өгсөн. аас мөнгө шилжүүлсэн баримтын утга дээр Д.******* утасны дугаарыг, Г.аас мөнгө шилжүүлсэн баримтын утга дээр Баярсайхан хашаа байшин гэж тус тус бичжээ.
ё/Нэхэмжлэгч өөрийн данснаас мөнгө шилжүүлээгүй боловч түүний эхнэр аас болон хүргэн ах гэх Г.аас шилжүүлсэн 18,000,000 төгрөгийг өөрөө шилжүүлээгүй учраас нэхэмжлэх эрхгүй гэж үзэх боломжгүй, нөгөөтэйгүүр хариуцагч тал тайлбар татгалзлалаа баримтаар нотлоогүй, худалдах, худалдах авах гэрээг амаар байгуулж, 18,000,000 төгрөгийг хүлээн авсан, 6,000,000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эргүүлэн өгөхөөр харилцан тохиролцож гарын үсэг гэрчилсэн үйлдэл хийж нотариатаар баталгаажуулсанаар өөрсдийн тайлбараа үгүйсгэсэн байна. Иймд хариуцагч аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.******* олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэг хэлэлцэх үе шат дууссаны дараа хууль зүйн дүгнэлтээ гаргахдаа ИХШХШТХ-ийн 105 дугаар зүйлийн 105.2-д зааснаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах боломжтой байхад гаргаагүй, шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэг хэлэлцэх үе шат дууссаны дараа гаргасныг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хүсэлтийг хангахгүй орхиж тэмдэглэлд тусгасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 206,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлий 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дуаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 206,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ