Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 00119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                           Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                         Н.Дүүрэнжаргал  

             Шүүгдэгч                                                 Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Нид холбогдох 1732000000019 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл  4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах /10-11 насны/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Хайлаастын 52 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нэргүйн Н

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 08-09 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүн чулууны” орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Цыг зодож догшин авирласан гэмт хэрэгт холбогджээ. 

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ:......2017 оны 08 сарын 28-ны өглөө 8 цагийн үед хадмынхруу явж байхад Ширхэнцэг хайрханы доор ёроолд засмал зам дээр эхнэртэйгээ таарсан. Тэгээд эхнэрээ машиндаа суулгаад цааш дэлгүүр орж эхнэрдээ ундаа, шоколад авч өгсөн. Тэгээд эхнэртэйгээ ярилцсан. Эхнэрийн найз нь манай эхнэрийг найзынхаа утсыг 40000 төгрөгөнд тавиад нэг залуу дуудахаар нь хоёулаа цуг бааранд орж, нөгөө залуудаа архи, пиво авч өгсөн гэж байна. Тэгээд тэр залуутайгаа архи пивоо уучихаад тэднийдээ очиход 1 эгч байсан гэсэн, тэгээд 2 залуутай ингээд нийт 5-лаа уусан гэсэн. Нөгөө залуучууд нь нөгөө 3 хүүхний хамаг юмыг нь бариад байсан гэсэн. Тэгээд найз нь тэр эгчтэй тэр залууг хөөгөөд гаргасан гэсэн. Гэтэл манай эхнэр та хоёр манай найзыг хөөлөө гээд гүйгээд гараад явсан байсан. Тэгээд тэр шөнөө гэртээ хоноогүй. Тэгээд би эхнэртээ зүгээр л хэлсэн. Чи ядаж надаас уучлалт гуйчих гэсэн. Тэгээд бид хоёр машин дотор маргалдсан. Тэгээд нүхэн гүүрний дээд талд зогссон. Тэнд зогсож байгаад  эхнэртэйгээ маргалдаад чихрүү нь 1 алгадсан, нөгөө хацарлуу нь 1 алгадсан. Цамцныхан энгэр хавиас барьж байгаад сэгсэрсэн. Тэгсэн чинь манай эхнэр ээжлүүгээ залгасан. Тэгээд за за явъя гээд яваад эмнэлгийн хажуу талын цайны газарт хоолонд орчихоод Ширхэнцэг хайрханы доод талын цэцэрлэгт хүрээлэнгийн тэнд буулгасан гэжээ.

    

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Цаас..... ...2017 оны 08 сарын 28-ны өдрийн өглөө 08 цагийн үед байхаа би өөрийн найз Бгийн хамт ажил руугаа засмал замын хажуугаар явж байсан тэгсэн Н.Н машинтайгаа хажууд ирээд суучих гэхээр нь Б бид 2 машинд суусан тэгсэн Н.Н Ц.Ц бид 2-т ярих юм байна гээд Бг Ширхэнцэгийн далангийн тэнд буулгасан тэгээд Н.Н машинаа жолоодоод бүр төмөр замын баруун талын гармаар гараад Хүн чулууны тэнд уулын энгэрт очоод би чамайг найзаас чинь дуулсан чи эрэгтэй хүмүүстэй архи уугаад цуг хоносон байна гэхээр нь би цуг уусан гэхдээ цуг хоноогүй гэсэн чинь чи цуг хоноод унтсан биз дээ гээд урлаад намайг цохиж зодож эхэлсэн тэгэхээр нь утсаараа ээждээ хэлсэн тэгсэн ээж цагдаа нарт мэдэгдсэн байсан....Би одоо яг хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна намайг их зоддог байсан зодоод л нүд ам хөхөрүүлчихдэг тэгээд хөөгөөд гаргачихдаг байсан би өвлийн хүйтэнд ч гадаа хонож байсан удаа байгаа тэр болгоныг нь уучлаад цагдаа шүүх гэхгүй байхаар давраад байгаа юм.сүүлийн удаад би цагдаад мэдэгдсэн 2 хүүхэд маа нь хүртэл ааваасаа айдаг болчихсон байна лээ....Намайг эхлээд хоолойноос багалзуурдаад тэгээд өөдөөс нулимаад л цээж рүү цохиод, чих гар луу хэд хэдэн удаа цохьсон гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 9-р тал/

 

Мөрдөн байцаалтанд Гэрч З.Дгийн ...2017 оны 08 сарын 28-ны өдрийн өглөө ажилдаа явж байхад нь аваад явсан байсан намайг гэртээ байж байтал Ц.Ц утсаараа залгаад “ээжээ Н.Н намайг зодоод ална гээд байна та хурдан ирээчээ хүн чулууны энд байна” гэж хэлсэн тэгэхээр нь би явах гэхээр нь машин байдаггүй эргээд утас руу залгатал утас нь холбогдохгүй байсан би цагдаад мэдэгдсэн...тэгээд цагдаа нар хайж байтал Ц.Ц над руу залгаад би гэртээ ирчихлээ Н.Н намайг Ширхэнцэг хайрханы цэцэрлэгт хүрээлэнд буулгачихлаа гэхээр нь би яваад очсон тэгсэн зодуулсан байхаар нь эмнэлэгт үзүүлээд цагдаа дээр аваад очсон...миний хажууд 2015 онд, 2016 онд зодож байсан тэгээд л дараа нь уучлалт гуйгаад эхнэрээ аваад явдаг байсан би за яахав эхнэр нөхөр хүмүүсийн хооронд ийм асуудал байж л байдаг юм өөрсдөө учраа олно биз гэж бодож байсан сүүлдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байнга цохиж зодоод байхаар нь би цагдаад хандсан.2017 оны 08 сарын 28-ны өдөр Ц.Ц зодуулчихаадирэхэд чих, гар, хөл, цээж нь хөхөрсөн байдалтай байхаар нь би эмнэлэгт үзүүлсэн гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 11-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд Гэрч В.Бгийн “...2017 оны 08 сарын 28-ны өдрийн өглөө 08 цаг өнгөрч байсан байх Ц.Ц бид 2 ажилдаа явахаар Ширхэнцэцэг хайрханы урд талд засмал зам дээр явж байтал Н.Н машинтайгаа ирээд Ц.Цыг суучих гэсэн тэгсэн Ц.Ц надаас яах уу гэж асуухаар нь би гайхаад байж байтал дахиад суучих гэж хэлсэн тэгэхээр нь бид 2 машинд суусан тэгээд жоохон явж байсан намайг дэнжийн тэнд буулгачихаад тэ энд буугаад ажил руугаа орчих бид 2-т ярих юм байна гэж хэлээд яваад өгсөн.Тэгэхээр нь би удахгүй юм байх даа гэж бодоод ажлынхаа гадаа Ц.Цыг хүлээгээд ирэхгүй байхаар нь ажил руугаа орсон тэр өдрөө ажилдаа ирээгүй ээ.Нөгөөдөр нь буюу 2017 оны 08 сарын 29-ний өдрийн өглөө ажилдаа явахдаа Ц.Цын гэрээр ортол Ц.Ц найзыг нь Н.Н зодчихсон би 2017 оны 09 сарын 02-ны өдрөөс ажилдаа орохоос гээд хамаг юм нь хөх няц болчихсон байж байсан гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 12-р хуудас/

 

             Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 185...Цын биед зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт шарх, дэлбэнгийн урд дээд хэсэг болон ар хэсэгт цус хуралт, баруун гарын бугалга, шуу цээжинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт/ хавтаст хэргийн 15-р хуудас/

Аюулын зэргийн үнэлгээ /ХХ-ийн 30-34 дугаар хуудас/, Н.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/

 

            Шүүгдэгч Н.Нийн хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 43-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 23-р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 28-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:        

           

            Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 08-09 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүн чулууны” орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Цыг  зодож догшин авирласан болох нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Н нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 08-09 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Цыг зодож, догшин авирлаж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх хийхгүй байхыг албадсан байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Хохирогч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Нэргүйн Нийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нид хорих ялыг оногдуулахгүйгээр  01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай. 

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ