Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02862 дугаар шийдвэртэй, Б.М-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 72 414 141 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, төрийг төлөөлөн оролцож буй прокурор Г.Цэрэнжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Авлигатай тэмцэх газраас Б.М-т холбогдуулан 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2, 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр сэжигтнээр тооцож, гадагш явахгүй баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээ авч, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Прокуророос 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 195 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Прокурорт буцаасан. Налайх, Багахангай дүүргийн Прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5/340 дугаар тогтоолоор хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр мөн зүйлийн 208.1.2-т заасан нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагаа хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна.

Б.М- нь 2014 оны 8 дугаар сараас хойш 1 жил 3 сарын хугацаанд мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн хяналтанд байж, Налайх-Улаанбаатарын хооронд олон удаа явсан, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 16 хүртэл 3 cap 11 хоног албан үүргээ гүйцэтгээгүй, сэтгэл санаа, эд материалын хохирол хүлээсэн. Гэвч хуульд заасан дараах үндэслэлээр хохирол нэхэмжилж байна.

Б.М- нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч ажилтай бөгөөд Авлигатай тэмцэх газрын 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоолоор албадлагын арга хэмжээ авч улмаар Дүүргийн 4 дүгээр прокурорын газрын 2014 оны 12 сарын 16-ны өдрийн 5/08 дугаар тогтоолоор уг тогтоолыг хүчингүй болгосон.

Иймд 3 cap 11 хоног аваагүй цалин хөлс 2 414 141 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1-г үндэслэн нэхэмжилнэ. Мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-г үндэслэн нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ /Ү-0839/-тэй өмгөөллийн гэрээ байгуулж, хууль зүйн туслалцаа авч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон, гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг өмгөөлөгчид бүрэн төлсөн тул хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 20 000 000 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгийг үндэслэн хэрэгт шалгагдсан хугацаанд гэр бүл, найз нөхөд, хамт олон, харилцаатай байсан хүмүүстээ хуурамч баримт бүрдүүлдэг, хээл хахууль авдаг гэсэн хардлагад өртсөөр байна.

Хийж бүтээн, сурч боловсрох насандаа сэтгэлдээ үргэлж айдас түгшүүртэй, нойр хагас, дээр нь 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлж болох зүйл ангиар ял сонссон нь ажлаас халагдах, улмаар мэргэжлээр ажиллах боломжгүй нөхцөл байдалд ажлаа эрхлэхгүй 3 cap болж цалин орлогогүй байж, сэтгэлээр өвдөж, цаг хугацаа болон ажил хэргийн нэр хүндээ алдаж, шаналж байснаа баримтаар нотлох, сэтгэл санааны өвдөлт, зовиур гэж үзүүлж болохгүй байгаа ч учирсан эдийн бус хохирлоо мөнгөн дүн 50 000 000 төгрөгөөр тооцож нийт 72 414 141 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасныг баримтлан төрөөс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: 2017 он хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээллийн дагуу шалгах зохицуулалт байсан. Нэхэмжлэгчийн хувьд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа авлига, хээл хахууль авсан байж болзошгүй мэдээллийн дагуу эрх бүхий байгууллага шалгасан. Хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар бүх нотлох баримтыг бүрдүүлсэн боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй бол хуулийг сэжигтэн, яллагдагчид ашигтай байдлаар тайлбарлах үндэслэлээр нэхэмжлэгчийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч тодорхой хэмжээнд хууль зөрчсөн байж болзошгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн. Хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт 20 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. 6-11 дүгээр сар хүртэл өмгөөллийн үйлчилгээ авсан байдал харагдаж байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон 20 000 000 төгрөг бусдаас зээлсэн талаар баримтыг хэрэгт өгсөн нь өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх хангалттай баримт гэж үзэхгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1 дэх хэсэгт өмгөөлөгч үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцохоор заасан. Хэрэв өмгөөллийн хөлс авсан бол өмгөөлөгч харилцах дансаар хүлээн авч түүнд ногдох татвар төлөх хуулийн зохицуулалттай. Өмгөөлөгчийн хөлс нь тухайн ажлын цар хүрээнээс хамаардаг. Эрүүгийн хүндэвтэр гэмт хэрэгт 20 000 000 төгрөгийн хөлс төлсөн гэдэгт эргэлзэж байна.

Сэтгэл санааны хохирлын тухайд хэрэгт шалгагдаж байх хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээний хамгийн хөнгөн хэлбэрийг авсан байгаа. 2 сар албан үүргээс түдгэлзүүлсний дараа буцаан ажилд нь томилсон. Уг хэргийн улмаас алдар нэр, эрүүл мэндээр хохирсон баримтгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол хуулинд заасан шаардлага хангахгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбартаа: Б.М-ын гэм бурууг шүүхээр тогтоогоогүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Түүнийг хууль журмын дагуу шалгасан. Нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж, үйл баримтыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хууль хэрэглэх явцад эргэлзээ үүссэн тохиолдолд сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар хуулийг хэрэглэдэг. Энэ нь огт гэмт хэрэг үйлдээгүй гэж үзсэн асуудал биш. Прокурорын байгууллагын зүгээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн дагуу хэргийг шалган шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч 3 сар 11 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох нь зүйтэй байх.

Иргэний хэрэгт нотлох баримтыг хэргийн оролцогч нар өөрсдөө бүрдүүлдэг онцлогтой. Өмгөөллийн хөлсөнд 20 000 000 төгрөг төлсөн тухайд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байх боловч 20 000 000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан нөхцөл байдал эргэлзээ төрүүлж байна. Хуульд зааснаар өмгөөлөгч дансаар орлого авах ёстой. Өмгөөлөгч үйлчлүүлэгч нар хөлсөө тохирох боломжтой, гэвч мөнгө өгсөн гэх нотлох баримт алга. Хэрэв нэхэмжлэгч 20 000 000 төгрөгийг зээлээр авсан бол хэнээс зээлсэн, зээлсэн хүнд ямар эх үүсвэрээс 20 000 000 төгрөг орсон талаар, зээлдүүлэгчийн дансанд 20 000 000 төгрөг байсан эсэх зэргийг тогтоох ёстой. Өмгөөлөгч 6 сарын хугацаанд 20 000 000 төгрөгөөр ажилласан байхыг үгүйсгэхгүй ч нотлох баримт хангалтгүй байна.

Сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй. Нэхэмжлэгч одоо ажлаа хийж байгаа. Прокурорын тогтоолоор 3 сар 11 хоног л ажлаагүй. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд прокурор ажлаа хийдэг. Сэтгэл санааны хохирлыг үйл баримтаар тогтоох боломжтой байдаг. Нэхэмжлэгчид сэтгэл санааны яг ямар хохирол учирсан болохыг тогтоосон баримтгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 414 141 төгрөгийг олгох нь зүйтэй гэж үзэж байна. Цагдаа, прокурорын байгууллага өөрийн санаачилгаар бус гомдол мэдээллийн дагуу шалгадаг. Өмгөөллийн хөлс баримтаар тогтоогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас 5 102 141 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-т олгож, нэхэмжлэлээс 67 312 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль буруу тайлбарлаж, нотлох баримт дутуу үнэлсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахдаа гэрээ байгуулан, хөлс тохирч оролцсон, тохирсон хөлсөө төлөхдөө бусдаас мөнгө бэлнээр зээлж аваад өмгөөлөгчид бэлнээр хүлээлгэн өгсөн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцсон талаарх нотлох баримт шаардлага хангасан, эрүүгийн хавтаст хэргээс хуулбарлан авсан байдлаар гаргасан байхад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “өмгөөлөгч банкинд харилцах данстай байна” гэсэн заалтыг үндэслэн дансаар өмгөөллийн хөлсийг аваагүй, татвар хураамж төлсөн баримтгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Өмгөөлөгч үйлчилгээ үзүүлсэн хөлсөө дансаар авна гэсэн зохицуулалт биш, дансаар аваагүй нь нэхэмжлэгч өмгөөллийн үйлчилгээ аваагүй гэсэн утга биш, өмгөөлөгч олсон орлогоосоо татвар хураамж төлсөн байх нь нэхэмжлэгчид хамаарахгүй.

Хэрэгт цугларсан өмгөөллийн үйлчилгээнд төлсөн баримтыг няцаан үгүйсгэсэн баримтгүй байхад хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөв хэрэгжүүлээгүй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх Б.М-ыг эрүүгийн хэрэгт холбогдуулан 1 жил 3 сарын хугацаанд шалгасан үйл баримт тогтоогдсон тул энэ хугацаанд сэтгэл санааны хохирол учирсан гэж дүгнээд уг хугацаанд тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 000 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь, сэтгэл санаанд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлстэй жишиж олгохоор шийдэж байгаа бол нэхэмжлэгчийн тухайн үед олж байсан цалин хөлстэй жишиж олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч хэрэгт 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр сэжигтнээр тооцогдохоос өмнөх 3 сар буюу 2014 оны 6 дугаар сард нь 879 069 төгрөг, 7 сард 853 855 төгрөг, 8 сард 789 278 төгрөгийн цалин хөлстэй байсан, дундаж нь 840 734 төгрөг, хэрэгт шалгагдсан 1 жил 3 сараар тооцоход 12 611 010 төгрөг байх тул энэ шаардлагыг хангасан хэсэгт өөрчлөлт оруулж 12 611 010 төгрөгийг хохиролд тооцох, өмгөөллийн хөлс 20 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 12 611 010 төгрөг, нийт 32 611 010 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.М- нь Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасан үндэслэлээр гэм хорын хохиролд буюу албан үүргийг түдгэлзүүлсэн 3 cap 11 хоногт аваагүй цалин хөлс 2 414 141 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авч ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг, нийт 72 414 141 төгрөгийг гаргуулахаар шаарджээ./хх1-3/

 

Хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 201401000077 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулах тогтоол”-оор Б.М-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокуророос 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дах хэсэгт зааснаар яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.

 

Улмаар Налайх, Багахангай дүүргийн Прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5/340 дугаар тогтоолоор яллагдагч Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасан үндэслэлээр гэм буруугүйд тооцон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын хэн алины тайлбараар тогтоогджээ. /хх5-18/

 

Нэхэмжлэгч дээрх эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдах үедээ Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч ажилтай байсан ба Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн албан үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлсэн тогтоолыг Дүүргийн 4 дүгээр прокурорын газрын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5/08 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн 3106 дугаартай Мэдэгдлээр 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хураасан цагдаагийн ахмад цолыг нь сэргээсэн байна. /хх20-23/

 

Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдсан, албан үүргээ биелүүлээгүй 3 сар 11 хоног цалин хөлс аваагүй ба холбогдсон хэргийг нь хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдож байна. Тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1, 45.3 дугаар зүйлийн 1.1, 1.6, 45.4 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хохирлыг төрөөс шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.   

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн хугацааны цалин хөлс 2 414 141 төгрөг, сэтгэл санааны хохирол 2 688 000 төгрөг, нийт 5 102 141 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэг болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /2006.06.29/-ийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасантай нийцжээ.

 

Хэрэгт нэхэмжлэгч нь бусдаас өмгөөллийн хөлс зээлсэн гэх 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хэлцэл, өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэтэй байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн өмгөөллийн гэрээ, мөн өдөр өмгөөллийн хөлс 20 000 000 төгрөг төлсөн талаарх Монголын Өмгөөлөгчдийн холбооны тасалбар, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Б.М-ын өмгөөлөгчийн хувиар Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт зэрэг баримтууд авагдсан байна. /хх28-33/

 

Хууль зүйн туслалцаа авахад буюу өмгөөлөгчийн ажлын хөлс 20 000 000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан буюу дээр дурдсан баримтаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон гэж үзэхгүй бөгөөд энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, өмгөөллийн гэрээний дагуу 20 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө бодитоор шилжсэн нь хөндлөнгийн бусад үнэн зөв, эргэлзээгүй баримтаар давхар нотлогдоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг үндэслэн өмгөөлөгч нь өөрийн дансаар уг мөнгийг авч, зохих татвар хураамж төлсөн баримтгүй гэсэн дүгнэлтийг хууль буруу тайлбарласан, нотлох баримт дутуу үнэлсэн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Түүнчлэн, сэтгэл санааны хохирлыг эрүүгийн хэрэгт шалгагдсан үеийн нэхэмжлэгчийн цалин хөлсөөр тооцох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, Б.М- дээрх хугацаанд албан үүргээ гүйцэтгэж, цалин хөлс авч байсан эсэхэд маргаан гараагүй ба ажилгүй байсан хугацааны олговорыг гаргаж шийдвэрлэсэн тул түүнд учирсан сэтгэл санааны хохирлыг цалингийн хэмжээгээр тооцож олгох боломжгүй. Анхан шатны шүүх тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 000 төгрөгөөр тооцсон байгааг буруутгахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Б.М- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн                                                          дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход                              саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

                                                           

                                        ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                            Т.ТУЯА