Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 3

 

 

 

 

 

 

 

 

Х.Ө, Х.Ө, Х.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Е.О-гийн өмгөөлөгч Ж.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 995 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 880 дугаар магадлалтай, Е.О, Х.Ө, Х.Ө нарт холбогдох 1806 0406 71110 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Е.О болон түүний өмгөөлөгч Ж.Баасанжав  нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй Ж-б овгийн Х.Ө.

2.Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 2-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ж-б овгийн Х.Ө нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овгийн Е.О нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Ө-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Х.Ө-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

Х.Ө,Е.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Е.О-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар, Х.Ө-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялыг нэг сарын дотор төлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Е.О-гаас 80.000 төгрөгийг гаргуулан Х.Ө-т олгуулах, Е.О нь эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй, Х.Ө нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Е.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч шүүгдэгч Е.О, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нар хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Ж.Баасанжав шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Х.Ө болон Х.Ө нар нь Е.О намайг утас хулгайлсан хэмээн гүтгэж, үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан. Энэ нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Ө-ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь нотлох баримтад үндэслээгүй, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч Х.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Х.Ө тай маргалдаад би О-г заамдаад нэг хоёр удаа алгадсан” гэж мэдүүлдэг. О нь цагдаад гаргасан өргөдөл болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ “Х.Ө нь миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон, Х.Ө-ийн дүү Х.Ө нь гараараа миний хэвлийн тус газар 3 удаа цохисон үүнээс болоод миний биед гэмтэл учруулсан” гэж мэдүүлдэг.Е.О-н доод уруулын салстад учруулсан шарх нь Х.Ө-ийн 2-3 удаа алгадсан, цохьсон үйлдлээр учирсан, харин цээж, хэвлийн баруун гуянд зулгаралт цус хуралт тогтоосон гэмтлийг шүүгдэгч Х.Ө цохисон үйлдлээр үүссэн болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх Х.Ө-ийг бусдын биед хөнгөн хохирол учруулаагүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдлыг бий болгосон юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж заасан. Гэтэл хавтаст хэргийн 30 дахь хуудсанд О.Болороо гэх шинжээч эмчийг томилсон байхад З.Хишигжаргал гэх эмч дүгнэлт бичсэн байх тул шүүх эмнэлгийн шинжилгээний 6071 тоот дүгнэлт нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжгүй юм.

2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гарсан дүгнэлтээр Х.Ө-т хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо гэсэн нь О-г цохьсон гэдгийг шууд эргэлзээгүй нотлох баримт биш юм. Х.Ө хэргийг нуун дарагдуулах, хэргээс зайлсхийхийн тулд гэрч Р-г цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгөхийг ятгасан, гуйсан зэрэг хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс үзэхэд Е.О Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, Х.Ө, Х.Ө нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, Е.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Харин шийтгэх тогтоолд торгох ялыг биелүүлэх хугацааг 1 сар гэж тогтоосон нь буруу бөгөөд давж заалдах шатны шүүх магадлалдаа энэ талаар дурдсан боловч алдааг залруулаагүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Е.О болон түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Е.О, Х.Ө, Х.Ө нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Х.Ө, Х.Ө нарыг бүлэглэн Е.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Е.О-г Х.Ө-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Х.Ө,Е.О нар нь 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 22Б байрны 151 тоотод “гар утас хулгайлсан, хулгайлаагүй” гэж хоорондоо маргалдаж, харилцан зодолдон бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, харин дээрх үйлдэлд Х.Ө-ийн төрсөн дүү Х.Ө оролцоогүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх Х.Ө-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Х.Ө-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Х.Ө,Е.О нарыг харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Е.О-д 550.000 төгрөг, Х.Өт 450.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тэдгээрийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Х.Ө, Х.Ө, гэрч С.Р нарын мэдүүлгээр Х.Ө нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч, ахлах дэслэгч Х.Эрдэнэболд 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэн, уг тогтоолд заасан эрх үүрэгтэй шинжээч О.Болороо танилцаж гарын үсгээ зурсан /хх-29/ ба 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороо дүгнэлт гаргахдаа эмч З.Хишигжаргалын бичсэн компьютер томографийн шинжилгээний хариуг дурджээ.

Дээрх дүгнэлтээр /хх-30/ Х.Өийн биед хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон ба уг дүгнэлтийг эмч З.Хишигжаргал гаргасан тухай шүүгдэгч болон өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ө,Е.О нарт оногдуулсан торгуулийн ял төлөх хугацааг 1 сараар тогтоож, тэдний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг 1 сарын дотор төлүүлэхээр тогтоосон шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Е.О болон түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 995 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 880 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Е.О болон түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН