Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0449

 

 

 

 
2017 оны 06 сарын 27 өдөр     Дугаар 221/МА2017/0449             Улаанбаатар хот


С.Н.Б-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хурцбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0315 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Оросын Холбооны Улсын иргэн С.Н.Б-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0315 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.5, 35.3.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 44 дүгээр зүйлийн 44.4, 44.6, 44.7, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн С.Н.Б-ийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны А/199 дүгээр, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаар захирамжуудын С.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд С.Д-ийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаар захирамжийн С.Н.Б-д холбогдох заалт буюу 1 дэх заалтын “4 дүгээр хавсралтад заагдсан 1 иргэн /С.Н/-д газар ашиглах эрхийн нэр шилжүүлэхээр шийдвэрлэсүгэй” гэсэн заалтыг илт хууль бус акт байсан болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаартай захирамжийн С.Н.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 1994 оны Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5, 2002 оны Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 35 дугаар зүйлийн 35.3.3, 35.1.5, 44 дүгээр зүйлийн 44.4, 44.9, 44.6, 44.7, 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаартай захирамжаар олон иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд тухайн захирамжид нэхэмжлэгч С.Н.Б-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байна. Энэхүү хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн болохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдсан байна.
Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд газар ашиглуулсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж заасан байна. Дээрх хуулийн зохицуулалт нь Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглуулсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамааралтай хуулийн зохицуулалт байхад Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрх өвлөж авсан нэхэмжлэгчид хамааруулж байгаа нь үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүх маргаан бүхий захирамжийн үндэслэх хэсэгт дурдаагүй газрын тухай хуулийн зүйл, заалтыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Түүнчлэн захиргааны байгууллагаас иргэн К.Б.М-ийг нас барсны дараа нэхэмжлэгчийн хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн нягтлан шалгаж 2013 оны 465 дугаар захирамжаар газар ашиглах эрх олгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна.
Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 465 дугаар захирамж гарах үед захиргааны байгууллага нь газар ашиглагч иргэнд тавигдах бүхий л шаардлагыг нягтлан шалгаж газар ашиглах эрх олгосон бөгөөд энэ нь захиргааны байгууллагын хүлээх үүрэг байтал тухайн үүргийг нэхэмжлэгчид хамааруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нараас гуравдагч этгээдэд газар ашиглуулах шийдвэрийг олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг болон ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.1.3 дахь хэсэгт зааснаар суурин болон хээрийн судалгаа хийхгүйгээр газар олгосон нь хууль бус болсон байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагын хангаагүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0315 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Оросын Холбооны Улсын иргэн С.Н.Б нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/133 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/199 дүгээр, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжуудын С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
Гуравдагч этгээд С.Д “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаар захирамжийн С.Н.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан байна.
Анх нэхэмжлэгчийн аав болох Оросын Холбооны Улсын иргэн К.Б.М-д Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Хангайн гудамжны … тоотод оршин … га газрыг гэр бүлийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 253 дугаар захирамжаар олгожээ.
Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-д “Энэ хуулийн 44.4-т заасан иргэнд хувийн гэр, орон сууцны хашааны зориулалтаар ашиглуулах газрын хэмжээ 0,05 га-гаас, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар олгох газрын хэмжээ 0,1 га-гаас тус тус илүүгүй байна. Газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулах бөгөөд гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна” гэж заажээ.
Харин иргэн К.Б.М-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 253 дугаар захирамж гарснаас хойш буюу 5 жилийн дараа Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-д “Газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулах бөгөөд гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна” гэж зааснаар газар ашиглуулах гэрээний хугацаагаа сунгуулаагүй, тийм хүсэлтийг гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа.
Гэтэл Оросын Холбооны Улсын иргэн К.Б.М 2012 онд 08 дугаар сарын 12-ны өдөр нас барсан тул дээрх газар ашиглах өвлөх эрхийн гэрчилгээг Сүхбаатар дүүргийн нотариатчаар 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр түүний охин С.Н.Б нээлгэсэн байна.
Улмаар Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны албанд хандаж, “Миний аав К.Б.М нь Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Хангайн гудамжны … тоотод газрыг ашиглах Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 253 дугаар захирамжтай болно. ... өвлөх эрхийн гэрээний дагуу ... миний нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг иргэн С.Н.Б нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргажээ.
Дээрх нэхэмжлэгчийн “газар шилжүүлэн авах” тухай хүсэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2013 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр 465 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтыг тус тус үндэслэн маргаан бүхий Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Хангайн гудамжны … тоотод орших … м.кв газрыг Оросын Холбооны Улсын иргэн С.Н.Б-д шилжүүлэн ашиглуулахаар олгожээ.  
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д  “... зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасан.
Харин өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Оросын Холбооны Улсын иргэн С.Н.Б-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн захирамжийг дүүргийн Засаг дарга гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Мөн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д “Монгол Улсад байнга /18З хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний нь зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ”, 44.7-д “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар ашиглах тухай хүсэлт гаргахын өмнө гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас тодорхойлолт авсан байна” гэж заасан шаардлагыг хангуулалгүйгээр, түүнчлэн шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын ашиглах хугацаа нь 2007 онд дуусгавар болсон байхад 2013 онд нэхэмжлэгч С.Н.Б-д маргаан бүхий газрыг шилжүүлэн ашиглуулсан нь буруу болжээ.
Тиймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, ... 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 44 дүгээр зүйлийн 44.9 дэх заалтыг тус тус үндэслэл болгон маргаан бүхий 2013 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр 465 дугаар захирамжийг хүчингүй болгож гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/133 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “... өөрийн шийдвэр нь газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоон” гэж заасантай нийцсэн байна.
Иймд Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Хангайн гудамжны … тоотод газрыг ашиглах эрхийг Оросын Холбооны Улсын иргэн С.Н.Б-д олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр 465 дугаар захирамжийг хүчингүй болгож гаргасан тус дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/133 дугаар захирамж үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл, Засаг дарга Газрын хууль тогтоомжийг зөрчиж гаргасан өөрийн хууль     бус шийдвэрээ зөвтгөх, хүчингүй болгох эрхийг Газрын тухай хуулиар олгосон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нэгэнт захиргааны байгууллагын зүгээс газар ашиглуулах эрх олгосон байж түүнийгээ хүчингүй болгосон нь буруу” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Эдгээр үндэслэлээр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/133 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгчийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/199 дүгээр, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжуудын С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” 32.2-д “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-д “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж газар эзэмших хүсэлт гаргахад тавигдах шаардлагыг заасан.
С.Д нь 2006 оноос хойш Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Хангайн … тоотод оршин суудаг болох нь Сүхбаатар дүүргийн … дугаар хорооны Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 тоот албан бичиг, С.Д-ийн нэр дээр нээсэн хүн ам, өрийн бүртгэлийн дэвтэр зэргээр нотлогдож байна.
Мөн С.Д нь хорооны тодорхойлолт, эзэмшил газрын нэгж талбарын байршлын кадастрын зураг зэргийг хавсаргаж, “... Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Хангайн … тоот газрыг өөрийн нэр дээр эзэмших хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргажээ.
Уг хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/199 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн … дугаар хороо, Хангайн … тоотод … м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар иргэн С.Д-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг зөрчөөгүй болох нь дээрх үйл баримтуудаар нотлогдсон гэж үзлээ.
Улмаар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг С.Д гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг түүнд өмчлүүлж, газар өмчлөх эрхийн … дугаар гэрчилгээг нийслэлийн Засаг дарга олгосон нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасныг зөрчөөгүй байна. Нэгэнт нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн С.Н.Б-д хууль ёсны дагуу газар ашиглах, эзэмших эрх үүсээгүй тохиолдолд тэрээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсэн шийдвэртэй маргах эрхгүй юм.
Тиймээс нэхэмжлэгчийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/199 дүгээр, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжуудын С.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Эдгээр дүгнэлтээр болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Оросын Холбооны Улсын иргэн С.Н.Б нь маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрх хууль ёсны дагуу үүсээгүй, харин гуравдагч этгээд С.Д-д маргаан бүхий газрыг Газрын тухай хуульд заасны дагуу эзэмших, улмаар өмчлөх эрх олж авсан болох нь тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0315 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ШҮҮГЧ                            Д.БАТБААТАР
                    ШҮҮГЧ                         Н.ХОНИНХҮҮ
                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР