Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/00757

 

Ю.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 69 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ю.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар,

Хариуцагч: Хотын шуудан сонин

Хариуцагч: А.Болдбаатар нарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах, төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ю.Дуламсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхболд, нарийн бичгийн даргад Б.Хүрэлтулга  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013.02.25-ны өдөр Б/22 дугаар тушаалаар Орхон аймгийн Мэргэжлийн  хяналтын газрын нягтлан бодогчийн ажлаас халагдсан. Тушаал дээр намайг 3 үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед Аудитын дүгнэлт  гараагүй  байхад ажлаас халсан.  Мөн Мэргэжлийн хяналтын газрын дарга байсан А.Болдбаатар нь намайг элдэв үгээр доромжлон сонинд мэдээлэл өгсөн байдаг. Говьсүмбэр аймагт гэмт хэрэгт холбогдож шалгаж байсан мөрдөн байцаагчтайгаа суусан гэж бичсэн байдаг. Энэ тухай Хотын шуудан сонинд хэвлүүлж тараасан байдаг. Уг сонинг А.Болдбаатар нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тараагаад, дуусахаар нь хувилж тараасан  байсан. Энэ нийтлэл нь үндэслэлгүй бөгөөд үүнийгээ нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн тушаал дээр байгууллагын төсвийн мөнгийг дур мэдэн захиран зарцуулсан гэсэн байх бөгөөд үүнийг би ажлын хэрэгцээнд зарцуулсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахыг хүсэж байна. Мөн нэр төр сэргээж гэм хорын хохиролд Хотын шуудан сонины газар, А.Болдбаатар нарт тус бүрээс 10 сая төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 Хариуцагч: Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газрын даргын гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч талын гаргасан зөрчилд тохирсон, байгууллагын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын хамтын шийдвэрийг үндэслэсэн эрх зүйн акт гаргасан.  Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, босго үнэ батлах тухай Засгийн газрын 2006 оны 22 дугаар тогтоол, 2007 оны 42 дугаар тогтоолоор орсон нэмэлт өөрчлөлтөнд шууд худалдан авах төсөвт өртгийн дээд хязгаарыг нэг сая төгрөг байхаар тогтоосон байна. Гэтэл Ю.Дуламсүрэн нь 3.260.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг төсвийн шууд захирагчийн гарын үсэг бүхий төлбөрийн даалгаврыг ашиглан худалдан авсан байдаг. Байгууллагад ямар нэгэн эд зүйл худалдан авахдаа  хууль тогтоомжийг удирдлага болгохын зэрэгцээ байгууллагын даргатай зөвшилцөх, эсвэл даргын зөвлөлөөр хэлэлцүүлж комисс томилсон шийдвэр гаргуулах, эсвэл  сонгон шалгаруулалт зарлах   зохицуулалттай. Гэтэл дээрх зарчмыг баримтлаагүй өндөр үнэ бүхий зүйлийг дур мэдэн худалдан авсан. Энэ  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэл юм. Дээрх үйлдлийг эрх бүхий байгууллага Аймгийн аудитын газраас 2013 оны 02 дугаар сард тус Мэргэжлийн хяналтын газарт 2012 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тогтоосон байна. Нэгэнт эрх бүхий байгууллагын дүгнэлтээр хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон учир нэхэмжлэгчийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-г үндэслэсэн ажлаас нь чөлөөлсөн. Тушаалын үндэслэлд хөдөлмөрийн дотоод журмын 5.2.3 дахь заалт нь "төрийн үйлчилгээний албан тушаалтныг ажлаас халж чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэл болгох”  заалт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-д зааснаар ажилтан  нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил үүрэгтэй нь хамаатай нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ хөдөлмөрийн дотоод журам аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлээгүй. Байгууллагын дарга удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнах талаар хангалтгүй ажилласан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагч Хотын шуудан сонин шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1297 дугаартай шийдвэрийг биелүүлж манай байгууллага Ю.Дуламсүрэнгээс ярилцлага авч нийтлэл гаргаж өмнө гаргасан нийтлэлдээ няцаалт хийж, мөн уучлалт гуйсан. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Ю.Дуламсүрэн нь нэр төр гутаасны хохирол гэж  10  сая төгрөгтэй холбоотой нотлох баримт хэрэгт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч А.Болдбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Ю.Дуламсүрэн нь өөрийн хувийн компанийн данс руу аймгийн төсвийн данснаас мөнгө шилжүүлэн бусадтай нийлэн мөнгө завшсан гэмт хэрэгт холбогдон эрүүгийн журмаар шалгагдах явцад гэм буруутай нь тогтоогдсон. “Гэм буруугийн талаар маргахгүй хэргийг Өршөөлийн тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэсэн өөрийнх нь хүсэлтийн дагуу аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолын хуулбар болон Сум дундын шүүхийн шийтгэх тогтоол зэргийг үндэслэн Ю.Дуламсүрэнг халах тухай тушаал гаргаж, уг тушаалд гэмт хэрэгт шалгагдаж тогтоогдсонг дурдсан. Ю.Дуламсүрэн нь манай байгууллагад ажиллахын зэрэгцээ хувийн компани ажиллуулан 2008 онд байгууллагын засварын ажлыг хийсэн нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн болохыг Мэргэжлийн хяналтын газраас ирсэн шалгалтаар тогтоосон байдаг. Үүний дагуу  ажлаас нь чөлөөлж хариу мэдэгдэхийг даалгасан албан бичиг ирсэн боловч тухайн үед Мэргэжлийн хяналтын газрын дарга удирдлагууд цалингийн хувь бууруулах арга хэмжээ аваад л өнгөрсөн. Би 2012 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа авахдаа нэн яаралтай шаардлагатай үед хэрэглэх зорилгоор нягтлангийн өөрийнх нь хүсэлтээр мөнгөн гүйлгээ хийх баримт дээр гарын үсэг зурж үлдээгээд байгууллагын тамгыг орлогч даргад орхиод өөр орон нутагт амрахаар явсан. Гэтэл энэ хооронд Ю.Дуламсүрэн нь миний гарын үсэгтэй чек баримтыг ашиглан байгууллагад онц чухал яаралтай хэрэгцээтэй биш тоног төхөөрөмж гэх 3.260.000 төгрөгийн эд зүйлийг дур мэдэн авсан байсан. Ингэхдээ орлогч даргад надтай ярьж зөвшөөрөл авсан мэтээр худлаа хэлж тамга даруулсан байсан. Газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүйг өөрөө ч мэдэж байгаа. Нэр төрөө сэргээлгэхээр 10.000.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Хотын шуудан сонинд ярилцлага мэдээ, нийтлэл өгөөгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ю.Дуламсүрэнг Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагчаас 25.119.738 төгрөг гаргуулж Ю.Дуламсүрэнд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон  бичилт хийхийг Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгаж, Иргэний хуулийн 21.2, 230.1, 497.1,  511.1-д заасныг баримтлан   нэр төр сэргээлгэх, А.Болдбаатар, Хотын шуудан сонин нараас тус бүр 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 69 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Санхүүгийн мэргэжилтэн, төрийн байгууллагын санхүү хариуцсан ажилтаны хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргээ хэрхэн биелүүлсэн, санхүүгийн ноцтой зөрчил гаргасныг төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон үндэслэл бүхий эрх зүйн актуудыг шинжлэн судлаагүй, хөрөнгө мөнгөний асуудалд удаа дараа холбогдсон, ажиллуулах итгэл найдваргүй болсон. Ажил олгогчийн зүгээс хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-г удирдлага болгосныг харгалзан үзээгүй. Нэхэмжлэгч Орхон аймгийн МХГ-т нягтлан бодогч буюу санхүүгийн ажилтанаар ажиллахаас өмнө санхүүгийн хууль тогтоомж зөрчиж эрх бүхий байгууллагын шийдвэрээр хариуцлага хүлээж байсан 2005 оноос МХГ-т нягтлан бодогчоор ажилд орж улмаар 2008 онд хууль зөрчин байгууллагын засварын ажлыг хийсэн, өөрийн хувийн компаний данс руу аймгийн төсвийн данснаас мөнгө шилжүүлэн бусадтай завшсан гэмт хэрэгт холбогдон эрүүгийн журмаар шалгагдаж гэм буруутай нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон. Энэ хүн өөрийн гэм буруугийн талаар маргахгүй хэргийг Өршөөлийн тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн учир тогтоол гарсан. Мөн санхүүгийн хариуцлага хүлээлгэсэн Сум дундын шийтгэх тогтоол байдаг. Хууль журмын дагуу шууд худалдан авах төсөвт өртгийн дээд хязгаарыг 1 сая төгрөг байхаар тогтоосон байна. Гэтэл Ю.Дуламсүрэн нь 3.260.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг төсвийн шууд захирагчийн гарын үсэг бүхий төлбөрийн даалгаврыг ашиглан шууд худалдан авсан байдаг. Байгууллагад ямар нэгэн эд зүйл худалдан авахдаа дээрх хууль тогтоомжийг удирдлага болгохын зэрэгцээ байгууллагын даргатай зөвшилцөх эсвэл даргын зөвлөлөөр хэлэлцүүлж комисс томилсон шийдвэр гаргуулах, эсвэл 3.000.000 саяаас дээш үнийн дүн бүхий эд зүйл худалдан авахад тендер, сонгон шалгаруулалтаар худалдан авах ёстой.  Гэтэл дээрх зарчмыг баримтлаагүй өндөр үнэ бүхий зүйлийг дур мэдэн худалдан авсан хууль ноцтой зөрчсөн үйлдэл юм. Гэтэл шүүх энэ асуудлыг  сайтар шинжлэн судлалгүй шийдвэр гаргалаа. Энэхүү үйлдлийг нь эрх бүхий байгууллага Аймгийн Аудитын газраас тус МХГ-т 2012 оны санхүүгийн тайланд 2013 оны 2-р сард хийсэн аудитаар тогтоосон. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг ажлаас халагдсан шийдвэр гаргасны дараа аудитын дүгнэлт гарсан учир нэхэмжлэгчид хамааралгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь зүйд нийцэхгүй. Учир нь Аудитын шалгалт тус МХГ-т 2013 оны 2 дугаар сард орсон байдаг, энэхүү дүгнэлт гарахаас өмнөх аудитын шалгалтын бүх процессод байгууллагын нягтлан, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ байгуулж эрх эдэлж үүрэг хүлээсэн санхүүгийн ажилтаны хувьд  холбогдох тайлбар материалууд, тодруулга зэргийг өгч ажиллаж байсан, санхүүгийн хязгаарлалтай дүгнэлт буюу зөрчилтэй аудитын дүгнэлт нь нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний үүргийг биелүүлээгүй, байгууллагын дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөнг судлаагүй нотлох баримтыг буруу үнэлсэн нь  ИХШХШТХ ийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн байна. Шүүх хариуцагчийг сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасан "Сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасан хугацааг зөрчсөн байна гэсэн дүгнэлт нь хуульд нийцэхгүй, ИХШХШТХ ийн 172.2.1 дэх заалтыг зөрчсөн. Иймд шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Ю.Дуламсүрэн нь Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийг Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт, нэр төр сэргээх тус бүр 10 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Хотын шуудан сонин, А.Болдбаатар нарт холбогдуулан гаргасан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Хоёр шатны шүүх Ю.Дуламсүрэнгийн нэхэмжлэлээс Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох шаардлагыг хангаж, Хотын шуудан сонин болон А.Болдбаатар нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б/22 дугаар тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, байгууллагын дотоод журмын 5.2.3-г баримтлан Ю.Дуламсүрэн нь “гэмт хэрэгт холбогдон шүүх, прокурорын байгууллагаар шалгагдаж тогтоогдсон, байгууллагын төсвийн мөнгийг Газрын даргын зөвшөөрөлгүйгээр гарын үсэгтэй төлбөрийн даалгавар ашиглан дур мэдэн захиран зарцуулсан, өгсөн үүрэг даалгаварыг удаа дараалан биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэсэн үндэслэлээр нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн боловч тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хангасан нь зөв байна.  

Ю.Дуламсүрэн нь 2012 оны 07 дугаар сард байгууллагад 3.260.000 төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт хийсэн бөгөөд үүнийг ажил олгогч зөрчил гэж үзэж ажлаас халахдаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн тул энэ тухай шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т нийцжээ. 

Түүнчлэн, ажил олгогч нь Б/22 дугаар тушаал гаргах үед ажилтантай холбоотой, тушаалд заасан үндэслэлд хамаарах шийтгэх тогтоол гараагүй байсан тухай шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтаар нотлогдсон байна. 

Хоёр шатны шүүх Ю.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Харин Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б/22 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэх нөхцөл нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл байх тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2. 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 69 дүгээр магадлалын нэг дэх заалт, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаар шийдвэрийн нэг дэх заалтын “...Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож...” гэснийг хасаж, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 283.550 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                        ШҮҮГЧ                                              Б.УНДРАХ